Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

            улсын яллагч М.Үүрийнтуяа,

            шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1906 0008 00061 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Б.Б

            Холбогдсон хэргийн талаар:

            Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн ахмад И.Батсүхийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь халдан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Хохирогчийн хохиролд 900.000 төгрөг өгсөн гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Батсүхийн өгсөн: ...Ингээд би ажил үүргийнхээ дагуу машинаас буугаад уг зодоон хийж байсан 2 залууд хандаж гадна хүйтэн байна, битгий зодоон хийгээд гудамжинд танхайраад бай энэ найзынхаа дээгүүр хувцсыг өмсүүлээд авч яв гэж хэлсэн юм. Гэтэл энэ хэрэгт холбогдож байгаа Батцолмон гэх залуу нь Б.Б хувцсыг газраас аваад Б.Бдээ өмсүүлэх гээд очтол Б.Б нь найзыгаа ч тоохгүй над руу салаавч гаргаж хараалын үгээр хэлж байсан юм. Тэгээд намайг цохих гээд гараа далайгаад ирсэн ба энэ үед Батцолмон нь Б.Б боль гэж хэлээд үйлдлийг нь хорьсон юм. Гэтэл Б.Б нь Батцолмонг түлхэж хаячихаад гүйж ирээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон ба энэ үед миний нүүрэнд хүчтэй оноогүй учир гэмтэл учраагүй юм. Энэ үед цаанаас Б.Бийн найз хүүхэн бололтой нэг эмэгтэй гарч ирээд Б.Б бариад буланд шахаж хориглож байсан, харин Б.Б нь эсэргүүцэл үзүүлж дахин над руу дайрч ирээд миний цээжин хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөөд авахаар нь би түүний гарыг нь барьж аваад түүнийг саатуулах санаатай гаваа гаргаад гавлах гэж байтал Батцолмон нь араас ирээд надад хандаж ах аа, би найзыгаа аваад явчихъя гэж хэлээд миний араас барьж авсан ба яг тэр үед Б.Б нь хөлөөрөө миний нүүр рүү нэг удаа өшиглөөд авсан юм...

...Миний биед учирсан хамрын ясны хугарал гэмтлийг Б.Бгэх залуу нь газар хэвтэн орилж чарлаад байж байхдаа гуталтай хөлөөрөө миний хамар руу нэг удаа өшиглөн дээрх гэмтлийг учруулсан юм. Харин баруун, зүүн гарын сарвуунд учирсан зулгаралт гэмтлүүд нь Б.Б үйлдлийг таслан зогсоохоор түүнтэй ноцолдож байх үед түүний үзүүлсэн эсэргүүцлээс болж миний гарт зулгаралт гэмтэл учирсан байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга.  Б.Бнь надтай уулзаж уучлалт гуйж, миний хамарт эмчилгээ хийлгэх мөнгө төгрөгийг гарган өгсөн учир одоо надад баримтаар нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрхэмбаярын өгсөн: ...Гэтэл нэг харсан чинь нөгөө 2 залуугийн нэг нь буюу Б.Б гэх бор царайтай залуу нь манай офицерыг бариад авчихсан, тэр залуу өөрөө газар хэвтчихсэн байж байсан юм. Тэгээд би машинаас бууж очоод нөгөө залууг татаж суулгаад Батсүх ахмадад хүлээлгэж өгчихөөд тэр залуугийн хажууд байсан Эрдэнэсайхан болон Батцолмон нарыг нь авч албаны машинд суулгасан юм. Гэтэл нөгөө Б.Б гэх залуу нь Батсүх ахмадын хамар руу нь цохиод хамар нь шалбарчихсан, цус гарч байгаа харагдсан юм. Яг яаж цохиж гэмтэл учруулсан үйлдлийг нь би өөрийн нүдээр хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Батцолмонгийн өгсөн: ...Тэгээд цагдаа ах за ер нь энэ залууг чинь аваад явна гээд Б.Б гавлах гэтэл Б.Б дийлдэхгүй байсан ба 1 цагдаагийн алба хаагч нь Б.Б гавлах гээд ноцолдож байх үед нь би араас нь очоод цагдаагийн алба хаагчийн хоолой хэсгийнх нь хувцаснаас татаж Б.Бээс салгасан юм. Гэтэл Б.Б доороос нь хөлөөрөө тийчлээд цагдаагийн алба хаагчийн хамар руу өшиглөсөн ба тэр үед нөгөө цагдаагийн хамар нь шалбарчихсан байгаа харагдсан юм. Гэтэл хажууд нь байсан нэг цагдаа машинаасаа бууж ирээд Эрдэнэсайхан бид хоёрыг машиндаа суулгаад араас нь Б.Б суулгаж бид гурвыг эрүүлжүүлсэн юм...Нүүрэн хэсэгт нь хөлөөрөө нэг удаа л өшиглөж байгаа харагдсан. Угаасаа Б.Бийн хөл нь дийлдэхгүй тийчлээд л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Эрдэнэсайханы өгсөн: ...Тэгээд эргээд хартал хажууд зогсож байсан ахмад цолтой цагдаа ах энэ залуу намайг өшиглөөд цохилоо, чи харсан шүү гээд Б.Б зааж байсан юм. Гэтэл алаг машинаас өөр нэг цагдаа бууж ирээд Батцолмон бид хоёрыг машиндаа суулган авч ирээд Б.Б, Батцолмон бид гурвыг эрүүлжүүлсэн юм. Б.Б орилоод газар хэвтэж байгаад цагдаа ахын хамар руу нэг, нэг удаа өшиглөж байсан. Тэгээд цагдаа нь за та нар өөрсдөө явж амарч чадахгүй бол авч явдаг газар руу нь авч явъя гээд Б.Б, Батцолмон бид гурвыг авч явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/, дугаар тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Б: ...Би өнгөрсөн хавар “Зарт өргөө” констракш нэртэй барилгын компанийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Тухайн үед манай бригадад бие биенийгээ таньж мэддэг залуучууд буюу Батцолмон, Эрдэнэсайхан, Энхтайван, Отгонбаяр, Эрдэнэцэцэг, Хандсүрэн, Мөнхзул гэх зэрэг хамтран ажиллаж байгаад барилгын ажил дуусаад бид нар хэсэг хугацаанд ажилгүй болцгоосон юм. Тэгээд бид нар нэг удаа уулзаж шинэ жилийн үйл ажиллагааг тэмдэглэж сууя гэж ярилцсан ба энэ ярианыхаа дагуу 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой буюу бүтэн сайн өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Молор” нэртэй караокед цуглаж байсан юм. Тухайн үед бид нар “Соёрхол” нэртэй 3 шил 0.75 граммын архи, “Сэнгүр” нэртэй 05 граммын пиво 20 шил, 1 шил шампанск зэрэг уух зүйл авсан. Тэгээд бүгдээрээ архи, пиво, шампанскаа адилхан хэмжээгээр хувааж уугаад орой 18 цаг өнгөрөөгөөд ууж байсан архи, дарс дуусч бүгдээрээ караокенаас гарсан гэр рүүгээ юм. Тэгээд гэр гэр рүүгээ харих гэж байтал Энхтайван, Отгонбаяр хоёр муудалцаад хоорондоо хэрэлдээд байж байхаар нь би тэр хоёрыг салгах санаатай очоод салгах биш би өөрөө Энхтайвантай маргалдсан юм. Тэгээд миний зүрх савлаад салхинд цохиулж архиндаа согтоод ухаан алдсан байна лээ. Ямар ч байсан зодоон хийсэн байх нэг мэдсэн чинь эрүүлжүүлэх байранд ухаан орж сэрсэн. Хохирогчийн хохиролд 900.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 607 тоот дүгнэлтэнд:

            1. И.Батсүхийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруу, баруун, зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Т.Амартүвшин гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,

            Шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ажлын газрын тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой баримтууд, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 26, 27, 28, 29-31, 36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн ахмад И.Батсүхийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь халдан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч И.Батсүхийн “...Гэтэл Б.Б нь Батцолмонг түлхэж хаячихаад гүйж ирээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон ба энэ үед миний нүүрэнд хүчтэй оноогүй учир гэмтэл учраагүй юм. Энэ үед цаанаас Б.Бийн найз хүүхэн бололтой нэг эмэгтэй гарч ирээд Б.Б бариад буланд шахаж хориглож байсан, харин Б.Б нь эсэргүүцэл үзүүлж дахин над руу дайрч ирээд миний цээжин хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөөд авахаар нь би түүний гарыг нь барьж аваад түүнийг саатуулах санаатай гаваа гаргаад гавлах гэж байтал Батцолмон нь араас ирээд надад хандаж ах аа, би найзыгаа аваад явчихъя гэж хэлээд миний араас барьж авсан ба яг тэр үед Б.Б нь хөлөөрөө миний нүүр рүү нэг удаа өшиглөөд авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрхэмбаярын “...Гэтэл нөгөө Б.Б гэх залуу нь Батсүх ахмадын хамар руу нь цохиод хамар нь шалбарчихсан, цус гарч байгаа харагдсан юм. Яг яаж цохиж гэмтэл учруулсан үйлдлийг нь би өөрийн нүдээр хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Батцолмонгийн “...Гэтэл Б.Б доороос нь хөлөөрөө тийчлээд цагдаагийн алба хаагчийн хамар руу өшиглөсөн ба тэр үед нөгөө цагдаагийн хамар нь шалбарчихсан байгаа харагдсан юм...Нүүрэн хэсэгт нь хөлөөрөө нэг удаа л өшиглөж байгаа харагдсан. Угаасаа Б.Бийн хөл нь дийлдэхгүй тийчлээд л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 607 тоот дүгнэлтэнд “...И.Батсүхийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруу, баруун, зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.Б хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг,

хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхдээ И.Батсүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч И.Батсүх нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ Б.Б.Бээс хохирлын мөнгийг хүлээн авсан, гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд хохиролтой холбоотой нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 71 дүгээр тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Б.Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь тус бүр хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

             Шүүгдэгч Б.Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй байна.

            Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сожиг овогт Б.Б хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

- мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Б.Бд 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

            - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  Б.Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн  нийт 3150 /гурван мянга нэг зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4  дэх  хэсэгт зааснаар Б.Б.Бд оногдуулсан 3150 /гурван мянга нэг зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б.Бд оногдуулсан 3150 /гурван мянга нэг зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.        

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах шүүхэд  гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ