Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 46

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Д.Э-д холбогдох 1821006660023 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 4 дүгээр баг “...” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарайд овогт Д.Э.

 

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багийн “Хүрээ” гэх газарт “Ланд круйзер-200” маркийн “....” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан  “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн И.Ү-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/        

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Цагаан-Овоо сум руу явж байгаад осол гаргасан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Миний буруу, прокуророос санал болгож буй ялыг зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч И.Ү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Сумын төвөөс гараад жолооч ах архи уучихсан учраас Д.Э машиныг нь бариад Дашбалбар сум руу явсан юм. Ингээд сумын төвөөс зүүн хойд зүгт хол явалгүй би зүүрмэглээд явж байсан юм. Тэгсэн гэнэт машинаас намайг татаж гаргаж байсан бөгөөд машин хажуу талаараа харчихсан байсан. Араас манай нөхөр Мягмардорж машинтай явж байсан учраас намайг аваад шууд Цагаан-Овоо сумын эмнэлэгт хүргэж өгсөн юм. Тухайн үед миний толгойны духны зүүн хэсэгт маш их хавдаж товойсон бөгөөд эмнэлэгт ирээд хүзүү, нуруугаар өвдөж хөдлөх боломжгүй болж, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд БОЭТ-д хүргэгдэн ирж эмчилгээ хийлгэж эхэлсэн юм. КТГ-ын зураг авахуулахад хүзүүний сэртэн ясны 7-р үе хугарсан, зөөлөн эдийн бяцралтай байна гэсэн онош тавьсан юм. Надад  гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 20-21 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Д.Э миний машины хохирлыг барагдуулах талаар бид хоёр хоорондоо тохиролцсон болохоор надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би машинаа Улаанбаатар хотод аваачиж зарчихсан юм гэжээ. /хх-ийн 24 тал/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-16 тал/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25 тал/

Иргэний нэхэмжлэгч П.Доржхандын мэдүүлэг /хх-ийн 28 тал/

Иргэний нэхэмжлэгч Ц.Цэцэгдэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 31 тал/

Иргэний нэхэмжлэгч И.Ариунболдын мэдүүлэг /хх-ийн 34 тал/

Гэрч Д.Э-гийн мэдүүлэг /хх-ийн 35 тал/

Гэрч Г.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 38 тал/

Гэрч Н.Ариунжаргалын мэдүүлэг /хх-ийн 45 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 855 тоот дүгнэлт /хх-ийн 55 тал/

     Техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаар дүгнэлт /хх-ийн 47 тал/

Д.Э-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 89 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хүрээ” гэх газарт “Toyota Land cruizer-200” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан  “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас хохирогч И.Ү-гийн биед хүзүүний 7-р нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...машин гэнэт зүүн талруугаа шаравсан учраас буцааж жолооны хүрдийг эргүүлсэн боловч дийлдэхгүй онхолдож хажуугаараа унасан. Үүрийнтуяагийн эмчилгээний зардалд 2 сая төгрөг дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч И.Ү, иргэний нэхэмжлэгч Г.Гантөмөр, П.Доржханд, Ц.Цэцэгдэлгэр, И.Ариунболд, гэрч Д.Э, Г.Гантөмөр, Н.Ариунжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 855 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаар дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Э-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах санал гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч И.Ү-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч И.Ү-д 2 сая төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Э-гийн .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарайд овогт Д.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Э-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ