Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 112/2021/0029/з |
Дугаар | 001/ХТ2022/0034 |
Огноо | 2022-05-30 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2022/0034
С.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай
аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын
үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б-т
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 112/ШШ2021/0048 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 219 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Ц.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлага: С.Байгальмаагаас Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б-т холбогдуулан “Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б-ийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал:
2.1. С.Б нь 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргаар томилогдон ажилласан.
2.2. Мөн С.Б-г Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б-ны 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч тус тус томилсон байна.
2.3. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б-ийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус С.Б-г ажлаас нь чөлөөлжээ.
3. Нэхэмжлэгчээс “...нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг зөрчсөн, улсад 22 жил ажилласан, гуравдагч этгээдээс илүү чадахуйн зарчмын хүрээнд ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, тусгай шалгалт зарлагдаагүй нь надаас шалтгаалаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, сонгон шалгаруулалт зарлаагүй байж тусгай шаардлага хангаагүй гэх үндэслэлээр чөлөөлсөн нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн ...” гэж тайлбарлан маргасан.
3.1. Хариуцагчаас “... томилогдсон болон чөлөөлөгдөх хүртэл хугацаанд төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол шаардлагыг хангаагүй, эрх зүйн зөрчилгүй акт гэж үзэхгүй, нэхэмжлэгч дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй учир бид Төрийн албаны зөвлөлийн тайлан дүгнэлтээр тогтоогдсон эрх хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй, 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ковидын анхны тохиолдол бүртгэгдсэн, үүнтэй холбоотой хөдөлмөрлөх эрхэд халдаагүй, нэхэмжлэгч 2020 оны 03 дугаар сард ерөнхий шалгалтад тэнцсэн ...” гэж шүүхэд тайлбар гаргажээ.
3.2. Гуравдагч этгээдээс “... хавтаст хэрэгт, бичгээр гаргасан тайлбар байхгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, “төрийн албанд 16, 17 жил ажилласан, 2011 онд томилогдоод 2013 онд чөлөөлөгдсөн. 1 жил 10 сар ажилласан. 2 сар түр орлон гүйцэтгэгчээр гэрээгээр ажилласан, төрийн албанд ажилласан хугацааг тооцож оруулсан байгаа ...” гэжээ
4. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Б-г урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 162 хоногийн олговор 10,126,134 /арван сая нэг зуун хорин зургаан мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
7. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д-ээс шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах гомдол гаргасан. Үүнд:
7.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдсэн байх ёстой гэснийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх нь магадлалын хянавал хэсгийн 4.2-т нэхэмжлэгч С.Б нь Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, өмнө нь төрийн албанд ажиллаж байхдаа Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг тус тус зөрчиж томилогдсон нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс эдгээр үйл баримтыг үгүйсгэж маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд ямар бичгийн нотлох баримт болон ямар тайлбараар тус дүгнэлтийг гаргаж байгаа нь ойлгомжгүй.
7.2. С.Б-г маргаан бүхий ажлын байранд анх томилохдоо сонгон шалгаруулалт зарлах хүртэл хугацаагаар түр томилсон байдаг. С.Б нь тухайн ажлын байранд нийтлэг шаардлагыг хангасан, төрийн албаны ерөнхий шалгалтад орж тэнцэн нөөцөд бүртгэлтэй байсан шалгалтын талаар нотлох баримт болох Төрийн албаны зөвлөлийн тогтоол хэрэгт авагдсан, тусгай шалгалтад орох гээд бэлдэж байсан боловч Ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас тухайн ажлын байранд өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалт зарлагдаагүй байгаа. Мөн хавтаст хэргийн материалд тухайн ажлын байранд төрийн албаны тусгай шалгалт зарлагдаагүй болох Төрийн албаны зөвлөлийн албан тоот байдаг бөгөөд төрийн албаны тусгай шалгалтыг С.Б зарладаг субъект биш юм. Мөн тухайн ажлын байранд тусгай шаардлага шинээр нэмэгдсэн гэж хариуцагч нотлох баримт гаргаж өгдөг боловч тухайн нотлох баримт нь нэхэмжлэгчийг ажилд томилох, ажлаас чөлөөлсөн өдрөөс хойш огноотой байгаа нь тухайн хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт болно.
7.3. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийг нотлох баримтаар үнэлж, дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны тухай хуульд зааснаар аливаа зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын дотор сахилгын арга хэмжээ тооцох зохицуулалт байгаа. Гэтэл тухайн дүгнэлтийн хэрэгжилтийг тайлагнах хугацаа нь 2020 оны 02 дугаар сард байсан бөгөөд тухайн үеийн ажил олгогч нь хуулийн хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгааг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч эдгээр үйл баримтыг үгүйсгэн маргаж анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбар хэлж байсан болно.
7.4. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан. Мөн магадлалд нэхэмжлэгч нь хуулийн урьдач нөхцөлийг зөрчиж, Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь хяналт шалгалтын тайлан зөвлөмжөөр тогтоогдсоноос гадна холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй, тухайн албан тушаалд томилогдох боломжгүй урьдчилсан нөхцөлийн шаардлага хангаагүй байх тул шүүхийн дүгнэлт буруу гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.
7.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д шүүх захиргааны байгууллагын сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт хууль зөрчсөн эсэхийг шалгана гэснийг давж заалдах шатны шүүх зөрчсөн. Хариуцагчаас ажлаас чөлөөлөх тушаалын төслийн талаар 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр явуулж, сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн бөгөөд нэхэмжлэгчээс хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурахгүй гэсэн байгаа нь хариуцагч тодорхой хэмжээнд мэдээлсэн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хуулийг өөрөөр тайлбарлаж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б/27 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Б-г ажлаас чөлөөлсөн. Гэтэл тухайн чөлөөлсөн өдөр хэлбэрийн төдий сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн байдаг бөгөөд үүнийг хуульд нийцүүлж, сонсох ажиллагаа явуулсан, мэдээлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчсөн байхад хариуцагчийг зөвтгөж дүгнэлтдээ тусгасан нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
7.6. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна, мэргэшсэн тогтвортой байх, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг мөрдлөг болгох бөгөөд тус зарчмыг хариуцагч тал зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх зөвтгөж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх магадлалдаа төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хамгаалагдсан нийтлэг шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгөх бөгөөд гуравдагч этгээд ямар хүн томилогдсон нь хамаагүй мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болоогүй, дээрх хуулийг зөрчсөн.
7.7. Нэхэмжлэгч С.Б-ийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр Төрийн албаны тухай хуулиар тогтоосон тусгай шаардлагыг хангасан эсэх талаарх судалгааны хүснэгт 7 дугаарын 5-т “Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын” үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б нь улсад 22 жил ажилласан, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд ажилласан хугацаа 2 жил Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах магадлалтай гэсэн байдлаар тайланд тусгасан байдаг. Мөн хариуцагч тал нэхэмжлэгчийг дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх энэ шаардлагыг хангаагүй гэж чөлөөлсөн атлаа мөн адил тусгай шаардлага хангаагүй гуравдагч этгээд Л.Х-Э-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа нь шударга ёсны зарчмыг зөрчиж хувийн ашиг сонирхлоор өөрийн намын харьяалал бүхий этгээдийг томилсон байдал харагдаж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.5-д тус тус заасан, чадахуйн зарчмынхаа хүрээнд ч нэхэмжлэгч С.Б нь тухайн ажлын байранд гуравдагч этгээдээс илүү шаардлага хангаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. С.Б-г ажлаас чөлөөлсөн тушаалд дурдаад байгаа тусгай шаардлагыг хангаагүй гэдэг нөхцөл нь шинээр томилогдож байгаа буюу гуравдагч этгээдийн хувьд тавих хууль зүйн шаардлага гэж үзэхээр байна.
7.8. Нэхэмжлэгч С.Б нь 20 наснаасаа эхэлж төрд нийт 32 жил ажилласан одоо 54 настай, өндөр насны тэтгэвэрт гарахад 1 жил дутуу байхад төрийн албанд орох шаардлагыг хангаад буцаж орох эрхийг нээлттэй үлдээсэн мэтээр давж заалдах шатны шүүх бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, үндэслэлгүйгээр хөдөлмөрлөх эрхэд халдаж, хууль ёсны эрх ашгийг нь зөрчсөн.
7.9. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар дурдаагүй, хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
8. Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж тайлбарыг бичгээр гаргасан байна. Үүнд: ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ энэхүү үйл баримтыг хэрэгт авагдаж, хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд бүхэлд нь дүгнэлт хийсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч улс төрийн албан тушаал эрхэлж байгаад төрийн захиргааны дэс болон туслах түшмэлийн албан тушаалд тавигдах Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг үл харгалзан төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлгүй томилогдсон ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн магадлалыг хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, С.Б нь ... Говь-Алтай аймгийн Шуудан холбооны газрын Тайшир сумын салбарын эрхлэгч, шууданчаар ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар захирамжаар тус аймгийн Тайшир сумын Засаг дарга буюу улс төрийн албан тушаалд томилогдож, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр чөлөөлөгдсөнөөр улс төрийн албан тушаалд 4 жил, улмаар мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны Б/02 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, мөн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны Б/41 дүгээр тушаалаар Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилогдон ажиллаж байжээ.
11. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно” гээд 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан бөгөөд Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаал (Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол) нь ахлах түшмэлийн ангилалд хамаарах тул хуулиар тогтоосон уг тусгай шаардлагыг хангасан байх учиртай.
12. Энэ тохиолдолд, нэхэмжлэгч С.Б нь төрийн үйлчилгээний болон улс төрийн албан тушаалуудад томилогдон ажиллаж байснаас төрийн жинхэнэ албан тушаал буюу захиргааны албан тушаалд ажиллаагүй, мөн удирдах албан тушаалтны нөөцөд байгаагүй учир “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол ... дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” гэсэн хуулиар тогтоосон тусгай шалгуур болзлыг хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “... Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан шаардлагыг хангаагүй С.Б-г ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй, тус хуулийн холбогдох зүйл, заалтын урьдчилсан нөхцөл, шаардлагыг хангаагүй, тухайн албан тушаалд томилогдох боломжгүй нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй, ... хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг зөрчөөгүй ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд тухайн маргаанд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
14. Түүнчлэн нэхэмжлэгчийн “Засаг дарга”-аар томилогдсон 9 жил, “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч”, “Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр тус тус 2 жил ажилласан хугацааны хувьд нь төрийн захиргааны албан тушаалын “дэс түшмэлийн ангилал”-д хамаарах албан тушаалд ажиллаж байсанд хамааруулан адилтган үзэх үндэслэлгүй тул “... төрийн албаны мерит зарчмыг баримтлалгүйгээр шийдвэр гаргасан, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн ...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
15. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” гэж зааснаар иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай бөгөөд нэхэмжлэгчийн тухайд хуулиар тусгайлан шаардсан нөхцөл, болзлыг хангаагүй энэ тохиолдолд тус албан тушаалд томилогдох эрх хязгаарлагдах юм.
16. Харин төрийн захиргааны албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага, нөхцөлийг хангасны үндсэн дээр төрийн албан тушаалд томилогдон ажиллах эрхийг энэхүү тогтоолоор хязгаарлаагүй болохыг тэмдэглэв.
17. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б-ийн өмгөөлөгч Ж.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Д.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Х.БАТСҮРЭН