Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01848

 

О.А-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02567 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.А-ын хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2020 оны 12 дугаар сарын 18-нд Э- ХХК-ийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад ажил олгогчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Э- ХХК-ийн бүтцээс миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн ажлын байрны нэршил өөрчлөгдсөн. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй. Мөн намайг мэргэжил, мэргэшлийн түвшний хувьд тэнцэхгүй талаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт гараагүй, надаас шалгалт аваагүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Монгол Улсын Засгийн газраас Э- ХХК-ийн болон нэгдлийн зохион байгуулалтын бүтцийг цомхон, чадварлаг, чиг үүргийг давхардалгүй байхаар тогтоох, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй, давхардсан чиг үүрэг бүхий хараат, охин компани, төслийн нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, төлөөлөн удирдах зөвлөлгүй болгох болон нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллуулахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг даалгасан. Энэ хэрэгжилтийг хангаж, Э- ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан бүтэц, зохион байгуулалт болон Э- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаал гарсан. Засгийн газраас бүтцийг мэргэжлийн, чадварлаг цомхон байх чиглэл өгсөнтэй холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг О.А- нь хангахгүй байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгч баталгаажуулсан. Ингээд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг О.А- нь хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлөх үндэслэлийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/78 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.А-ыг Э- ХХК-ийн хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Э- ХХК-аас цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 21,133,667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.А-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.А-ын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт нь зохих бичилтийг нөхөн хийж, баталгаажуулахыг хариуцагч Э- ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60.1-д зааснаар хариуцагч Э- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 263,618 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: ... Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын нийцэл, талуудын хүлээн зөвшөөрсөн, баталгаажуулсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэлт өгч чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх ажлын байрны зорилго, чиг үүрэг, хамрах хүрээ өөрчлөгдсөн байгааг анхаарч үзээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанд хуулиар тусгайлсан мэргэжлийн шаардлага тавигддаг бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байхад, шүүхээс хуулийн шаардлагад нийцээгүй хүнийг ажилд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч О.А- нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Э- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Хөрөнгө, эрсдэлийн удирдлагын хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь нэгдлийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт хэрэгжүүлэх, бодлого тодорхойлох, сургалт явуулах, дүгнэлт, зөвлөмж боловсруулах зэрэг хариуцлагатай ажил үүргийг гүйцэтгэх, хуулиар тусгайлсан мэргэжлийн шаардлага тавигддаг ажлын байр ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрнаас өөр ажлын байр байсан. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 426 дугаар тогтоолоор Э- ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх чиг үүрэгтэй ажлын байр тус компанид шаардлагагүй болсон тул гүйцэтгэх захирлын А/144 дугаар тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлын байрыг хассан ба одоо тийм үүрэгтэй ажлын байр тус компанид огт байхгүй. Ажил олгогч нь Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, зарим ажлын байрыг хасах, өөрчлөх шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүхийни шийдвэрээр чиг үүрэг нь байхгүй ажлын байранд хуульд заасан мэргэжлийн шаардлага хангаагүй хүнийг томилж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, О.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангахгүй байгаа гэж үзсэн нь хуульд нийцэхгүй гэх гомдол гаргажээ. О.А-ыг ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг баримталсан атлаа тушаалын тушаах хэсгийн 1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг буюу мэргэшлийн шаардлага хангахгүй байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан агуулгаар О.А-ын ажлаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэлтэй холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 77 хуудастай ажлын хэсгийн тайлан гарсан. Уг тайланд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиг үүргийг Хөрөнгө оруулалтын чиг үүрэгт шилжүүлэхийг дурдсан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан албан тушаал хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, О.А-ын ажлын чиг үүрэг, албан тушаал нь хэвээр байдаг. Хариуцагч гомдолдоо уг албан тушаал нь нэгдлийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтыг тавьдаг гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь урьд мөн нэгдлийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтыг тавьдаг байсан. Анхан шатны шүүх хоёр агуулгаар дүгнэлт хийсэн нь хуульд нийцсэн. Учир нь тушаал эрх зүйн акт болохын хувьд үндэслэх болон тушаах хэсгүүд нь хоорондоо тохирч байх ёстой. О.А-ыг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримталсан атлаа тушаах хэсэг нь мөн зүйлийн 80.1.2-т заасанд хамаарч байгаа тул эдгээр нь хоорондоо тохирохгүй байгаа агуулгыг харах нь зүйтэй. Мөн хариуцагч гомдолдоо өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж тайлбарладаг. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа О.А-ын ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх болон тушаах хэсгийн аль аль үндэслэлээр маргана гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлийн хувьд ажилтны ур чадварыг комисс тогтоогоогүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй. Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 43 дугаар тогтоолд тухайн мэргэжилтнийг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэдгийг комисс гаргаж шийдвэрлүүлэхээр заасан. Гэтэл байгуулагдсан ажлын хэсэг нь тушаал, шийдвэргүй бөгөөд бодит байдалд асуумжийн аргаар дүгнэлт гаргасан ба үүнд ажил, албан тушаалыг шилжүүлэх талаар дурдсан байдаг. Хөрөнгө оруулалтын хэлтэс рүү хөдөлмөр, аюулгүй ажиллагааны мэргэжилтний чиг үүргийг шилжүүлэхээр дүгнэлт гарсан. Шүүх хэргийн баримтуудыг бүрэн дүгнэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч О.А- нь хариуцагч Э- ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Нэхэмжлэгч О.А- нь хариуцагч Э- ХХК-ийн гүйцэтгэх захиралтай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газарт хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 5-7-р тал/

4.а.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай дээрх тушаалд орон тоо хасагдсан, мөн О.А- нь ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийг заасан байна.

4.б.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар хуралдааны тэмдэглэлд Э- ХХК-ийн болон нэгдлийн зохион байгуулалтын бүтцийг цомхон, чадварлаг, чиг үүргийн давхардалгүй байхаар тогтоох, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй, давхардсан чиг үүрэг бүхий хараат, охин компани, төслийн нэгжийг татан буулгах, нэгтгэх ... зохоион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Э- ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал О.Хулан нарт даалгав. гэжээ. /хх-ийн 96-97-р тал/

4.в.Улмаар хариуцагч Э- ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан байна. /хх-ийн 61-64-р тал/

4.г.Хариуцагч Э- ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсантай холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг тус тус шинэчлэн баталсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 65-р тал/

4.д.Нэхэмжлэгч О.А-ын харьяалагдаж байсан Дэд бүтэц, уул уурхайн технологийн газар компанийн шинэ бүтцэд байхгүй боловч Хөрөнгө, эрсдэлийн удирдлагын хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо хэвээр хадгалагдаж байгаа болох нь ажлын байрны нэрийг харуулсан хүснэгтийн 63-т бичигдсэнээр тогтоогдож байна. /хх-ийн 71-72-р тал/. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хариуцагч Э- ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж, зарим орон тоог цөөрүүлж, хассан үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч О.А-ын эрхэлж байсан ажил, албан тушаал компанийн бүтцээс хасагдаагүй гэж үзэхээр байна.

4.е.Хариуцагч Э- ХХК нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад 2022 оны 12 сард компанийн зохион байгуулалтын бүтэц дахин өөрчлөгдөж, нэхэмжлэгч О.А-ын ажил, албан тушаал хасагдсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн нэхэмжлэгч О.А-ын эрхэлж байсан ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.ё.Мөн ажил олгогч нь нэхэмжлэгч О.А-ыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийг заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох юм.

4.ж.Дээрх хуульд заасан нөхцөл бүрдсэн эсэхийг тогтоох урьдчилсан нөхцөл нь ажилтан гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй байгаа талаар ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байхыг шаардана. Гэвч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч О.А-т энэ талаар мэдэгдэж, мэргэжил ур чадвараа сайжруулах боломжит хугацаа олгосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.А-ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, түүнийг Эрдэнэс монгол ХХК-ийн хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Э- ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21,133,667 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.А-т олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасанд тус тус нийцсэн байна.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,618.33 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ