Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 236

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн  шаардлагаасаа

                                       татгалзсныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох

                                                                          тухай

 

           Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

          Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Мааньт  нэртэй газар оршин суух Боржигон овогт Ритагийн Арвинзаяагийн /РД:АЭ78020211/ нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 35-3505 тоотод оршин суух Сахалгуут овогт Гомбодоржийн Алтайсүмбэрэлд /РД:АЭ74050513/  холбогдох

          1550000 төгрөгний үнэ бүхий Мустанг-5 маркийн мотоцикль гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Р.Арвинзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн хөрөнгөөрөө  худалдаж авсан Мустанг-5 маркийн мотоциклийг  миний төрсөн дүү Нэргүй хүүхдийнх нь бие муудсан үед  унаж явавад нь   шийдвэр гүйцэтгэлийн албаны  ажилтан Алтайсүмбэрэл хурааж авсан байна.  Уг мотоциклийг би Хүрэлбаатар гэдэг хүнээс  1550000 төгрөгөөр худалдаж авсан.  Бичиг баримтыг нь бүрдүүлж авч амжаагүй байтал  хураагдсан.  Уг мотоцикль нь өөрийн өмч мөн учир 1550000 төгрөгний үнэ бүхий  мотоциклийг шийдвэр гүйцэтгэх албаны  ажилтан Алтайсүмбэрэлээс гаргуулан надад олгуулж өгнө үү гэжээ. 

          Нэхэмжлэгч  Р.Арвинзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн Мустанг-5  маркийн мотоциклийг  Г.Алтайсүмбэрэлээс авсан.  Одоо надад  нэхэмжлэх зүйл байхгүй.  Иймд миний  бие нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.  Миний бие Г.Алтайсүмбэрэлээс тэмдэгтийн хураамж  нэхэмжлэхгүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Р.Арвинзаяа хариуцагч Г.Алтайсүмбэрэлд холбогдох 1550000 төгрөгний үнэ бүхий Мустанг-5 маркийн мотоцикль гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Алтайсүмбэрэл нэхэмжлэлийн шаардлагыг  сайн дураар  хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч Р.Арвинзаяа  гаргасан  нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний шүүхэд бичгээр өгсөн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Нэхэмжлэгч Т.Арвинзаяа хариуцагч Г.Алтайсүмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 19875 төгрөг гаргуулахаас татгалзсан болно.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Нэхэмжлэгч Р.Арвинзаяа хариуцагч Г.Алтайсүмбэрэлд холбогдох 1550000 төгрөгний үнэ бүхий Мустанг-5 маркийн мотоцикль гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Арвинзаяагийн  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 39750 төгрөгөөс 19875 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 19875 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Т.Арвинзaяад  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

  

 

       ШҮҮГЧ                                       Д.БЯМБАСҮРЭН