Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 207/ма2023/00073

 

2023 08 31 207/МА2023/00073

 

 

Т.М-ийн нэхэмжлэлтэй,

Б.М-д холбогдох

Иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М-д холбогдох,

Эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Т.М-ийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б.М-той танилцаж, хамтран амьдрах болсон. Бид хамт амьдарч байх хугацаанд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 ихэр охин төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан ба зан харилцааны хувьд таарамжгүй байдлын улмаас 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр салж тус тусдаа амьдрах болсон. Би энэ залуутай уулздаг байхдаа өөр хүнтэй уулзаж, бэлгийн харилцаанд орж байгаагүй. Үүнийг хамт ажиллаж байсан тогооч, үйлчлэгч нар гэрчилнэ. Энэ залуугийн гэрт нь олон удаа очиж байсан. Шөнө орой залгаад хүрээд ир гээд дууддаг байсан. Үүнийг манай гэрийнхэн мэднэ. Шөнийн 3 цагт над руу залгаж хүрээд ир, гараад ир гэдэг байсан. Тэр болгонд нь очдог байсан. Б.М-той нь надаас өөр хүнтэй уулздаг байсан гэдгийг мэдсэн. Тиймээс салахаар шийдэж, 2021 оны 02 дугаар сараас эхлэн уулзахаа больсон. Үүний дараа буюу 2021 оны 04 дүгээр сард өөрийгөө энэ хүнээс жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Эход харуулахад хоёр ихэр хүүхэд байна гэж хэлсэн. Гэхдээ тухайн үед хүүхдүүдийн хүйсийг мэдээгүй. Энэ талаар Б.М-д хэлэхэд гэрийн гадна манай ажлын менежер Заяа эгчтэй хамт ирээд наад хүүхдээ авахуул, чиний амьдралд хэрэгтэй гэж хэлсэн. Тэр үед надад хүүхдүүдээ авахуулах зориг байгаагүй. Би хүний ам хөнөөхийг хүсээгүй. Би төрөхдөө кисер хагалгаагаар төрсөн. Иймд Б.М-ыг охин М.М, М.М нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Т.М-аас 2021 оны 05-р сард удаа дараа миний хүүхэд мөн эсэхийг асууж лавлаж эмнэлэгт очих тухай ярилцах оролдлого хийх бүрт чиний хүүхэд биш гэж байсан. Мөн түүний хүүхдүүд 2021 оны 10 дугаар сард төрсөн бол 2021 оны 01 дүгээр сард олсон байх учиртай гэтэл би 2021 оны 1 дүгээр сард Мөнхтуяатай бэлгийн харилцаанд орж байгаагүй болно. Тухайн үед Т.М нь Ж ХХК-д тогоочийн ажил хийдэг байсан. Тус компанид ажилладаг 3-4-н эрэгтэйтэй уулзаж дотно харилцаанд ордог байсан гэж яригдах тул миний хүүхэд гэдэгт нь эргэлзэж байна. Мөн Т.М нь өөрийн том хүүхдийн эцэгтэй гэртээ ирж очин хамтран амьдардаг, ихэр хүүхдүүдийн эцэг нь өөрийн нөхрөө гэж тайлбарлаж байсан. Гэтэл гэнэт танай шүүхэд хамтран амьдарч байсан, гэрлэлтээ батлуулж чадаагүй гэх зэрэг худал гомдол гаргасан нь маш ихээр эргэлзээ төрүүлж байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М-ийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О аймагдахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаартай шийдвэрийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр М.М, М.М хоёр охинтой болсон. Жирэмсэн болох үед Б.М-той уулздаг дотно байсан. Жирэмсэн болсон гэдгээ Б.М-д хэлэхэд хүүхдүүдийг авахуул гэсэн. Надад хоёр хүүхдийг авахуулах зориг хүрээгүй. Авахуулахгүй ганцаараа гүрийсээр байгаад төрүүлсэн. Охидыг төрөхөд Б.М- ирээгүй. Өөрийнх нь хүүхэд гэдгийг мэддэг хэрнээ хүлээн зөвшөөрдөггүй. Нэг хүүхэд байсан бол би ганцаараа өсгөөд тэжээгээд явж чадна. Хоёр ихэр хүүхэд зардал ихтэй асаргаа арчилгаа гээд бүх зүйлийг 2 давтан хийдэг. Б.М- эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэе гээд хийлгэсэн. Шинжилгээ авч байсан хүн аппарат эвдэрчихсэн байгаа. 7 сард засагдаад шинжилгээ хийгдэнэ гэж хэлсэн. Гэтэл 04 дүгээр сарын 26-ны өдөр шинжилгээ хийгдсэн эцэг нь биш гэсэн байсан. Үүнийг огт зөвшөөрөхгүй байна. Охидууд Б.М-той маш адилхан. Өөр хүний хүүхдүүд байх боломжгүй. Дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргамаар байна. Би хуулийн мэдлэггүй өмгөөлөгчөөс зөвлөгөө авалгүй шүүх хуралдаанд орсон болохоор хэзээ ямар хүсэлт гаргахаа мэдэлгүй өнгөрүүлсэн байна. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ......5 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...Б.М- нь М.М, М.М нарын биологийн эцэг байх боломжгүй байна гэх дүгнэлтийг төхөөрөмж эвдэрсэн үед гаргасан. Хууль бус дүгнэлтээс болж хоёр хүүхдийн эрх ашигт маш ноцтой хохирол учирч байгаа тул О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Т.М хариуцагч Б.М-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.М- нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Т.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б.М-той танилцаж хамтран амьдарч байх хугацаандаа жирэмсэн болж 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 ихэр охин төрүүлсэн гэсэн тайлбарт үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч Б.М- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзсан татгалзлаа шүүхийн шинжилгээний 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ......5 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд үндэслэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчид 2020 оны 09 дүгээр сард танилцсан, гэр бүлийн харьцаатай байсан, хүүхэдтэй болж 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 ихэр охин төрүүлсэн, хариуцагч Б.М- нь Т.Мтэй 2021 оны 01 дүгээр сард бэлгийн харьцаанд орж байгаагүй, өөрөө ч миний хүүхэд биш гэдэг байсан, шинжээчийн дүгнэлтээр миний хүүхэд биш болох нь тогтоогдсон гэсэн татгалзсан тайлбар гаргаж байсан, шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан, дүгнэлтээр хүүхдүүд нь хариуцагч Б.М-ын хүүхэд биш гэсэн дүгнэлт гарсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Шүүх хариуцагч Б.М-ын шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 596 дугаар захирамжаар шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газар нь О аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ...... дугаар албан тоотоор захирамжийг хүлээн авч ДНХ-ийн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний лабораторийн багаж тоног төхөөрөмжинд гэмтэл гарсны улмаас тодорхойгүй хугацаагаар дүгнэлт гаргах боломжгүй байна, шинжилгээ хийх хугацааг сунгаж өгнө үү гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлж байсан ба мөн Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .......... дугаар албан тоотоор анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газарт шүүхийн шинжилгээний ерөнхий газраас ДНХ шинжилгээний лабораторийн генетик анализатор тоног төхөөрөмжинд гэмтэл гарч одоогоор шинжилгээ хийх боломжгүй болсон тухай мэдээллийг хүргүүлж байсан байна.

Мөн шүүхийн шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ......... тоот албан бичгээр БНСУ-ын Койка олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн буцалтгүй тусламжаар тус байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн хүрээнд ДНХ-ийн шинжилгээний генетик анализатор тоног төхөөрөмжийг 2023 оны 07 дугаар сард шинээр суурилуулж шинжилгээ хийхээр төлөвлөж байгааг мэдэгдэж байсан байхад 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн албан тоотоор нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 807 дугаар дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн байна.

Шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 807 дугаар дүгнэлтээр охин М, М нарын эцэг Б.М- байх боломжгүй гэсэн дүгнэлт гарсныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч эвдэрсэн тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийж хүүхдүүдийн эцэг биш гэсэн хууль бус дүгнэлт гаргасан, хоёр хүүхдийн эрх ашигт ноцтой хохирол учруулсан гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзэв.

2023 оны 07 дугаар сард шинэ тоног төхөөрөмж суурилуулахаас наана шинжилгээ хийх боломжгүй гэсэн албан бичгийг 2023 оны 2,4 дүгээр саруудад ШЕЗ-д хүргүүлж байсан атлаа 2023 оны 04 дүгээр сарын 25-нд дүгнэлт гаргаж ирүүлсэн нь хүүхдүүдийн эрх ашигт нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий гол нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт нь эрх бүхий байгуулагуудаас албан бичгээр ирүүлээд байсан хугацаанаас өмнө гарсан нь эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан нэхэмжлэл гардуулсан баримтанд хариуцагч С.Мандахад гардуулав гэсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг анхааруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Т.М-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ Л.А

ШҮҮГЧ С.У