Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2018/0008/З |
Дугаар | 221/МА2019/0321 |
Огноо | 2019-06-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2019/0321
2019 оны 06 сарын 06 өдөр | Дугаар221/МА2019/0321 | Улаанбаатар хот |
“Ю” ХХК-ийн гомдолтой
зөрчлийн хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0076 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ю” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.Н-т холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0076 дугаар шийдвэрээр: “Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус баримтлан “Ю” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Нийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0005501 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0076 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн, шударга ёсонд үл нийцсэн байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Г" ХХК-иас "Ю" ХХК нь радиогоор "Өвлийн газыг зөвхөн "Ю-с" гэсэн агуулгатай зар сурталчилгаа явуулж байгаа нь өөрийн нь эрх ашгийг зөрчсөн, Өрсөлдөөний тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр гомдол, мэдээлэл гаргасныг хүлээн авч, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, улмаар зөрчлийн хэрэг нээн хуулийн хүрээнд шалгаж, шийдвэрлэсэн.
"Ю" ХХК-ийн "Өвлийн газыг зөвхөн Ю-с" гэх сурталчилгааны агуулга нь "зөвхөн" гэх байдлаар өөрийн компанийг онцлох гэхээс илүүтэй "өвлийн газ" гэсэн шингэрүүлсэн хийн түлш буюу бүтээгдэхүүний онцлог шинж чанарыг "зөвхөн" өөрт хамааруулан сурталчилсан. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан "боломжит хэрэглэгч" гэхээс илүүтэй зуны газаас өвлийн газад шилжих цаг хугацаатай зэрэгцэн өөр аж ахуй эрхлэгчийн хэрэглэгчдэд "төөрөгдөх мэдээлэл" агуулсан зар сурталчилгаа хүргэх замаар зах зээлээ өргөжүүлэхэд чиглэсэн үйлдэл, нөгөө талаар уг зар сурталчилгаа нь "Ю" ХХК-иас бусад аж ахуй эрхлэгчид "өвлийн газыг борлуулдаггүй" гэсэн агуулгыг шууд илэрхийлж байна.
Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасан "өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах" Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна", 7.2.3-т "хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан" гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэтэл Анхан шатны шүүх зөвхөн Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг хэрэглэж, харин дээр дурдсан эрх зүйн зохицуулалтуудыг хэрэглэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж шийдвэрлэснийг үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх шийдвэртээ "Төөрөгдүүлсэн гэх үйлдэлд хэрэглэгчийн хүсэн хүлээж байгаа шинж чанар бүхий бүтээгдэхүүнийг биш харин тэдгээрийн субъектив хүсэл зоригоос өөр бүтээгдэхүүн байгааг ойлгодог" гэсэн тухайд:
Дээрх ойлголт нь зөрчлийн бүрэлдэхүүн, шинжийн хувьд "хэрэглэгчийг төөрөгдүүлсэн бүтээгдэхүүн худалдан борлуулснаар төгссөн" зөрчлийн тухайд яригдах боломжтой ба маргаан бүхий зөрчлийн хэрэг нь зар сурталчилгааны хууль бус агуулгатай холбоотой байгааг шүүх анхаарч үзэхгүйгээр дүгнэсэн.
Тодруулбал, маргаан бүхий зөрчлийн хэрэг нь "бүтээгдэхүүн" бус хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж мэдээлбэл зохих мэдээлэл/агуулга/-ийг орхигдуулах, улмаар өөрийгөө хэт онцгойлон дөвийлгөх, мэдээлбэл төөрөгдсөнд тооцох мэдээлэл агуулсан зар сурталчилгаа явуулсан гэж үзсэнийг анхан шатны шүүх дутуу үнэлэн шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх шийдвэртээ "Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт зааснаар өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглодог ... бодит хохирол учирсан нөхцөл байдал үүссэн байх ёстой... ийм нөхцөл байдал тогтоогдоогүй" гэсэн тухайд;
"Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа" гэдэг нь өрсөлдөөнд сөрөг үр дагавар үзүүлж болох аливаа сурталчилгааг ойлгож болох ба энэ тохиолдолд "хууль бус үйлдлээс үүсэх үр дагаврын хэр хэмжээ ба хохирол"-ыг тодорхойлох хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй байна.
Гэвч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан “Г" ХХК-иас гаргасан гомдол, мэдээлэл болон хэргийг шалган шийдвэрлэх явцад авсан мэдүүлэгт "тухайн зар сурталчилгаа нь удаан хугацаанд нийтийн мэдээллийн хэрэгслээр явсан тохиолдолд борлуулалтад нөлөөлнө" гэж мэдүүлсэн байдаг.
Анхан шатны шүүх шийдвэртээ "Нэгтгэн дүгнэхэд гомдол гаргагч "Ю" ХХК-ийн "Өвлийн газыг зөвхөн Ю-с" гэх зар сурталчилгаа нь бусдын бүтээгдэхүүнийг муутган өөрийн бүтээгдэхүүний давуутай гэж харьцуулан сурталчлаагүй ... хуулиар хориглосон ... зар сурталчилгаа явуулаагүй болох нь тогтоогдсон" гэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0005501 дугаартай шийтгэлийн хуудсаар 5 сая төгрөгийн торгууль ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, ... түгээсэн бол ..." гэж заасныг эрх зүйн үндэслэл болгосон.
Анхан шатны шүүх "зөвхөн" гэсэн үгийг шинжлэн судалсан ба тухайн маргаан бүхий зар сурталчилгааны хууль бус агуулгыг илэрхийлж байгаа "өвлийн газ" гэсэн агуулгыг тогтож нарийвчлан шинжлэн судлаагүй гэж үзэж байна. Мөн "Ю" ХХК нь анх “Г" ХХК-ийг холбогдуулан “Г компани хамгийн нөөцтэй нь" гэсэн агуулгатай зар сурталчилгаа явуулсан нь өөрийнх нь эрх ашиг, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн" гэж тус агентлагт хандсан ба “Г" ХХК-ийн тухайн үйлдэлд 5 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан байдаг. Үүнтэй холбогдуулан “Г" ХХК-иас "Юни газ" ХХК-д холбогдуулан гомдол гаргасан ба зөрчлөө хүлээн зөвшөөрч, торгуулийг барагдуулсан байдаг. Гэтэл "агуулга нь ижил" байхад "Ю" ХХК-д ногдуулсан торгуулийг хүчингүй болгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүх нь зар сурталчилгааны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт хамааралгүй дүгнэлт хийсэн, хуульд үндэслээгүй үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 76 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянахад түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтооогдохгүй байна.
Гомдол гаргагч “Ю” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “өвлийн газыг зөвхөн Ю-с” гэх зар сурталчилгааг FM радиогоор түгээж байжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас дээрх зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5501 дүгээр шийтгэлийн хуудсаар “Ю” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар 5000 нэгж буюу 5,000,000 сая төгрөгийн торгууль ногдуулсан нь хуульд нийцээгүй байна.
Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно”, 7.2.3-д “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж тус тус заажээ.
“Ю” ХХК-ийн түгээсэн “өвлийн газыг зөвхөн Ю-с” гэх зар сурталчилгааны утга, агуулгаас үзвэл “зөвхөн” гэдэг үгийг хэрэглэснээр ижил төрлийн бараа бүтээгдэхүүн дундаас өөрийн барааг онцгойлон сурталчилсан буюу “өвлийн газ”-ыг борлуулдаг газруудаас тус компанийг сонгохыг санал болгож, хэрэглэгчийн анхаарлыг татах зорилготой байх бөгөөд үүгээрээ хэрэглэгчдийн мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан “Ю” ХХК-аас бусад ижил нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг компаниуд “өвлийн газ” борлуулдаггүй гэсэн утгыг илэрхийлж, тэднийг төөрөгдүүлсэн гэж үзэхгүй.
Гэтэл хариуцагчаас холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “Ю” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-д /Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн.../ заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж торгууль ногдуулсан байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй.
Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтыг баримтлахдаа “Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1” гэж хуулийн нэрийг буруу бичсэн алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0076 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3...” гэснийг “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 7 дугаар зүйлийн 7.2.3...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН