Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 125/2018/0050/З |
Дугаар | 221/МА2019/0307 |
Огноо | 2019-05-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2019/0307
2019 оны 05 сарын 30 өдөр | Дугаар221/МА2019/0307 | Улаанбаатар хот |
Х.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 125/ШШ2019/0005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Б-н нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга, тус сумын Норжинхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 125/ШШ2019/0005 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар “Х.Б-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож”
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 сарын 21-ний өдрийн хуралдааны “Багийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх” хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот “Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 сарын 02-ны өдрийн А/73 тоот “Х.Б-г чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагч талын баримтыг үндэслэн, гэрч Ц.н мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбараар хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Тус шүүхийн шийдвэрийн агуулга нь Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гардаж авсан гэж үзжээ. Миний бие урд өмнө нь шүүх хуралдаан оролцож байгаагүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын тулгаж асуусан асуулт, шүүгчийн асуусан асуултад сандарч буруу хариулсныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна.
Хэрэг маргаан хянан шийдвэрлэхдээ шүүх өөрөө нотлох баримтаа цуглуулах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг.
Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73/дугаар захирамжийг нэхэмжлэгч надад гардуулж өгөөгүй. Энэхүү захирамжаа надад танилцуулах үүрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-д “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж маш тодорхой заасаар байтал энэхүү үүргээ биелүүлээгүй, надад гардуулсан гэдгийг нотолж тогтоогоогүй байтлаа уг захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжийг надад гардуулах, гардуулснаа нотлох үүрэг нь Буянт сумын Засаг даргын Тамгын газарт байгаа.
Үүнээс гадна надад дээрх захирамжийг гардуулж өгсөн гэх Цэнд-Аюушийн мэдүүлэг нь худал, зөрүүтэй байна Өөрөөр хэлбэл намайг 2018 оны 9 сарын 20-ны өдөр уг захирамжийг авсан гэж үзэж байгаа бол гэрч Ц ч гэсэн 2018 оны 9 сарын 20-ны үеэр захирамжийг гардуулж өгсөн гэж мэдүүлэг өгөх ёстой байсан
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот 'Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг мөн адил надад дээрхтэй адил гардуулж танилцуулаагүй, хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд миний бие маш их гомдолтой байна.
Намайг Норжинхайрхан багийн Засаг даргаас чөлөөлсөн юм бол яагаад 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цалин олгож, үүрэгт ажлыг хийлгэж байсныг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот тогтоол гарсныг надад танилцуулаагүй гэдэг нь нотлогдож байна.
Мөн уг тогтоолын агуулга нь намайг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж огцруулсан байдаг.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ", мөн хуулийн 32.3-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.
Гэтэл хариуцагч нь дээрх хуулиар тогтоосон хугацааг зөрчиж 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн Буянт сумын Засаг даргын А/16 дугаар захирамж нь хууль бус болохыг харуулж байна.
...Иймд давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Б-н зарим нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Х.Б Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар Норжинхайрхан багийн Засаг даргаар томилогдон ажилласан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тус багийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын “Багийн Засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх тухай” 1 дүгээр тогтоолоор хуралд оролцсон 147 иргэдийн 142 иргэнээс “хангалтгүй ажилласан” санал авсан Х.Б-г огцруулахаар шийдвэрлэж, 2 дугаар тогтоолоор хуралд оролцсон иргэдийн 69,8 хувийн санал авсан Б.Эрдэнэцогтыг тус багийн Засаг даргад сонгосонд тооцож, 5 дугаар тогтоолоор олонхийн санал авч багийн Засаг даргаар сонгогдсон Б.Эрдэнэцогтын холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн сумын Засаг даргад уламжлахыг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Бд үүрэг болгожээ.
Улмаар 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын “Багийн Засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх тухай” 1 дүгээр тогтоолоор хуралд оролцсон иргэдийн 97,2 хувийн саналаар “хангалтгүй ажилласан” үнэлгээ авсан багийн Засаг дарга Х.Б-г огцруулж, энэхүү тогтоолыг сумын Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Бд үүрэг болгосны дагуу Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Х.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2 дахь заалтаар түүнийг тус багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, мөн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар Х.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
1. Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар “Х.Б-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж...шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага...байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заажээ.
Мөн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д зааснаар захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт гардуулах...бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах ёстой.
Захиргааны байгууллагаас маргаан бүхий актуудыг нэхэмжлэгч Х.Бт тухайн үед утсаар мэдэгдсэн гэсэн боловч энэ талаар баримтжуулаагүй, харин Х.Б өөрөө багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг 2018 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд хурлын нарийн бичгийн даргаас авсан гэдгээ шүүхэд тайлбарлаж хэлсэн, мөн Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар “Х.Б-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг Буянт сумын Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн ажилтан Б.Цэнд-Аюушаас 09 дүгээр сарын 20-ны үед гардаж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Түүнчлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны “Өргөдөл гомдлын бүртгэл”-ийн дэвтэрт шүүхээс хийсэн үзлэгийн явцад нэхэмжлэгч Х.Б 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Засаг даргад гомдол гаргахдаа Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар “Х.Б-г ажлаас чөлөөлөх тухай” захирамж, Норжинхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоол, “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоол, 2018 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн А/73 дугаар “Х.Б-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжуудыг, өргөдлийн хамт хавсаргасан байгаагаас үзэхэд энэ үед тэрээр маргаан бүхий актуудыг гардаж авсан болох нь тогтоогдсон байна.
Иймд тэрээр маргаан бүхий актуудыг эс зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
2. Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Учир нь Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжаар Норжинхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлаас хангалтгүй үнэлгээ авч цаашид албан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон багийн Засаг дарга Х.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2 дахь заалтаар тус багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түүнийг түр томилсон байна.
Үүрэг гүйцэтгэгч нь тухайн албан тушаалд хуульд заасан болзол журмын дагуу жинхлэн томилогдох хүртэл хугацаанд уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэх ойлголт юм.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Баг хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэх”-ээр заажээ.
Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлаас Б.Эрдэнэцогтыг тухайн багийн Засаг даргаар томилуулахаар ирүүлсэн тогтоолыг үндэслэн Б.Эрдэнэцогтыг Норжинхайрхан багийн Засаг даргаар томилж, маргаан бүхий захирамжаар Х.Б-г үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дээрх хуульд нийцсэн байна.
Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах учиртай.
Иймд Х.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Б/16 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
3.Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны “Багийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх” хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж зохицуулжээ.
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Норжинхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хуралдуулахаар тогтсон байх бөгөөд хурлаар хэлэлцүүлэх асуудлын нэгэнд багийн Засаг даргын эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны акт нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр үйл ажиллагаа юм.
Гэтэл тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд багийн Засаг дарга Х.Б-н эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэхээр шийдвэрлэж, улмаар түүнийг огцруулах асуудлыг хэлэлцсэн хэсэг нь захиргааны актын шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл дотогш чиглэсэн акт гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Б-н Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны “Багийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх” хэсгийг захиргааны акт гэж үзэж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 125/ШШ2019/0005 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...54 дүгээр зүйлийн...” гэсний дараа “54.1.1,” гэснийг нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН