Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2016/00295/И |
Дугаар | 357 |
Огноо | 2016-07-29 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 357
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* банкны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын Буянт ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******өд холбогдох үндсэн зээлийн төлбөр 600,000 төгрөг, зээлийн хүү 1,132,083 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 161,983 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 3000 төгрөг, нийт 1,897,066 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.******* нь ХААН банкны Ховд салбарын харьяа Алтай тооцооны төвөөс 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 800,000 төгрөгийн малчны зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд зээлийн барьцаанд 44 толгой мал, 2 ширхэг бариа гэр, мотоцикл барьцаалуулсан.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 200,000 төгрөг төлсөн. Тэрээр зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваариа удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний 2.1.4, 3.2.3, 8.2-т заасан нөхцлийг тус тус зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, манай банкнаас удаа дараа зээлдэгчид зээл эргэн төлөлтийнхөө дагуу төлөгдөхгүй хугацаа хэтрээд байгаа болон зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.
Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.6 дахь заалтыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 600,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,132,083 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 161,983 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 3,000 төгрөг бүгд 1,897,066 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө, бусад эд хогшлыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг зээлийг авсан нь үнэн. Би үндсэн зээл 800,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдсэн зээл 600,000 төгрөгийг төлнө. Харин зээлийн хүүг төлж чадахгүй. Миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй, хэцүү байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбар нь хариуцагч Б.*******өд холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 600,000 төгрөг, зээлийн хүү 1,132,083 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 161,983 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 3000 төгрөг, нийт 1,897,066 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбараас 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 800,000 төгрөгийн малчны зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээрзээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар тохиролцсон байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ,
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.******* нь тус зээлийг буцаан төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ...барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байна.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа би тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй тул зээлийн хүүг төлөхгүй гэж тайлбарлах боловч энэ нь зээлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Мөн 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний 2.1.4-д үндсэн зээл, зээлийн хүүг буцаан төлөх хугацаа, түүний хэмжээг зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлнө гэж, мөн гэрээний 2.1.5-д үндсэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй өдрийн дараагийн өдрөөс эхлэн хугацаа хэтрэлт тооцож, нэмэгдүүлсэн хүүг хууль болон журамд зааснаар тооцно гэжээ.
Иймд нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулахыг үүрэг гүйцэтгэгчээс тус тус шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 45,303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өөс 45,303 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******өөс үндсэн зээлийн төлбөр 600,000 төгрөг, зээлийн хүү 1,132,083 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 161,983 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 3000 төгрөг, нийт 1,897,066 төгрөг /нэг сая найман зуун ерэн долоон мянга жаран зургаа/ гаргуулж ******* банкны Ховд аймаг дахь салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбарын төлсөн 45,303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өөс 45,303 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Ховд аймаг дахь салбарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА