Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ю.Батсүх /томилолтоор/

шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон халх овогт О.Мд холбогдох эрүүгийн 1806 1001 20103 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.М

Холбогдсон хэргийн талаар:

О.М нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжны 431 тоотод согтуугаар хамт пиво ууж байсан Л.Уянгын нүүр толгой хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Уянгын өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 00 цагийн үед би найз Уянгын хамт найз Буянжаргалын ажил дээр нь очиж байж байгаад 01 цагийн үед тарахаар нь цуг явсан юм. Бид нар ойрд уулзаагүй болохоор нэгнийхээ гэрт очиж пиюо ууж, юм ярьж сууцгаая гээд эхлээд манай гэрт очих гэж байгаад болиод Буянжаргалын гэрт хүн байхгүй, гал түлж сууя гээд очсон юм. Тэгээд гал түлээд тойрч суугаад пивоо уугаад юм яриад сууж байсан чинь гаднаас хаалга хүчтэй цохиод байхаар нь Буянаа босоод цонхоор харснаа Мяа ирчихсэн байна шүү дээ гэсэн чинь М гээд нөхөр нь цонх онгойлгоод цээжин биеэрээ ороод ирсэн. Тэгсэн чинь Буянаа түүнд хандаж Хаалгаар ороод ир ээ, онгойлгочихъё гэж хэлээд хаалгаар оруулсан. Тэгээд эхлээд М зүгээр юм яриад бид нартай сууж байснаа гэнэт Буянааг “Муу янхан, гичий” гээд хараагаад эхлэхээр нь би Буянааг өмөөрөөд түүнтэй маргалдсан юм. Сүүлдээ бид гурвыг янханаар дуудаад, Буянаагийн төрүүлсэн хүүхэд миний хүүхэд биш гэхээр нь би тэгвэл чи тэр эцэг тогтоолгодог шинжилгээг нь хийлгээч гэсэн чинь уурлаад намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан юм. Тэгсэн чинь миний нүүр рүү нэг удаа өшиглөөд гэрээс гараад зугтаагаад гүйсэн...

...Тэгээд бид 4 нийлээд хамт уугаад сууж байтал М, Буянжаргал хоёр маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би гаргах гээд заамдаад автал намайг газар унагаагаад дээрээс дэвсээд өшиглөөд байхаар нь би нүүрээ дараад хэвтчихсэн. Тэгээд М гараад явахад нь Буянжаргал гараад түүний араас найз Уянга гараад явсан. Би тэр гэрт ганцаараа үлдсэн. Би босох гэсэн боловч босч чадахгүй нилээн удаан хэвтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-12 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 254 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Л.Уянгын биед зулайн хуйханд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын хажуу ба доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.Ундармаа /хх-ийн 25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Уянгын өгсөн: ...Гэтэл 20-30 минутын дараа Буянаагийн нөхөр М орж ирээд хамт сууж байснаа маргалдаад эхэлсэн. Гэтэл Уянга босч ирээд Буянааг өмөөрч Мтэй маргалдах үед  тэр гурав  хэрэлдээд эхэлсэн. Тэгэхээр нь би босч ирээд Буянааг буйдан дээр суулгаад Уянгааг суулгах гэтэл Уянга чи хол байж бай гэснээ Мг очоод заамдаад авсан. Гэтэл М Уянгааг үсдээд газар унагаасны дараа хоёр  удаа цохиод байх шиг байсан. Тэгээд М гараад явчихаар нь Буянаа араас нь гараад явчихсан. Тэгээд би Уянгааг хоёулаа араас нь гаръя гэтэл Уянгаагийн зүүн нүдний доод хэсэгт шалбараад цус гарчихсан байсан. Тэгээд гадаа гараад хартал Буянаа, М хоёр маргалдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Буянжаргалын өгсөн: ...Тэгээд бид  дөрөв  нийлж суугаад юм яриад хамт уусан. Тухайн үед би гомдсондоо яагаад ч юм уйлчихсан. Нөхөр болох М бэлгийн замын халдварт өвчин халдаасан юм шиг байсан. Би тэр талаар нь хэлтэл нөхөр маань намайг чи муу янхан, чи өөрөө наадах өвчинөө туссан гэх мэтээр харааж эхлэхээр нь Уянга намайг өмөөрөөд босч ирээд заамдаж аваад маргалдаад эхэлсэн. Нэг мэдсэн М найз Уянгааг газар унагаагаад өшиглөөд цохиж байсан. Тэгэхээр нь би уурлаад гараад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн О.М-н: ...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би найзуудтайгаа уулзчихаад шөнө 03 цагийн орчим эхнэр Буянжаргалын гэрт яваад очтол 2 Уянга гэх найзтайгаа сууж байсан. Тэгээд би ороод тэд нартай хамт пиво хувааж уугаад сууж байтал эхнэр  Буянжаргалтай маргасан. Гэтэл хажуугаар Уянга гэх найз нь орж ирээд өмөөрөөд надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг заамдаад авахаар нь би цохичихсон бололтой байсан. Тэгээд би гэрээс нь гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

- Шүүгдэгч О.М-н иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн  30, 41, 43-46 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

О.М нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжны 431 тоотод согтуугаар хамт пиво ууж байсан Л.Уянгын нүүр толгой хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Уянгын болон гэрч Э.Буянжаргал, Д.Уянга, яллагдагчаар өгсөн О.Мнарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 254 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохиррол учруулсах гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Уянга гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд хохирогчоор 2 удаа мэдүүлэг өгөхдөө хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэргийн материалтай танилцахдаа гомдол саналгүй, хохирлоо барагдуулсан талаар бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Мг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. /хх-ийн 8-9, 10-12, 47 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.М нь цагдан хоригдсон хоноггүгй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Б овогт О.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  О.М нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  14 давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ