Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 99

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Б.Энхбат,

Шүүгдэгч Ю.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ...гийн ...т холбогдох 1808007370023 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...гийн ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

            Ю.... нь 2018 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ...тоотод Д....ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Д....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан. Гэрт манай эхнэр ... болон 4-12 насны 3 хүүхдүүд маань байсан. Ингээд шилжих шөнө 01 цагийн орчимд хаалга нүдээд ... хаалга онгойлгох үед ...ийн төрсөн дүү ... архи уусан согтуу байдалтай гурван найзын хамт орж ирсэн юм. Тэгээд намайг хойморын орон дээр унтаж байхад шууд дээрээс мордож суугаад барьсан хутганы бөгсөөр нүүр лүү цохиод босох гэхээр хэвтүүлчихээд босгохгүй байсан. ...баримтаар нэхэмжлэх төлбөр байхгүй учраас Ю....аас нэхэмжилж авах зүйл байхгүй, ямар ч гомдол санал байхгүй, Ю....тай сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 24-26, 60-2 х/,

 

2.Шүүгдэгч Ю....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит ...тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг юм. Манай том эгч Ю.... тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит ...тоотод оршин суудаг байсан одоо Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт түр оршин сууж байгаа би хамгийн сүүлд өчигдөр эгчтэйгээ уулзсан. Харин түүний нөхөр ...тай хэзээ билээ нэг удаа уулзсан он сарыг нь сайн санахгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ... эгчийн том хүү ... манай ээж ... руу залгаад хойд эцэг болох одоо эгчтэй амьдарч байгаа ... зодсон гэхээр нь ...ы гар утасруу залгаад яагаад хүүхэд зодоод байгаа юм гэсэн чинь би ямар зодсон юм уу? би өөрийнхөө хүүхэд шиг л харьцдаг шүү гэхээр нь би эгч ...рүү залгаж ярьсан чинь зодоогүй гээд өмөөрөөд байхаар нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ны 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит ...тоотод байх гэрт нь очсон юм. Намайг очиход эгч ... хаалга тайлж өгсөн түүний нөхөр ... гэрийн хойморт байх орон дээр хэвтэж байхаар нь дөхөж очоод ...ыг зодсон талаар хэрүүл хийсэн юм. Тэгтэл ... орноосоо босч ирээд намайг чи үхсэндээ дайраад байгаа юм гээд түлхээд байхаар нь нүүрлүү нь бөгж зүүсэн гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл ...гурав намайг салгаад аваад гарсан ард чамайг амьтан болгоноо гээд л үлдсэн тэрнээс хойш нэг ч удаа уулзаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 68-72 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.Гэрч Ю....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 01 цагийн үед гэртээ унтаж байсан чинь хаалга нүдэхээр би очоод онгойлгосон чинь миний хамгийн бага дүү ... гартаа хутга барьчихсан согтуу гэрт орж ирэнгүүтээ шууд манай нөхрийн унтаж байсан ор луу очоод унтаж байхад нь барьж аваад орон дээр дарж байгаад нүүрний хэсэг рүү хутганыхаа ар хэсгээр цохиод намайг очоод салгах гэсэн чинь хамт явж байсан гурван хүний нэг нь намайг түлхээд унагаасан юм. ...” гэх мэдүүлэг /хх 30-31 х/,

 

4.Шинжээчийн 2069 тоот дүгнэлт

1.Д....ы биед эрүүнд няцарсан шарх, духанд зулгаралт хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун дээд шүдний 1 дүгээр шүдний булгарал, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5.Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% нөлөөлнө. гэх дүгнэлт /хх 35 х/,

 

5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39 х/

6.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 40 х/

7.Ю....ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 84-85 х/

8.Хохирогч Д....ы “... шүүгдэгч ... бид хоёр эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх бичгээр гаргасан хүсэлт /хх 88 х/

9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49 х зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Ю.... нь 2018 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ...тоотод Д....ыг “дагавар охиноо зодлоо” хэмээн түүнийг орон дээр дарж унагаан нүүр хэсэгт нь хутганы бөгсөн хэсгээр хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь “эрүүнд няцарсан шарх, духанд зулгаралт хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун дээд шүдний 1 дүгээр шүдний булгарал, уруулд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д....ы “...Тэгээд намайг хоймрын орон дээр унтаж байхад шууд дээрээс мордож суугаад барьсан хутганы бөгсөөр нүүр лүү цохиод босох гэхээр хэвтүүлчихээд босгохгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 24-26, 60-62 х/,

             Шүүгдэгч Ю....ын “...түүний нөхөр ... гэрийн хойморт байх орон дээр хэвтэж байхаар нь дөхөж очоод ...ыг зодсон талаар хэрүүл хийсэн юм. Тэгтэл ... орноосоо босч ирээд намайг чи үхсэндээ дайраад байгаа юм гээд түлхээд байхаар нь нүүрлүү нь ... цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх 68-72 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Гэрч Ю....ийн “...бага дүү ... гартаа хутга барьчихсан согтуу гэрт орж ирэнгүүтээ шууд манай нөхрийн унтаж байсан ор луу очоод унтаж байхад нь барьж аваад орон дээр дарж байгаад нүүрний хэсэг рүү хутганыхаа ар хэсгээр цохиод намайг очоод салгах гэсэн чинь хамт явж байсан гурван хүний нэг нь намайг түлхээд унагаасан юм. ...” гэх мэдүүлэг /хх 30-31 х/,

Шинжээчийн 2069 тоот дүгнэлт

1.Д....ы биед эрүүнд няцарсан шарх, духанд зулгаралт хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун дээд шүдний 1 дүгээр шүдний булгарал, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5.Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% нөлөөлнө. гэх дүгнэлт /хх 35 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ю.... нь хохирогч Д....ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 35 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

Шүүгдэгч Ю.... хүнийг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ю....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Д.... эмчилгээний зардал нэхэмжлээгүй, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 24-26, 60-62 х /-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: Шүүгдэгч Ю....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, мөн торгох ял оногдуулах саналыг гаргасан болно.

 

            Ю....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Боржигон овогт ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю....ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03  сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Ю....т үүрэг болгосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ю....т мэдэгдсүгэй.

 

  5.Ю....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ю....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ