Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Нэргүй   даргалж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаярыг оролцуулан тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  Уянга сумын 5-р баг, Бадрал гэх газар оршин суух Боржигон овогт Жунтын Отгонбаярын нэхэмжлэлтэй, тус  сумын Иргэний бүртгэл хариуцсан ажилтан улсын бүртгэгч П.Ожидмаад холбогдуулан гаргасан “Иргэний үнэмлэхийн  сар, өдөр, нэрийг үнэн зөвөөр бүртгэж, олгохыг даалгах тухай“”  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ж.Онхор нэхэмжлэлийнхээ талаар шүүхэд бичгээр  гаргасан тайлбартаа: Жунт овогтой миний бие 1960 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн.

Тухайн үеийн иргэний үнэмлэхийн бичилт хийж олгож байсан хүмүүсийн хариуцлагагүйн улмаас миний иргэний үнэмлэхний нэр, төрсөн сар, өдрийг буруу бичиж намайг хохироож байгаа тул миний иргэний үнэмлэх дээр миний нэрийг Жунтын Гөлөгдорж гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг Жунтын Онхор болгон залруулахыг мөн төрсөн сар, өдрийг иргэний үнэмлэх дээр 1960 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг 1960 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болгон  залруулж зөвтгөхийг тухайн хариуцсан ажилтанд даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Онхорын төрсөн дүү нь байгаа юм. Ж.Онхор чих нь дүлий юм сонсохгүй,  ганцаараа амьдардаг юм. Одоо тэтгэвэрт орох гэтэл иргэний үнэмлэх нь зөрчилтэй байгаа. Иргэний үнэмлэх авахад Жунтын Онхор гэдгийг Жунтын Гөлөгдорж гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг Жунтын Онхор болгон залруулах гэж тус шүүхэнд хандсан гэв.

 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянгас сумын иргэний бүртгэлийн улсын бүртгэгч П.Ожидмаа шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Уянга сумын улсын бүртгэгч миний бие П.Ожидмаа нь Уянга сумын сумын 5-р багийн иргэн Боржигон овогтой Жунтын Онхорын захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

 Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн иргэн Ж.Онхор нь 1960 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн.

 Тухайн үед ажиллаж байсан ажилтны хариуцлагагүйн улмаас миний нэрийг Жунтын Гөлөгдөрж, мөн төрсөн  сар, өдрийг 1960 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэж тус тус буруу бичсэн байгааг залруулж өгнө үү гэжээ. Улсын иргэний бүртгэлийн баримт бичгүүд аймгийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтсийн архивт байнга хадгалагдаж байдаг.

Суманд архивын баримтыг хадгалах эрх зүйн үндэсгүй. Энэ иргэний хүсэлтийн дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн холбогдох ажилтнаас тодруулахад  Жунтын Гөлөгдорж /Онхор/-ийн төрсөн тухай мэдээлэл байхгүй харин төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа 2 удаа манай байгууллагаас ирж авсан байна. Тийм учраас энэ иргэний асуудлыг манай байгууллага шийдвэрлэх боломжгүй тул шүүхээр шийдвэрлэж өгнө үүгэснийг уншиж танилцуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдаанаар Ж.Онхорын нэхэмжлэлтэй, тус  сумын Иргэний бүртгэл хариуцсан ажилтан улсын бүртгэгч П.Ожидмаад холбогдуулан гаргасан “Иргэний үнэмлэхийн  сар, өдөр, нэрийг үнэн зөвөөр бүртгэж, олгохыг даалгах тухай“ шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ж.Онхорд иргэний үнэмлэх олгож бичилт хийхдээ тухайн үед сум хариуцан ажиллаж байсан иргэний бүртгэлийн ажилтануудаас болж буруу бүртгэл, бичилт хийсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

1960 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хайрхандулаан сумаас олгосон Хүүхдийн төрсний гэрчилгээнд Жунт овогтой Онхор 1960 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг нотолж тус гэрчилгээг олгожээ.

Мөн Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6412 дугаартай лавлагаанд Жунтын Онхор нэртэй хугацаат цэргийн алба хаасан болохыг нотолжээ.

Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Улсад ажиллаж байсан лавлагаанд Жунтын Онхор нэрээр бичигджээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 -т зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, 35.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснуудыг бар Жунтын Гөлөгдоржийн иргэний үнэмлэхийг хүчингүйд тооцож, нэрийг нь Онхор, төрсөн сар, өдрийг нь 03 дугаар сарын 15 болгон залруулж бичилт хийж шинээр иргэний үнэмлэх бичилт хийж олгохыг    Уянга сум хариуцсан Улсын бүртгэлийн ажилтан улсын бүртгэгч  П.Ожидмаад даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснуудыг баримтлан нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Ц.НЭРГҮЙ