| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0004/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/007 |
| Огноо | 2018-12-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Улсын яллагч:Д.Цогжавхлан
Хохирогч ******* өмгөөлөгч Б.Бурмаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж *******д холбогдох эрүүгийн 1814006760367 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч *******нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 3 дугаар гудамжинд эхнэр ******* зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 11 дүгээр сарын 16 ны өдөр би эхнэр ******* хамт гэртээ байж байтал гаднаас эхнэрийн найз эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй байна/ орж ирээд манай эхнэрийг дагуулаад гарсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа би эхнэрийнхээ хойноос найзынх нь гэрт очиход залуутай мөн манай эхнэр, эхнэрийн найз эмэгтэй хамт пиво уугаад сууж байсан. Тэгээд би эхнэртээ охиныхоо эцэг эхийн хуралд явах гэж байгаа талаараа хэлсэн ба энэ үед миний гар утас руу дуудлага ирсэн. Тэгэхэд манай эхнэрээр дээл оёулсан хүн дээлээ авна гэсэн би эхнэртээ хүний дээл гаргаж өг гэж хэлсэн. Эхнэр дээлийг нь гаргаж өгөөд ирлээ гээд буцаад ирсэн. Би хүүхдийнхээ хуралд явахаар болоод эхнэрийгээ гэртээ харь, таньж мэдэхгуй хүмүүстэй архи пиво уулаа гэхэд эхнэр уурлаад тэр айлруу орно гээд байхаар нь миний уур хүрээд эхнэрийнхээ бөгс рүү 1 удаа өшиглөсөн. Эхнэр уурлаад над руу хашгирахаар нь би аргадаж байгаад гэртээ Тэр үед бидний хойноос эхнэртэй маань архи уугаад байж байсан залуучууд хүрээд ирсэн. Юу болоод байгаа юм гэхэд нэг залуу нь намайг чи юун сүртэй юм гэсэн. Би тэр залууд чиний асуудал биш миний асуудал гэж хэлэхэд тэр залуу намайг татаад миний толгойн тус газар мөргөсөн. Би гэртээ эргэж ороод эхнэртээ уурлаад эхнэрийгээ зодсон. Миний үйлдлээс болоод манай эхнэрийн биед хөнгөн зэргийн хохирол учирсан ба би өөрийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хх-ийн 77-81 /
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ гараад Хөх толгойд найзындаа очоод 2 найзтайгаа Сэрүүн нэртэй 0,5 литрийн пиво нэг нэг лаазыг уугаад байж байтап манай найз эмэгтэй утсаар 3 залуу дуудаад нөгөө 3 залуу дөнгөж орж ирж байтал манай нөхөр гурван залуугийн араас орж ирэхэд нь би хамтран амьдрагч *******д манай найзууд бааранд жаахан сууж байгаад ирье гэж байна гэж хэлтэл манай нөхөр намайг гэртээ аваачаад дотор талаас нь түгжээд намайг үснээс татаж чирч унагаагаад нуруу, бөөр зэрэг газар луу өшиглөж зодсон. Мөн хоолой боосон. Энэ үед манай хадам ээж гаднаас орж ирээд бид хоерыг салгасан. Ер нь архи уух болгондоо намайг хоолой боож үснээс зулгааж зоддог. Тэр болгоныг би ар гэрийхэндээ хэлдэггүй. Мөн манай нөхөр намайг цагдаад хэлбэл би хүүхдээ аваад чамаас сална гэхээр нь би айгаад цагдаад хэлдэггүй ...гэх мэдүүлэг /хх-иин 54-56 /
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 11 дүгээр сарын 16 -ны өдрийн 17 цагийн үед манай хүүхэд миний утас руу залгаад Б.Я эгчийг нөхөр нь зодсон байна. Гүнж дэлгүүрийн худалдагч эгч над руу утасдаж хэллээ. Б.Я эгч тэр дэлгүүрийн хүнээр над руу яриуллаа гэж хэлэхээр нь утсаар цагдаагийн газарт манай дүүг нөхөр нь зодсон байна гээд дуудлага өгсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 57-59/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 700 дугаар
1.******* биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, нуруу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. ******* биед 2018 оны 11 дүгэр сарын 16-ны өдөр гэмтэл авснаас өмнө учирсан гэх гэмтэл тогтоогдсонгүй.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 19-20 /зэрэг нотлох баримтууд тус тус болно
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 71-72/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 34-38/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 91/ шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018.12.21 №9/1209 тоот тодорхойлолт / хх-ийн 41/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 43/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 84/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 3 дугаар гудамжинд энхэр ******* зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******гийн ... эхнэр уурлаад тэр айлруу орно гээд байхаар нь миний уур хүрээд эхнэрийнхээ бөгс рүү 1 удаа өшиглөсөн,…би гэртээ эргэж ороод эхнэртээ уурлаад эхнэрийгээ зодсон.…гэх мэдүүлэг /хх-ийн 77-81 /
хохирогч ******* ... манай нөхөр намайг гэртээ аваачаад дотор талаас нь түгжээд намайг үснээс татаж чирч унагаад нуруу, бөөр зэрэг газруу өшиглөж зодсон, мөн хоолойг боосон....гэх мэдүүлэг /хх-иин 54-56 /
гэрч *******ийн ... манай хүүхэд миний утас руу залгаад Б.Я эгчийг нөхөр нь зодсон байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 57-59/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 700 дугаар “...******* биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, нуруу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 19-20 //зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн байх тул шүүхээс шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.Я нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******д үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******гийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хувьд ногдох хөрөнгө /хх-ийн 61/ болон шүүхээс оногдуулах торгуулын ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... самсунг галакси эс-7 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож , шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... самсунг галакси эс-7 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА