Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 327

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн 10-47 тоотод оршин суух, РД:ОЮ65022004 дугаарын регистртэй, Зөөд овогт Отхоны Эрдэнэчимэгийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэг нь 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 093977 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоолгох, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн 8-р цэцэрлэгт багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэг нь намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 онд төрсөн. Би 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн 8-р цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад Увс аймаг руу шилжсэн. Миний дээрх хугацаанд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул намайг 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн 8-р цэцэрлэгт багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Мөн миний хөдөлмөрийн дэвтэр дээр миний эцгийн нэрийг бичихдээ Отхон гэдэг нэрийг Отгон гэж үсгийн зөрүүтэй бичсэн тул 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 093977 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр намайг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэг нь 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 093977 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоолгох, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн 8-р цэцэрлэгт багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1044 тоот лавлагаа,

- 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 093977 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хамт олонтойгоо авахуулсан гэх фото зураг,

- О.Эрдэнэчимэгийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 260 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Д.Амаржаргалын хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Б.Баярсайханы хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Д.Амаржаргалын Би 1989 оны 11 дүгээр сард Ховд аймгийн 8 дугаар цэцэрлэг буюу ясли цэцэрлэгийн комбинатад анх ажилд ороход О.Эрдэнэчимэг нь цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Бид хамтдаа 1997 он хүртэл ажилласан. Хэрэгт авагдсан гэрэл зураг нь манай цэцэрлэг анх нээлтээ хийж байх үед авахуулсан зураг байна. Би тухайн үед ажилд ороогүй байсан. Тус зургийн доороос 3 дахь эгнээний баруун гар талаас эхнийх нь О.Эрдэнэчимэг байна гэх мэдүүлэг,

-Гэрч Т.Эрдэнэ-Оюуны 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн 8 дугаар цэцэрлэг буюу ясли цэцэрлэгийн комбинат нэртэйгээр анх нээгдэхэд би О.Эрдэнэчимэгтэй бага бүлгийн багшаар ажилд орсон. Бид хамтдаа 1997 он хүртэл ажилласан. Тэгээд О.Эрдэнэчимэг Увс аймаг руу шилжсэн. Хэрэгт авагдсан гэрэл зураг нь манай цэцэрлэг анх нээлтээ хийж байх үед авахуулсан зураг байна. Тус зургийн доороос 3 дахь эгнээний зүүн гар талын хамгийн эхэнд нь зогсож байгаа нь би. Мөн эгнээний баруун гар талаас эхнийх нь О.Эрдэнэчимэг байна. Манай цэцэрлэгийн анхны эрхлэгчээр н.Удвал ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Баярсайханы Манай цэцэрлэг 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн 8 дугаар цэцэрлэг буюу ясли цэцэрлэгийн комбинат нэртэйгээр анх нээгдэхэд би О.Эрдэнэчимэгтэй бага бүлгийн багшаар ажилд орсон. Бид хамтдаа 2004 он хүртэл ажилласан. Тэгээд О.Эрдэнэчимэг Увс аймаг руу шилжсэн. Хэрэгт авагдсан гэрэл зураг нь манай цэцэрлэг анх нээлтээ хийж байх үед авахуулсан зураг байна. Тус зургийн доороос 3 дахь эгнээний зүүн гар талаас 4-д нь би зогсож байна. Мөн эгнээний баруун гар талаас эхнийх нь О.Эрдэнэчимэг байна гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэгийн Ховд аймгийн 8-р цэцэрлэгт багшаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1044 тоот лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргачийн хүсэлтээр О.Эрдэнэчимэгтэй хамт ажиллаж байсан Д.Амаржаргал, Т.Эрдэнэ-Оюун, Б.Баярсайхан нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Ховд аймгийн 8-р цэцэрлэгт ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт авагдсан фото зураг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан гэрэл зургууд нь хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан цэцэрлэг нээгдэхэд буюу 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдөр авахуулсан зураг болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байх тул хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзлээ.

Хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэг нь 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн 8-р цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Мөн хүсэлт гаргагч О.Эрдэнэчимэг нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохтухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

О.Эрдэнэчимэгийн 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 093977 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээр эцгийн нэрийг Отгоны Эрдэнэчимэг гэж бичигдсэн байх бөгөөд О.Эрдэнэчимэгийн эцэг нь Отхон болох нь О.Эрдэнэчимэгийн иргэний үнэмлэхний хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээртогтоогдож байна.

Иймд О.Эрдэнэчимэгт цэцэрлэгийн багшийн сургуулиас олгосон 093977 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зөөд овогт Отхоны Эрдэнэчимэгийг 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн 8-р цэцэрлэгт багшаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаарцэцэрлэгийн багшийн сургуулиас 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 093977 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч нь ОЮ65022004 дугаар регистртэй, Зөөд овогт Отхоны Эрдэнэчимэгмөн болохыг тогтоосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА