| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/00413/И |
| Дугаар | 207/МА2023/00078 |
| Огноо | 2023-09-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 207/МА2023/00078
2023 09 07 207/МА2023/00078
Д.Энарын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/......дугаар шийдвэртэй,
Хүсэлт гаргагч: Д.Э, Д.О нарын нэхэмжлэлтэй
Цагаатгалын нөхөн олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, прокурор Ж.Б, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Э, Д.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д-ийн О, Д-ийн Э бидний аав Ц-ийн Д- нь 1912 онд төрсөн, 27 настай, Б аймгийн анхны Засаг даргаар ажиллаж байхдаа 1939 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан ..... оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улсын Дээд Шүүхийн 20 дугаар тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгүүлж ял эдэлсэн бөгөөд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор цагаатгагдсан болно. Бидний аав Ц-ийн Д- нь Б аймгийн анхны дарга байсан. Охин Д-ийн О 1955 онд төрсөн, охин Д-ийн Э 1950 онд төрсөн, Д.Эг ........ онд үрчлэн авсан, аав Ц.Д- 1981 онд нас барсан юм. Нэхэмжлэгч Д.О би АНУ-д 20 гаруй жил амьдарч байгаад 2019 онд Монголдоо ирж Улсын 2-р төв эмнэлэгт 2020 онд зүүн өвдөгний үе шилжүүлэн суулгах хагалгаа, 2021 онд баруун өвдөгний үе шилжүүлэн суулгах мэс заслын хүнд хагалгаа хийлгэж тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлж 2020, 2021 онуудад үргэлжлүүлэн коронавирус халдвар /ковид-19 / халдвар хамгааллын хатуу хөл хорио, онцгой дэглэмийн үед эмнэлгийн хяналтанд эмчлүүлж байсан, Д.Эби хөлний түнхэндээ хагалгаа хийлгэж хүний асрамжинд удаан хугацаагаар эмчлүүлж явж чадахгүй байсан зэргээс нотлох баримтаа цуглуулж бүрдүүлж өгч чадаагүй өдий хүрсэн юм. Иймд бидний аав Ц-ийн Д- нь улс төрийн хилс хэрэгт хорих ялаар шийтгүүлж хэлмэгдсэн нь үнэн тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль-ийн 13.2.2-т зааснаар охин Д.Э, Д.О бид нарт тохиолдсон аргагүй байдлыг анхаарч үзэж цагаатгалын нөхөн олговорын 40 /дөчин /сая төгрөгийг олгуулахыг хүсч нэхэмжлэл гаргав гэжээ.
Хүсэлт гаргагч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би анх 2000 оны 10 дугаар сард Америк явсан. 2019 онд Монголд ирээд М эмнэлэгт үзүүлэхэд түнхний хагалгаанд орох шаардлагатай болсон.Хөх хот руу явж үзүүлэхэд маш удаан хэвтэнэ гэхээр нь эмчлүүлэхгүй, Монголдоо ирээд үзүүлэхэд 2 өвдгөө солиулсан нь дээр гэсэн. Дараа нь буцаж Америк руу яваад үзүүлээд Коронагийн өмнөхөн буцаад Монголдоо ирээд 10-аад хонож байгаад хагалгаанд орсон. 2020 онд нэг өвдгөө солиулаад 2021 онд нэг өвдгөө солиулсан. Нэг өвдөг солиулахад эдгэх хугацаа нь нэг жил болдог юм байна билээ. Тэгээд буцаж чадаагүй явж байна гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай хөгшин нүдний хараагүй болсон байсан. Бид хоёр хоёулаа амьдардаг байсан болохоор гарч чадахгүй байсан. Дараа нь би өөрөө хагалгаанд орсон. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлэгт хэвтэж 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Түүнээс хойш хөгшин маань бурхан болсон. Хөгшинтэйгөө байх хугацаандаа гарч орж чадахгүй байгаад мэдээллээс хоцорсны дүнд ийм зүйл болсон. О аймгийн Зэст багийн 1 дүгээр байрны 53 тоотод оршин суух хаягтай Б.Э нь цагаатгалын нөхөх олговор 40.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. Бидний аав Ц-ийн Д- нь 1919 онд төрсөн. Б аймагт албаны даргаар ажиллаж байхдаа 1939 онд улс төрийн хилс хэрэгт баригдсан. ..... оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улсын дээд шүүхийн 20 дугаар тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгүүлж ял эдэлсэн бөгөөд Бүгд найрамдах монгол ард улсын ардын их хурлын цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 49 тогтоолоор цагаатгагдсан. Д-ийн О нь 1955 онд төрсөн, Д-ийн Э нь 1950 онд төрсөн. Ц-ийн Д- нь 1986 онд нас барсан. 2020 оноос 2021 онд корона вирусын халдвар хамгааллын дагуу хөл хорио, онцгой дэглэмийн үед эмчийн хяналтанд Д.Эби хөлний үений хагалгаа хийлгэж хүний асрамжинд орж удаан хугацаагаар явж чадахгүй байсан учир нотлох баримтаа судлуулж бүрдүүлж өгч чадаагүй юм. Иймд бидний аав Ц-ийн Д- нь улс төрийн хилс хэрэгт хорих ялаар шийтгүүлж хэлмэгдсэн нь үнэн тул улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар охин Д.Э, Д.О нарт тохиолдсон аргагүй байдлыг харгалзан үзэж цагаатгалын нөхөх олговрын 40.000.000 төгрөгийг олгуулахыг хүсэж уг нэхэмжлэлийг гаргасан гэжээ.
Төрийг төлөөлж оролцсон прокурор Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хүсэлт гаргагч нарын хүсэлтүүдтэй танилцаж сонслоо. Хүсэлт гаргагч Д.О, Д.Энар нь өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хөөн хэлэлцэх хугацааг тогтоолгоё гэсэн шаардлагыг гаргаж байна. Мөн нөхөх олговрын 40.000.000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэж ойлгож байна. Хэрэгт авагдсан материалууд болон өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцахад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль 1998 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр батлагдан хэрэгжиж эхэлсэн. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсэгт нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө, болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дотор нэхэмжлэлээ гаргах эрхтэй гэж хуульчилсан байгаа. Хэлмэгдэгч Д-ийг 1958 онд цагаатгасан байдаг. 1998 оноос өмнө цагаатгасан иргэдэд хамаарч байна. Тэгэхээр нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлж гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч талын гаргаж өгч байгаа баримтууд нь мөн хууль хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2022 онд гаргаж бүрдүүлж өгсөн баримтууд байгаа. Тухайлбал тагнуулын ерөнхий газрын лавлагааг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 08/3581 гэсэн лавлагааг 2022 онд авсан. Мөн хэлмэгдэгч Д-ийг цагаатгасан тогтоолыг тагнуулын ерөнхий газрын архивын хуулбар үнэн тэмдэг дээр баталгаажуулсан огноог 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуулбар үнэн гэсэн дардас тэмдэгтэй байна. Эдгээр нь хуульд заасан хугацаа өнгөрсний дараа 2 нэхэмжлэгч хугацаагаа хэтрүүлж нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд хүсэлтээ гаргажээ. Хүсэлтэнд дурдсанаар 2020 оноос 2021 оныг хүртэл дэлхий даяар цар тахлын өвчний улмаас хөл хорио тогтоосон талаар яриад байна. Энэ хугацааг 2020 оноос 2021 оныг хүртэлх хугацаанд тогтоосон байгаа. О аймгийн Засаг даргын захирамж байдаг. Энэ захирамжаар 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаагаар хөл хорио өндөржүүлсэн байдлыг сунгасугай гэсэн байдаг. Тэгвэл 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс энэ асуудлаар шүүхэд хандахгүй яасан юм бэ, 2023 оны 3 дугаар сард нэхэмжлэлээ гаргасан байгаа. Энэ хооронд ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан бэ гэдгээ, өнөөдөр өвчтэй байсан, гэр бүлийн хүн хараагүй байсан, гарч орох ямар ч боломжгүй гээд ийм асуудлыг ярьж байна. Өмнө нь хуулинд зааснаар 1.000.000 төгрөгийг авсан байдаг. Энэ 1.000.000 төгрөгийг авахдаа яаж авсан байх вэ, Америкт байсан хүн нь ирээд авсан юм уу, Э гуай өвчтэй гэр бүлийн хүнээ орхиод гараад авсан юм уу, эндээс харахад өөрсдөө энэ асуудлаараа нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрх нь энэ хугацаанд хангалттай байсан гэж хэлэх нь зүйтэй. Цар тахлын улмаас зарим байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж заримыг нь бүр зогсоосон байдаг. Засаг даргын захирамжид дурдсан хавсралтаас харахад үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагуудын нэрсийн жагсаалт гаргасан байдаг. Үүнд шүүхийн үйл ажиллагааг хязгаарлаагүй. Шүүх хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа баримтуудаар Э гуайн гэр бүлийн хүнээ хараад огт гарч чадахгүй байдалтай байсан гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байна. О гуайн хувьд Америкад 20 жил амьдарсан, 2019 онд Монголд ирсэн гэж тайлбарлаж байна. Шүүхэд гаргаж өгсөн гадаад паспортын хуулбараас харахад 2015, 2016, 2014 он гээд хилээр орж гараад байсан байгаа юм. Тэгэхээр огт Монгол руу ирэх боломжгүй амьдарч байсан гэдэг нь өөрийнх нь гаргаж өгч байгаа баримтаар үгүйсгэгдэж байна. Эдгээр онуудад орж гарахдаа энэ асуудлыг мэдэх боломжтой байсан. 2015 онд тухайн хуулийн нэмэлт ороогүй байсан гээд 2018 оноос хойш нэмэлт өөрчлөлт орсон тул үүнийг мэдээгүй байсан, мэдэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн ерөнхий ангийн 3.7-д зарчим байдаг. Юу гэж заасан бэ гэхээр хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон, хуулийг хэрэглэхгүй байх нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зохицуулсан байдаг. Цагаатгалын нөхөх олговор 40.000.000 төгрөг авах эрхтэй болохоо мэдэхгүй байсан, мэдээгүй, ойлгоогүй байсан нь энэ хүмүүсийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хуулийн үндэслэлтэй байна гэж үзэхгүй юм. Тиймээс 2 нэхэмжлэлийн шаардлагыг хоёуланг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар саналыг шүүхэд гаргаж байна. Өнөөдрийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас харахад хүндэтгэн үзэх шалтгаантай хамааралгүй баримтууд ирүүлсэн байна. О гуайн 2021 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт байна. Хуулийн хөөн хэлэлцэх хугацаа хүчин төгөлдөр болсны дараагаар үүссэн асуудал учраас энэ нотлох баримт хамаарахгүй юм. Мөн Э гуайн баримт байгаа. Халамжийн үйчилгээний мэдээллийн системд бүртгэлтэй халамжийн сангаас ахмад настныг асарч байгаад тэтгэмж авч байсан болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт. Авч байсан хугацаа нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд өндөр настан асарч байсан гэсэн баримт гаргаж өгч байгаа. Тэгвэл мөн л 2020 он буюу хуулийн хүчин төгөлдөр хугацаанаас хойно хамаарч байсан баримтуудаа өнөөдөр хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдэг байдлаар гаргаж өгч байна. Сүүлд гаргаж өгсөн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтууд байна гэдгийг хэлэх нь зүйтэй байна гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2., 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт заасныг баримтлан О аймгийн Б сумын төсвөөс нөхөх олговор 40.000.000 /дөчин сая/ төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Б овогтой Д-ийн Э /Регистрийн дугаар:......................../, Б овогтой Д-ийн О /Регистрийн дугаар:....................../ нарт олгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар Д.О, Д.Энар нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
О аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Л би, О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шийдвэрийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан О аймгийн Б сумын төсвөөс 40.000.000 /дөчин сая/ төгрөг гаргуулан Д.О, Д.Энарт олгохоор шийдвэрлэсэн. Гомдлын агуулга, үндэслэл: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хэлмэгдэгч Ц.Д-ийг 1939 онд улс төрийн хилс хэрэгт баривчилж, Улсын дээд шүүхийн ..... оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэсэн ба түүнийг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор цагаатгасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль 1998-01-02-ны өдөр батлагдсан бөгөөд хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийн дотор, энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж нэхэмжлэх гаргах хугацааг тодорхойлсон байна. Хэлмэгдэгч Ц.Д-ийн төрсөн охин Д.О, Д.Энар хуульд заасан хугацаагаа хэтрүүлэн 2023 оны 03 дугаар сард нэхэмжлэлээ гаргасан бөгөөд хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа короновирус халдварт цар тахлын улмаас нэхэмжлэлээ гаргаж чадаагүй, мөн Д.О нь Америк улсад 20 орчим жил амьдарч байгаад ирсэн гэжтайлбарласан байгаа боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа бүрэн нотолж чадаагүй, шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтууд нь нэхэмжлэл гаргах хугацаа дууссанаас хойших баримтуудыг гаргаж ирүүлсэн байна. Шүүх хуралдааны явцад судлагдсан Д.Оийн гадаад паспортад Монгол Улсын хилээр тогтмол орж гарч байсан тэмдэглэгээ байх ба энэ нь Д.ОийгАмерик улсад байнгын удаан хугацаагаар оршин сууж байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаан гэждүгнэх боломжгүй юм. Мөн Д.Э, Д.О нар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдэд олгох 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг өмнө нь авсан тухай баримт хэрэгт авагдсан ба Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 онд өөрчлөлт орсон гэдгийг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн ерөнхий зарчимд нийцэхгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Д.О, Д.Энарын шүүхэд анх гаргасан хүсэлтийн агуулга нь 40.000.000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэл гаргах хугацаагаа сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрхийг хэрхэн яаж сэргээсэн нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэх гаргах хуулийн хугацааг сэргээн шийдвэрлээгүй атлаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан цагаатгалын нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулан Д.О, Д.Энарт олгохоор нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Д.Э, Д.О нар нь нэхэмжлэл гаргах хуулийн хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн нь тогтоогдоогүй, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан хугацаа хэтрүүлэн нэхэмжпэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.
ХЯНАВАЛ :
Анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Д.Э, Д.О нар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ц.Д-ийн цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу тус иргэний хэргийг хэлэлцүүлэх 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны шатанд ...нөхөх олговрын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүх О аймгийн Б сумын төсвөөс нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Д.Э, Д.О нарт олгож гаргуулж шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон прокурор Ц.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тухай тайлбар гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ц.Д- нь ..... оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаар тогтоолоор 43,45 дугаар зүйлээр БНМАУ-ын Дээд Шүүхийн тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1958 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 49 дугаартай БНМАУ-ын Улсын Их Хурлын тэргүүлэгчдийн газрын дэргэдэх ЦАГААТГАХ ажлыг эрхлэх комиссийн хурлын тогтоолоор цагаатгагдсан, тэрээр 1981 онд нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хууль тогтоогчоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь ... хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаварыг арилгахад оршино гэсэн хуулийн зорилтын хүрээнд төр өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд учирсан /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус/ хохирлыг арилгах нөхөх олговрын хэмжээ, боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг буюу 13 дугаар зүйлийн 13.2.2.-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг-ийг нэг удаа олгохоор хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтанд цагаатгалын нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдэд хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд хамаатай байх ба хэлмэгдэгч Ц.Д-ийн төрсөн охин Д.О, үрчилж авсан охин Д.Энар хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хэлмэгдэгч Ц.Д- нь хүсэлт гаргагч Д.Эг ........ оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үрчилж авсан, түүний төрсөн охин Д.О нь 1955 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн болох нь үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Оийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн төрөл садангийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Харин шүүх хүсэлт гаргагч Д.Э, Д.О нарын шүүх хуралдааны шатанд гаргасан ...нөхөх олговрын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хүлээн авч хангасан, шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...Хүсэлт гаргагч Д.Э, Д.О нар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг ямар шалтгааны улмаас өнгөрүүлсэн талаараа нотлох баримтуудаар хуулинд заасан хугацааг хүндэтгэх шалтгааны улмаас өнгөрүүлсэн нь тогтоогдож байна гэж үзлээ гэсэн дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт уг шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичээгүй орхигдуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.-д заасан хүсэлт-ээр хэлэлцэх онцгой ажиллагааны хувьд иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагааны ердийн буюу хэргийн оролцогчид шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох зарчим дангаар үйлчлэхгүй, шаардлагатай тохиолдолд шүүх бодит байдлыг тогтоох, нотлох үүргийн хүрээнд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулан авах үүргээ хэрэгжүүлсэн байна.
Түүнчлэн хүсэлт гаргагч Д.Энь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хүүхдэд нөхөх олговор олгохтой холбогдсон материалыг бүрдүүлэн Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст хүлээлгэн өгснөөр хүсэлт гаргагчийн нэр цагаатгалын нөхөн олговор авах материалаа бүрдүүлсэн иргэдийн жагсаалтанд багтаж Зууны мэдээ сонины 2022.12.09-ний өдрийн № .... /6971/ дугаарт нийтлэгдсэн байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3. дахь хэсэгт ...цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авсанаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж заасан ба хүсэлт гаргагч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тохиолдолд шүүх Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой.
Хэрэгт авагдсан баримтуудаар хүсэлт гаргагч Д.О нь Америкийн нэгдсэн улсад амьдарч байсан, хүсэлт гаргагч Д.Энь О аймагт амьдарч байсан болох нь тогтоогдсон, Коронавируст халдварын улмаас цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг буруулах зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хөл хориог тодорхой хугацаанд буюу 2020 оны 3 дугаар сараас 2020 оныг дуустал хугацаанд хэрэгжүүлсэн зэрэг байдлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нөхөх олговрын нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд төрийн нэрийн өмнөөс оролцсон прокурор Ц.Л-ийн гаргасан ...Д.Э, Д.О нар нь нэхэмжлэл гаргах хуулийн хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн нь тогтоогдоогүй, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.-д заасан хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргав гэсэн давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Дээрх байдлаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахьхэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023
оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/......дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг нэмж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4. дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6.3.-т зааснаар нөхөх олговор авах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй гэсэн заалт нэмж, шийдвэрийн заалтын 1,2,3,4 гэснийг 2,3,4,5 гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар прокурор давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Б.О