Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Анармаа,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Д.О-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0891 60481 дугаартай хэргийг 2019 оны  01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.О, 1979 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67-2-6 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Бридж группийн арын замд Тоёота Ист маркийн 18-14 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2 дугаар хавсралт: Энэ хавсралтанд заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин, механизмыг ашиглахыг хориглоно: 3.1-т “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикл, мопедонд 0.8 мм-ээс бага болсон” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Золжаргалыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Золжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчим одоо миний түрээсэлж байгаа Жуковын 15 дугаар байрны 51 тоотод найз Одбаяр ирээд бид хоёр ойрд уулзаагүй болохоор нэг том 2.5 литрийн пиво хувааж ууж юм ярьж суусан. Ингээд ...шөнийн 12 цаг өнгөрч...00 цаг 50 минутын орчим Одбаяр бид хоёр нэмж пиво авах гээд гэрээс гараад 15 хорооллын Бридж группийн хойнд замаар явган хүний гарцаар хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарах гээд гүйж явсан нэг мэдэхэд нэг юм намайг мөргөөд би газар толгойгоороо унасан гэсэн хэсэг ухаан алдсан гэсэн намайг сэрэхэд цагдаа, түргэн ирчихсэн байсан. Хамт явсан найз Одбаяр миний хажууд байсан түргэний эмч намайг үзээд бие нь гайгүй байна гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй зургаа авахуулаарай гээд явсан. Цагдаа нар үзлэг хэмжилт хийгээд явсан. Жолооч залуу намайг гэрт хүргэж өгөөд гар утасныхаа дугаар өгөөд явсан. Хоёр хоногийн дараа толгой өвдөөд намдахгүй болохоор нь би гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Гавлын яс хугарсан, баруун хөлийн гуяар хөхөрсөн өөр гэмтэл байхгүй. Хохирол төлбөр авсан, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-25/,

Гэрч У.Одбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...10 сарын 27-ны 01 цаг болж байхад гэрээс нь гараад нэмж пиво авахаар Кино үйлдвэрийн Бридж группийн хойд төв замаар явган хүний гарцаар бид хоёр хойноос урагш чиглэлтэй эхний зүүнээс баруун чиглэлийн урсгалыг өнгөрөөд дараагийн урсгал руу шилжээд эхлээд Золжаргал урд алхаад явж байтал баруун чиглэлтэй нэг суудлын өнгө маркийг нь харж амжаагүй машин ирж байхаар нь Золоо гараа өргөөд гартал нөгөө машин хурдаа хасалгүй дөхөж ирж тоормос гишгээд урд буферээрээ Золоогийн баруун гуя руу мөргөж газар унагасан. Золжаргал газар унахдаа цемент толгойгоороо мөргөж унасан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Араас нь эмнэлэг ирж Золжаргалыг үзээд гайгүй байна. Нарийн шинжилгээ гэмтлийн эмнэлгээр үзүүлээрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 33/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, Бридж группийн хойд замд..., “замын нөхцөл байдал нь асфальт, шулуун тэгш, хуурай, зохицуулагддаг, явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайстай.../хх-ийн 11/,

Ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15/,

Шинжээчийн ¹13086 дугаартай дүгнэлтэд: “Д.Золжаргалын биед дух яс, суурь ёсны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна, гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй” Шинжээч эмч М.Ариунтөгс /хх-40/,

Шинжээч эмч М.Аригуунтөгсийн “...2018 оны 10 дугаар сарын 29-ний Мед траума эмнэлгийн толгойн ТКГ-нд дух ясны зүүн дээд хэсгээс доош чиглэн, суурь ясны зүүн талын их далавч ясны үзүүр хүрсэн ялимгүй зөрүүтэй шугаман хугарал гэдэг нь дух яс, суурь ёсны хугарал гэсэн үг энэ нь ШЭГЗТЖ-ийн 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/,

Тээврийн Цагдаагийн албаны №301 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 38/,

Т.Ист маркийн 18-14 УНН улсын дугаартай автомашины жолооч Д.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин, механизмыг ашиглахыг хориглоно: 3.1-т “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикл, мопедонд 0.8 мм-ээс бага болсон” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Яллагдагч Д.О-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-78/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 74/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 75/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Бридж группийн арын замд Тоёота Ист маркийн 18-14 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2 дугаар хавсралт: Энэ хавсралтанд заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин, механизмыг ашиглахыг хориглоно: 3.1-т “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикл, мопедонд 0.8 мм-ээс бага болсон” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Золжаргалыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  болох нь

Хохирогч Д.Золжаргалын “...2018 оны 10 дугаар сарын 26-ны орой ...00 цаг 50 минутын орчим Одбаяр бид хоёр нэмж пиво авах гээд гэрээс гараад 15 хорооллын Бридж группийн хойнд замаар явган хүний гарцаар хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарах гээд гүйж явсан нэг мэдэхэд нэг юм намайг мөргөөд би газар толгойгоороо унасан гэсэн хэсэг ухаан алдсан гэсэн намайг сэрэхэд цагдаа, түргэн ирчихсэн байсан. Хамт явсан найз Одбаяр миний хажууд байсан түргэний эмч намайг үзээд бие нь гайгүй байна гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй зургаа авахуулаарай гээд явсан. Цагдаа нар үзлэг хэмжилт хийгээд явсан. Жолооч залуу намайг гэрт хүргэж өгөөд гар утасныхаа дугаар өгөөд явсан. Хоёр хоногийн дараа толгой өвдөөд намдахгүй болохоор нь би гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Гавлын яс хугарсан, баруун хөлийн гуяар хөхөрсөн өөр гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг,  

Гэрч У.Одбаярын: “...10 сарын 27-ны 01 цаг болж байхад гэрээс нь гараад нэмж пиво авахаар Кино үйлдвэрийн Бридж группийн хойд төв замаар явган хүний гарцаар бид хоёр хойноос урагш чиглэлтэй эхний зүүнээс баруун чиглэлийн урсгалыг өнгөрөөд дараагийн урсгал руу шилжээд эхлээд Золжаргал урд алхаад явж байтал баруун чиглэлтэй нэг суудлын өнгө маркийг нь харж амжаагүй машин ирж байхаар нь Золоо гараа өргөөд гартал нөгөө машин хурдаа хасалгүй дөхөж ирж тоормос гишгээд урд буферээрээ Золоогийн баруун гуя руу мөргөж газар унагасан. Золжаргал газар унахдаа цемент толгойгоороо мөргөж унасан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.О нь хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Д.О-д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Д.О-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Д.О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Хэрэгт хураагдан ирсэн Д.О-ын №дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

           7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР