Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 110

 

Б.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярбат, Б.Намнансүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Т.Атарболд, иргэний нэхэмжлэгч Б.О, иргэний хариуцагч “Ёчи Транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1081 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалтай, Б.Цт холбогдох 1919004170155 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат, Б.Намнансүрэн, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хөвүүн ноёд овогт Б.Ц нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг 5 хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус зааснаар иргэний хариуцагч “Ёчи транс” ХХК-аас 79.170.701 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нд 13.271.719 төгрөг, Г.Эт 20.012.714 төгрөг, М.Дд 15.502.174 төгрөг, Г.От 8.948.236 төгрөг, Ц.Эд 15.570.838 төгрөг, хохирогч М.Гт 865.740 төгрөг, О.Тод 1.019.280 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Оад 3.950.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Б.О, иргэний хариуцагч “Ёчи транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Б.Намнансүрэн, Т.Баярбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат, Б.Намнансүрэн нар хамтран гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“1.Мөрдөн байцаалт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, мөн анхан шатны шүүх хуралдаан дээр техникийн шинжээчийн 68 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 199 дугаартай дүгнэлтүүдийг өмгөөлөгч нарын зүгээс хууль зүйн үндэслэлгүй, зөвхөн Замын хөдөлгөөний дүрмийн хэмжээнд баригдаж шүүгдэгчийг үндэслэлгүйгээр буруутгасан гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1-т заасан тусгай мэдлэг эзэмшсэн шинжээчдээр дүгнэлт гаргуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Шинжээч Б.Ганбаатар шүүх хуралдаанд оролцохдоо 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 199 дугаартай дүгнэлтээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байхад түүний гаргасан дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шинжээч болон прокурор нар жолооч Б.Цыг зам дээр зогсож байсан Старекс машиныг харсан гэдгийг юуг үндэслэж тогтоосон нь тодорхойгүй байна. Жолооч Ц нь зам дээр аюул саад тохиолдсон үед зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Гэхдээ тэр үүргийг биелүүлэх нөхцөл нь тухайн нөхцөлд бүрдээгүй байна. Тэр нөхцлийг бүрдүүлэх үүрэг Старекс машины жолоочид /амь хохирогч Э.Б/ байсан боловч энэ үүргээ биелүүлээгүйгээс тухайн зам тээврийн осол гарах үндсэн нөхцөл бий болсон. Шинжээчийн 199 тоот дүгнэлтэнд Старекс маркийн автомашины жолоочийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4-т зааснаар тээврийн хэрэгслээ замаас гаргаж зогсоох, ийм бололцоогүй бол энэ дүрмийн 9.3, 9.4-т заасныг зөрчсөн буруутай гэж дүгнэсэн.

Жолооч Б.Ц нь осол болохын өмнө өөрийнх нь явж байсан эгнээнд ослын дохионы гэрлээ асаагаад 100-аад метрийн цаана зогсож байсан ачааны машиныг харж, өөдөөс ирсэн машинтай /зөрсөн машин нь хохирогч О.Тын “Болор-2” гэх газраас сууж яваад зам дээр зогсож байсан Х.Старекс машины хажууд зогсоод хөдөлсөн/ зөрөөд ойрын гэрлээ холын гэрэлд шилжүүлж ослоос зайлсхийж тойрч гарах үйлдэл хийх үед мөргөсөн. Жолооч О.Б Х.Старекс маркийн 39-73 БНА улсын дугаартай машинаа мөргүүлэхгүй байх үүргийг биелүүлээгүй байхад мөргөсөн жолоочийг мэдсэн байх, зогсоох арга хэмжээ авах үүргийг биелүүлэх ёстой гэж жолооч Цаас шаардаж болохгүй.

Ослын зогсолтын тэмдгийг яагаад заавал 15м, 30м, 50м-т гэж хэмжээ зааж байрлуулдаг юм бэ, саадыг мэдсэн гэдгийг яаж тогтоосон бэ, урьдчилсан нөхцөл нь уг гэмт хэрэг гарах үр дагавар мөн үү, аргагүй байдал бий болгох нөхцлийг бүрдүүлсэн үү, осол гарах үүсвэр, эх сурвалж нь юу вэ зэрэг асуудалд шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч чадсангүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Цыг хурдаа тохируулаагүй, аюул саад тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ аваагүй гэж буруутгаж буй нь ямар нотлох баримтад тулгуурлаж буй нь тодорхойгүй, хурдыг тогтоох, самбаачлах хугацааг тогтоох зэрэг мэргэжлийн шинжээч нарын мэдлэг шаардсан дүгнэлт зайлшгүй хэрэгтэй байсан гэж үздэг. Аюул ослыг гэнэт харсан тохиолдолд авто машиныг яаралтай зогсоох арга хэмжээ авахад автомашины бүрэн зогсолтын зам буюу жолоочийн сэтгэн бодох хугацаанд явсан зам, жолоочийн самбаачлах хугацаанд явсан зам, тормосны механизм ажиллаж эхлэх хүртэлх хугацаанд явсан зам зэргийн нийлбэр байна гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй онолын томьёо ч байдаг. Эдгээр хугацааны нийлбэрээр бодоход 50 км/цагийн хурдтай явж байгаа ачааны автомашин 54,4 метр замыг туулж байж бүрэн зогсох боломжтой. Иймд мэргэжлийн шинжээч нарын шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн болно.

Дүгнэлтийг гаргасан эх сурвалж нь тодорхойгүй байна. Гэтэл шийтгэх тогтоолд “хохирогч нарын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн хор уршигтай шууд шалтгаант холбоогүй, мөн зорчих хэсэг дээрх тээврийн хэрэгсэл нь хойноо гэрэл ойлгох улсын дугаартай, бөгсний гэрэлтэй байсан учир тодорхой хэмжээний зайнаас харагдах боломжтой” гэж үзсэн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчийн гэм бурууг тогтоож буй нь үндэслэлгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4, 27.8.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

 

2.Уг хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч “Ёчи Транс” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлтэй зөв шийдвэр гэж үзэж байгаа боловч тухайн осол болоход гэм буруугийн хувьд голлох буруутай, шинжээчийн 199 тоот дүгнэлтээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4, 9.3, 9.4-т заасныг зөрчсөн Старекс машины эзэмшигч, өмчлөгч Б.О нь Иргэний хуулийн 499.1-т зааснаар хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг мөн хариуцах ёстой атал үүнийг орхигдуулсан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Гэхдээ амь хохирогч нарын оршуулгатай холбогдсон зайлшгүй зардлыг тооцохдоо нотлох баримтад нарийн дүгнэлт өгөлгүй зөвхөн өмгөөлөгч нарын үгэнд дурдагдсан гэмт хэргийн хохиролд үл хамаарах цөөн тооны баримтуудыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.

Хохирогчын хууль ёсны төлөөлөгч нар нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос хойш 2020 оны 02 дугаар сарыг дуустал гэр бүл ахуйн хүрээнд хэрэглэсэн бүх эд зүйлийнхээ баримтыг хэрэгт хавсарган их хэмжээний үнийн дүн гарган нэхэмжилсэн гэдгээ шүүх хуралдааны явцад бүгд хүлээн зөвшөөрч мэдүүлсээр байхад үүнд дүгнэлт хийлгүй тэдгээр хохиролд үл хамаарах баримтуудыг үндэслэж хохирлын хэмжээг тодорхойлж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Уг осол гарсан 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс талийгаачдийг нутаглуулсан 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны хэрэгт цугларсан баримтууд, мөн 49 хоногийн зан үйлтэй холбоотой баримтуудыг нэгтгэн дүгнэж үзэхэд амь хохирогч Анхбаярын ар гэрээс 8.801.804 төгрөг, амь хохирогч Нанзайдоржийн ар гэрээс 8.033.670 төгрөг, амь хохирогч Лхагвасүрэнгийн ар гэрээс 11.767.425 төгрөг, амь хохирогч Бын ар гэрээс 7.990.531 төгрөг, амь хохирогч Отгонбаярын ар гэрээс 6.766.880 төгрөгийн зардал гарсан тооцоо гарч байгаа болно. Мөн прокурорын яллах дүгнэлтийн дүгнэлт хэсэгт дурдагдаагүй хохирогч М.Г, О.Т нарын хохирол төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх зөвхөн прокуророос гаргасан яллах дүгнэлтийн хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх тухай хуулийн заалт зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 508.1-т заасан “оршуулахтай холбоотой зайлшгүй зардлыг шаардана” гэсэн заалтыг зөрчиж байхад шүүх хуулийн энэ заалтыг баримтлалгүй хохирогч нарын нэхэмжилсэн үнийн дүнг үндэслэлгүйгээр тооцоолж гаргасан болно.

Иймд шүүгдэгчийн гэм буруу бүрэн нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 27.4, 27.8.2-т заасан асуудлууд шийдвэрлэгдээгүй, Иргэний хуулийн 499.1, 508.1 дэх заалтууд зөрчигдсөн байхад гаргасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч “Ёчи транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Шүүх 39-73 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Оыг иргэний хариуцагчаар оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн бөгөөд энэ нь шийтгэх тогтоол, магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт шууд нөлөөлж болохуйц нөхцөл байдал  гэж үзэж байна.

Шүүхээс иргэний хариуцагчаар гагцхүү “Ёчи транс” ХХК-ийг татаж, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, улмаар хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт нийт 79.170.701 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх иргэний хариуцагчаар тогтоохдоо тээврийн хэрэгслийн нэр шилжүүлсэн талаарх баримтууд, тухайн тээврийн хэрэгслийг ямар учраас “Ёчи транс” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болон шүүгдэгч, иргэний хариуцагчийн төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг огт үнэлээгүй юм.

Учир нь шүүгдэгч тухайн тээврийн хэрэгслийг өөрөө хүнээс зээлээр худалдан авсан, ачаа тээврийг ажлыг ОХУ-д “Ёчи транс” ХХК-ийн нэрийн өмнөөс гүйцэтгэхээр тохиролцсон, ачаа тээвэрлэх явцад үүссэн аливаа эрсдэлийг өөрийн тээврийн хэрэгслээр хариуцахаар барьцаа болгон “Ёчи транс” ХХК-д шилжүүлсэн талаараа шүүх хуралдаанд мэдүүлдэг. Үүнд бид ч мөн маргахгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг манай байгууллагын нэр дээр байсан гэх боловч бодит байдалд шүүгдэгч л түүнийг захиран зарцуулах, эзэмших эрхийг эдэлж байсан. Мөн тухайн осол болох үед “Ёчи транс” ХХК-ийн ачааг бус, өөрөө хувиараа тээвэрт явж байгаад осол гаргасан талаараа ч тодорхой ярьдаг. Өөрөөр хэлбэл “Ёчи транс” ХХК-иас огт зөвшөөрөл аваагүй бөгөөд өөрийнхөө өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа болохоор зөвшөөрөл авах ч шаардлага байгаагүй гэж ойлгож байна.

Түүнчлэн шүүгдэгч нь “Ёчи транс” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлсний хариу төлбөрт нэг ч төгрөг аваагүй, мөн хуулийн этгээдийн санхүүгийн тайланд шүүгдэгч Б.Цт тээврийн хэрэгслийн хариу төлбөр шилжүүлсэн үйл баримт байхгүй байгаа нь тээврийн хэрэгслийн өмчлөлийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд талуудын өгсөн мэдүүлэг үнэн зөв гэдэг нь тогтоогдоно.

Түүнчлэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг Улсын дээд шүүхээс тайлбарлахдаа /Иргэний хуулийн тайлбар. Гэрээний бус үүрэг 2016/ тээврийн хэрэгслийн бүртгэл нь гэм хор хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд шууд эзэмшигч байна гэж заасан. Өөрөөр хэлбэл Б.Цыг зам тээврийн осол гаргах үед тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хөрөнгийн хувьд захиран зарцуулах боломж, эрх “Ёчи Транс” ХХК-д байгаагүй нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргасан мэдүүлгээс тодорхой харагдана. Ийм ч учраас тухайн тээврийн хэрэгсэл одоо ч Б.Цын эзэмшилд байгаа юм. Гагцхүү тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр “Ёчи транс” ХХК бүртгэгдсэнээрээ эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа нь шударга бус юм.

 “Ёчи Транс” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө гэж үзвэл тухайн осол болох үед шүүгдэгч нь хэнээс, ямар зөвшөөрөл авсан нь тодорхойгүй байх бөгөөд мөн адил Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 39-73 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигч нь иргэний хариуцагч байх хуулийн зохицуулалт, боломж байхад түүнийг огт хэрэгжүүлээгүй буюу Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 /Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй/-т заасан заалт ямар тохиолдолд нь “Ёчи транс” ХХК-д эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болоод харин иргэн Б.Оыг ямар тохиолдолд эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөөд байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн буруутай үйл ажиллагаа буюу амь хохирогч Б нь 39-73 БНА тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тээврийн хэрэгслийг зогсоохдоо замыг бүрэн чөлөөлөөгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг тус тус зөрчсөн гэдэг дүгнэлтийг хийсэн атлаа “Ёчи транс” ХХК-иар бүхэлд нь иргэний нэхэмжлэлийг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар мөрдөн шалгах ямар ч ажиллагаа хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татвал зохих этгээдийг хариуцагчаар татаагүй бөгөөд 39-73 БНА тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний холбогдох дүрмийг зөрчсөн, түүний буруутайг шүүхээс тогтоосон атлаа гэм хорыг арилгах үүргээс ямар үндэслэлээр чөлөөлсөн эсхүл түүнийг энэ хэрэгт иргэний хариуцагч биш гэдэгт хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй. Энэ талаар миний давж заалдах гомдолд дурьдсан болон шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн үндэслэлд огт дүгнэлт хийлгүйгээр давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж байгаа нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчийн гаргасан баримтуудад 2019 онд тээврийн хэрэгслүүдийг нэр бүхий иргэдийн нэр дээрээс шилжүүлэн авсан байдаг бөгөөд Б.Ц, “Ёчи транс” ХХК-ийн хооронд үүссэн харилцааг зөв тогтоох зорилгоор эдгээр нэр бүхий иргэдээс нэг ч гэрчийн мэдүүлэг аваагүй. Өөрөөр хэлбэл иргэний хариуцагчийг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй юм.

Шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа ямар учраас тээврийн хэрэгслийг “Ёчи транс” ХХК нэр дээрээ бүртгүүлсэн, түүнчлэн урьдын өмчлөгч нь тухайн тээврийн хэрэгслийг яагаад эзэмшиж, хувийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан болон “Ёчи транс” ХХК, шүүгдэгч Б.Ц нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар бодит дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “Ёчи транс” ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлж, түүнд холбогдох хэсгийг шүүгдэгчээр төлүүлэхээр шийтгэх тогтоол, магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Т.Атарболд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдаад байгаа бүх зүйлийг шалгасан, хийх ёстой ажиллагаа бүрэн хийгдсэн” гэв.

Мөн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Б.О хэлсэн саналдаа: “Би машинаа 12 сая төгрөгөөр авч байсан, одоо ашиглах ямар ч боломжгүй болсон. Автомашины үнэлгээ 2 янз гарсан, алинтай нь ч би танилцаагүй. Энэ хэргээс болж маш их хохирч, голомт залгах ганц хүүгээ алдлаа. Машин миний нэр дээр л бүртгэлтэй боловч миний хүү эзэмшдэг байсан” гэв.

Мөн шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хохирогч М.Г, О.Т, гэрч Д.Г нарын мэдүүлэг, шинжээчийн 126, 127, 128, 129,130, 2620, 2666 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай “...Вольво маркийн 62-77 УАЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн /тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.2-т “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...”, мөн дүрмийн 12.3-д заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй. Үүнийхээ дагуу гэмт хэрэг үйлдээгүй, зам тээврийн осол гарахад хохирогч О.Бын буруутай үйлдэл нөлөөлсөн гэж мэдүүлдэг.

Гэтэл түүний энэхүү мэдүүлэг нь Тээврийн хэрэгслийн Цагдаагийн албаны техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай “...Вольво маркийн 62-77 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэсэн дүгнэлт, гэрч Д.Гийн “...зам дээр 5 залуу зам ангийн ажилтан гэмээр гэрэл цацруулагч хувцастай зогсож байсан...” гэх мэдүүлэг, техникийн шинжээчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч О.Б нь зам дээр машинаа зогсоож, ослын дохионы тэмдэг тавиагүй үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий боловч энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хохирогч О.Бын унаж явсан Старкс загварын машины өмчлөгч Б.Оыг хэрэгт иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу “Ёчи Транс” ХХК-аас 79.170.701 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат, Б.Намнансүрэн, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Цт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн төвөөс баруун хойш 2 километрийн зайд, Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай зам дээр 62-77 УАЕ улсын дугаартай Вольво загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан 39-73 БHA улсын дугаартай “Хьюндэй Старекс” загварын тээврийн хэрэгслийг мөргөж Б.А, М.Н, Д.Л, О.Б, Г.О нарын амь насыг хохироож, М.Гийн эрүүл мэндэд хүнд, О.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар зүйлчилж тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг харгалзан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярбат, Б.Намнансүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу гэмт хэрэг нотлогдсон байдлыг судалж үзэхэд шүүгдэгч Б.Ц нь шөнийн 03 цагт буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд тээврийн хэрэгслийнхээ хурдыг зөв тохируулж яваагүйгээс аюул саад тулгарах үед ослоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч чадалгүй замын 1 дүгээр эгнээнд зогсож байсан Хьюндай Старекс загварын тээврийн хэрэгслийг мөргөж, 5 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсоноос гадна шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай, цагдаагийн ахмад Б.Батцэвэрийн гаргасан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-88/, мөн Тээврийн Цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 199 дугаар дүгнэлтийг /3хх-224/ хуульд заасан журмыг зөрчиж гарсан, түүнчлэн нэр бүхий шинжээчдийн тусгай мэдлэгийн хүрээнд харилцан зөрүүгүй гаргасан дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийг прокурорт буцааж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Б.Цын жолоодон явсан “Volvo маркийн автомашинд мөргөгдсөн Xьюндай Старекс маркийн автомашины хувьд зам тээврийн осол болох үед түлш дууссан байсан нь замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолт хийх нөхцөлд хамаарахгүйгээс гадна тухайн автомашиныг жолоодож явсан О.Б нь осол гарахаас урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслээ замын зорчих хэсгээс гаргах, ослын тэмдэг байрлуулах зэрэг Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 18.4, 9.3, 9.4, 9.5-д заасан зохих арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй нь 2 удаагийн мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогджээ.

Гэвч Xьюндай Старекс маркийн автомашины жолооч О.Б зам тээврийн ослын улмаас нас барсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар түүний гэм буруугийн талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Түүнчлэн О.Бын жолоодож явсан Хьюндай Старекс маркийн тээврийн хэрэгслийг түүний эцэг Б.О 2017 онд худалдан авч, өөрийн нэр дээр бүртгүүлсэн боловч уг автомашиныг хүү О.Бд өгч, тэрээр бодитой эзэмшиж байсныг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хохирогч нарын зүгээс Б.Оад холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул энэ хэрэгт Б.Оыг иргэний хариуцагчаар татах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох зардлын баримтууд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамааралтай эсэхийг өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй болно.

Харин шүүх Б.Цын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн бүртгэлийг үндэслэн “Ёчи транс” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь Б.Ц “Ёчи транс” ХХК-ийн нэр дээр тээвэр хийх зорилгоор үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн “Volvo маркийн автомашиныг тус компанийн нэр дээр бүртгүүлжээ.

Гэвч “Ёчи транс” ХХК нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан “...өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах” эрхийг бодитой олж аваагүй, тухайн автомашиныг худалдан авахад хөрөнгө оруулалт хийгээгүй, мөн Б.Ц нь тус компанийн нэр дээр тодорхой ажил үүрэг гүйцэтгэж өр төлбөр үүсгээгүй болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд “Ёчи транс” ХХК нь “Volvo маркийн тээврийн хэрэгслийн хувьд өмчлөгчийн үндсэн шинжийг хангаагүй байна гэж үзэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Цт холбогдох хэргийг прокурорт буцааж, дахин шалгуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярбат, Б.Намнансүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүх “Ёчи транс” ХХК-иас 79.170.701 төгрөг гаргуулж нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгуулахаар шийдвэрлэснийг өөрчилж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэм хорын хохирлыг “Volvo маркийн автомашины жинхэнэ өмчлөгч Б.Цаас гаргуулж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1081 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус зааснаар шүүгдэгч Б.Цаас 79.170.701 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нд 13.271.719 төгрөг, Г.Эт 20.012.714 төгрөг, М.Дд 15.502.174 төгрөг, Г.От 8.948.236 төгрөг, Ц.Эд 15.570.838 төгрөг, хохирогч М.Гт 865.740 төгрөг, О.Тод 1.019.280 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Оад 3.950.000 төгрөг тус тус олгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Б.Цт холбогдох 1919004170155 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, дахин шалгуулах тухай өмгөөлөгч Т.Баярбат, Б.Намнансүрэн нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН                                                                      

                                                                                           С.БАТДЭЛГЭР           

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН