Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1400

 

    “Цогтгарамгай” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04231 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Цогтгарамгай” ХХК-ийн

Хариуцагч “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-д холбогдох

           

Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 627 550 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

 

Бетон зуурмагны өр төлөх тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04231 дүгээр гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Билгүүн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Цогтгарамгай” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, өмгөөлөгч Ц.Батбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Хөх мандал нэртэй орон сууцны хорооллын барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Эс жи кей” ХХК нь “Цогтгарамгай” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу “Цогтгарамгай” ХХК нь 2015 оны 5-7 дугаар сарын хооронд 5 119 м.куб /орчим/ бетон зуурмагийг “Эс жи кей” ХХК-д нийлүүлсэн юм. Гэтэл “Эс жи кей” ХХК нь хүлээн авсан бетоны үнэ төлөх хугацааг хожимдуулж эхэлсэн тул манай компани бетон зуурмаг нийлүүлэхээ зогсоож, өр төлбөрөө шаардаж эхэлсэн. Ингээд, тухайн барилга захиалагч “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-ийн захирал Хятад улсын иргэн Haote, санхүүч Д.Сэндмаа болон “Эс жи кей” ХХК-ийн албаны хүмүүстэй олон удаа уулзаж, нийлүүлсэн бетоны үнийг хэрхэн, яаж төлүүлэх талаар ярилцсан. Уулзалт, ярилцлагын эцэст “Эс жи кей” ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийн төлөгдөөгүй үнэ 550 000 000 төгрөг байгааг тал талаас тооцоо гарган баталгаажуулаад уг мөнгийг “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК өөрөө төлөхөөр зөвшөөрч, бетон зуумрагийн өр төлөх тухай хэлэлцээрийг бичгээр байгуулсан. “Эс жи кей” ХХК-ийн төлөх “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 10-нд 8 000 000 төгрөг, 8 сарын 11-нд 46 000 000 төгрөг, 9 сарын 15-нд 30 000 000 төгрөг тус тус төлсөн. Мөн “Цогтгарамгай” ХХК болон “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 18-нд шинээр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээг бичгээр байгуулахаас өмнө манай тал бетон нийлүүлж эхэлсэн байсан. Ингээд “Цогтгарамгай” ХХК нь М150, М250, М300, М350, М400 маркийн нийт 6 166 метр.куб бетон зуурмагийг нийлүүлсэн бол уг гэрээний дагуу “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 7-нд 5 600 000 төгрөг, 9 дүгээр сарын 01-нд 9 300 000 төгрөг, 9 дүгээр сарын 18-нд эхэлж 450 000 төгрөг, мөн өдөр 93 000 000 төгрөг тус тус төлсөн. Иймд “Цотэ менежмент консалтинг” ХХК нь “Эс жи кей” ХХК-ийн өмнөөс бетон зуумрагийн өр төлөх тухай хэлэлцээрийн дагуу 550 000 000 төгрөг мөн 2015 оны 8 дугаар сарын 18-нд шинээр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэх хэсгийг оруулаад бүгд 627 550 000 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарбаяр, өмгөөлөгч Х.Цогтсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-тай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Хөх мандал орон сууцны хорооллын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг “Эс жи кей” ХХК байгуулсан бөгөөд гэрээнд орон сууцны барилгыг бүрэн гүйцэтгэж, түлхүүрийг хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр байгуулсан. Гэтэл “Эс жи кей” ХХК-ийн гүйцэтгэл удааширч улмаар тус компанитай гэрээ байгуулан ажиллаж байсан гэх хэд хэдэн байгууллагууд манай компаниас өр төлбөр шаардаж эхэлсэн. Нэгэнт тухайн орон сууцны барилгуудыг “Цоте менежмент консалтинг” ХХК захиалсан тул ажлаа үргэлжлүүлэхийг бодолцон нөгөө талаас өр нэхэж ирсэн этгээдүүдийн шахалтад орон тодорхой хэмжээний мөнгийг “Эс жи кей” ХХК-ийн өмнөөс “Цогтгарамгай” ХХК болон бусад этгээдүүдэд төлсөн. Улмаар “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК нь төлбөрийг цаашид төлөх бололцоогүй болсон тул дахин “Эс жи кей” ХХК-ийн өмнөөс төлбөр төлөөгүй. Улмаар “ЦОТЭ менежмент консалтинг” болон “Цогтгарамгай” ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл бүрдээгүй тул манай компаниас шаардах эрхгүй. Ялангуяа, “Эс жи кей” ХХК-ийн өмнөөс төлөх ёстой гэсэн 550 000 000 төгрөгийн шаардлага ямар ч үндэслэлгүй. Мөн “Цогтгарамгай” ХХК нь өөрөө бие даасан харилцаагаар “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-д бетон зуурмаг нийлүүлж байсан бол хүлээлгэн өгсөн, хүлээн авсан байдлыг нотлох баримтаа гаргаад нийлүүлсэн бетоны төлөгдөөгүй гэж байгаа үнийг шаардах боломжтой байтал иймгүй тул Цогт гарамгай ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЦОТЭ менежмент консалтинг” XXK нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр анх “Эс жи кей” ХХК-тай 003 тоот хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж ирсэн. Энэ хамтран ажиллах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай Хөх мандал хотхоны барилгын ажил гүйцэтгэх CHT-ESJIKI-MG-2015 тоот гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу “Эс жи кей” ХХК нь блок тус бүр нь 16 давхар 3-н блок нийт 23 842,92 м.кв барилгын ажлыг суурь, зоорийн давхрын хамт м.кв-ыг нь 2 500 юанийн үнээр барьж гүйцэтгэх ба, манай компанийн зүгээс гүйцэтгэсэн ажлын хөлсийг өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэн нийт 1 677 688 840 төгрөгтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг барилгын ажлын хөлс болгон “Эс жи кей” ХХК-д шилжүүлж байсан. Гэрээний хугацаанд “Эс жи кей” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 10 хүртэл хугацаанд ажилласан бөгөөд үүнд С блокын суурь, зоорь 1-5 давхаруудын төмөр бетон каркас болон арматурын ажлын гүйцэтгэл 100 хувь, D ба Е блокын суурь, зоорь, 1-4 давхаруудын төмөр бетон каркас болон арматурын ажлын гүйцэтгэл 100 хувь, Е блокын 5-н давхарын төмөр бетон каркас болон арматурын ажлын гүйцэтгэл 50 хувьтайгаар, түүнчлэн С блокын суурь, зоорь, 1-5 давхаруудын цахилгааны далд сувагчлалын ажлын гүйцэтгэл 30 хувь, D ба Е блокын суурь, зоорь, 1-4 давхаруудын цахилгааны далд сувагчлалын ажлын гүйцэтгэл 100 хувь, Е блокын 5 давхарын цахилгааны далд сувагчлалын ажлын гүйцэтгэл 50 хувьтайгаар зэрэг ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн байна. “Цоте менежмент консалтинг” ХХК-ийн зүгээс ажлын явц, гүйцэтгэлийн хяналтыг тавих эрхтэй тул ажлын явцыг хянан үзэн зохих төвшинд хүрэхгүй байгаа талаар “Эс жи кей” ХХК-д мэдэгдсэн бөгөөд “Эс жи кей” ХХК цаашид ажлыг гүйцэтгэх хөрөнгөгүйн улмаас ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудлыг тодруулах үүднээс хөрөнгийн үнэлгээний “Итгэлт эстимейт” ХХК-д хандан баригдаж байгаа барилгад орсон материалын зардал, үйл ажиллагааны зардал тоног төхөөрөмжийн зардал зэргийг тогтоолгохоор хандсан. Үнэлгээний байгууллагаас гарсан дүгнэлтэд “Эс жи кей” ХХК-ийн хийсэн ажлын үнэлгээ нь зах зээлийн үнэлгээгээр 1 160 000 000 төгрөг болж байгаа. Үүнээс үзэхэд, “ЦОТЭ менежмент консалтин” XXK нь 1 677 688 840 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байхад “Эс жи кей” ХХК нь 1 160 000 000 төгрөгийн үнэлгээтэй ажил хийсэн нь 517 688 840 төгрөгийн зөрүү үүссэн. Мөн “Эс жи кей” ХХК-ийн өмнөөс түүнтэй гэрээ байгуулан ажиллаж байсан байгууллага, хувь хүнд төлсөн 197 000 000 төгрөгийн өр төлбөрийг төлсөн. Тийм учраас “ЦОТЭ менежмент консалтинг” нь 714 688 840 төгрөг гаргуулах шаардлагатай болоод байна. “Цогтгарамгай” ХХК нь “Эс жи кей” ХХК-тай гэрээ байгуулан нийлүүлсэн бетон зуурмагныхаа үнийг авч чадахгүй байсан учир “Цоте менежмент консалтинг” ХХК-иас төлбөрөө шаардаж эхэлсэн. Олон удаагийн дарамт шахалтын улмаас “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК нь “Цогтгарамгай” ХХК-тай бетон зуурмагийн өрийг төлөх тухай хэлэлцээрийг байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-ийн захирал Наоте нь хэрхэн дарамталж байсан тухай тайлбартаа тодорхой бичсэн. “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Хот /Наоте/ Монгол хэлээр уншиж, бичиж чаддаггүй бөгөөд өр төлөх хэлэлцээрт гарын үсэг зурахдаа хэлэлцээрийн утга, агуулгыг бүрэн гүйцэд ойлгоогүй. Иймд бетон зуурмагийн өрийг төлөх тухай хэлэлцээрийг илт хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Цогтгарамгай” ХХК-ийн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Цогтгарамгай” ХХК нь “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хөх Мандал хорооллын ажилд анх 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгч болох “Эс жи кей” ХХК-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэл нийт 5,119 м.куб /нэгж үнэ 1 м3=160.000₮/ буюу 819 040 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүсэн. “Эс жи кей” ХХК-тай хоёр удаа тооцоо нийлж мөнгө нэхэмжлэхэд тун удахгүй манай захиалагч “Цоте менежмент консалтинг” ХХК-иас мөнгө орж ирнэ гэж хариу өгдөг байсан. Ингээд “Цоте менежмент консалтинг” ХХК-ийн захирал Наотетай уулзахад манай компани гүйцэтгэгч байгуулагадаа мөнгө бүрэн өгөөгүй нь үнэн, та бүхэн түр хүлээж бай, удахгүй БНХАУлсаас манай шинэ хөрөнгө оруулагч ирж байгаа, тэр болтол би бага багаар ч болов төлж байя гэж хэлээд ерөнхий нягтлан, тооцооны нягтлангийн хамт бетон зуурмагийн машинд дагалдах баримтыг нэг бүрчилэн нүдээр үзэж тулгаж тооцоо нийлсэн. Төлбөр тооцооны талаар уулзаж байхад НАОТЕ ямар нэгэн орчуулагчгүйгээр өөрөө Монгол хэлээр харилцаж байсан, Монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог хүн. 2015 оны 8 дугаар сарын дунд үеэр БНХАУлсаас “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-ийн шинэ хөрөнгө оруулагч гэх Yang Wei гэх 3 хятад хүний хамт ирж ерөнхий гүйцэтгэгч болох “Эс жи кей” ХХК-ийн захирал Сү Хай Жун, “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-ийн захирал Наоте нар гурван өдөр хуралдаж, ерөнхий гүйцэтгэгч “Эс жи кей” ХХК-тай гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн. Мөн манай компанид төлөгдөх ёстой төлбөрийг “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК төлөх болно гэж захирал Наоте бидэнд мэдэгдэж, манайхтай өр барагдуулах гэрээ болон үргэлжлүүлэн бетон зуурмаг нийлүүлэх гэрээг “Цоте менежмент консалтинг” ХХК-ийн хуулийн зөвлөх гэх эмэгтэй болон орчуулагч гэх эмэгтэйгээр гэрээ хэлэлцлийг бэлдүүлэн биднийг 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дуудаж гэрээ байгуулахдаа ерөнхий нягтлангаар уншуулж 150 000 000 төгрөг өгч 550 000 000 төгрөгийн үлдэгдэл үлдээж хоёр хувааж өгнө гэж гэрээ байгуулсан. Энэ гэрээг хоёр талын хүсэл зоригоор ямар нэгэн дарамт шахалтгүйгээр байгуулсан. Гэрээ байгуулсанаас хойш манай компаниас нэмж 173 073 000 төгрөгийн бетон зуурмаг авснаас 93 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг НАОТЕ БНХАУлсаас өөрийн биеэр авчирна гэж хэлээд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Г.Билгүүн миний бие хамтран ажилладаг Б.Болортайвангийн хамт төмөр замын төв вокзал дээрээс галт тэргэнд суулгаж өгсөн. Явах хугацаа хүртэл бидний хооронд ямар нэгэн хэрүүл хийж, бие бие рүүгээ дайрч дарамталж байсан зүйл байхгүй байсан. Бетон зуурмагын өрийг төлөх тухай хэлэлцээр хийсэн өмнө болон хойно “Эс жи кей” ХХК-ийн өмнөөс гэж мөнгө төлсөн баримтууд хэрэгт байгаа. Наоте би Монголд 10 жил ажиллаж амьдарч байна, Монгол хэл бичиг, уран зураг их сонирхдог гэж бидэнд ярьдаг байсан. Нэгэнт төлбөрөө төлөхгүй байсан тул бидний зүгээс улсын мөрдөн байцаах газар Наоте-д холбогдуулж, залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан талаар гомдол гаргахад мөрдөн байцаалтын шатанд Наоте Би Монголоор бичиж чадахгүй, уншиж чадна гэж мэдүүлж байсан. Ямар нэгэн айдас, дарамт шахалтын дор бус талуудын оролцоотой, хүсэл зориг илэрхийлсэн үйлдлээр хийсэн гэрээ тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-иас 550 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Цогтгарамгай” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 77 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Цотэ менежмент консалтинг” ХХК-ийн Бетон зуурмагийн өр төлөх тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.4-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Цогтгарамгай” ХХК-иас 2 295 700 төгрөг, хариуцагч “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-иас 2 907 950 төгрөг тус тус гаргуулж, Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсөвт оруулж, хариуцагч “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-иас 2 907 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Цогтгарамгай” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүгчийн 4360 дугаар захирамжийн үйлчлэл нь зохигч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарбаяр, өмгөөлөгч Х.Цогтсайхан нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: “ЦОТЭ менежмент консалтинг”нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр анх “Эс жи кей" ХХК-тай 003 тоот хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж ирсэн. Энэ хамтран ажиллах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай "Хөх мандал" хотхоны барилгын ажил гүйцэтгэх CHT-ESJ1K1-MC-2015 тоот гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэн нийт 1 677 588 840 төгрөгтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг /төгрөг, юань/ барилгын ажлын хөлс эолгон "Эс жи кей" ХХК-д шилжүүлж байсан. Гэрээний хугацаанд "Эс жи кей" ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 10-ны хүртэл хугацаанд ажилласан бөгөөд нийт барилгын 60 хувийг гүйцэтгэсэн болно. “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-ийн зүгээс ажлын явц, гүйцэтгэлийн хяналтыг тавих эрхтэй тул ажлын явцыг хянан үзэн зохих төвшинд хүрэхгүй байгаа талаар “Эс жи кей” ХХК-д мэдэгдсэн бөгөөд “Эс жи кей” ХХК цаашид ажлыг гүйцэтгэх хөрөнгөгүйн улмаас ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон. “ЦОТЭ менежмент консалтинг”нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудлыг тодруулах үүднээс хөрөнгийн үнэлгээний "Итгэлт эстимейт" ХХК-д хандан баригдаж байгаа барилгад орсон материалын зардал, үйл ажиллагааны зардал тоног төхөөрөмжийн зардал зэргийг тогтоолгохоор хандсан. Үнэлгээний байгууллагаас гарсан дугнэлтэд “Эс жи кей” ХХК-ийн хийсэн ажлын үнэлгээ нь зах зээлийн үнэлгээгээр 1 160 000 000 төгрөг болж байгаа. Үүнээс үзэхэд “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК нь 1 677 688 840 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байхад “Эс жи кей” ХХК нь 1 160 000 000 төгрөгийн үнэлгээтэй ажил хийсэн нь 517 688 840 төгрөгийн зөрүү үүссэн. Мөн “Эс жи кей” ХХК-ийн өмнөөс түүнтэй гэрээ байгуулан ажиллаж байсан байгууллага, хувь хүнд төлсөн 197 000 000 төгрөгийн өр төлбөрийг төлсөн. Тийм учраас “ЦОТЭ менежмент консалтинг” нь “Эс жи кей” компаниас 714 688 840 төгрөг нэхэмжилсэн боловч хаягтаа байхгүй, захирал нь олдохгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болоод байгаа юм. “Цогтгарамгай” ХХК нь “Эс жи кей” ХХК-тай гэрээ байгуулан нийлүүлсэн гэх бетон зуурмагныхаа үнийг авч чадахгүй байгаа гэсэн шалтгаанаар “Цоте менежмент консалтинг” ХХК-иас төлбөрөө шаардсан. "Эс жи кей" ХХК-ийн гүйцэтгэл удааширч улмаар тус компанитай гэрээ байгуулан ажиллаж байсан гэх хэд хэдэн байгууллагууд "Цоте менежмент консалтинг" ХХК-иас өр төлбөр шаардсан болно. Нэгэнт тухайн орон сууцны барилгуудыг "Цоте менежмент консалтинг" ХХК захиалсан тул ажлаа үргэлжлүүлэхийг бодолцон нөгөө талаас өр нэхэж ирсэн этгээдүүдийн шахалтад орон тодорхой хэмжээний мөнгийг "Эс жи кей" ХХК-ийн өмнөөс "Цогт гарамгай" ХХК болон бусад этгээдүүдэд төлсөн. Улмаар "Цоте менежмент консалтинг" ХХК нь төлбөрийг цаашид төлөх бололцоогүй болсон тул дахин "Эс жи кей" ХХК-ийн өмнөөс төлбөр төлөөгүй. ... "ЦОТЭ менежмент консалтинг ХХК-ийн захилгаар баригдаж байгаа орон сууцны хорооллын барилгын ажлыг гүйцэтгэгч “Эс жи кей” ХХК-д 2015 оны 5-7 дугаар сарвш хооронд “Цогтгарамгай” ХХК нь бетон зуурмаг нийлүүлсэн үйл баримт байна." гэж дүгнэсэн боловч энэ нь үндсэн баримтаар нотлогдохгүй байгааг анхаарсангүй. Барилгын ажил гүйцэтгэх нь олон тооны стандарт нөхцөлийг шаардсан нарийн төвөгтэй ажиллагаа байдаг. Хэрвээ бетон зуурмаг нийлүүлсэн гэж байгаа бол үндсэн баримт, актаар баталгаажих шаардлагатай. Юуны өмнө нэхэмжлэгч болох “Цогтгарамгай” компани нь өөрөө бетон зуурмаг үйлдвэрлэдэггүй хуулийн этгээд болохыг тэмдэглэж байна. Бусад этгээдээс аваад хүлээлгэн өгсөн гэж үзвэл, бетон зуурмаг бүрийн тухайд ямар тоо хэмжээ болон чанар,стандарт, маркийн болохыг баталсан баримт падаан, хүлээлгэн өгсөн этгээд болон хүлээж авсан хүн, тээврийн хэрэгсэлийн дугаар, түүнийг нь шалгаж баталгаажуулсан, хүлээн авсан компанийн талбайн хяналтын инженерийн гарын үсэг зурсан байх зэрэг нарийн нөхцөлүүдийг шаарддаг. Энэ бүх баримт нь тухайн барилгын талбайд орсон, гарсан цаг минутаар тэмдэглэгдэж баримт үйлдэгддэг. Мөн бетон зуурмаг нь иж бүрэн лабораторийн шинжилгээтэй, худалдан авагч нь талбай дээр дээж авч хяналт шалгалт хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-ийн захирал Наоте нь хэрхэн дарамталж байсан тухай тайлбартаа тодорхой бичсэн. “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Хот /Наоте/ Монгол хэлээр уншиж, бичиж чаддаггүй бөгөөд өр төлөх хэлэлцээрт гарын үсэг зурахдаа хэлэлцээрийн утга, агуулгыг бүрэн гүйцэд ойлгоогүй. Иймд “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК, “Цогтгарамгай” ХХК-ийн хооронд байгуулсан "Бетон зуурмагийн өрийг төлөх тухай хэлэлцээр"-ийг илт хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцож өгөхийг хүссэн нэхэмжлэлээ гаргасан.

“ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-ийн захирал 2015 оны 10 дугаар сарын 27-нд Улсын мөрдөн байцаах газарт тайлбар өгөхдөө "Би Монгол хэлээр уншиж чадна, чадахгүй" гэснийг үндэслэл болгохдоо тэрээр хуучин монгол бичгээр уншдаг, харин үсгнйг мэддэггүй болохыг ялгаж салгасангүй. Түүнчлэн тус гэрээн дээр тухайн үед хөрөнгө оруулах талаар яриа хэлэлцээр хийж байсан БНХАУлсын иргэн Ян Вей мөн гарын үсэг зурсан байдаг. Ян Вей нь компанийн хувьцаа биш болно. Энэ нь тухайн үед бетон зуурмаг нийлүүлэх талаар өөр этгээдүүдтэй “Цогтгарамгай” компанийн захирал Билгүүн нь: "та нар надад өртэй миний мөнгийг өгөөгүй цагтаа өөр бетон авах талаар гэрээ байгуулж болохгүй, зөвхөн надаас авна" гээд дарамталж байсан учир аргагүйн эрхэнд Хот захирал болон Ян Вей нар нь гарын үсэг зурсан. Ян Вей нь Монгол хэлээр уншиж, бичиж чадахгүй, ойлгодоггүй. Тийм учраас өр төлөх хэлэлцээрт гарын үсэг зурахдаа хэлэлцээрийн утга агуулгыг бүрэн гүйцэд ойлгоогүй. Түүгээр барахгүй тус хэлэлцээрт гарын үсэг зурсан  Ян Вейг хариуцагчаар татаж, тайлбар аваагүй атлаа бүх төлбөрийг “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-д хариуцууллаа. Ийнхүү шүүх олон зуун сая төгрөгийн төлбөрийн асуудлыг туйлын өнгөц судалж дүгнэн үндсэн нотлох баримтгүйгээр гадаадын хөрөнгө оруулалттай компанийг их хэмжээний өрөнд оруулах шийдвэр гаргалаа. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

          Нэхэмжлэгч “Цогтгарамгай” ХХК нь хариуцагч “ЦОТЭ менежмент консалтинг” ХХК-д холбогдуулан бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 627 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “бетон зуурмагийн өрийг төлөх тухай хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээ”  /хх-9х/-г нотлох баримтаар үнэлж,  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэхээр заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Хэргийн 8, 9-13, 14-25, 42, 69-72, 101-104 талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримт нь эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй болно.

 

Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны агуулгыг зөв тодорхойлж чадаагүйгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлийн талаар хуульд нийцүүлэн дүгнэлт хийхгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. 

 

Нэхэмжлэгч “Цогтгарамгай” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан хуулиар тогтоосон шаардлага хангаагүй нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт талуудын хоорондын эрх зүйн харилцааны талаар дүгнэлт хийх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэх баримт байхгүй, харин өөр компаний худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүргийн талаар өр төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн гэж тайлбарласныг тодруулах шаардлагатай.

 

Хариуцагч компани нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн гуравдагч этгээдийн эрх, үүргийг шилжүүлэн авсан бол эрх нь мөн адил шилжих ёстой.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04231 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 907 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                        Д.БАЙГАЛМАА