| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0003/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/009 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Улсын яллагч:Э.Гантулга
Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Тд холбогдох эрүүгийн 1814006250355 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, ******* овогт О.Т /*******/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч О.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 1-45-29 тоотод 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн ээж Г.Гийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч О.Тын мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би *******тай 1 шил 0,75 литрын архи уусан. Тухайн үед ээж гэрт нөгөө өрөөнд байсан. Тэгээд ******* тасраад жижиг өрөөний орон дээр унтаад өгсөн. Би нөгөө өрөөнд орж ээжээс архины мөнгө нэхсэн. Тэгээд ээж өгөхгүй болохоор нь би ээжийн нүүр рүү нь гараараа 2 удаа цохиод түлхсэн. Тэгэхэд орны толгой мөргөөд газар унасан. Би жижиг өрөө рүү орчихоод буцаад ороход ээж мах татаад зогсож байхаар нь би хоол битгий хий яах гээд байгаа юм гээд хутгыг нь булааж авах үед хутгаар ээжийн зүүн шууг зүссэн. Тэр өдөр ээж бас жаахан согтуу байсан. Тэгээд ээжийн гарнаас цус гарахаар нь би түргэн дуудсан чинь эмнэлэг, цагдаа 2 хамт ирсэн. Цагдаа ирээд ******* сэрээсэн. Би ээжийг цохиж хутгаар зүсэх үед ******* унтаж байсан. Манай гэрт өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /
Хохирогч Г.Гийн мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай хүү О.Т нь хүмүүстэй ирээд жижиг өрөөнд орохоор нь би тэр өрөөнд орох гэхэд манай хүү намайг цаашаа гээд хөөгөөд миний нүүрэнд гараараа цохиж авсан. Тэгээд би мах хэрчих гээд хутга гартаа барьсан байхад миний гарнаас хутгыг булааж аваад миний зүүн гарыг зүссэн... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би Энхсайхан ахтай хамт О.Тынд очсон. О.Т ээжгэйгээ байсан. Намайг гэрт нь очиход О.Т 1 шил 0,75 литрийн архи гаргаж ирээд Энхсайхан ах тэр архинаас 1 татаад яваад өгсөн. Тэгээд О.Т бид 2 шил архиа хувааж уусан. Би согтсон байсан О.Т адилхан уусан юм чинь бас адилхан согтсон байх. О.Т бид 2 архи ууж байхад ээж нь жижиг өрөөнөөс гарч ирж байгаа бололтой байсан. Юу болсон талаар нь тухайн үед би мэдээгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /
Шинжээч эмчийн *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...Хохирогч Г.Гийн биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой учир гэмтлийн шинж байдлаар нь нийтэд нь гэмтлийн зэрэгт хамаарна гэж үзсэн… гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн 660 дугаартай
1. Т.Гийн биед зүүн шуунд шарх, дух, хамар, баруун доод зовхи болон зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, хамар, баруун доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй гэмтэл болно.
4. Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 28-29 /
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 39-41/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-8/, шүүгдэгч О.Тын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.12.12-ны өдрийн №11/2411 тоот тодорхойлолт / хх-ийн 48/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 146/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч О.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 1-45-29 тоотод 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн ээж Г.Гийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч О.Тын ... би ээжээс архины мөнгө нэхсэн өгөхгүй болохоор нь ээжийн нүүр рүү нь гараараа 2 удаа цохиод түлхсэн орны толгой мөргөөд газар унасан,….ээж мах татаад зогсож байхаар нь би хоол битгий хий яах гээд байгаа юм гээд хутгыг нь булааж авах үед хутгаар ээжийн зүүн шууг зүссэн гарнаас цус гарахаар нь би түргэн дуудсан чинь эмнэлэг, цагдаа 2 хамт ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /
хохирогч Г.Гийн ... би жижиг өрөөнд орох гэхэд манай хүү намайг цаашаа гээд хөөгөөд миний нүүрэнд гараараа цохиж авсан,…. би мах хэрчих гээд хутга гартаа барьсан байхад миний гарнаас хутгыг булааж аваад миний зүүн гарыг зүссэн... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /
гэрч ******* ... О.Т бид 2 шил архиа хувааж уусан. Би согтсон байсан ,…юу болсон талаар нь тухайн үед би мэдээгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн 660 дугаартай ... Т.Гийн биед зүүн шуунд шарх, дух, хамар, баруун доод зовхи болон зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, хамар, баруун доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 28-29 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч О.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Тд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.Т нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч О.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч О.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ногдох хөрөнгөгүй, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжгүй байх тул шүүхээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Тын эзэмшлийн “... LG маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу О.Тд буцаан олгож, шүүгдэгч О.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар иштэй хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч О.Тын цагдан хоригдсон 11 хоногийг нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* дөрвөн зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* дөрвөн зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Тд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч О.Тын цагдан хоригдсон 11 хоногийг нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хассугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч О.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар иштэй хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч О.Тын эзэмшлийн “... LG маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу О.Тд буцаан олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Тд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА