Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 05

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Цэргийн хотхон гудамжны 352 тоотод оршин суугч иргэн Түмэд овгийн Далантайн Оюунтогтохын /регистрийн дугаар: ЙЮ64061964/-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэрийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Наранжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: "ЙЮ85032907 дугаарын регистртэй Баярсайханы Солонгыг Жамбалын Далантай, Хянгаравын Цэрэндолгор нарт үрчлүүлсэн үрчлэлт болон Далантайн Солонгын овог, нэрийг Ганболдын Солонго болгон өөрчилсөн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах" тухай.

Нэхэмжлэгч Д.Оюунтогтох шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Оюунтогтох би том охин Баярсайханы Солонгыг бүртгэхдээ ээж нь болох Д.Оюунтогтох миний нэрийг биш манай ээж Хянгаравын Цэрэндолгор гэж андуу бичсэнээс шалтгаалж охин Солонго маань миний охин биш болж эрх зүйн байдал нь зөрчилтэй болж байх тул залруулж Солонго нь миний охин гэж зөрчлийг арилгаж өгнө үү. Би 1985 онд охин Солонгыг төрүүлээд төрсөн эцэг Баярсайханаар овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн. Би тухайн үед оюутан байсан тул охиноо нэг сартайд нь аав Далантай, ээж Цэрэндолгор нарын асрамжинд үлдээгээд сургуульдаа явсан. Гэтэл миний зөвшөөрлийг авалгүйгээр охин Солонгыг маань ээж, аав хоёрт өргүүлсэн улсын бүртгэл хийгдсэн байсан. Би энэ талаар мэдээгүй байж байгаад хожим мэдэж нөхөр Ганболдын нэрээр овгийг нь өөрчлүүлсэн юм. Охины маань төрсний гэрчилгээг олгохдоо эхийн нэр хэсэгт миний нэрийг бичиж өгсөн. Гэтэл тухайн үед ажиллаж байсан улсын бүртгэгч охины маань овог нэр өөрчлөлтийн бүртгэлд засвар оруулаагүйгээс болж одоо охины маань эхийн нэр миний нэрээр биш манай ээж Цэрэндолгорын нэрээр гарч миний ээж байх эрх зөрчигдөөд байна. Тиймээс ЙЮ85032907 дугаарын регистртэй Баярсайханы Солонгыг Жамбалын Далантай, Хянгаравын Цэрэндолгор нарт үрчлүүлсэн үрчлэлт болон Далантайн Солонгын овог, нэрийг “Ганболдын Солонго” болгон өөрчилсөн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах хүсэлтэй байна... Миний бие хариуцагчийн зөвшөөрлөөр хууль ёсны эрх маань сэргэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх хүсэлтэй байна” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Г.Солонго нь 1985 оны 03 дугаар сарын 29-нд төрж өөрийн төрсөн эцэг Шагдар овогтой Баярсайханаар овоглож эх Далантайн Оюунтогтохоор Арвайхээр сумын төрөлтийн бүртгэлийн 1985.03.29-нд №149-рт бүртгэсэн байна. 1985 онд Д.Оюунтогтохын төрсөн эцэг, эх болох Жамбал овогтой Далантай, эх Хянгарав овогтой Цэрэндолгор нарт 1985 оны 04 сарын 04-нд үрчлэлт хийгдэж Арвайхээр сумын үрчлэлтийн бүртгэлийн 1985 оны 08 дугаарт бүртгүүлж Далантайн Солонго болгосон бүртгэл байна. 1991 онд овог, нэр өөрчлөлтийн бүртгэл хийлгүүлж Солонгыг хойд эцэг Лхасүрэнгийн Ганболд, эх Далантайн Оюунтогтох нар болж Арвайхээр сумын овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн 1991 оны 61 дүгээрт бүртгэсэн байна. Одоогоор Иргэний бүртгэлийн мэдээллийн цахим санд Ганболдын Солонго /йю85032907/ гэсэн овог нэрээр 1991 оноос хойш бүртгэлтэй мэдээлэл гарч байна. Тухайн үедээ СНЗ-ийн 244 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу иргэний бүртгэлийг хөтөлж ирсэн... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Наранжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлгож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Оюунтогтох нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан "Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн зөрчлийг арилгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг анх тус шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж "ЙЮ85032907 дугаарын регистртэй Баярсайханы Солонгыг Жамбалын Далантай, Хянгаравын Цэрэндолгор нарт үрчлүүлсэн үрчлэлт болон Далантайн Солонгын овог, нэрийг “Ганболдын Солонго” болгон өөрчилсөн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах" гэж өөрчлөв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Наранжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 121/2017/0002/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Д.Оюунтогтох нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулахаас татгалзсан тайлбараа шүүх хуралдаанд гаргасан тул түүний төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Д.Оюунтогтохын Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан "ЙЮ85032907 дугаарын регистртэй Баярсайханы Солонгыг Жамбалын Далантай, Хянгаравын Цэрэндолгор нарт үрчлүүлсэн үрчлэлт болон Далантайн Солонгын овог, нэрийг “Ганболдын Солонго” болгон өөрчилсөн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус шүүхийн 121/2017/0002/З/ дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Д.Оюунтогтох нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                 Б.БАТЧИМЭГ