Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 45

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч А.Ц

Шүүгдэгч Г.Г, З.Б, Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт З.Б, Шившеэд овогт Г.Г, Баягид овогт Б.Р нарт холбогдох 1921000000025 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймаг Цагаан-Овоо сумын 2 дугаар баг “...” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Шившеэд овогт Г.Г.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймаг Баян-Уул сумын 6 дугаар баг “...” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт З.Б.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймаг Цагаан-Овоо сумын 2 дугаар баг “...” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баягид овогт Б.Р.  

 

Шүүгдэгч Шившеэд овогт Г.Г, Боржигон овогт З.Б, Баягид овогт Б.Р нар нь согтуугаар бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сум явах замд буюу “Галын гол”-ын ойролцоо А.Ц, А.Ц нарыг Портер маркийн .... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад нь зогсоож өдөж хоргоон Бонго маркийн .... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөөж замыг хааж зогсоогоод зодож улмаар тээврийн хэрэгслийнх нь салхины шил, гэрлийг нь лоомоор цохиж хагалж, эд зүйлийг устган гэмтээж нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад 1608.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтээр/                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “А.Ц ахыг Цагаан-Овоо сумаас гараад явж байхад нь зогсоогоод уулзсан. Намайг “гар баръя” гэхэд гар барилгүйгээр машиндаа суусан болохоор араас нь хөөж, гэрлээрээ дохиж, урдуур нь хэд хэдэн удаа орж байгаад зогсоосон. З.Б бид хоёр А.Ц ахтай машин мөргөсөн шалтгаанаар муудсан. Миний буруугаас болж хэрэг гарсан” гэв.

 

Шүүгдэгч З.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хохирогчийн машиныг зогсоогоод, цонхыг нь лоомоор хагалсан. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Ршүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Машины араас хөөж зогсоогоод А.Ц ахтай уулзсан. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

   Хохирогч А.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн үед нүүрс тээвэрлээд Баян-Уул сум руу очсон. Тэгээд хүнээс ачаа аваад буцаад гарсан. Намайг “Галын гол” гэх газарт явж байхад нэг машин зам дээр зогсоод, хүн гараа өргөөд зогсож байсан. Би машин нь эвдэрсэн байх гэж бодоод зогссон. Тэгээд зүгээр байхаар нь машиндаа суугаад явсан. Тухайн үед надтай “гар барина” гэж хэлснийг нь сонсоогүй яваад өгсөн. Тэгээд араас давхиж ирээд зам хаагаад зогсохоор нь тойроод явсан. Эд нар 20 гаруй удаа зам хаагаад 4-5 удаа машинаар шүргэсэн. Уулын өөд хурд буураад явж байхад Ренчин “ахаа та зогсчих, хэдүүлээ учраа олъё” гэж хэлсэн. Тэгээд би төв зам дээр гараад зогссон. Надтай Ренчин ямар нэгэн байдлаар сөргөлдөөгүй. Харин Г.Г миний машиныг мөргөсөн байна гэж уурлаад над руу дайрсан. Тухайн үед З.Б машины шилийг лоомоор хагалсан гэв.

 

Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...уг тээврийн хэрэгслийн жолооны хүрдэн дээр нэг залуу мөн хажууд нь хоёр залуу зогсож байсан бөгөөд нэг залуу нь би охинтой болсон, жоохон уучихлаа, замаар явж байгаад муудалцах, зодолдох хүн байвал муудалцах гээд зогсож байна гэж хэлэхээр нь ах А.Ц “би айлд нүүрс хүргэж өгөх гээд явж байгаа болохоор явлаа” гээд хөдлөхөд охинтой болсон гэж хэлж байсан залуу нь “ална аа” гээд үлдсэн бөгөөд бид хоёрыг хөдлөөд явж байхад тэр гурван залуу машинтай гүйцэж ирээд шахаж “зогс” гээд байхаар нь ах бид хоёрыг зодох гэж байна гэж бодоод зогсохгүй явахад салахгүй араас дагаад шахаад байхаар нь сүүлдээ замаас гарахад мөн салж өгөхгүй “зогс ална” гээд байсан. Тухайн үед машинаараа шахаж байхдаа 3 удаа мөргөж зам хөндлөн хааж зогссон. Тэгээд бүр сүүлдээ нэг залуу нь зэрэгцэж явж байгаад хаалгаа онгойлгоод манай машины тэвшин дээр гарч ирээд кабин цохиод мөн цонх цохиод байхаар нь зогссон. Тэгэхэд машин жолоодож явсан согтуу залуу машинаасаа бууж ирээд “яагаад машин мөргөөд байгаа юм” гээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь дахин ахын хамт машинтайгаа зугатаасан. Гэтэл араас машинтайгаа гүйцэж ирээд уучлаарай, зүгээр ярилцъя гээд байхаар нь аргагүйн эрхэнд зогссон. Тэгээд би машины ойролцоо бие засчихаад ирэхэд жолоо барьж байсан залуу Г.Г гэгч нь ах А.Цийг зуурчихсан ахын хамарнаас цус гарчихсан байсан. Тэр үед З.Б гэх согтуу залуу нь та нар манай машиныг мөргөж эвдсэн болохоор танай машиныг эвдэнэ гээд өөрсдийн машины тэвшин дээрээс төмөр гаргаж ирээд манай машины урд хойд бүх гэрлийг хагалсан” гэжээ. /хх-ийн 22-23 тал/

 

Хохирогч А.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 37 тал/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 78 дугаартай дүгнэлт /хх-ийн 38 тал/

Г.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/

З.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/

Б.Р-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Шившеэд овогт Г.Г, Боржигон овогт З.Б, Баягид овогт Б.Р нар нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сум явах замд буюу “Галын гол”-ын ойролцоо А.Ц, А.Ц нарыг “Porter” маркийн ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад нь зогсоон, өдөж хоргоон, “Kia Bongo-3” маркийн .... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөөж, замыг нь хааж зогсоогоод хохирогч А.Ц-ийг зодож улмаар тээврийн хэрэгслийнх нь салхины шил, гэрлийг лоомоор цохин хагалж, эд зүйлийг устган гэмтээж нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, бусдад 1608.400 /нэг сая зургаан зуун найман мянга дөрвөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Ц, гэрч А.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, анхны үзлэгийн тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 78 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

   Шүүгдэгч Г.Г, З.Б, Б.Р нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Г, З.Б, Б.Р нарыг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г, З.Б, Б.Р нарыг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрт 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Шившеэд овогт Г.Г, Боржигон овогт З.Б, Баягид овогт Б.Р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Г, З.Б, Б.Р нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Ц ийн эд хөрөнгөд 1608.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.Г, З.Б, Б.Р нар нь хохирогчид 950.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 658.400 төгрөгийг хувь тэнцүүлэн /шүүгдэгч тус бүрээс 219.466 төгрөг/ гаргуулж хохирогч А.Ц-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Ц-д 950.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Г-ын ..., З.Б-гийн .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч Б.Р ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тус тус Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шившеэд овогт Г.Г, Боржигон овогт З.Б, Баягид овогт Б.Р нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, З.Б, Б.Р нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Г, З.Б, Б.Р нарт тэнсэгдсэн 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г, З.Б, Б.Р нарт тэнсэгдсэн 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Г, З.Б, Б.Р нарт хяналт тавихыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, З.Б, Б.Р нараас гэм хорын хохиролд 658.400 /зургаан зуун тавин найман мянга дөрвөн зуун/ төгрөгийг хувь тэнцүүлэн /шүүгдэгч тус бүрээс 219.466 төгрөг/ гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний ... тоотод оршин суух Харгана овогт А.Ц-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Ц-д 950.000 /есөн зуун тавин мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Г-ын ...., З.Б-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч Б.Р-н ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тус тус Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г, З.Б, Б.Р нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ