Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/36

 

 

 

                                 

 

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч Д.Дуламжав

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Ц.Отгондаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Ц.Отгондаваад холбогдох эрүүгийн 1836021700009 дугаартай, 178/2019/0033/Э/ индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт оршин суух хаягтай,одоо Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 6-2 тоотод түр оршин суух, урьд 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзагдаж байсан,  ПЖ83102516 регистрийн дугаартай, Ойдов овогт Цэвээнжавын Отгондаваа

 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Отгондаваа нь 2018 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 4-24 тоотод оршин суух иргэн М.Батсүхийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч  Самсунг маркийн 32 инчийн LCD  зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогчид 400.000 төгрөгний хохрол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ц.Отгондаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Тухайн өдөр М.Батсүх ахынд очиж зурагтыг нь авахаар очсон.Гэр нь онгорхой байхаар орж авсан.Бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг хийсэн гэдгээ зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч Зана овогт Машлайгийн Батсүхийн / ПЖ69122816 регистрийн дугаартай, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Ц.Отгондаваа нь манай эхнэрийн төрсөн дүү юм. Ц.Отгондаваа бид хоёр уулзаж байхдаа би “ 19 инчийн зурагт авдаг юм билүү , хөдөө зүгээр юм “ гэхэд Ц.Отгондаваа “тэгвэл манайд хуучин зурагтаа өгчихөөрэй” гэхээр нь “тэг тэг“ гэж ярьж байсан. Ц.Отгондаваа хүүхэд нь өнгөрснөөс хойш архи нэлээд уугаад байгаа. Тэгээд архи ууж явж байгаад ийм асуудал болсон.Гэхдээ би өмнө нь манай зурагтыг аваарай гэж хэлж байсан болохоор л манайд орж зурагтыг авсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд...Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 4-21 тоот хашаанд зүүн урд зүгт монгол гэр,урд талд нь улаан өнгийн тоосгон байшин байв...гэх, гэрэл зургийн үзүүлэлт / хх-11-13-р хуудас/

Эд хөрөнгө үнэлсэн тухай тайланд ... Samsung маркийн 32 инчийн LCD зурагт-1 ширхэг 400.000 төгрөг гэх үнэлгээ / хх-17-р хуудас/

Хохирогч М.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймагт нядалсан малын махаа зарахаар орж ирсэн. Гэртээ ирэхэд манай зурагт байхгүй байхаар нь хүүхдүүдээсээ асуухад “ Ц.Отгондаваа авчихсан, цагдаа барьчихсан байгаа “ гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-21-23-р хуудас/

Гэрч Р.Юндэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манайх Хайрхан багийн 4-21 тоот буюу хүргэн М.Батсүхийн хашаанд байдаг. 2018 оны 12 дугаар сарын 08-ны өглөө М.Батсүхийн хүүхэд Б.Отгонтөгс манайд орж ирээд “ манай зурагт алга байна, та харсан уу” гэхээр нь “ би танай зурагтыг яаж мэддэг юм” гээд эгчээс нь асуугаад ярьж байтал манай хашаанд Ц.Отгондавааг дагуулаад энгийн хувцастай 2 цагдаа орж ирээд “ энэ хашаанаас зурагт алга болсон уу” гээд заалгаж аваад явсан... гэх мэдүүлэг /хх 24-25-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Отгонтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 12 дугаар сарын 07-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 4-21 тоотод байрлах гэртээ ангийнхаа охины хамт хоносон. Манай эгч орой ажлаасаа ирдэг болохоор бид хоёр байшингийнхаа хаалгыг онгорхой орхиод унтсан.Яг унтах гэж байтал хаалга дуугараад нэг хүн орж ирсэн. Тэгснээ жижиг өрөө рүү орсон. Тэгээд би унтчихсан байтал шөнө эгч Б.Болор-Эрдэнэ орж ирээд “Манай зурагт яасан юм бэ” гэхээр нь бид хоёр зурагтаа үзэж байгаад унтраагаад унтсан шүү дээ, байгаа байх “ гээд том өрөөнд ороод хартал манай зурагт байхгүй байсан, шөнө байсан болохоор цагдаад хэлэлгүй унтсан... гэх мэдүүлэг /хх-26-27-р хуудас/

Гэрч Б.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 12 дугаар сарын 08-ны шөнө гэртээ ирээд том өрөөнд ортол манай зурагт байхгүй байсан.Тэгэхээр нь дүүгээ сэрээгээд асуухад “ таныг орж ирэхээс өмнө зурагтаа унтраагаад унтсан, мэдэхгүй” гэхээр нь манай хажууд байдаг нагац эгч Р.Юндэрмаа зурагт эвдэрсэн гэж байсан, авсан байж магадгүй гэж бодоод цагдаад хандалгүй унтсан... гэх мэдүүлэг / хх-28-29-р хуудас/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-38-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-39-40-р хуудас/

Шүүгдэгч Ц.Отгондаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зах дээр очиж хадам ахынхаа барааг буулгалцаад биллярд тоглож байсан найз нартайгаа 3 шил архи уусан.Тэгээд шөнө 00 цагийн үед М.Батсүхийн гэрт орж зурагт авах гээд ороход жижиг өрөөнд нь бага охин нь нэг охинтой унтаж байсан.Өөр хүн байхгүй болохоор нь том өрөөнд ороод 32 инчийн Самсунг маркийн зурагтыг аваад гарснаа санаж байна.Тэгээд нэг мэдсэн чинь нөгөө зурагтаа тэврээд зах дээр явж байгаад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-45-47-р хуудас/ зэрэг баримт болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Отгондаваа нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны шөнө согтуугаар хүргэн ах М.Батсүхийн байшинд орж зурагтыг нь хулгайлсан болох нь хохирогч М.Батсүхийн мэдүүлэг, гэрч Р.Юндэрмаа,Б.Болор-Эрдэнэ, насанд хүрээгүй гэрч Б.Отгонтөгс нарын мэдүүлэг, эд зүйл үнэлсэн тайлан, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл,эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хулгайлах гэмт хэргийн үйлдэлд  хохирогчтой өмнө нь зурагтын тухай ярьж байсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогчийн байшинд нэвтэрсэн, мөн хохирогч М.Батсүхийн ... ер нь Ц.Отгондаваа ах дүү нараасаа юм авахдаа хэлж яриад байдаггүй боловч дараа нь асууж сураглахад тэр юм чинь манайд байгаа, би түрүүн авсан гэх мэтээр нийтийн хэрэглээтэй хүн ... гэж мэдүүлснээс түүний хэнэггүй араншин, боловсрол, мэдлэгийн байдал нөлөөлсөн байна. Мөн хаалга онгорхой байхад нууцаар, сэм аргаар нэвтрэн орж гэмт хэрэг үйлдсэн нь шууд санаатай үйлдэл болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.Отгондаваагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг  хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Отгондаваа нь 2018 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө  М.Батсүхийн байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн LCD  зурагтыг хулгайлсан үйлдэл нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Отгондаваа нь 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзагдаж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-74/-аар тогтоогдож байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуульд заасны дагуу анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор байна, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч М.Батсүхийн “ алдсан зурагтаа буцааж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.Отгондаваагийн  хувийн байдлын талаар гэрч Э.Оюун-Эрдэнийн өгсөн...Ц.Отгондаваагийн хувьд үг дуу цөөнтэй,хүнтэй харилцахдаа сул,өөрийгөө илэрхийлэх чадвар сул,нутаг орон, ах дүүсийнхээ дунд нэр хүндтэй, архи уух дуртай, архи уусан үедээ согтуураад тэнээд алга болчихдог,өөр муу зуршил байхгүй...  гэх мэдүүлэг / хх-53-54-р хуудас/

Гэрч Ц.Жимсээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид эцэг эхээс 12-уулаа, Ц.Отгондаваа 2009 онд гэр бүл болсон,одоо 2 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг.Нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшаалтэй. Бичиг үсэг мэдэхгүй. Архи уух жаахан дуртай, үг дуу цөөнтэй, хөдөө 150 орчим толгой малтай, өөр эд хөрөнгө гээд байх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-55-56-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ц.Отгондаваад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 удгаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ...гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч Ц.Отгондаваа нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй болон эхнэр нь жирэмсэн, удахгүй төрнө, мөн нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг зэрэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг хэрэглэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Ц.Отгондаваа  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахаар  шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ц.Отгондаваа нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ойдов овогт Цэвээнжавын Отгондавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ойдов овогт Цэвээнжавын Отгондавааг  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Отгондаваад оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй .

4.Шүүгдэгч Ц.Отгондаваа нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 5.Шүүгдэгч Ц.Отгондаваад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.ГАНТӨГС

Top of Form