Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Д.Цогжавхлан

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн 1814006140309 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн ******* эзэзмшлийн 14 тооны адууг хулгайлж 5600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгаас ******* гэх хүнээс мотоцикпь гуйж авч унаад Өлзийт сумын нутаг “Өвөр улааны худаг” гэх газарт таньдаг ******* гэх залуутай таарч 1 шил архи хувааж уусан бөгөөд архиа дуусгаад ******* гэрлүүгээ явсан. Би цаашаа ******* гэх айлд очиж юм ярьж сууж байсан чинь 3 аяга монгол архи хийж өгөхөөр нь монгол архинаас нь уусан. тэгээд би нилээн согтсон мотоциклио асаагаад Баянхонгор аймаг чигтээ явж байгаад Өлзийт сумын Хунзат гэх газар ирээд мотоциклийн хажууд газарт унтаад өгсөн. Шөнө 23 цагийн үед сэртэл халиун зүсмийн адуутай 13 тооны адуу зам дээр явж байхаар нь тууж тэр шөнөө аймаг руу явсан. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 12 цагийн үед найз ******* буюу ******* гэх найзын хашаанд адуугаа хийё гээд гуйсан чинь зөвшөөрөхөөр нь адуугаа хийж хоносон. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр агтны адуу авдаг гэх гэх хүнтэй уулзаж хулгайлсан адуугаа нийт 6100000 төгрөгөөр зарж бэлнээр мөнгийг авсан. Би ******* гэх хүнээс Ист маркийн 99-01 БНХ улсын дугаартай авто машиныг 4000000 төгрөгөөр худалдан авсан. Мөн үлдсэн 2100000 төгрөгийг хүнээс авсан зээл болон бусад хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. Хохирогч нь адуугаа тоо ёсоор нь бүрэн бүтэн авсан. Харин *******оос авсан Ист маркийн 99-01 БНХ улсын дугаартай авто машинаа буцаан өгч 4000000 төгрөгийг авч т өгөхөөр болсон ба үлдсэн 2100000 төгрөгийг би өөрөө олж өгч хохиролгүй болгоно... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг Улаан шанд гэх газраас 14 тооны адуу алдагдсан. Тэгтэл 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр халиун зүсмийн морь гэртээ гүйгээд ирсэн. Нилээн хөлөрсөн байдалтай ирсэн байсан. Тэгээд би үлдсэн тооны адууг Өлзийт Баян-Овоо сумдын нутгаар ирж хайсан боловч олдоогүй байж байтал 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрт буюу Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан шанд” гэх газар 12 тооны адуу нилээн хөлөрсөн, хөөгдсөн байдалтай ирсэн бөгөөд 1 тооны морь дутуу байсан бөгөөд 1 тооны халиун зүсмийн адууг Баянхонгор сумын 9 дүгээр багт байх нэг айлын хашаанд уяатай байсныг олж авсан. Миний алдсан 14 тооны адууг тууж яваад нэг адууг буцааж алдаад 13 тооны адууг гэх хүнд зарсан байсан. Алдагдсан адуугаа бүрэн бүтэн олж авсан тул гомдол санал байхгүй гэх мэдүүлэг..../хх-ийн 12-14/

Иргэний нэхэмжлэгч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед надруу нэг хүн утсаар яриад адуу худалдаж авах уу гэж ярихаар нь авна гэхэд амьчуулийн малчны хорооллын нэг хаяг зааж өгсөн ба би тэр хаяган дээр очиход хашаан дотор 13 тооны адуу шахсан байхаар нь хүнтэй нь уулзахад ******* гэх хүн байсан. Уг *******оос үнэ тохирч 13 тооны адууг нийт 6100000 төгрөгөөр худалдан авсан. Би мөнгөө бэлнээр өгсөн. Уг хашаанд нэг хоног хонуулаад маргааш нь буюу 2018 оны 10 дугаар 29-ний өдөр хашаанаас гаргаж 1 морийг унаж 12 тооны адууг хариулж явж байгаад 12 тооны адууг алдаад хаана байгаа нь мэдэгдэхээ больсон. Тэгээд үлдсэн нэг адууг есөнбулаг 9 дүгээр багийн нэг хашаанд уясан байсан. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уг 13 тооны адууны эзэн гэх залуу ирээд уг адуунуудыг хулгайд алдсан гэхээр нь хулгайн адуу байсан талаар мэдээд, үлсэн 1 тооны адууг адууны эзэн Б гэх залууд өгсөн. нь 6100000 төгрөгнөөс 4000000 төгрөгөөр нь машин худалдаж авсан байсан бөгөөд уг машиныг эзэнд буцааж өгч би 4000000 төгрөгийг буцаан авсан. Надад одоо 2100000 төгрөг авах дутуу байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Гэрч Г.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн үед би гэртээ байж байхад ******* манай гэрт ирээд мотоцикль олоод өгөөч хөдөө яваад ахынхаа адуунаас адуу аваад ирье ээж хүнд хагалгаанд орох гэж байгаа гээд гуйгаад байхаар нь дүү Анхаагаас мотоциклио өгөөч гэж гуйгаад *******од мотоциклийг нь аваад өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед ******* ирээд авсан мотоциклио өгчихөөд явсан. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед ******* нь манайд ирээд автобусны билет бичлүүлье гэхээр нь очтол автобусны билет дууссан байсан. Тэгээд надтай миний эзэмшлийн Ист маркийн 99-01 БНХ улсын дугаартай авто машинтай явж байгаад Э нь гэнэт намайг машинаа зарах уу машиныг чинь худалдан авъя гэхээр нь би машинаа зарна гэхэд 4000000 төгрөг тоолж өгөхөөр нь би мөнгийг аваад машинаа өгөөд явуулсан. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өдөр намайг аймгийн цагдаагаас дуудсан ******* нь хүний адуу хулгайлж адуу зарсан мөнгөөр миний машиныг худалдсан авсан талаар мэдсэн. Би бэлнээр 4000000 төгрөгийг адуу худалдаж авсан гэх хүнд бэлнээр тоо ёсоор нь өгч *******оос өөрийн эзэмшлийн 99-01 БНХ улсын дугаартай авто машиныг бүрэн бүтэн хүлээн авсан… гэх мэдүүлэг/хх-ийн 23-25/

Гэрч Ө.*******ын мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд би айлд байж байсан чинь найз ******* нь надтай уулзаж ээжийн бие муу байгаа орой хот руу явах гэж байгаа адуугаа хүнд зарах гэж байгаа юм, адуугаа танай хашаанд хашчихъя гэхээр нь би зөвшөөрсөн. Баянхонгор сумын малчны хороололын 3-12 тоот хашаанд 13 тооны адууг хашаад манай хашаанд 1 хоног хонуулаад маргааш нь ******* нь адуугаа гэх мал мах авдаг хүнд зарж байсан. Тэгээд би маргааш нь аймгийн Тавантолгой явсан юм. Тэрнээс хойш би Этой уулзаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/

Энх нахиа ХХК-ны шинжээчдийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 293 тоот “хулгайд алдсан гэх 14 тооны адуу нь зах зээлийн ханшаар нийт 5600000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...” дүгнэлт / хх-ийн 41 /

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2,/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 9- 20/ шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 86/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018.11.20-ны өдрийн №1413 тоот тодорхойлолт /хх-ийн 73/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 79/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 64/, шийтгэх тогтоолуудын хуулбар / хх-ийн 66-67/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн ******* эзэзмшлийн 14 тооны адууг хулгайлж 5600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ын ... Шөнө 23 цагийн үед халиун зүсмийн адуутай 13 тооны адууг тууж тэр шөнө аймаг руу явсан,...******* гэх найзын хашаанд адуугаа хийж хоносон,...тай уулзаж адуугаа нийт 6100000 төгрөгөөр зарж бэлнээр мөнгийг авч ******* гэх хүнээс Ист маркийн 99-01 БНХ улсын дугаартай авто машиныг 400000 төгрөгөөр худалдан авсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

хохирогч ******* ... 14 тооны адуу алдагдсан, халиун зүсмийн морь гэртээ нилээн хөлөрсөн байдалтай гүйгээд ирсэн, ...13 тооны адууг гэх хүнд зарсан байсан алдагдсан адуугаа бүрэн бүтэн олж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/

иргэний нэхэмжлэгч Т.ын ... *******оос үнэ тохирч 13 тооны адууг нийт 6100000 төгрөгөөр худалдан авсан. Би мөнгөө бэлнээр өгсөн,... 6100000 төгрөгнөөс 4000000 төгрөгөөр нь машин худалдаж авсан байсан бөгөөд уг машиныг эзэнд буцааж өгч би 4000000 төгрөгийг буцаан авсан. Надад одоо 2100000 төгрөг авах дутуу байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

гэрч Г.*******ийн... ******* манай гэрт ирээд мотоцикль олоод өгөөч хөдөө яваад ахынхаа адуунаас адуу аваад ирье гэхээр нь дүү Анхаагаас мотоциклио аваад *******од мотоциклийг өгсөн,...надтай миний эзэмшлийн Ист маркийн 99-01 БНХ улсын дугаартай авто машиныг чинь худалдан авъя гээд 4000000 төгрөг тоолж өгөхөөр нь би машинаа өгөөд явуулсан,...би бэлнээр 4000000 төгрөгийг адуу худалдаж авсан гэх хүнд бэлнээр өгч *******оос өөрийн эзэмшлийн 99-01 БНХ улсын дугаартай авто машиныг бүрэн бүтэн хүлээн авсан… гэх мэдүүлэг/хх-ийн 23-25/

гэрч Ө.*******ын ... ******* нь над дээр ирчихээд адуугаа танай хашаанд хашчихъя гэхээр нь би зөршөөрсөн,...13 тооны адууг хашаад манай хашаанд 1 хоног хонуулаад маргааш нь гэх мал мах авдаг хүнд зарж байсан. …гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/

Энх нахиа ХХК-ны шинжээчдийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 293 тоот “хулгайд алдсан гэх 14 тооны адуу нь зах зээлийн ханшаар нийт 5600000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...” дүгнэлт / хх-ийн 41 / зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн ******* эзэзмшлийн 14 тооны адууг хулгайлан улмаар зарж мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч ******* 14 тооны адууг 5600000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч ******* нь бусдын 14 тооны адууг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын олон тооны мал =хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй, түүний хувийн байдал болон холбогдсон гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч *******од хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан ба Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч *******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулаагүйбайх тул 2100000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Т.т олгож шийдвэрлэлээ

Уг хэргийн улмаас шүүгдэгч *******од хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ын бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр /2/ жил дөрвөн /4/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хоёр 2/ жил дөрвөн /4/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлинй 1, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******оос 2100000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Т.т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА