Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2018/0786/З |
Дугаар | 221/МА2019/0322 |
Огноо | 2019-06-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2019/0322
2019 оны 06 сарын 06 өдөр | Дугаар221/МА2019/0322 | Улаанбаатар хот |
Т.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0152 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Г-н нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0152 дугаар шийдвэрээр: “Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Төрийн албаны тухай хуулийн (2002 оны) 39 дүгээр зүйлийн 39.1, 39.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Г-н гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолыг биелүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааг ажилласан хугацаанд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...намайг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргаар томилон ажиллуулж байгаад тус зөвлөлийн 2015 оны 49 дүгээр тогтоолоор уг албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулсан болохоос иргэний хэргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн албан тушаалд сахилгын шийтгэл оноогоогүй. Дээрх 49 дүгээр тогтоолыг л Төрийн албаны зөвлөл хүчингүй болгосон. Үүний дагуу Төрийн албаны тухай хуульд заасанчлан Шүүхийн ерөнхий зөвлөл нь Т.Г намайг Хархорин сумын шүүхийн тамгын газрын даргаар эгүүлэн томилох үүрэгтэй. Мөн миний өмнө эрхэлж байсан албан тушаал маань өөрчлөгдөж, хасагдаагүй, хэвээр байхад өөр албан тушаалд томилох боломжгүй гэж үзэж байна.
Харин би дээрх эвлэрүүлэн зуучлагчаар ажилласан шалтгаан маань Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Сийн санал болгосноор “уг ажлыг түрдээ хийж л бай, аяндаа чамайг ажиллаж байтал чинь тамгын газрын даргын өөр орон тоо гарвал түүнд томилж болно ш дээ, цалин мөнгийг чинь тодорхой хэмжээгээр шийдвэрлэж өгнө, гэхдээ төсөв санхүү одоохондоо байхгүй байна, өнөө маргаашдаа чи ажилгүй байгаа юм чинь энд дотроо ороод түр ажиллаж бай” гэх мэт намайг хууран мэхэлж хэлсэн үгэнд нь итгэж түр эвлэрүүлэн зуучлагч хийхээр шийдсэн байсан ба мөн тухайн захиргааны гүйцэтгэх ажиллагаанаас ч татгалзсан бичгийг Ж.С дарга дээрх байдлаар хуурч мэхэлж бичүүлж, гарын үсэг зуруулсан.
...Мөн эвлэрүүлэн зуучлагчаар томилогдоод ажиллаж байх хугацаандаа цалингийн асуудлаа, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн асуудлыг маань шийдвэрлэж өгөхгүй болохоор нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лид дахин 2018 оны 06 дугаар сард өргөдөл гарсан боловч тэд амласандаа хүрээгүй. Тухайн үед Ж.С дарга энэхүү өргөдлийн дагуу намайг өрөөндөө дуудаж уулзсан ба надад бүтэн цалин олгох боломжгүй, шүүхийн шийдвэр байхгүй болохоор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй байна. Гэхдээ би зөвлөлийн сургалтын зардлаас 2 сая төгрөг олгоё. Чи бодож үзээч гэж хэлсэн. Би зөвшөөрөөгүй. Харин энэ тухай болон зарим зүйлд гэрч Ж.С шүүхэд ингэж хэлээгүй гэж мэдүүлэгтээ үгүйсгэсэнд харамсаж байна.
...Иймээс Т.Г намайг эвлэрүүлэн зуучлагчаар томилсон нь Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 23 дугаар тогтоолыг Шүүхийн ерөнхий зөвлөл биелүүлсэн гэж үзэхгүй байна.
...Мөн шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч болон гэрчийн мэдүүлгүүд хоорондоо илт зөрүүтэй байх ба...Т.Гд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох үүрэг хүлээсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.. Гэтэл Төрийн албаны зөвлөл нь Т.Г-н гаргасан гомдлыг хянан үзээд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 49 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож шийдвэрлэхийг тус зөвлөлд уламжилсугай” гэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасантай нийцэхгүй байна... Түүнээс гадна шүүхээс маргаан бүхий акт, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон бол түүний үр дагаврыг арилгах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг захиргааны байгууллагаас гаргуулах боломжтой...” гэжээ.
...Иймд би дээрх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.06-ны өдрийн №128/ШШ2019/0152 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянахад түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Т.Гг захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэсэн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалаас халсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож шийдвэрлэхийг тус Зөвлөлд уламжилж шийдвэрлэсэн байна.
Үүнтэй холбогдуулж нэхэмжлэгчээс “Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолыг биелүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааг ажилласан хугацаанд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй” гэдгийг иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан байхыг ойлгохоор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд шүүхээс эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгахаар тус тус зохицуулсан.
Тухайн тохиолдолд, нэхэмжлэгчээс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “миний бие Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу ажлын байраар хангагдах эрхтэй тул ...орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байранд томилж өгнө үү” гэх хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан бөгөөд уг хүсэлтийн дагуу түүнийг тус зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор орон тооны эвлэрүүлэн зуучлагчаар сонгон бүртгэж, улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Т.Гг эвлэрүүлэн зуучлагчийн албан тушаалд томилсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Эндээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолын биелэлттэй холбоотой өөрийнх нь хүсэлтийн дагуу, эрх хэмжээнийхээр хүрээнд түүнийг ажлын байраар хангаж ажиллуулсан байх тул уг тогтоолыг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгч Т.Г нь эвлэрүүлэн зуучлагчийн албан тушаалд томилогдон ажилласан энэ тохиолдолд түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг биелүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН