Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 06

 

 Б.Баатархүүд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Дэнсмаа, шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд оролцсон:

             Нарийн бичгийн дарга         Г.Намуунзул

 Прокурор                              Б.Ичинхорол

 Ялтны өмгөөлөгч                 Д.Ганхуяг

 Ялтан                                    Б.Баатархүү

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалан шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Баатархүүгийн давж заалдах гомдлоор Б.Баатархүүд холбогдох эрүүгийн 201611000438 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р багийн Ялалтын 19-07 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Баатарцогтын Баатархүү /РД: ЖН87021773/.

     Б.Баатархүү нь согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 12-0А тоотод оршин суух иргэн Б.Энхцэцэгийн гэрийн тооноор 2016 оны 10 сарын 07-ны өдрийн 12 цагийн орчим нэвтрэн орж "Монел" маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 330000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор: Боржигон овогт Баатарцогтын Баатархүүг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Баатархүүг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ сар 5 /тав/ хоног баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Б.Баатархүүгийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, ялтан Б.Баатархүү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, түүний ЖН87021773 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Б.Баатархүүгийн эзэмшлийн AD4526203 сери, дугаартай 10000 төгрөгийг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол"-ыг  хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Баатархүүд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Баатархүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Ялтан Б.Баатархүү давж заалдах гомдолдоо: Миний бие 2016 оны 10 сарын 07-ны өдөр эгчийнхээ гэрийн тооноор орж зурагтийг нь хулгайлж зарсан. ...Би хохирол гомдол байхгүй, 3 сар 5 хоногийн баривчлах ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ичинхорол дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Б.Баатархүү нь согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 12-0А тоотод оршин суух иргэн Б.Энхцэцэгийн гэрийн тооноор 2016 оны 10 сарын 07-ны өдрийн 12 цагийн орчим нэвтрэн орж "Монел" маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 330000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Энхцэцэгийн “...гэрийнхээ хаалганы цоожийг онгойлгоод орох гэхэд гэрийн унь дотор талдаа уначихсан, хойд талын тавиур дээр байсан зурагт байхгүй байхаар нь цагдаа дуудсан. ...манай дүү Баатархүү гэрийн тооноор орж зурагтын авсан болохыг би сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, иргэний нэхэмжлэгч Б.Барсболдын “2016 оны 10 сарын 07-ны өдөр такси бариад …явж байхад нэг хүн гар өргөхөд сууж явж байсан такси зогссон. Тэр залуу 25-30 орчим насны залуу байсан бөгөөд 32 инчийн Монел маркийн зурагт бариад явж байсан ба ломбард явъя, энэ зурагтыг барьцаанд тавина гэхээр нь би тэр залууд чамд бичиг баримт байгаа юм уу, бичиг баримтгүй согтуу бол ломбард авахгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу өөр авах хүн байна уу? авах хүн байвал шууд 150000 төгрөгөөр зарна, миний зурагт ...гэж хэлсэн. ...Тэр залуу та 100000 төгрөгөөр ав, 10000 төгрөгийг таксинд өгчих гээд байхаар нь би тэр залуугийн зурагт гэж итгээд гэр рүүгээ очоод зурагтыг нь залгаад үзэхэд зүгээр гарч байхаар нь тэр залууд 100000 төгрөгийг өгсөн. Би таксины мөнгө гэж 10000 төгрөгийг жолоочид өгсөн. Надад зурагт зарсан Баатархүү гэх хүн учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 23/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24, 25/, Б.Баатархүүгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан Б.Баатархүүгийн “Ялыг хэрэгсэхгүй болгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Баатархүүгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                                                                                            

 

                                  ДАРГАЛАГЧ                              Л.НАРАНБАЯР                        

                                   ШҮҮГЧИД                                  Б.ДЭНСМАА       

                                                                                    А.ЭНХБААТАР