| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/05344/И |
| Дугаар | 210/МА2023/01773 |
| Огноо | 2023-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2023/01773
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/02525 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 30,288,000 өгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ******* нь *******, ******* нартай №206209264 тоот Зээлийн гэрээ байгуулж, ******* нь 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.50 хувийн хүүтэй *******, ******* нарт зээлдүүлжээ.
Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө №206209264 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г байгуулж ******* УБЗ улсын дугаартай, Ланд крузер 100 маркийн автомашиныг *******-ийн өмчлөлд шилжүүлсэн.
1.2. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх талаар зээлдэгч нарт удаа дараа сануулсан боловч зээлдэгч нар ямар ч арга хэмжээ аваагүй, нэг ч төгрөг эргэн төлөөгүй.
1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******т холбогдох шаардлагаасаа татгалзаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
Ингээд бид хуульд заасан эрхийнхээ дагуу зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 30,288,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан. Гэвч уг зээлээс огт мөнгө аваагүй, нэхэмжлэгч тал зээлийн мөнгийг шилжүүлснээ нотлоогүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
3.1. Нэхэмжлэгч байгууллага нь зээл олгосон талаараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтууд нь нэг талын баримт бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1303 дугаар магадлалын 4 дүгээр талд тодорхой дурдагдсан билээ.
3.2. ******* болон ******* нарын хувьд хариуцагч байгууллагын нэхэмжилж буй зээлийг бодитоор хүлээн аваагүй юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар бус зээлийг бодитоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй билээ.
3.3. Иймд хариуцагч байгууллага нь зээлийг бодитоор шилжүүлэн өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, гэж хэргийн оролцогчийн хүлээх үүргийг хуульчилжээ.
Тус зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох учиртай. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/02525 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 15,000,000 төгрөг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн ба *******-ийн 30,288,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсгийг тус тус үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/02525 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын 27,740,000 /Үндсэн зээл-15,000,000 төгрөг + Үндсэн хүү 12,740,000 төгрөг/ төгрөгийг хангаж өгнө үү.
5.2. Дээрх шийдвэрийг гаргахдаа шүүгч зээлийн гэрээг шууд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь учир дутагдалтай юм. Манай талаас тусгай зөвшөөрөлгүй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны эрхтэй гэдгээ өмнө нь хэлж байсан нэмэгдүүлсэн хүү тооцон авахгүй. Харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцүүлэн шийдэх боломжтой юм.
5.3. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэснийг баримтлан мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасныг үндэслэн иргэн *******тай зээлийн гэрээг байгуулж, 15,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй олгосон байдаг.
Энэхүү зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д "Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно" гэж заасны дагуу зээлийн хүүг зээлдүүлэгч тал шаардах хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч ******* нь зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн байна.
5.4. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой төрлийн зээлийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ нь хуулиар хориглоогүй зээлийн үйл ажиллагаа юм.
Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот зөвлөмжийн 2 дугаар зүйлд "Бусад зээлийн гэрээний талаар" гээд А-д "Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож, хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан..." гэжээ.
Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд зээлийн гэрээ байгуулагдсан, хүүгийн хэмжээн дээр маргадаггүй. Манай талаас нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлтэд маргаагүй бөгөөд Зээлийн гэрээний дагуу олгосон зээл, түүний зээлийн хүүг шаардах эрхтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/02525 тоот шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн дүнг хасаж, үндсэн зээл болон түүний хүүнд нийт 27,740,000 /Үндсэн зээл 15,000,000 төгрөг, үндсэн хүү 12,740,000 төгрөг/ төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. ******* нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй, зээлийн хүү болон үндсэн хүү аль алиныг нь авах үндэслэлгүй гэж үзэж, үндсэн зээлд 15,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,288,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 117-119 дүгээр тал/
3. ******* болон *******, ******* нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 15,000,000 төгрөгийг авто машин худалдаж авах зориулалтаар, сарын 3.50 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар *******, ******* нарт зээлдүүлэх, *******, ******* нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх 8-9 дүгээр тал/
Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн ******* УБЗ улсын дугаартай, Toyota Land cruiser 100 /Тоёота ландкруйзер 100/ маркийн автомашиныг нэхэмжлэгч *******-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /1хх 10-11, 14 дүгээр тал/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоогүй, мөн хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.
4.а. Нэхэмжлэгч ******* нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг болох нь түүний хэрэгт авагдсан хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байхад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, 15.3.4 дэх хэсэгт тус тус заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа гэж үзэж нотлоогүй гэх үндэслэлээр талуудын хооронд байгуулсан зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус гэж анхан шатны шүүх буруу дүгнэжээ. /хх 4, 5 дугаар тал/
4.б. Барьцаалан зээлдүүлэх газар нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, 15.3.4 дэх хэсэгт тус тус заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаанд хамаарахгүй тул тусгай зөвшөөрөл авахыг шаардахгүй.
4.в. Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх гэрээний харилцаа үүссэн, уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх гэрээний шаардах эрх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдох хуулийн зохицуулалттай тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан өөрчлөлт оруулна.
4.г. Харин давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаагүй тул уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнээгүйг дурдах нь зүйтэй.
5. ******* нь *******, ******* нартай зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүрэг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ.
6. Зээлдүүлэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 15,000,000 төгрөгийг *******ын эзэмшлийн дансанд шилжүүлэн өгч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. /хх. 105 дахь тал/
Нэхэмжлэгч талын гаргасан Зээл төлөлт, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол гэх баримтад зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтөд 175,000 төгрөгийг төлсөн, хариуцагч нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөсхойш төлөлт хийгээгүй үүргийн зөрчил гаргасан болох нь баримтаар байна. /1хх. 16 дугаар тал/
******* нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаагаар тооцоход зээлийн хүүнд 6,300,000 төгрөг /12 сар х 525 = 6,300,000/-ийг шаардах эрхтэй байна. Хариуцагчийн зээлийн хүүнд зориулж төлсөн 175,000 төгрөгийг хасаж тооцоход 6,125,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нар нь нэмэгдүүлсэн хүү болон зээлийн гэрээний хүүг тооцоолохдоо шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар хэтэрсэн хугацааны хүү хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй. Учир нь ******* нь банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндэслэн явуулдаггүй тул хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 9,163,000 төгрөгт холбогдоххэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд, хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 6,125,000 төгрөг, нийт 21,125,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох үндэслэлтэй байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/02525 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 21,125,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,163,000 төгрөгт холбогдох хэсгийг хангахгүй орхисугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын 232,950 төгрөг гэснийг хариуцагч *******аас 263,575 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХБАЯР