| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 317 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Д.Ү , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ү холбогдох эрүүгийн 1806 09973 0056 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Д.Ү.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Үнь 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Баруун Алтан өлгийн” задгай тоотод оршин суух иргэн Ч.Гээдэнсүрэнгийн гэрт нэвтэрч 42 инчийн самсунг загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ү мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.Гээдэнсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-8/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-14/, Д.Ү яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-23/, шүүгдэгч Д.Ү урьд
ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Үнь 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Баруун Алтан өлгийн” задгай тоотод оршин суух иргэн Ч.Гээдэнсүрэнгийн гэрт нэвтэрч 42 инчийн самсунг загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 510.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Гээдэнсүрэнгийн өгсөн: “...Би эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 06 цаг болж байхад би гэрээсээ гарсан. Эхнэр хөдөө явахаар болж би орой гэртээ ирэлгүй найз Цэрэнхүүгийнд хоноод өнөөдөр өглөө 10 цаг болж байхад гэрээ шалгах гээд иртэл хаалганы цоож зүүгээд орхичихсон байхаар нь ортол хойморт байсан зурагт алдагдсан байсан. Ингээд цагдаад хандсан.” /хх-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганбатын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан 20 цагийн үед ажил дээрээ байж байхад Д.Үархи уусан ирээд “нэг зурагт аваадах” гэхээр нь би “авахгүй” гэтэл гуйгаад байхаар нь “нөгөө зурагтаа аваад ир” гэтэл Д.Үнь удалгүй хар өнгийн Самсунг маркийн зурагт тэвэрчихсэн орж ирсэн. Тэгээд би уг зурагтыг 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд нөгөө нь гэрт байж байтал 2-3 хоногийн дараа цагдаа нар ирээд уг зурагтыг аваад явсан.”/хх-26-27/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Үяллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай эхнэр шинэ жилээ тэмдэглэж ирэх үед нь би жаахан архи уучихсан байсан тул эхнэр уурлаад “галд түлээ нүүрс байхгүй мөнгө байхгүй хэцүү байна” гээд маргалдсан. Тэгээд би хажуу айлдаа ороод унтах гэтэл хаалга онгорхой эзэнгүй байхаар нь би зурагтыг нь хулгай хийгээд өөрийн хашааны буланд тавьсан. Тэгээд эхнэр өглөө ажилдаа явахаар нь би нөгөө хулгай хийсэн зурагтаа дугуй засварын газрын нэрийг нь мэдэхгүй зүс таних хүнд 200.000 төгрөгөөр зараад өөрийн зурагтыг ломбарданд тавьсан байсанаа аваад гэртээ ирсэн.” /хх-23/ гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-14-15/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-18/,
Шүүгдэгч Д.Үурьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.Үнь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Гээдэнсүрэн, гэрч Д.Ганбат нарын мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгч Д.Үяллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Ү 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Баруун Алтан өлгийн” задгай тоотод оршин суух иргэн Ч.Гээдэнсүрэнгийн гэрт нэвтэрч 42 инчийн самсунг загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 510.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Шүүгдэгч Д.Үгэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Ч.Гээдэнсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Д.ҮЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.ҮЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгтээ шүүгдэгч Д.Үнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ү ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Д.ҮЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Д.Ү оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, Д.Үнь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Д.Ү урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Ү авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС