Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Батчимэг |
Хэргийн индекс | 121/2017/0001/з |
Дугаар | 07 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийн
Нэхэмжлэгч: “Чинтөгс” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох
“Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дугаартай “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-ийн захирал Б.Базарсад, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дугаартай “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох.
Нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-ийн төлөөлөгч, захирал Б.Базарсад шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өвөрхангай аймгийн Уянга сумын 3, 7 дугаар багийн нутаг болох Цэцэнгийн ам, Дойтын бэл, Бага өлтийн ам гэдэг газарт ашигт малтмалын 10335Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл аваад хайгуулын ажил явуулах гэхэд дээрхи иргэдийн хурлын тогтоолыг үндэслэн нутгийн иргэд, 3 дугаар багийн Засаг дарга Байгаль орчны хяналтын байцаагч, сумын цагдаагийн албан хаагч нар удаа дараалан хориглож хойшлуулж өрөмдлөг, шурф, дээж авах ажлыг 2007 оноос одоог хүртэл хийлгэсэнгүй. Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог манай компанид ирүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/1428 тоот албан мэдэгдэлд "Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 08.01 тоот "Сумын орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай" тогтоол нь хуульд нийцэхгүй байгаа талаар манай компанид болон Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн үед мэдэгдсэн байдаг. Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан тушаалтнууд дээрх албан мэдэгдлийн хариуг өгөөгүй ба үл тоож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр болон орон нутагт бидний баримтлах гол захиргааны акт гэж хэлж манай хайгуулын ажлыг хийлгэхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж гомдол гаргаж байна. ... “Чинтөгс” ХХК”-ийн тусгай зөвшөөрөлтэй 4843.62 га газар нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дээр ...“Асгатын дархад” гэж нэрлэсэн болохоос биш Уянга сумын 3, 7 дугаар багийн нутаг Цэцэнгийн ам, Даянгийн ам, Дойтын бэл, Бага өлт гэх газрууд бүхэлдээ багтаж байгаа. “Асгатын Дархад” гэх газар нь уг нь “Асгат”, “Дархад” гэсэн 2 өөр газар юм билээ....Манай газарт Зүүнбаян-Улаан сумын зарим газар ордог. Энэ нэрлэсэн газруудаас ... Цэцэнгийн ам, Даянгийн ам, Дойтын бэл, Бага өлт гэдэг газрууд Зүүнбаян-Улаан сумын газарт ороогүй ...бүгд Уянга сумынхаа 3 дугаар багийн газар нутаг ордог. Асгатын дархад, Бага өлт нь 7 дугаар багт ордог. ...энэ маргаан бүхий захиргааны акт “Чинтөгс” ХХК-ийн ашигт малтмал хайгуул хийх эрхийг ...лицензид заасан талбайн хэмжээгээр ... хөндөж байна гэж ойлгож байна. Чинтөгс” ХХК нь 2007 онд Ренчин гэдэг захиралтай байсан. Би 2011 онд “Чинтөгс” ХХК-ийг авсан ... 2011 онд “Чинтөгс” ХХК-ийг авахад Ренчин гэдэг хүн тусгай зөвшөөрөл болон нөхөх олговрын талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар эрх нь шилжих юм бол тухайн сум орон нутагтай зөвшилцөж нөхөн олговрыг олгох ёстой юм билээ ...гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Яагаад илт хууль бус болохыг тогтоолгох гэж байна гэхээр аливаа байгууллагын гаргасан шийдвэр эрх бүхий байгууллагад бүртгэгдэж, хариу мэдээллээ авч албажих ёстой. Хариуцагч болохоор бид Ашигт малтмалын газарт бүх бичиг баримтаа явуулсан. Манай дарга хүртэл албан томилолтоор явсан. Томилолт нь энэ байна гэж сая нэмэлт нотлох баримтаар өгч байна. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Энэ бол нотлох баримт болж чадна. Харин энэ бүгдийн үр дүнд ийм хариу өгсөн байна гэдэг нь алга байна. Хариуцагчийн төлөөлөгч бодит байдал ийм байхад хүчин төгөлдөр гэж хэлж байгаа нь ойлгомжгүй байна. Яагаад гэвэл Ашигт малтмалын газар ... Солбицол нь тохирохгүй байгаа учраас лавлагаа хүссэн. Үүний хариуг өгөөгүй. Ийм болохоор Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоолуудыг илт хууль бус гэж бид үзэж байгаа юм. Энэ тусгай зөвшөөрөлтэй газар нь өөрөө 2005 оны лицензтэй байдаг. 2007 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоол гаргаад тэрнээс нь сүүлд авсан зүйл биш. Аливаа байгууллага хайгуулын болон лицензийн зөвшөөрөлтэй байсан ч түүнийг цуцлаж болно. Түүнийг эзэмшиж байсан хүнд хууль ёсны нөхөн олговор олгож, тохиролцдог. Тэр өнөөдөр байхгүй байна. ...Хамгийн гол нь солбицлыг тогтоодог, бүртгэдэг, ашиглалтын болон хайгуулын газрын зөвшөөрөл олгодог газар нь Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал биш юм. Ийм байхад зөвшөөрлийг өгөхгүй байгаа нь илт хууль бус ажиллагаа юм. ...Иймд Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоолуудыг илт хууль бусад тооцуулахыг хүсч байна. ...хайгуулын лицензийг цуцлаагүй... Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоол илт хууль бус байгаа нь энэ баримтаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг шүүхээс хүсч байна... нэхэмжлэгчийн нэрлэсэн газрууд “Чинтөгс” ХХК-ийн XV010335X дугаарын тусгай зөвшөөрөлтэй “Асгатын дархад” гэдэг газарт бүгд ордог. Эдгээр газрууд нь бүхлээрээ орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт орсон. ... Хариуцагчийн тайлбарлаж байгаа бол үнэн. ...“Чинтөгс” ХХК нь яагаад энэ нэхэмжлэлийг гаргаад байна вэ? гэдэг дээр нэг зүйлийг бодох ёстой. Ямар компани байхаас үл хамаарч тусгай зөвшөөрөлтэй газрыг буцаан авах гэж байгаа бол нөхөн олговрыг шийдэх ёстой. Үүнийг шийдээгүй учраас нэхэмжлэгч өнөөдөр хохирч байгаа. Лицензийн төлбөр гэж жилд 45880000 төгрөг төлж байна. ...100 га болон 1 га газар эзэмшиж байсан ч ижил тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг шууд тусгай хэрэгцээнд авч болохгүй. Газар нутгаа хамгаалж байгаа Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг буруу гэж хэлээгүй ...“ гэв.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганбат шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын ...хайгуулын 10335x тусгай зөвшөөрөл бүхий тус сумын 3 дугаар багийн нутаг Цэцэн, Даян хэмээх газрыг 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08/01 тогтоолоор Сумын тусгай хэрэгцээнд авсан болохыг тодорхойлов. Энэ тогтоол одоо хүчин төгөлдөр байгаа болно. “Чинтөгс” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн танайд хүргүүлсэн нэхэмжлэлд заасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэдэгдэлд хариу ирүүлээгүй гэсэн заалт нь тухайн үеийн ажил хариуцаж байсан албан тушаалтнуудтай холбоотой гэсэн дүгнэлт өгч байна... Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоол гараад Ашигт малтмалын газрын Кадастрын албанд очиж бүртгэгдсэн байх ёстой гэж хэллээ. Энэ бол үнэн. Тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь өөрийн биеэр очоод бүртгүүлсэн юм билээ. Тэгэхэд бүртгэлээ гэж хэлсэн байсан. Ингээд бүртгүүлсэн нь ойлгомжтой болсон. Солбицлын тухайд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст бүртгэгдсэн байгаа болохоор маргаангүй байгаа гэж бодож байна... Тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрийн биеэр очиж үзэхэд бүртгэгдсэн байна гэж хэлсэн гэсэн. Ашигт малтмалын газраас ирүүлсэн гэх албан бичгийг ирсэн, авсныг би сайн мэдэхгүй байгаа. Манай сумын архивт бол байхгүй байсан ... Эвлэрэхгүй гээд ...байх зүйл байхгүй. “Чинтөгс” ХХК-ийн лицензийг тусгай хамгаалалтанд авсан байх үеийн лиценз гэж ойлгоод байгаа. Тухайн үеийн хүмүүс сум оронд яагаад тусгай зөвшөөрлийнхөө талаар мэдэгдээгүй юм бэ? гэж бодож байна. ... 2007 онд тусгай зөвшөөрөлтэй газар Өлтөд байсан. Үүнийг бид нар авсан. Хуульд заасан ч “Чинтөгс” ХХК-ийг ажиллуулахгүй гэсэн зүйл байхгүй. ... Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийг оролцуулан “Чинтөгс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газрыг тусгай хэрэгцээний газраас хасах, нөхөх олговортойгоор буцаан авах эсэх асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжтой. Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын том хурлаар батлан гаргасан тул би тогтоолд өөрчлөлт оруулах буюу бусад шийдвэрийг ганцаарчлан гаргах боломжгүй юм. Иймд төлөөлөгчдөө оролцуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа хуралдуулж байж шийдэх асуудал.
Би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2017 оны 04 дүгээр сардаа багтааж хуралдуулна. Би том хурлаа хуралдуулж тэнд энэ асуудлыг болох талаас нь ярих болно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Энэ шүүх хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан эсэх, энэ захиргааны акт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмалын хайгуул хийх эрхийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар: Нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-ийн илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох[1]-ыг хүссэн 08/01 дүгээр тогтоолыг Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-14.4 дэх заалтуудад хүн, хуулийн этгээд нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан бол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт тус тус зааснаар “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар зохицуулжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоолын нэг[2]-д “Уянга сумын нутаг дэвсгэрээс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоогүй /2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар “Эрэл” ХХК-ийн Өвөр өлтийн бүлэг орд, Өвөр бүрэгтэйн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бусад/ газрыг бүхэлд нь сумын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсүгэй” гэжээ.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.к-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг ...сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж тус тус зааснаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхтэй.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судалж үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшлийн XV-010335X дугаарын тусгай зөвшөөрөлтэй 4843.62 га талбай бүхий газар нь Өвөрхангай аймгийн Уянга сумын зүүн хэсэг болон Зүүнбаян-Улаан сумын нутгийн баруун хэсэгт дамнан /үргэлжлэн/ байрладаг болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7/864 дүгээр албан бичигт хавсарган ирүүлсэн “Ашигт малтмалын кадастрын тойм зураг”[3]-аар тогтоогдож байна.
Мөн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас XV-010335X дугаарын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг[4] олгосон хугацааг шалгаж үзэхэд уг тусгай зөвшөөрлийг анх 2005 онд Батжаргалын Мөнхнасанд олгож, 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Тодбум” ХХК-д, 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Чинтөгс” ХХК-д тус тус шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэсэн байна. Тодруулбал: XV-010335 дугаарын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг анхны эзэмшигч Б.Мөнхнасанд уг тусгай зөвшөөрлийг олгосон 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолох бөгөөд энэхүү хугацаа 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаагаар нийт 3 дахь удаагаа сунгагдаж тасралтгүйгээр үргэлжилжээ.
Тиймээс нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-ийн эзэмшлийн XV-010335 дугаарын тусгай зөвшөөрөл нь Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоол батлагдан гарахаас өмнө олгогдсон, одоо хүчин төгөлдөр болох нь гэрчилгээний нэгдүгээр хавсралт дахь “1. Анх ӨВ5231306 тоот иргэний үнэмлэхтэй Батжаргалын Мөнхнасанд олгов. 2005-08-24” гэх тэмдэглэгээ болон бусад өөрчлөлтийн тэмдэглэгээнүүд, тэдгээрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-ын албан бичгүүд[5] болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга /мөн хуучин нэрээр/-ын 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 340 дүгээр шийдвэр[6], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0013 дугаарын магадлал[7] зэргээр тус тус нотлогдож байна.
Маргааны үйл баримтыг хянаж үзэхэд хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаар хуралдаанаараа хэлэлцэн баталсан “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” 08/01 дүгээр тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан газарт нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК /энэхүү тогтоолыг гаргах үед XV-010335 дугаарын тусгай зөвшөөрлийг “Тодбум” ХХК эзэмшиж байсан/-ийн ашигт малтмалын хайгуулын XV-010335X дугаарын тусгай зөвшөөрөлтэй 4843.62 га талбай бүхий газраас Уянга сумын 3, 7 дугаар багт байрлах газар нь бүхэлдээ орсон болох нь нэхэмжлэгчийн “...манай компанийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дээр “Асгатын Дархад” гэж нэрлэсэн болохоос биш Уянга сумын 3, 7 дугаар багийн нутаг болох Цэцэнгийн ам, Даянгийн ам, Бага Өлт, Дойтын бэл гэх газрууд бүхэлдээ багтаж байгаа...” гэх тайлбар болон хариуцагчийн “...нэхэмжлэгчийн хэлсэн газрууд бүгд сумын тусгай хэрэгцээнд авсан газарт орсон...” гэх тайлбар[8], “Чинтөгс” ХХК-ийн XV-010335Х дугаарын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газрын кадастрын зураг зэргээр нотлогдож байна.
Хариуцагч нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т тус тус зааснаар өөрийн сумын харъяалах газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрхтэй ч ингэж гаргаж буй шийдвэр нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх учиртай.
Гэтэл Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т зааснаар шийдвэр гаргахдаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авах гэж байгаа газруудад ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсон эсэхийг судалж үзэлгүйгээр 2007 оны 08/01 дүгээр тогтоолоо гаргасны улмаас “Тодбум” ХХК[9]-ийн ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ. Ингэснээр уг захиргааны акт нь “Тодбум” ХХК-ийн ашигт малтмал хайх эрхийг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт болсон байна. Улмаар “Чинтөгс” ХХК нь дээрх тусгай зөвшөөрлийг “Тодбум” ХХК-аас шилжүүлэн авснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж эхэлжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгохыг заасан.
Маргаан бүхий захиргааны акт болох Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч буй газруудын солбицлын цэгүүдийг, гуравдугаар хавсралтаар тухайн газруудыг оноосон нэрээр нь жагсаан баталжээ. Хэргийн оролцогчид нь энэхүү нэгдүгээр хавсралтаар батлагдсан газрын солбицлыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хариуцан хөтөлдөг тусгай зөвшөөрлийн газрын болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгүүлсэн эсэхээс шалтгаалан уг тогтоол нь илт хууль бус захиргааны акт болох эсэх талаар мэтгэлцэж байна.
Энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг харахад Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2007 оны 08/01 дүгээр тогтоолыг батлан гаргаснаас хойш ажлын 10 хоногт багтаан тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр, уг газрын бүх булангийн цэгийн солбицлууд, тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго, тусгай хэрэгцээнд байлгах хугацааны талаарх мэдээллийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд хариуцагч нь 08/01 дүгээр тогтоолыг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04/16 дугаарын “Сумын тусгай хэрэгцээнд авсан газрын тухай” албан бичгээр хүргүүлснийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/ 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч бүртгэсэн болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7/864 дүгээр албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн “Ирсэн бичгийн бүртгэлийн карт” зэргээр нотлогдож байна. Харин Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсээс 08/01 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан газрын булангийн цэгийн солбицлууд нь зөрүүтэй байгааг залруулж ирүүлэхийг Уянга сумын Засаг даргад мэдэгдэж байсан талаараа Ашигт малтмалын газраас “Чинтөгс” ХХК-нд хаягласан 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/1428 дугаарын албан бичигт тэмдэглэжээ.
Тиймээс 2007 оны 08/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудын солбицол нь бүхэлдээ болон хэсэгчлэн зөрчилтэй байсан эсэх, хэсэгчлэн зөрчилтэй бол нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газарт оруулснаас үүссэн эсэх зэргийг тодруулах шаардлагатай байна.
Гэвч шүүх дээр дурьдсан ажиллагааг хийж хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн боловч нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.
Нөгөө талаар 08/01 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан тусгай хэрэгцээний газруудын солбицлын цэгүүд нь алдаатай буюу зөрчилтэй байгаа нь уг тогтоолыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй юм. Учир нь: Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө буюу эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй. Тиймээс хариуцагч нь маргаан бүхий акт болох 2007 оны 08/01 дүгээр тогтоолынхоо нэгдүгээр хавсралтаар баталсан газруудын булангийн цэгүүдийн солбицлын алдаа буюу зөрчлийг зөвтгөн шинээр батлан гаргах замаар залруулах боломжтой бөгөөд ингэж залруулахдаа нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал хайх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь сэргээсэн шийдвэр гаргах үүрэгтэй.
Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийгн 48.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.4-т тус тус зааснаар хариуцагч нь маргаан бүхий 08/01 дүгээр тогтоолдоо нэхэмжлэгч компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгагдсан 4843.62 га газраас Уянга сумын газар нутагт харъяалах хэсгийг хүчингүй болгож орон нутгийн тусгай хэрэгцээнээс хасах тухай өөрчлөлт оруулах, эсхүл Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт зааснаар “Чинтөгс” ХХК-тай тохиролцсоны үндсэн дээр тус компанийн эзэмшлийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай шийдвэрүүдийн аль нэгийг нь гаргах боломжийг хууль тогтоогч олгожээ.
Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 08/01 дугаарын тогтоолыг гаргахдаа тусгай хэрэгцээнд авсан газрынхаа булангийн цэгийн солбицлуудыг зөрүүтэй гаргаснаас болж тусгай хэрэгцээнд авсан газрын хэмжээ зааг алдаатай болсон, ашигт матмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Чинтөгс” ХХК газар уг газарт орсон байхад энэ тухай судлаж мэдэгдээгүй зэргээр Монгол улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох;”,
20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэсэн заалтууд зарим талаар зөрчигдсөн гэдгийг ойлгож, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан газраас “Чинтөгс” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт холбогдох хэсгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дахин хэлэлцүүлэх замаар нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлэх боломжтой эсэхийг судлан шийдвэрлэх талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Тиймээс шүүхээс Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус сумын орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрынхаа талаар дахин шинэ акт гаргатал мөн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” 08/01 дүгээр тогтоолыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нь шүүхээс тогтоосон энэхүү хоёр сарын хугацаанд 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан маргаан бүхий 08/01 дүгээр тогтоолд заасан тусгай хэрэгцээнд авах газруудаа сайтар судлан үзэж /уг тогтоолын нэг болон гуравдугаар хавсралтаар баталсан газрын нэр болон тухайн газруудын булангийн цэгийн солбицлуудыг зөвтгөн/ шинэ акт гаргах үүрэгтэй бөгөөд хэрэв энэ үүргээ биелүүлж шинээр захиргааны акт гаргаагүй тохиолдолд шүүх дээрх 08/01 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.4-т заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус сумын орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрынхаа талаар дахин шинэ акт гаргах хүртэл мөн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” 08/01 дүгээр тогтоолыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газруудаа сайтар судлан үзэж дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүх тус Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан 08/01 дүгээр “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
[1] Хэргийн 1-2 дугаар хуудас. Нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргасан.
[2] Хэргийн 17-22 дугаар хуудас. Маргаан бүхий захиргааны акт болох Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоолын нэг дэх заалт.
[3] Хэргийн 77 дугаар хуудас
[4] Хэргийн 41-47 дугаар хуудас “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-010335Х дугаарын гэрчилгээ, түүний хавсралт.
[5] Хэргийн 83-88 дугаар хуудас. 2005 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7-6704, 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7-56, 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 7-5818, Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 7-5791, 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 6-4766, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 6-4692 дугаарын албан бичгүүд
[6] Хэргийн 89 дүгээр хуудас
[7] Хэргийн 59-64 дүгээр хуудас
[8] Хэргийн 2-3 дугаар хуудас. Шүүх хуралдааны тэмдэглэлээс.
[9] “Тодбум” ХХК нь 08/01 дугаарын тогтоол гарах үед XV-010335 дугаарын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан.