Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 111

 

Г.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 818 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1525 дугаар магадлалтай, Г.Ад холбогдох 1911025921036 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2016 оны 03 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2018 оны 04 дүгээр сарын 27-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2019 оны 07 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Нэмэгт овогт Г.А нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болон 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх 2 жил 9 сар 14 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 265 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Сиди-г хэрэгт үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.А гаргасан гомдолдоо: “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Их дэлгүүрийн хойно байрлах Фрэш дэлгүүрийн урд автомашины зогсоолд зогсож байсан машины цонх хаалга нь онгорхой түгжээгүй байхаар нь хаалгыг нь нээж гадна талаас нь нууцаар сэм авсан. Иргэн Т.Чийн А50 маркийн гар утсыг зөвшөөрөлгүй авснаа анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, тухайн хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж, харамсаж өөрийн гэм буруугаа ухамсарлаж, хохирогч Т.Чийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгч хохирол гомдолгүй болгосон. Би хоригдож байх хугацаандаа өөрийн хүсэл эрмэлзлэлээр цахилгаанчны мэргэжил олгох сургалтанд хамрагдаж төлөвшин 2 дугаар зэргийн мэргэжилтэй болсон. Миний бие нь хорих ангиас гарч, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, найз нөхөд, ах дүү нартаа болон бусдад сайнаар үлгэрлэж, эхнэртэй болж гэр бүл зохион бусдын адилаар амьдрах хүсэлтэй байна. Иймд гаргасан хүсэлтийг минь хүлээн авч зорилго мөрөөдлийг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс надад оноосон ялаас хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй” үйлдсэн гэж үзэж, тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж түүнд ял оногдуулсан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Чийн “...машины цонх, хаалгыг онгорхой орхиж явсан байхад миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Г.А нь түгжээгүй байсан машины хаалгыг онгойлгож, А50 загварын Самсунг гар утсыг хулгайлсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн объектив талын шинжийг хангахгүй байна.

Учир нь тухайн машины хаалгыг ямар нэгэн багаж, зэвсэг хэрэглэх, түлхүүр тааруулах зэрэг арга хэрэгсэл ашиглан хулгайлаагүй болох нь хэрэгт авагдсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хулгайлах гэмт хэргийг “агуулах саванд нэвтэрч” үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Иймд Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Аийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Фреш” худалдааны төвийн гаднах автомашины зогсоолд зогсож байсан тээврийн хэрэгслийн кабин дотроос хохирогч Т.Чийн эзэмшлийн “Самсунг А50” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 09 дүгээр сарын 11-нээс 19-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рийч” зочид буудлын өрөөнд, мөн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 13/б тоотод хохирогч Г.Сг бусадтай хардан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Г.Аийн хохирогч Г.Сг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл хэсэгт заасан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан тул шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох нөхцөл үүсээгүй байна.

Харин шүүгдэгч Г.А нь хохирогч Т.Ч өөрийн гар утсыг автомашиндаа үлдээж, хаалгыг түгжихгүй орхиж явсныг далимдуулан түүний автомашин дотор байсан гар утсыг хулгайлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “агуулахад нэвтэрч” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангахгүй байна гэж дүгнэв.

Учир нь хохирогч Т.Чийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн бүхээгийг эд зүйл хадгалах зориулалтаар тусгайлан тоноглож, хамгаалалт хийгээгүйгээс гадна шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэж, уг автомашин дотор байсан гар утсыг хулгайлахдаа автомашины цоожинд түлхүүр тааруулан хаалгыг онгойлгох, эсхүл багаж хэрэгсэл ашиглан цоожийг эвдэх, цонхыг хагалах зэрэг аргаар автомашины бүхээгт нэвтэрсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хүлээн авч, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдсөн байдлыг тус тус харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаар Г.Ад 1 жил хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан бусад ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 14 хоногоор тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Г.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 818 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Нэмэгт овогт Г.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.”,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялд тооцон нэмж нэгтгэн, нийт 1 /нэг/ жил 3 /гурав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.”,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан Г.Ад энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сар хорих ял дээр урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялд тооцон 14 /арван дөрөв/ хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1525 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

     С.БАТДЭЛГЭР

      Б.БАТЦЭРЭН

      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН