Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 022

 

Х.Дөрбетханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 265 дугаар шийдвэртэй, тус аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух Хуанышын Дөрбетханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урамшууллын мөнгө 337500 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би 2009 оноос эхлэн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Сайлаубек нь намайг гүтгэлгийн шинжтэй хэрэгт холбогдуулж буруутган 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хууль бусаар ажлаас чөлөөлж миний оронд зөрчилтэй өөр хүнийг томилон хууль бусаар цалинжуулан ажиллуулсан. Зөрчилтэй хүнд давхар цалин олгож цалинжуулсан хурлын даргын буруутай үйл ажиллагаанаас болж би 2015 оны 12 дугаар сарын эцэст Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн 400000 төгрөгийн урамшууллын мөнгийг авч чадаагүй. Энэ мөнгөнөөс би 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар төлбөрийн хүсэлтээр 62500 төгрөгийг авсан.

Үлдсэн 337500 төгрөгийг хурлын дарга Д.Сайлаубек шинэ он гарсны дараа өгнө гэж хэлээд өгөөгүй. Иймд тус шүүхээс хүсэхэд миний 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны хүчин төгөлдөр 62 дугаар тогтоолоор авах 337500 төгрөгийг хурлын байгууллагын төсвөөс гаргуулан авч өгөхийг хүсье. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүд 2015 оны эцсээр Хурлын төлөөлөгчдөд олгох шагнал урамшуулал гэсэн зориулалттай З200000 төгрөг аймгийн Төрийн сангаас шилжиж ирсэн юм. Аймгийн Төрийн сангаас шилжиж ирсэн 3200000 төгрөгийг Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар тогтоолоор нарийн бичгийн даргыг оролцуулан 7 тэргүүлэгч нийт 8 хүнд тус бүр 400000 төгрөгийн урамшуулал шагнал өгөхөөр шийдвэрлэсэн юм. Гэтэл аймгийн төсвөөс ирсэн 3200000 төгрөгийг аймгийн Төрийн сан удалгүй дахин төвлөрсөн төсөвт татсан учраас Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар тогтоол нь хэрэгжих үндэслэлгүй болсон. Харин Х.Дөрбетхан нь албан тушаалаа ашиглан 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 72 дугаар төлбөрийн хүсэлтээр 62500 төгрөгийг авчээ. Бусад тэргүүлэгч нар нэг ч төгрөг аваагүй юм. Түүнчлэн уг маргаан бүхий 3200000 төгрөгийг 2016 онд тус байгууллагын төсөвт цалин хөлс урамшуулалд дахин нэмж тусгагдаагүй юм. Иймд иргэн Х.Дөрбетханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 265 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 337500 төгрөгийг гаргуулан Х.Дөрбетханд олгосугай;

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10775 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 10775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Дөрбетханд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүд 2015 оны эцсээр Хурлын төлөөлөгчдөд олгох шагнал урамшуулал гэсэн зориулалттай З200000 төгрөг аймгийн Төрийн сангаас шилжиж ирсэн юм. Аймгийн Төрийн сангаас шилжиж ирсэн 3200000 төгрөгийг Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар тогтоолоор нарийн бичгийн даргыг оролцуулан 7 тэргүүлэгч нийт 8 хүнд тус бүр 400000 төгрөгийн урамшуулал шагнал өгөхөөр шийдвэрлэсэн юм.

Гэтэл аймгийн төсвөөс ирсэн 3200000 төгрөгийг аймгийн Төрийн сан удалгүй дахин төвлөрсөн төсөвт татсан учраас Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар тогтоол нь хэрэгжих үндэслэлгүй болсон. Харин Х.Дөрбетхан нь албан тушаалаа ашиглан 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 72 дугаар төлбөрийн хүсэлтээр 62500 төгрөгийг авчээ. Бусад тэргүүлэгч нар нэг ч төгрөг аваагүй юм. Түүнчлэн уг маргаан бүхий 3200000 төгрөгийг 2016 онд тус байгууллагын төсөвт цалин хөлс урамшуулалд дахин нэмж тусгагдаагүй юм.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна мөн хуулийн 16.1.4.-т аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн мөн хуулийн 16.5.-т Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ мөн хуулийн 16.5.5-т батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-т Аймаг нийслэл, сум, дүүргийн хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн нарийн бичгийн дарга захиран зарцуулна гэж тус тус заажээ.

Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн дарга нь тухайн хурлын төсвийн зарцуулалтын 1 дүгээр гарын үсгийг зурдаг. 2015 оны жилийн эцэст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөвт хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байвал урамшууллын 337500 төгрөгийн авах нь Х.Дөрбетханы эрх юм. Х.Дөрбетханы төсвийг зарцуулах бүрэн эрхэд нь миний бие ямар нэгэн саад хийж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Ногооннуур сумын 2015 оны төсвийг баталсан. Уг тогтоолд урамшууллын зардалд нийт 4.0 сая төгрөг баталсан.Төвлөрсөн төсвөөс уг мөнгийг татаж аваагүй, сар бүр шагнал, урамшууллын зориулалтаар хуваарилагдан ирж байсан. 2016 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал урамшууллын зардалд 38054,2 мянган төгрөг тусгасан байхад Д.Сайлаубек 2016 онд хурлын байгууллагад шагнал, урамшууллын зардал тусгагдаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Д.Сайлаубек нь албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн хурлын байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцож, миний хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд минь янз бүрээр саад хийж ирсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн учраас дараах үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Х.Дөрбетхан нь хариуцагч буюу ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан урамшуулалд 337500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэл нь Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаар Урамшуулал олгох тухай тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар төлбөрийн хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтуудад үндэслэгджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг байгууллагын төсвийн санхүүжилттэй холбон тайлбарлаж, хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан дээрх баримтуудыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба шүүх хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, баримтыг хэрэгт хавсаргажээ.

 

Иймд хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх баримтуудыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.Дөрбетхан түүний цалин хөлсний бүрэлдэхүүнд багтах урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдолгүй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

 

Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь урамшуулалтай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн зохих заалтыг, түүнчлэн төрийн албан хаагчийн ажиллах баталгаа, нөхцөлийг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1.-т заасан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтаар цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах тухай төрийн албан хаагчийн шаардах эрхийг баталгаажуулжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч төсвийн байгууллага давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 265 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1.-т заасныг тус тус баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч төсвийн байгууллага давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК