Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Улсын яллагч:Д.Цогжавхлан

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж *******ад холбогдох эрүүгийн 1814006340358 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Буян баарны гадна ******* зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...Би 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Н, бид 3 архи ууж байтал П ирж надад нэг виски авч өгөөд бид 4 уусан. Би виски ууж байгаад нилээн согтсон тасарсан байсан. Тэгээд би ******* нойл руу явж байснаа мэдэж байгаа тэнд 1-р сургуулийн багш нар бүжиглэж байсан. Тэрнээс хойш юу болсоныг санахгүй байгаа нэг мэдэхэд 3-р сургууль дээр байсан. Би ******* зодсоноо тухайн үед мэдээгүй. Манай эхнэр надад хэлэхдээ чи ******* хамрыг нь цохиод чихчихсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 71-73/

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн

…2018 оны 10 сарын 30-ны өдрийн орой би найз Атэй хамт караоке орох гээд Буянгийн гадаа очиход ******* нь хүнтэй зодоо хийсэн бололтой цус болсон гарч ирэхээр нь яасан гэхэд танай хүргэнтэй зодоо хийлээ гэхээр нь хамт Буян руу ороход манай хүргэн , Н багш 2 байж байсан. Тэгээд *******, Д 2 дахин хэрүүл маргаан хийгээд байхаар нь салгаад *******ыг аваад гартал гараараа миний нүүрэнд болон толгой хэсэгт 2 удаа цохиж авсан. Тэр үед миний хамар сонин болохоор нь эмнэлэгт очиж үзүүлэхэд хамар хугарсан байсан… гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 15-19 дугаар тал /

Гэрч Г.Цийн мөрдөн байцаалтад өгсөн

...би гэртээ байхад 00 цагийн орчимд над руу манай нөхөр Б.Н залгаад эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь очиход Б.Н хамартаа чихээс хийлгэсэн байсан. Тэгээд эмнэлгээс гараад ирэхэд ах гадаа ирсэн байсан. Бид нар цагдаа дээр ирээд хүнд зодуулсан талаараа хэлэхэд нөгөө хүнийг нь олоогүй байна өглөө хүрээд ир гэхээр нь 3 дугаар сургуульд очоод би машиндаа хашааны гадаа үлдээд , З.А сургууль руу орж манай нөхөр Б.Н хашаан дотор нь зогсож байгаа харагдсан. Сургуулийн хаалга машинаас нилээн зайтай байсан. Ц. О нь хөл дээрээ тогтож чадахгүй сөхөрч суусан харагдсан...гэх мэдүүлэг / хх- ийн 20-21 /

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 10 сарын 30-ны өдөр З.А, Б.Н нарын хамт Буян баарны үүдэнд очиход ******* нь урдаас цус болсон гарч ирэхэд Б.Н очоод юу болсон талаар нь асуухад танай хүргэнтэй зодоон хийлээ гээд тэд хамт дотогшоо орсон. , ******* нар нь хэрүүл хийгээд зодолдох гээд байхад Б.Н нь салгаад дунд нь зогсож байхад ******* нь ******* хамарт нь цохиод авсан…гэх мэдүүлэг / хх-ийн 22-24 /

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 10 сарын 30-ны өдөр сургалтанд суучихаад аавындаа байж байхад найз ******* утсаар залгаад Буян бааранд хүрээд ир гэхээр нь яваад очиход Нын хамт 1 шил архи тавьсан сууж байсан. Тэгээд бид 3 сууж байхад П орж ирээд *******ад 1 шил виски авч өгөөд түүнийг бид 4 хувааж уугаад би тасарсан байсан. Би зодоон хийсэн талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ын эхнэр над руу утсаар яриад *******, 2 Буян бааранд байна чи очоод аваадах гэхээр нь Буян бааранд очиход ******* ганцаараа ширээ түшсэн зогсож нь байхгүй байсан. Тэгээд би нөхрөө аваад 3 дугаар сургууль руу такси бариад явсан. Тэгтэл 01 цагийн орчимд гаднаас 1 залуугийн хамт орж ирээд *******ыг чи яагаад хүн зоддог болсон гээд аваад гарсан. Тэгэхэд ******* явж чадахгүй байсан тул тэр залуугийн хамт футболк болон хувцаснаас нь өргөөд авч гарсан. Тэгэхээр нь би гутал хувцасаа өмсөөд араас нь гараад наад хүн чинь мэдрэлгүй байна эрүүл дээр нь уулз гэсэн. Тэгээд гадаа *******ыг 2 удаа алгадаж байсан. Сургууль дотор цохиж зодсоныг нь мэдэхгүй. ******* хөл дээрээ зогсож чадахгүй сөхрөөд суусан байсан. Тэгээд тэд нар яваад би *******ыг буцаагаад авч орж унтуулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

... би гэртээ байж байтал шөнө 00 цагийн орчим манай дүү Б.Н утсаар залгаад ******* ахад зодуулаад эмнэлэг дээр хамрын чихээсээ гаргуулчихаад байж байна гэхээр нь эмнэлэг дээр очиход ******* эхнэр Г.Ць ирчихсэн Б.Н чихээсээ хийлгээд гарч ирж байсан. Цамц нь цус болсон байсан. Тэгээд Б.Н дуудлага өгсөн байсан... мэдүүлэг / хх-ийн 31-33/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 674 дугаартай

1 ******* биед хамар ясны хугарал, зулайд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 45-46 / зэрэг нотлох баримтууд тус тус болно

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 67-68/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 8-12/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 88/ шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхоногр аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018.12.12-ны өдрийн №117 тоот тодорхойлолт / хх-ийн 74/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 61/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 85/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Буян баарны гадна ******* зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ын...Би ******* зодсоноо мэдээгүй,…манай эхнэр чи ******* хамрыг нь цохиод чихчихсэн гэж хэлсэн….гэх мэдүүлэг / хх-ийн 71-73 /

хохирогч ******* ... гараараа миний нүүрэнд болон толгой хэсэгт 2 удаа цохиж авсан. Тэр үед миний хамар сонин болохоор нь эмнэлэгт очиж үзүүлэхэд хамар хугарсан байсан… гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 15-19 дугаар тал /

гэррч Г.Цийн ... эмнэлэгт очиход Б.Н хамартаа чихээс хийлгэсэн байсан...гэх мэдүүлэг / хх- ийн 20-21 /

гэрч ******* ... ******* нь ******* хамарт нь цохиод авсан…гэх мэдүүлэг / хх-ийн 22-24 /

гэрч ын ...Б.Н утсаар залгаад ******* ахад зодуулаад эмнэлэг дээр хамрын чихээсээ гаргуулчихаад байж байна гэсэн,… эмнэлэг дээр очиход Б.Н чихээсээ хийлгээд гарч ирж байсан, цамц нь цус болсон байсан.... мэдүүлэг / хх-ийн 31-33 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 674 дугаартай “... ******* биед хамар ясны хугарал, зулайд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 45-46 / /зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.Н нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багш ажилттай , хувьд ногдох хөрөнгө /хх-ийн 61/ болон шүүхээс оногдуулах торгуулын ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн “... нокиа 1680 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******ад буцаан олгож , шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ад таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 250000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... нокиа 1680 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******ад буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА