Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 207/ма2023/00075

 

2023 08 31 207/МА2023/00075

 

 

Г ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.А-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уг даргалж, Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15.623.581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж-а /цахим/, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай хоршоо 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хоршооны гишүүн Ц.Т, түүний бэр охин Б.А- нарын хүсэлтээр 7.000.000 /долоон сая/ төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс Ц.Тын өмчлөлийн О аймаг Б сум Э баг ..... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-210............ дугаарт бүртгэгдсэн 798 м.кв газар, түүн дээр орших 36 мкв улсын бүртгэлийн Ү-210........... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээ байгуулан, уг гэрээг наториатаар батлуулан ҮХЭХ-г улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаалсан юм. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 1.677.320 /нэг сая зургаан зуун далан долоон мянган гурван зуун хорин/ төгрөг, зээлийн хүүнд 4.522.680 /дөрвөн сая таван зуун хорин хоёр мянга зургаан зуун наян/ төгрөг төлсөн. Зээл төлөх графикийн дагуу зээл, зээлийн хүүг тогтсон хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлэн, гэрээний үүргээ одоо болтол биелүүлээгүй бөгөөд 2020 оны 08 дугаар сараас хойш төлөлт огт хийгдээгүй. Энэ хугацаанд хоршооны зүгээс гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа сануулж, шаардаж утсаар ярьж байсан. Ц.Тын хувьд энэ зээлийг Б.А- авсан, тэр төлнө гэж ярьж, түүнд зээлээ төлөх талаар хэлдэг байсан. Эдгээр шаардлага үр дүнд хүрээгүй тул 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан. Дахин 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд өгсөн боловч хариуцагчийг хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр буцаасан. 2022 оны 11 дүгээр сард дахин нэхэмжлэл өгсөн. Энэ үед хариуцагч Ц.Т нас барсныг мэдэгдсэн ба шүүхэд хэрэг үүсгэсний дараа мэдсэн. Шүүхэд хүсэлт гаргаж Ц.Тын хууль ёсны өвлөгчөөр хүн тогтоогдоогүй талаар лавлагааг нотариатын танхимаас авсан. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1210...тоот зээлийн гэрээнд Ц.Т, Б.А- нар хамтдаа үүрэг хүлээж гэрээ байгуулан зээлийг авч байсан. Иймд одоо зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5.322.680 /таван сая гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун наян/ төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 8.584.084 /найман сая таван зуун наян дөрвөн мянга наян дөрвөн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.716.817 /нэг сая долоон зуун арван зургаан мянга найман зуун арван долоон/ төгрөг, нийт 15.623.581 /арван таван сая зургаан зуун хорин гурван мянга таван зуун наян нэгэн/ төгрөгийг Б.А-гаас гаргуулж өгнө үү. Тус хоршоо гишүүдийн хадгаламжийг татан төвлөрүүлж зээл гаргадаг бөгөөд татан төвлөрүүлсэн хадгаламжийн хүүний зардал гаргадаг гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

О аймаг Г ХЗХ-ны нэхэмжилж буй 15.623.581 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Илүү дэлгэрэнгүй тайлбарыг өмгөөлөгчийн хамт шүүх хурал дээр тайлбар хийгдэнэ гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.А-гаас 7.811.790 төгрөг гаргуулан Г ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс 7.811.790 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236.068 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гаас улсын тэмдэгтийн хураамжаар 139.939 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж-а шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2023/..... тоот шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч миний бие энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамаарах Иргэний хуулийн зохицуулалтыг илтэд буруу тайлбарлаж хэрэглэхийн зэрэгцээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Юун түрүүнд, хариуцагч талаас нэхэмжлэлийн буюу гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусан хэмээн огтоос маргаагүй, харин нэхэмжлэгчийн зээлийн тооцоолол (үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү) нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж заасныг зөрчсөн хэмээн тайлбарласан ба энэ талаарх тооцооллоо ч шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх эдгээр үйл баримтад огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, үүнийг хэрхэн яаж няцаасан талаар шүүхийн шийдвэрт огт дурдагдаагүй атлаа шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд огт яригдаагүй, маргаагүй асуудалд няцаалт, тайлбар хийн шийдвэрээ боловсруулсан нь үндэслэлгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг шаардлагыг хангаагүй байна. Иймд О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2023/..... тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Жич: Улсын тэмдэгтийн хүоаамж төлсөн баримт хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Г ХЗХ нь хариуцагч Б.А-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 15.623.581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.А-гаас 7.811.790 төгрөг гаргуулан Г ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс 7.811.790 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Ц.Т, хамтран зээлдэгч Б.А- нар нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Г ХЗХ-той 1210...дугаар зээлийн гэрээ байгуулан 7.000. 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд Ц.Тын өмчлөлийн О аймгийн Б сумын Э баг ..... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-210............ дугаарт бүртгэгдсэн 798 мк 2 газар, мөн хаягт бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-210........... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, зээл болон барьцааны гэрээнд Ц.Т, хамтран зээлдэгчээр Б.А- гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд хариуцагч Б.А-гаас 7.811.790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7. 811.790 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., мөн хуулийн 156 дугаар зүйлд заасантай нийцжээ.

Зээлдэгч Ц.Т нас барсан болох нь тогтоогдож байх ба Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2., 242.11.-д тус тус зааснаар Ц.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв ба зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон хариуцагч Б.А- нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж-а шүүхэд давж заалдсан гомдол гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 140.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б