| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0053/э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 50
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Г.Э-д холбогдох 1921000000034 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарайд овогт Г.Э.
Шүүгдэгч Г.Э нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг “Хөдөлмөр” гэх газарт гэртээ эхнэр М.М-ийг зодож, “зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, баруун нүдний дээд зовхи, баруун бугалга, зүүн гуяны цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эхнэрээ зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.
Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр үед нэлээн согтуу байсан. Нөхөр Г.Эод “намайг найзуудтай минь цуг явуулсангүй” гээд уурласан. Нөхөр маань миний зүүн чих рүү үгийн зөрүүгүй алгадсан ба би тэгэхэд жижиг модон сандал дээр баруун талаараа унаж ойчсон. Надад учирсан 100.000 төгрөгийн хохирлыг манай нөхөр барагдуулсан. Би нөхөртөө зодуулсан боловч одоо нөхөртэйгээ эвлэрсэн...” гэжээ. /хх-ийн 08-11, 32 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 80 тоот дүгнэлтэд
1. М.М-ийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, баруун нүдний дээд зовхи, баруун бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгч М.Мийн ямар байрлалд байхад нь үүссэнийг тогтоох боломжгүй.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 19 тал/
- Г.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Шарайд овогт Г.Э нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Хөдөлмөр” гэх газарт гэртээ эхнэр М.М-ийг зодож, түүний биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, баруун нүдний дээд зовхи, баруун бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...миний уур хүрээд эхнэрийнхээ зүүн хацар луу нь баруун гараараа нэг удаа алгадсан...“ гэх мэдүүлэг, хохирогч М.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 80 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Г.Э нь хохирогч М.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь “нөхөр Г.Э бид хоёр сайн дураар эвлэрсэн, надад гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Э-ын .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарайд овогт Г.Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Э-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ