| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2023/00434/И |
| Дугаар | 212/МА2023/00103 |
| Огноо | 2023-09-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 212/МА2023/00103
2023 09 15 212/МА2023/00103
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00573 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** хаягт үйл ажиллагаа явуулах, “Б” ХХК /гүйцэтгэх захирал С.О/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** оршин суух, Х.А-д холбогдох,
“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 19,273,274 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г /цахим сүлжээгээр/, хариуцагч Х.А, түүний өмгөөлөгч Х.З, нарийн бичгийн даргаар Н.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1 Иргэн Б.Ж, Х.А нар нь тус компанитай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №-2101130110002254 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,690,000 (хорин сая зургаан зуун ерэн мянга) төгрөгийг 1 сарын 3.2%-ийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд иргэн Б.Жын өмчлөлийн **** БӨҮ улсын дугаартай Тоуоta/Prius-XW30 маркийн автомашиныг барьцаалсан.
1.2 Уг зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээр Б.Ж, хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр Х.А нар оролцож барьцаат зээлийн гэрээгээр зээл төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр тусгаж талууд зөвшөөрч гарын үсгээ зурсан.
1.3 Зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нарт нь зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарь гаргаж сар бүр тогтмол дүнгээр буюу 970,918.83 төгрөгийн төлөлт хийхээр зээлийн төлөлтийн хуваарь гаргаж зээлдүүлэгч талын төлөөлөгч болон зээлдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан боловч зээлдэгч нар нь эхний 8 сарын төлөлтийг хийгээд дахин төлөлт хийхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байна.
1.4 Зээлдэгч Б.Ж нь Казакстан улс руу явсан, Казакстанд барьж байгаа утасны дугаар нь холбогддог, ярихаар шинэ ажилд орсон удахгүй цалингаа аваад хийлээ, цалингаа хулхидуулчихлаа, Казахстан улсад газар авсан байгаа тэрийгээ зараад зээлээ хаана гэх мэт худал хэлсээр зээлээ төлөхгүй байна. Харин хамтран зээлдэгч Х.А руу залгахад Б.Ж өөрийнхөө хувийг төлбөл би төлөх мөнгөө төлнө, Б.Ж зээлээ төлөхгүй бол би төлөхгүй гэх тайлбарыг өгдөг.
1.5 Хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч нь дээрх зээлийг төлөх үүргийг үндсэн зээлдэгчийн адил хүлээсэн талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээнд байгаа болно. Энэхүү зээлийн гэрээ 36 сарын хугацаатай буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуусахаар байгаа ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.1-д зээлийн гэрээг зээлдэгч зээл төлөх үүргээ хугацаанд нь төлөөгүй бол зээлдүүлэгч талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах заалттай бөгөөд зээлдэгч Б.Ж хаяг дээрээ байхгүй, Казахстан улс руу явсан тул Улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Х.А-гээс зээлийн үүргийг бүхэлд нь шаардаж хариуцагчаар татаж байна. Зээлдүүлэгч байгууллагаас дээрх зээлдэгч нарт зээлээ төлөхийг удаа дараалан шаардсан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл төлөх оролдлого хийлгүй байсаар 223 хоног хугацаа хэтэрсэн байна.
1.6 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 17,667,674.58 төгрөг + үндсэн хүү 1,338,000 + нэмэгдүүлсэн хүү 267,600 төгрөг, нийт 19,273,274 (арван есөн сая хоёр зуун далан гурван мянга хоёр зуун далан дөрөв) төгрөгийг зээлдэгч Х.А нь зээлийн гэрээний 4 дэх хэсгийн 4.1-р заалтын дагуу төлөхөөр байна. Тодруулбал, үндсэн хүүгийн бодолт: Үндсэн зээлийн үлдэгдэл болох 17,667,674.58 төгрөг заасан*3,2 хувь=565,3657 (энэ нь 1 сарын хүү). Нэг сарын хүү буюу 565,365.59Т/30хоног*71 хоног = 1,338,00 төгрөг болно. Нийт алданги буюу гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүгийн бодолт: Нэмэгдүүлсэн хүүг тооцохоор:1,338,000*20%=267,600 төгрөг буюу (17,667,674.58*3,2%/30хоног*20%*71 хоног бөгөөд нийт 267,600) төгрөгийн нэмэгдүүлсэн хүүтэй.
1.7. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн бүгд дүн 19,273,274 (арван есөн сая хоёр зуун далан гурван мянга хоёр зуун далан дөрөв) төгрөгийг зээлдэгч X.А-гээс гаргуулж, Б ХХК-д олгож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч Б ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2101130110002254 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Б.Ж нь нэг сарын 3,2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, нийт 20,690,000 төгрөгийг зээлдэгч Б.Ж-ын өмчлөлд байгаа **** БӨҮ улсын дугаартай Тоуоta/Prius-XW30 маркийн автомашиныг барьцаалан зээл авсан байдаг юм. Харин Х.А миний бие хамтран зээлдэгчийн хувиар оролцсон болно.
2.2 3ээлдэгч Б болон зээлдэгч Б.Ж нарын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар Зээлийн үнийн дүн болох 20,690,000 төгрөг нь зээлдэгч Б.Ж-ын эзэмшлийн Хаан Банк дахь ********** тоот дансанд бүрэн шилжин орсон байх бөгөөд, гэрээний 1.7 дахь хэсэгт Зээл төлөх хугацааг 10 хоног хэтрүүлэх, мөн гэрээг цуцалснаас хойш ажлын 5 хоногт зээлдэгчийн эзэмшлээс барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авах, зээлдэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах мэдэгдэл /Мэдэгдэх хуудас/ хүргүүлэх гэж, зээлийн гэрээний 1.8 дахь хэсэгт зааснаар Гэрээнд заасан мэдэгдэх хуудсыг авснаас хойш зээлдэгч нь 15 хоногийн дотор зээл төлөх үйлдэл хийгээгүй бол барьцааны гэрээний дагуу шүүхийн бус журмаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тус тус заажээ. Гэтэл нэхэмжлэгч Б ХХК нь зээлийн гэрээний 1.7, 1.8 дахь заалтуудад заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж байсаар байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдүүлэгч гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эхний ээлжид барьцаат хөрөнгийг хураан авч, худалдах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой бөгөөд нэхэмжлэгч энэ эрхийг хэрэгжүүлээгүй байна.
2.3 Зээлдэгч Б.Ж нь Казахстан улсад түр амьдарч байгаа, нэхэмжлэгч тал зээлдэгч Б.Ж-т байнга холбогдож байгаа байдал, зээлдэгч Б.Жын хаана байгаа нь тодорхой, оршин суугаа газрын болон холбоо барих утас нь илэрхий байтал нэхэмжлэгч буюу зээлдэгч Б ХХК нь зээлдэгч Б.Ж-аас зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, гэрээний хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
2.4 3ээлдэгч Б ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2101130110002254 дугаартай Зээлийн гэрээ-ний 2.1 дахь хэсэгт заасан зээлдэгчийн эрхийн хүрээнд гэрээний 2.1.3 дахь хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах чиг үүргээ хэрэгжүүлэх боломж байсаар байтал хамтран зээлдэгч гэх Х.А надаас шүүхийн журмаар зээлийн үр дагаврыг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Энэ нь гэрээний бүх заалтаар хамтран зээлдэгч гэрээний үр дагавар, гүйцэтгэлийг хариуцах талаар гэрээнд заагдаагүй байна.
2.5 3ээлийн гэрээ (№2101130110002254)-ний 2 дахь хэсгийн 2.1.7-д Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Б ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардсан талаар ямар ч нотлох баримт байхгүй байна.Гэтэл гэрээний бүх заалт, шаардлагаар эхний ээлжид зээлийг төлөх үүргийг зээлдэгч Б.Ж нь зээлийн гэрээгээр хүлээсэн байхад хамтран зээлдэгч хэмээн тооцож Х.А нараас нэхэмжлэх нь бодит байдалд нийцэхгүй байна. Зээлдэгч Б.Ж-т холбогдуулан нэхэмжлэл гаргах нь хуульд нийцнэ.
2.6 3ээлийн гэрээний Дөрөв дэх бүлэгт заасан Гэрээний хариуцлага хэсгийн 4.1-д Зээлдэгч ... Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг хангагдах хүртэл хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө гэж, 4.2-д Барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмших ашиглах явцад учруулсан хохирлыг... болон мөн бүлэгт заасан бүх хариуцлагыг гэрээний дагуу зөвхөн зээлдэгч дангаар хариуцна гэж талууд гэрээ байгуулсан байна. Харин зээлийн гэрээний Дөрөв дэх бүлэг буюу Гэрээний хариуцлага-ын хэсэгт хамтран зээлдэгч гэх Х.А намайг зээлийн талаар хариуцлага хүлээлгэхээр тусгайлан заасан заалт байхгүй байна.
2.7 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д ...барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүснэ гэж заасан ба зээлдүүлэгч Б ХХК болон зээлдэгч Б.Ж нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээ /фидуци/ байгуулагдаж, уг гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар **** БӨҮ улсын дугаартай Тоуоta/Prius-XW30 маркийн тээврийн хэрэгслийг барьцааны зүйлээр барьцаалсан байна. Барьцааны гэрээний 1.9 дэх хэсэгт: ... Зээлдэгч зээл төлөх үйлдэл хийгээгүй бол мэдэгдэх хуудас хүргүүлснээс хойш 15 хоногийн дараа барьцаалагч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөрөнгийг худалдах, бусад журмаар борлуулж хохирлоо барагдуулна гэжээ. Түүнчлэн барьцааны гэрээний 1.10 дахь заалтаар үүргийн гүйцэтгэлийг хангах тохиолдолд барьцаалагч нь барьцааны зүйлийг түргэн борлогдох үнэ болох 10,345,000 төгрөгөөр зарж, үндсэн зээл, хүү бусад зардлыг төлүүлэхээр зээлдэгч Б.Ж-тай гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч Б ХХК нь гэрээний үүргийн дагуу эдлэх эрх, гүйцэтгэх үүргийг өөрийн зүгээс хэрэгжүүлэхгүй байж, шүүхэд хамтран зээлдэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болно.
2.8 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ... үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангах үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагчид барьцааны эрх хэрэгжүүлэх эрх үүснэ гэж, 51 дүгээр зүйлийн 51.2-д Барьцаалагч барьцааны зүйлийг эзэмшилд авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй бол барьцааны эрхээ хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэжээ. Нэхэмжлэгч тал эдгээр чиг үүргийг хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд заасан эрхийг хэрэгжүүлээгүй байж, хамтран зээлдэгчээс гэрээний биелэлтийг бүрэн хэмжээгээр хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
2.9 3ээлийн гэрээний нэг дэх хэсгийн Гол нөхцөл (ерөнхий зохицуулалт)-д буюу гэрээний 1.12 дах заалтад Хамтран зээлдэгч нь уг гэрээнд заасан үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх үүрэгтэй оролцож, хариуцлага хүлээнэ гэж ерөнхийлөн хамтран зээлдэгчийн оролцоог тодорхойлсон болохоос бус гэрээний нарийвчилсан зохицуулалт болох зээлийн гэрээний гурав дахь хэсэгт заасан Зээлдэгчийн эрх үүрэг, мөн гэрээний дөрөв дэх хэсэг буюу Гэрээний хариуцлага хэсэгт болон гэрээний бусад хэсэгт хамтран зээлдэгчийн үүрэг хариуцлага-ын талаар ямар ч зүйл, заалт тусгаагүй, хамтран зээлдэгчийн эрх, үүрэг, хариуцлага хүлээлгэх зээл төлүүлэх талаар гэрээнд заалт оруулаагүй байна. Нэгэнт хоёр талын зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгч Х.А надад гэрээний тусгайлсан үүрэгтэй холбоотой гэрээнд үүрэг хариуцлага тусгаагүй учир нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэж байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00573 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451.1 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х.А-гээс 9,636,637 /есөн сая зургаан зуун гучин зургаан мянга зургаан зуун гучин долоон/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 9,636,637 /есөн сая зургаан зуун гучин зургаан мянга зургаан зуун гучин долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,316 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Агээс 169,136 /нэг зуун жаран есөн мянга нэг зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Миний бие Х.А нь 2021 оны 12 дугаар сарын 07 өдрийн 2101130110002254 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 19,273,273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 9,636,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, 9,636,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.
4.2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь зээлийн гэрээний 1.7, 1.8 дахь заалтуудад заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, барьцаат хөрөнгөөр гүйцэтгэлийг хангах боломж байсаар байтал эхний ээлжид барьцаат хөрөнгийг хураан авч худалдах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой бөгөөд нэхэмжлэгч энэ эрхийг хэрэгжүүлээгүй. Зээлдэгч Б.Ж нь Казахстан улсад түр амьдарч байгаа, нэхэмжлэгч тал зээлдэгч Б.Ж-ыг Казахстан улсад түр амьдарч байгааг мэдэж байгаа, Б.Ж-тай байнга холбогдож байгаа.
4.3. Мөн би энэ зээлийн өөрийнхөө төлөх мөнгийг төлж байгаа боловч 9,636,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл оногдуулсан. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний нөхцөлөө бүрэн хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо талууд илэрхийлж гэрээг байгуулсан байдаг. Зээлдүүлэгч нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгч нарын зааж өгсөн гэрээн дээрх данс руу шилжүүлсэн, зээлийн хэмжээ, хүү, хугацаа хэтрүүлбэл нэмэгдүүлсэн хүү тооцох болон барьцаа хөрөнгийг зээлдэгчийн эзэмшилд үлдээх, бүрэн бүтэн байдлыг хариуцах талаар тусгаж харилцан тохиролцож МУ-ын ИХ-ийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа, эрх үүрэг үүссэн байна.
5.2. Хамтран зээлдэгч Х.А нь гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, зээл төлөх үүрэгтэй танилцаж гарын үсэг зурсан, дээрх гэрээ байгуулагдсан, эрх үүрэг үүссэн, зээл авсан, гарын үсэг зурж баталгаажуулсан гэх асуудлууд дээр талууд анхнаасаа маргаагүй.
5.3. Үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зөрчиж зээлээ төлөхөө больсон мөн барьцааны зүйлийг барьцаалагчид мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлэн өгч унуулж ашиглуулж байгаад тэр хүнээсээ олж авч чадаагүй алга болгосон байдаг. Гэрээнээс гадна зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргуулж талууд мөн л гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах биш, зээлийн үүргийг мөнгөн дүнгээр шаардаж нэхэмжлэл гаргасан. Учир нь зээлдэгч барьцаа болох машиныг зээлдүүлэгчид авчирч өгөөгүй, хүлээн өгсөн тухай акт тэмдэглэл байхгүй, машиныг хүлээн авч худалдан борлуулах ажиллагаа хийгдээгүй, машин хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Зээлдэгч нар зээлээ ч төлөөгүй, барьцаа хөрөнгөө ч авчирч өгөөгүй байна.
5.4. Зээлдүүлэгч байгууллага автомашин барьцаалсан зээлийг гаргахдаа барьцаа болох автомашиныг зогсоолд байршуулах эсвэл зээлдэгч өөрөө унаж явах нөхцөлтэйгөөр зээлийг олгодог бөгөөд энэ зээл нь унах нөхцөлтэй зээл юм. Барьцаа хөрөнгийг зөвхөн зээлдэгч нар өөрсдийн эзэмшил ашиглалтдаа унаж ашиглаж байх талаар гэрээнд зааж хүлээлгэж өгтөл өөртөө байлгаагүй бусдад өгч явуулсан. Үүнээс харахад зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нар өөрсдийн буруутайгаас болж машинаа бусдад өгч явуулж алдчихаад зээлдүүлэгчид байгаа мэтээр бас танай байгууллага өөрсдөө хаа байгаа газраас олж ав, энэ зээл хамтран зээлдэгч Х.А надад хамаагүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байна.
5.5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.12-т “хамтран зээлдэгч нь уг гэрээнд үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэгтэйгээр оролцож хариуцлага хүлээнэ”, 3.2.12-т “уг зээл нь хамтран зээлдэгчтэй бол хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил үүрэг хүлээнэ.” гэж заасан тул Х.А зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
5.6. Гэрээнд зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нарын хэнээс ч төлбөрийг шаардах эрхтэй талаар Иргэний хуульд заасан байдаг. Тиймээс Х.А нь зээлийн үүргийг биелүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид нь бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэх өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ”, 242.2 дэх заалтад “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ”, 242.3 дэх заалтад “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж тус тус заасан тул Х.А уг зээлийн үүргийг хамтран хариуцах ёстой.
5.7. Анхан шатны шүүх нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр шаардсан тухай нэхэмжлэлтэй хэргийг зөв шийдвэрлэсэн. Гэрээг талууд сайн дурын үндсэн дээр, гэрээний чөлөөт байдлын зарчмыг үндэслэн хийсэн, зээлдэгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн, талууд гэрээ хэлцлийн хуулиар тогтоосон хэлбэр агуулгыг зөрчилгүйгээр хийсэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй машин хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул зээлийн үүргийг мөнгөөр нэхэмжлэн шүүхээр шийдвэрлүүлсэн.
5.8. Иймд хариуцагчаас гаргасан гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Б.Ж, Х.А нар “Б” ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээгээр 20,690,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хувийн хүүтэйгээр зээлдэж авсан болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар нотлогдож байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээ мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг сэргээн тогтоохдоо Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээгээр банк, зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
9. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг хууль болон гэрээнд заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд гэрээний талууд гэрээг цуцлах боломжтой бөгөөд зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн мөнгийг хүүгийн хамт хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ зөрчсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон учраас нэхэмжлэгч “Б” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.5-т зааснаар гэрээг нэг талын санаачилгаар дангаараа цуцлах эрхтэй байна. Зээлдэгч Б.Ж, Х.А нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнийг үндэслэж зээлдүүлэгч “Б” ХХК нь гэрээг цуцлах талаар мэдэгдэх хуудас хүргүүлснийг хариуцагч Х.А хүлээн авсан, иймээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах журмын шаардлага хангагдсан гэж үзэв.
10. Хариуцагч Х.А нь “Б” ХХК-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2101130110002254 дугаар бүхий гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, талуудын тайлбараар нотлогдов. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.11 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж тус тус заасан тул анхан шатны шүүх хариуцагч Х.А-гээс 19,273,274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 9,636,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, 9,636,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаагүй байна гэж үзнэ. Анхан шатны уг шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Хариуцагч Х.А нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгчээр оролцож, үндсэн зээлдэгч Б.Ж-тай нэгэн адил үүрэг хүлээсэн тул нэхэмжлэлийн шаардлагын тал хувийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, хариуцагчийн татгалзал нотлох баримтад тулгуурлаагүй байх тул “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Зохигч анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх үед мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг сэргээн тогтоож, хууль зүйн фактад дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
12. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд хэвээр үлдэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169.136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШс