Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2023/00071

 

2023 08 28 207/МА2023/00071

 

 

Г.Мы нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.Х-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Мы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Х-д холбогдох,

Сэлбэгийн үнэ 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Г.Х-йн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Г.Х, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие иргэн Г.Х-д 2022 оны 10 дугаар сарын 26-нд амьжиргаа цагаан машины сэлбэг бүтэн чулак буюу бөгсийг ам яриагаар 400.000 төгрөгөнд бодож өгч явуулсан. Г.Х нь уг бөгсийг задалж, тосыг нь гоожуулчхаад буцааж өгнө гэхэд нь би аваагүй, иймд хариуцагч Г.Хоос амьжиргаа цагаан машины чулакны үнэ 400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 10 дугаар сарын 26-нд амьжиргаа цагаан машины сэлбэг болох бүтэн чулак авсан нь үнэн боловч тухайн үед машинд таарвал үнэ мөнгөө тохиръё гэж аваад таарахгүй болохоор нь 14 хоногийн дараа буцаагаад өгөхөд аваагүй. Түүнээс хойш 2 удаа аваачиж өгсөн боловч мөн аваагүй. Би өөрөө Улаанбаатар хотоос өөр машины бөгсийг 250.000 төгрөгөөр авч өөрийн машиндаа тавьсан. Г.Мы чулакийг алга болгоогүй одоо ч гэсэн бүрэн бүтнээрээ байгаа, би Г.Мд 200.000 төгрөг өгөөд машиных нь сэлбэг болох бөгсийг буцааж өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Хоос 200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлээс үлдэх 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Хоос 6,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О аймаг дахь Б сум Ш баг 20-27 тоотод оршин суух, ал овогтой Гийн М /РД:...................../ миний бие ...2022 оны 10 дугаар сарын 26-нд Г.Х-д амьжиргаа цагаан машины сэлбэг бүтэн чулк буюу бөгсийг ам яриагаараа 400.000 төгрөгөнд бодож явуулсан. .Х нь бөгсийг задалж, тосыг нь гоожуулчхаад буцааж өгнө гэхэд нь би аваагүй... иймд хариуцагч Г.Хоос амьжиргаа цагаан машины чулкны үнэ болох 400.000 төгрөгийг гаргуулж авахаар аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргуулж 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар: 142/ШШ2023/.......-тай шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Хоос 200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч Г.Мд олгож, нэхэмжлэлээс үлдэх 200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн шийдвэр гарсан байна. Миний бие уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Х-д 400.000 төгрөгөөр бодож өгч явуулсан мөн А ХХК-ны дүгнэлтээр 500.000 төгрөгөөр үнэлэгдсэн байхад миний эд хөрөнгийг илтэд үнэгүйдүүлж надад мөнгөн хохирол болон машины сэлбэгийн бүрэн бус байдлыг алдагдуулж хохироогоод байхад шүүхээс 200.000 төгрөгийн хохирлыг гаргуулж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Г.Х-д холбогдуулан Сэлбэгийн үнэ 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Хоос 200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлээс үлдэх 200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Г.М нь 2022 оны 10 дугаар сарын 26-нд өөрийн амьжиргаа цагаан тээврийн хэрэгслийн сэлбэг болох бүтэн чулакийг хариуцагч Г.Х-д 400.000 төгрөгөөр худалдаж, хариуцагч Г.Х нь авч яваад өөрийн машинд тавихаар задалж үзсэн боловч машинд нь таараагүй тул буцааж өгөхөөр очиход нэхэмжлэгч Г.М буцааж аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, аман гэрээ байгуулагджээ.

Шүүх шинжээчээр А ХХК-ийг томилсон бөгөөд уг компанийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр ТХҮ-........... ОРХ дугаартай тээврийн хэрэгслийн хойд чулакийг 500.000 төгрөгөөр үнэлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хариуцагч Г.Хоос 200.000 төгрөгийг гаргуулж Г.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1.д заасныг баримтлаагүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Хоос 200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлээс үлдэх 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 253 дугаар зүйлийн 253.1.д тус тус зааснаар хариуцагч Г.Хоос ТХҮ-........... ОРХ дугаар тээврийн хэрэгслийн хойд чулакны үнэ 200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Г.Мы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 6.650 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б