| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0013/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/15 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/15
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Ням
Улсын яллагч Д.Бат-Өлзий,
Хохирогч П.С
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ж-гийн Б-т холбогдох эрүүгийн 1827002420104 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Архангай аймгийн Хотонт сумын 3 дугаар багийн харъяат, одоо Өвөрхангай аймгийн ............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Ж-гийн Б /РД: .........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны зун эхнэр П.С-гийн толгой, баруун хөмсөг, доод уруул руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцат дэнж 1 дүгээр гудамж 5 тоотод байх хадамынхаа гэрт эхнэр П.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би хөдөө мал дээрээсээ эхнэр хүүхдүүд төв дээр хоолгүй болчихлоо гэхээр нь мах авчирч өгсөн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төвд гэртээ телевизээр бөх үзэж байгаад надтай цуг хөдөө явна гэж хэлсэн хүнийг гэрээс авах гээд очсон чинь гэртээ байхгүй байсан. Тэгээд гадуур мотоциклтой баахан хайж байгаад гэртээ орж ирээд халуун цай ууя гэж хэлсэн чинь манай эхнэр цай байхгүй гэхээр нь цай чаначихгүй яасан юм гэсэн чинь цайны идээ байхгүй гэж хэлсэн тэгээд гараад 2 алхам газар дэлгүүр байхад чинь авчихгүй яасан юм бэ? гэж хэлээд бид 2 хоорондоо хэрэлдэж манай эхнэр надад би чамд цай чанаж өгөх албатай юмуу гэсэн. Би сүүлдээ хэрэлдэж байгаад 2 хүүхэд айчихна одоо 2-уулаа болъё гэсэн чинь дуугүй болохгүй хэрүүл хийгээд орилоод байсан. Тэгэхээр би чи намайг хөдөө явах гэж байхад яагаад хэрүүл хийгээд байгаа юм бэ? гэж хэлсэн яадаг юм чамтай хэрүүл хийхээр яадаг юм гэхээр өөдөөөс нь очоод чи одоо больчихооч гэсэн чинь над руу дайраад байсан. Тэгээд бид 2 ноцолдож байгаад газар байсан угаадас асгачихсан. Би тухайн үед нударгатай дээл өмсчихсөн байсан тэгээд дээлнийхээ нударгаар нүүр рүү хүрэх гэж байгаад гараараа нүд рүү нь цохьчихсон. Тэгээд манай эхнэр миний нүд сохолчихлоо гэхээр би очоод аргадсан чинь уурлаад гараад явчихсан. Би болон манай эхнэр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед манай 6 настай охин М, 2 настай хүү М нар байсан өөр хүн байгаагүй. Би эхнэртэйгээ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Урьд нь 2018 оны зун Архангай аймгийн Хотонт суманд наадам үзчихээд би хөдөө явна гэсэн чинь манай эхнэр хөдөө явахгүй. Хархорин сумын төв рүү явна гэхээр нь бид хоорондоо хэрэлдэж муудалцаад манай эхнэр миний нүүрийг самардчихаар нь би гараараа хөмсөг рүү нь цохиод хөмсгийг нь сэтэлж байсан. Тэгээд Хархорин сумын эмнэлэг дээр ирж оёдол тавьж байсан. Манай эхнэр хөдөө байх дургүй. Би хөдөө явж малаа малладаг. Тэрнээс болж би бага зэрэг бухимдаж явдаг. Түүнээс болж бага зэрэг нэгнийгээ ойлгохгүй хэрэлддэг. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй...” гэжээ.
Хохирогч П.С шүүх хуралдааны хэлэцүүлэгч өгсөн мэдүлэгтээ: “...Ж.Б тэр өдөр мал харах хүн олно гээд гарсан. Тэгээд гарсан хойно нь би хүүхдүүдээ усанд оруулсан. Ж.Б орж ирээд гадаа их хүйтэн байна, цай байна уу гэхээр нь би цайны идээ дууссан байна хуурай цай авч байгаад цай чанана би хүүхдээ усанд оруулж байгаа амжсангүй гэсэн чинь өдий хүртэл цайгаа чанахгүй юу хийж байгаа юм гэсэн. Тэр өдөр цайны идээ авах гэсэн боловч надад мөнгө байгаагүй Ж.Б-т мөнгө байсан. Тэгээд хэрэлдээд намайг юугаа хийж байдаг юм гэхээр нь хүүхдүүдээ усанд оруулаад мартчихсан байна. Одоо чанах гэж л байна шүү дээ гэсэн чинь намайг өөдөөс давшиж дайрлаа гэсэн би тэгээгүй. Тэгээд би намайг цохичих уу гээд айгаад зогсож байхад хогийн шүүрээр нүүр рүү ойртуулаад байсан. Би бол давшиж дайрсан юм байгаагүй. Тэгээд байж байтал хүүхэд усанд оруулсан хувинтай ус өшиглөөд хаячихсан. Хувин нь хагараад тараад явчихсан газраар нил ус болсон байсан. Гэтэл цаанаас 2 хүүхэд уйлаад гараад ирсэн. Тэгээд гараараа намайг цохисон. Манай том охин ээжээ нүд чинь аймаар болчихсон байна гээд уйлаад байсан. Тэгээд миний нүд харанхуйлаад явчихсан. Тэгэхээр нь би ийм юмнаас болж нүд сохолж хаяхана уу гээд хэлсэн. Тэгээд намайг цаана жижиг өрөөнд байж байхад элдэв янзаар хараагаад надад мессеж бичдэг хүн байгаа гээд харуулаад байсан. Тэрэнд нь би их гомдсон. Хүн цохичоод уучлалт гуйхын оронд надад мессеж бичдэг хүн байгаа шүү гээд байгаад нь би маш их гомдсон. Тэгээд тэр үед намайг гаргахгүй болохоор нь би нүд бүрэлзээд байна усаар угаая гэж гараад тэр чигтээ эгчийнх рүү явсан. Тэгээд эгчийнд очсон чинь охин нь ямар аймаар болчихсон юм бэ хэн ийм болгочихсон юм гэсэн. Ж.Б ах чинь ийм болгочихлоо гэсэн чинь гүйгээд гараад явсан. Ж.Б дээр очсон юм шиг байна лээ. Би ээжид хэлээгүй байсан гэтэл ээж рүү мессеж бичээд ээж мэдсэн байсан. Тэрнээс хойш 2 сар болоход энэ хугацаанд бас аятайхан байгаагүй. Ээжийнд ирээд над руу салаавч гаргаад гарсан. Хөдөө намайг бас их аймаар зодсон хамарнаас цус гараад тэгэхэд манайх хадам ээж, аав хоёртой айл байсан. Тэгээд би цус нөжтэйгөө холилдоод ороход аав, ээж 2 бид 2 одоо наад хүүхдэд чинь юу ч хэлэх вэ дээ гэж байсан. Энэ бүхнийг би тэвчихээ байгаад шүүхэд хандсан. Нэг удаагийн үйлдэл бол биш...” гэв.
Гэрч А.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...П.С-г миний мэдэж байгаагаар 7-8 удаа зодсон нь мэдэгдэж байсан. Зодуулснаас болж манай гэрт хүүхдүүдээ дагуулаад ирдэг. 2 удаа толгой нь овойж хавдсан байдалтай мөн хамар руугаа цохиулж хамар нь овойж хавдсан байдалтай ирж байсан. Хөмсөгөө цохиулаад оёдол тавиулж байсан, хөл шилбэ, гар хөл хөхөрчихсөн ирж байсан. Зодуулаагүй хэрэлдэж муудалцаад гэрээсээ хөөгдөөд ирсэн нь бол 1 жилд 2-3 удаа байсан. Тэгээд ирэхэд Ж.Б араас нь дагаж ирээд бөөн хэрүүл болж намайг хүртэл хэл амаар доромжилж гуйлгачин энэ тэр гэж доромжилдог. Та нар охиноо юутай өгсөн юм. 1 ширхэг хурга ч өгч байгаагүй биздээ гэх мэтээр доромжилдог...” гэсэн мэдүүлэг /хх 27-28 дугаар хуудас/
Гэрч Ш.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Нэг орой хадлангаас бууж ирээд гэр дээр 2 дэлгэсэн ааруул байсан 1 нь байхгүй байна гэж Ж.Б уурласан. Манай нөхөр бид хоёр байгаагүй бол зодох гээд дайраад байсан. Тэгэж анх П.С-г зоддог талаар мэдсэн. Урьд өмнө чихээрээ сонсож байсан юм. Тэрнээс хойш зөндөө зодсон гэсэн зүйл сонсож байсан. Бас 2 жилийн өмнө цагаан сараар хөдөө гэрт нь шинэлэх гээд очиход П.С-гийн хөлийг илдүүрээр цохисон гээд явж чадахгүй байхад бид нар төв дээр авч ирж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 29-30 дугаар хуудас/
Гэрч Ж.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ж.Б манай хамгийн бага эрэгтэй дүү байгаа юм. Зан араншингийн хувьд цочмог, түргэн ууртай, манай бэр П.С бол даруухан, илүү, дутуу ямар нэгэн зан байхгүй, дажгүй айлын эзэгтэй, манай бэр гэж боддог. 2017 оны өвөл Ж.Б эхнэр хүүхэдтэй хөдөө байхад би хөдөө гэрт нь очиход П.С, Ж.Б нар хоорондоо хэрэлдэж муудалцаж П.С-г Ж.Б зодсон гээд Д.С-гийн уруул язарсан байдалтай байсан. 2016 оны өвөл цагаан сараар манай гэрт Ж.Б, П.С нар ирэхэд П.С доголж яваад байхаар нь яасан талаар асуухад Ж.Б гурилын модоор хөл рүү цохисон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 31-32 дугаар хуудас/
Гэрч П.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хүнтэй харьцаж чадахгүй, хүмүүст их дээрэлхүү ханддаг. Би уг нь хадам ах нь байгаа юм. Надтай огт дуугардаггүй, мэндийн зөрүү ч байхгүй харьцдаггүй хүн байгаа юм. Хамгийн сүүпд П.С зодуулахдаа манай дүүгийнд очоод над руу залгахад нь би яваад очиход нүд нь хөхөрч хавдсан байсан. Тэгээд би дагуулаад гэрт нь очиход Б хоёр хүүхдээ гаднаас нь цоожлоод өөрөө гараад явчихсан байсан. Тэгээд бид нар цагдаад мэдэгдэж эргээд эмнэлэг рүү П.С-г дагуулаад явсан. Тэрнээс өмнө байнга зодож дарамталдаг байсныг нь надаас нуудаг байсан юм билээ...” гэсэнүү/хх 33 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч С.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ээж, дүү бид гурав гэртээ байж байсан чинь манай аав Ж.Б орж ирээд цай байна уу гэж ээжээс асуухад ээж цай чанаагүй байна гэж хэлсэн чинь цайгаа чанахгүй яасан юм мэдрэлгүй авгай минь гэж хэлээд савтай ус өшиглөөд савыг нь хагалаад хаясан. Тэгээд ээж аав хоёр хоорондоо хэрэлдэж аав хогийн шүүрний үстэй хэсгээр нь ээжийн нүүр рүү ойртуулаад байсан. Тэгээд аав ээжийн нүд рүү гараараа цохиод авсан. Ээж гэрээс гараад явчихсан. Урд өмнө зөндөө зодож байсан. Би заримыг нь санахгүй байна. Хамгийн сүүлд санаж байгаа нь зун наадмаар ээж дүүгийнхээ гутлыг өмссөн байсан чинь аав чи хүний гутал өмсөөд өөрийнхөө гутлыг өмсөхгүй яасан юм гэж загнаад гараараа хөмсөг рүү нь цохиж эмнэлэг рүү явж эмнэлэг очиж манай ээж хөмсөгөндөө оёдол тавиулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 34 дүгээр хуудас/
Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны намар хэдэн сарын хэдний өдрийг санахгүй байна. Манай эмнэлэг дээр баруун хөмсөгөндөө няцарсан шархтай ирээд гоо сайхны оёдол тавиулж байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад манай нөхөр цохьчихсон юм гэж хэлж байсан. Тэрнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нөхөртөө зодуулсан гэж зүүн нүд хөхөрч хавдсан байдалтай толгой өвдөж хүзүү хөшиж хөндүүрлэнэ, цохиулсан нүд бүрэлзэж сайн юм харж чадахгүй байна гэсэн байдалтай ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 41 дүгээр хуудас/
ШШҮХ-ийн шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 760 дугаартай: “...П.С-гийн биед тархи доргилт, зүүн нүдний алим, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 43 дугаар хуудас/
ШШҮХ-ийн шинжээч эмч Л.Амгалангийн нэмэлтээр гаргасан 758 дугаартай: “...П.С-гийн биед толгой, баруун хөмсөг, доод уруул, зүүн хөлийн шилбэнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрхи сорви гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Дээрхи гэмтлүүд нь үүссэн цаг хугацаандаа Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 47 дугаар хуудас/
Шинжээч эмч Л.Амгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “....П.С 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нөхөртөө зодуулсан гэх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирж үзүүлсэн. Тухайн гэмтэл авсан цаг хугацааны хувьд тухайн өдрөө үзүүлсэн бол шинэ гэмтэл гэж, харин гэмтэл авснаас хойш 1 хоногоос хойш бол цаг хугацааны хувьд хуучин гэж үзэж байна. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл мөн...” гэсэн мэдүүлэг /хх 50-51 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны зун эхнэр П.С-г толгой, баруун хөмсөг, доод уруул руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын .......тоотод байх өөрийн гэртээ эхнэр П.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ж.Б-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ж.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,
шүүгдэгч Ж.Б-ийн эзэмшлийн 12.500.000 төгрөгийн үнэ бүхий ....... улсын дугаартай Тоёото клугер маркийн автомашин битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 48 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ж-гийн Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Ж-гийн Б-ийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Б-ийн эзэмшлийн 12.500.000 төгрөгийн үнэ бүхий ....... улсын дугаартай Тоёото клугер маркийн автомашин битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 48 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН