Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 05

 

 Г.Алтанхуягт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч Б.Дэнсмаа, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд оролцсон:

             Нарийн бичгийн дарга         Г.Намуунзул

 Прокурор                              Ч.Мөнхзул

 Ялтны өмгөөлөгч                 А.Мэндсайхан

 Ялтан                                    Г.Алтанхуяг

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалаж шийдвэрлэсэн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Г.Алтанхуягийн давж заалдах гомдлоор Г.Алтанхуягт холбогдох эрүүгийн 201611000402 дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 10-24 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 сарын 20-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, мөн шүүхийн 2004 оны 05 сарын 28-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2007 оны 07 сарын 02-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 05 сарын 03-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар нийт 4 жилийн хорих ялаар, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар "Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  зааснаар эдлээгүй үлдсэн 01 сар 25 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ЖВ84021811 регистрийн дугаартай, Хатгин овогт Гантөмөрийн Алтанхуяг.

Г.Алтанхуяг нь ялтай байхдаа, давтан үйлдлээр Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр баг "Баян-Уул" гэх газраас 2016 оны 09 сарын 24/25-нд шилжих шөнө хохирогч Х.Гурванбаатарын 5 тооны ямаа, 29 тооны хонийг хулгайлж 2540000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Хатгин овогт Гантөмөрийн Алтанхуягийг давтан үйлдлээр, бусдын олон тооны малыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Г.Алтанхуягийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Алтанхуягт оногдуулсан 2 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, ялтан Г.Алтанхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, түүний  ЖВ84021811 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн 134 дүгээр  зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Алтанхуягийн эзэмшлийн "Nokia-2 s2600" маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Алтанхуягийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Ялтан Г.Алтанхуяг давж заалдах гомдолдоо: Миний бие Баян-Уул сумын 4-р баг Жаварт хошуу гэх газарт 17-18 насны 2 дүүгийн хамт амьдардаг, амьдралын түвшин нэн доогуур өрх. Иймд ар гэрийн байдлыг харгалзан үзэж 2 жилийн чанга дэглэмтэй ялыг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй ангид эдлүүлж өгнө үү гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Алтанхуяг нь өмнө хулгайн хэрэгт ял шийтгүүлснээс хойш “ялгүй болох хугацаа” дуусаагүй байхад буюу 2016 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Баян-Уул” гэх газраас хохирогч Х.Гурванбаатарын өмчлөлийн, 2540000 төгрөгийн үнэ бүхий 5 ямаа, 29 хонийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Гурванбаатарын “2016.09.25-ны өглөө  А.Пүрэвдаваагийн хамт адуугаа эргэх гээд мотоцикльтой давхиж явтал хэсэг хонь туусан хүн явж байхаар нь очиход манай имтэй хонь ямаа байсан. Тэгээд хонь ямаагаа тоолоход 29 хонь, 5 ямаа байсан. Манай хонь ямаанаас таслаад тууж явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-т/, гэрч А.Пүрэвдаваагийн “Би Х.Гурванбаатарын малчин юм. 2016.10.24-ний орой 00 цагийн үед гадаа дуу чимээ гараад хонь хуйлраад байхаар нь гарч харахад юм мэдэгдэхгүй болохоор эргэж ороод унтсан. Маргааш өглөө нь 2016.10.25-ны өглөө 08 цагийн орчимд Х.Гурванбаатар ах бид хоёр мотоцикльтой гэрээсээ зүүн хойшоо 5-6 км зай очиход нэг хүн хонь, ямаа туугаад явж байхаар нь давхиад очсон чинь Х.Гурванбаатар ахын хонь ямаатай адил имтэй байсан. ...Тэгээд тэр хүнээс хонь, ямаагаа эргүүлж аваад цагдаа дуудаж тэр хүнийг өгч явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-т/, Г.Алтанхуягийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд  шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогджээ.   

Иймд анхан шатны шүүх Г.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан давтан үйлдлээр, бусдын олон тооны малыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ. 

Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Г.Алтанхуяг өмнө нь хоёр удаа жирийн дэглэм, нэг удаа чанга дэглэмтэй хорих ангид хорих ял биечлэн эдэлсэн боловч дахин гэмт хэрэг үйлдсэн тул  “17-18 насны хоёр дүүгийн хамт амьдардаг, амьдралын түвшин нэн доогуур” гэх шалтгаанаар хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Алтанхуягийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Алтанхуягийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ                       А.ЭНХБААТАР

                             ШҮҮГЧИД                          Б.ДЭНСМАА

                                                                      Л.НАРАНБАЯР