Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 108

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Хохирогч Ц....,

Шүүгдэгч Б....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гал овогт ...ын ...т холбогдох 1808054830035 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин ...тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Гал овогт ...ын .../.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

             Б....нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц....ын толгой хэсэгт болон баруун гарын хурууг хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх караокед найз ...ын хамт орж 0,5 литрийн архи 1 шил, 0,5 литрийн пиво 3 лаазыг захиад бид 2 хувааж уугаад орой 22 цагийн үед гарч найз ...ийн гэрт очих гэж байхад буудал дээр ...ийн эхнэр ...той тааралдсан. Тэгээд ...бид 2 ...ийн гэр рүү ...той цуг явна гэснээс болж маргалдсан. Тэр үед ... явчихсан, бид 2 хоорондоо барьцалдаад ноцолдож байгаад ...миний баруун гарын эрхий хуруу болон толгойн орой хэсэгт хазчихсан. Ийм л зүйл болсон. ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, бид 2 сайн дураараа эвлэрсэн. Нэхэмжлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

2.Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед найз ...ын хамт ороод 0,75 литрийн хэмжээтэй 1 шил, 0,5 литрийн хэмжээтэй архи, пиво 1 хүний 2 ширхэгийг захиалж ууж дуусаад орой 22 цагийн үед найз ...ийн гэрт очихоор нараад явж байтал ...ийн эхнэртэй таараад хамт гэрт нь очихоор явж байхдаа ... бид 2 ялихгүй зүйлээс болж маргалдаад хоорондоо барьцалдаж, ноцолдсон. Тэр үед найз ...ын толгойн хэсгээс болон баруун гарын хурууны хэсгийг хазчихсан. Биднийг маргалдаж байхад ...ийн эхнэр ... явчихсан байсан. ...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийснээ ойлгож, ухаарч байгаа хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 30-31 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.Шинжээчийн 14046 тоот дүгнэлт

1.Ц....ын биед дагзны хуйх, баруун сарвууны 1-р хуруунд шарх, зулгаралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 9 х/,

 

4.Гэрч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний найз Э.... гэр бүл үр хүүхэддээ хайр халамж сайтай, хүнд тусархуу төлөв даруу сайн эр хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 30-31 х/,

5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 16 х/

6.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 17 х/

7.Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 18 х/

8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 19 х/

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 22 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Б....нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 24-ний шөний 22 цагийн үед архидан согтуурсан үедээ Ц....тай “...ийнд очино” гэсэн асуудлаас болж муудалцан түүний толгой хэсэгт болон баруун гарын хурууг хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц....ын: “... намайг ...ийнх руу очино гэсэн асуудлаас болж ...миний баруун гарын эрхий хуруу болон толгойн орой хэсэгт хазчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

             Шүүгдэгч Б....ын “... найз ...ын толгойн хэсгээс болон баруун гарын хурууны хэсгийг хазчихсан. ...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 30-31 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээчийн 14046 тоот дүгнэлт

1.Ц....ын биед дагзны хуйх, баруун сарвууны 1-р хуруунд шарх, зулгаралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 9 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б....нь хохирогч Ц....ын толгой хэсэгт болон баруун гарын хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 9х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

Шүүгдэгч Б....нь хүнийг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Ц.... эмчилгээний зардал нэхэмжлээгүй, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мэдүүлэг /хх 35-36 х/, шүүх хуралдааны тэмдэглэл/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: Шүүгдэгч Б....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, улсын яллагчийн санал болгосон ялыг зөвшөөрч байна гэх саналыг гаргасан.

 

            Б....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн зэргийг харгалзан шүүхээс 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Гал овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04  сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б....т үүрэг болгосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б....т мэдэгдсүгэй.

 

  5.Б....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ