Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2023/00079

 

2023 09 14 207/МА2023/00079

 

 

М.А-ы нэхэмжлэлтэй, хариуцагч

Э ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А, С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.А-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК-д холбогдох,

Худалдан авах гэрээний үүрэгт 31.828.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.М, Ж.С нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.У-ийн илтгэснээр хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.М, Ж.С, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн М.А-, Б.М бид Э ХХК, түүний захирал Д.Г-тай 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр .... тоот үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээ байгуулсан. ...Гэрээний дагуу М.А-, Б.М бид төлбөрийг тэнцүү хуваан авахаар тохиролцсон. Б.М нь гэрээний төлбөр болох 500.000.000 төгрөгийг авсан. Харин М.А- миний бие Д.Г-аас ХХ- банкнаас авсан зээлийн төлбөрийг суутгаад гэрээний төлбөрт нийт 250.000.000 төгрөг авахаас 2016 онд 30.000.000 төгрөг, 2017 онд 106.240.000 төгрөг, 2018 онд 70.800.000 төгрөг, 2017 онд барилгын материал болох 0,5-ийн хайрга 1467 тн буюу 920 куб.метр авсан. 1 куб.метр хайрга үнэ 12.100 төгрөг байсан. 920 куб.м*12.100 төгрөг=11.132.000 төгрөг болсон. Өнөөдрийн байдлаар нийт 218.172.000 төгрөгийг аваад байна. Э ХХК, түүний захирал Д.Г-ад үлдэгдэл төлбөр болох 31.828.000 төгрөгийг авах талаар удаа дараа утсаар болон биечлэн уулзаж мэдэгдсэн боловч төлбөрийг төлөхгүй байна. Иймд Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 31.828.000 төгрөгийг Э ХХК, түүний захирал Д.Г-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээний 4.2 дахь заалтад /2017 оны 04 дүгээр сарын 25-наас хойш үлдэгдэл мөнгө төлөгдөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хонгийн 0,3 хувийн алданги төлнө/ гэж заасны дагуу Д.Г-аас манайд хамгийн сүүлд 5.000.000 төгрөг 2018 оны 09 дүгээр сарын 25-нд төлснөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1526 хоногт ногдох үлдэгдэл мөнгө 31,828,000 төгрөгийн алданги хоногийн 0,3 хувиар бодоход 31,828,000 төгрөгийг 0,3 хувь = 95.484 төгрөг, 95,484 төгрөг*1526 хоног=145.708.584 төгрөг болно. Иймд Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 31.828.000 төгрөг үүний алданги болох төлөгдөөгүй төлбөрийн 50 хувь 15.914.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. О аймаг Бр сум У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О төвийн зүүн урд талд байрлах зоорийн давхартайгаа нийлээд нийт 4 давхар объектыг 2016 оны 06 дугаар сард барьж дуусгасан. Тус обьект нь М- бид хоёрын 50, 50 хувиар эзэмшдэг хөрөнгө байсан. Тус обьектыг 3 сар орчим ажиллуулсан. Би Улаанбаатар хотод байдаг учир уг объектыг хариуцан ажиллуулах боломжгүй байсан. Тиймээс М-тэй ярилцаж байгаад тухайн объектыг зарах гэж явж байгаад Д.Г-тай уулзсан. Анх 1.500.000.000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгөөр үнэлж, зарна гэж байгаад Г-тай тохирч 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгөөр зарахаар болсон. Тухайн үед ХХ- банкнаас зээл авсан байсан. Тиймээс Д.Г-ын тус банкны зээлийг дарчих гэж хэлсэн. Тэгээд банкны зээлийг дараад үлдэгдэл мөнгийг 2016 оны 12 дугаар сард багтаан төлж дуусгана гэж тохирсон. Г- нь ХХ- банкнаас 500.000.000 гаруй төгрөгийн зээл авч ХХ- банкны зээлийг төлсөн. Зээл гарахаас өмнө урьдчилгаа болгож 30.000.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн байсан. 2018 онд нийт 70.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш над руу мөнгө шилжүүлээгүй. Тухайн үед би С аймагт барилгын ажил хийж байсан ба хайрга авах гээд мөнгө хэрэгтэй байсан учир Г- руу залгаж мөнгө хэрэгтэй болж байна гэхэд юу авах гэж байгаа юм гэсэн тэгэхээр нь би хайрга авах хэрэгтэй байна гэхэд Д хотод хайрганы үйлдвэр ажиллуулдаг хүн надтай өр авлагын асуудал байгаа. Чи тэндээс хайрга авч бай гэсэн. Тэгэхээр нь нийт 11.132.000 төгрөгийн үнийн дүнтэй хайрга авсан. ...2021 оноос эхлэн Д.Г-ыг мөнгөө өгөөрэй гэж олон удаа хэлж гуйсан. Өнгөрсөн жил манай аав элгэний хавдартай болсон учир мөнгө хэрэгтэй байна гэж Г- руу залгаж, мессеж бичихэд огт хариу өгөхгүй байсан. Би шүүхэд хандахгүй бол Г-тай холбоо барьж чадахгүй юм байна гэж бодож аргагүйн эрхэнд шүүхэд хандсан. ...Хөл хорио тавигдсаны дараах зун Г-тай уулзаж надад мөнгө өг, би буцах ч бензиний мөнгөгүй байна гэхэд Г- нь надад 360.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Г- нь утсаа авахгүй, мессежид хариу өгөхгүй байсан. Би Г-тай уулзчихаад О аймгаас явж байсан. Түүнээс хойш дахин уулзаж чадаагүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн нэхэмжлэлийн үндэс болгож гаргаж өгсөн эд хөрөнгө зээлээх худалдах, худалдан авах гэрээг шүүхэд гаргаж өгч тухайн хэрэг маргааныг О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусагүй, хэргийг харъяалал, нэхэмжлэлийн шаардлага, бусад бичиг баримтын бүрдүүлбэр нь хангаж байна гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн. Хуульч хүний ёс зүйд баймааргүй үйлдлүүдийг итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г гаргаж байна. Энэ байдлыг удаа дараа гаргаж байгаа учир анхааруулж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч бид хоёрын хооронд ёс зүйгүй, хоорондын харилцааны эрх ашгийг сөргүүлэн тавьж, хооронд нь яс хаяж байгаа мэт чи муу өмгөөлөгч авсан юм уу гэж доош нь хийж, ийм зүйл ярьж болохгүй. М.Г нь өөрийн ёс зүйгүй байдлаас болж өөрийн шүүхэд төлөөлөх эрх буюу өмгөөллийн эрхийг 2 удаа алдсан хүн байгаа. Ийм байж хэрэг маргаанаа ярихын оронд А-аа чи өмгөөлөгчөө буруу сонгосон байна гэж хэлж хэн, хэнийгээ эвгүй байдалд оруулж, ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Энэ нь ганц удаагийн үйлдэл биш хоёр дахь удаагийн үйлдэл болж байна. Улс намайг үнэлж, би хуульчийн шалгалтаа өгч, өмгөөлөгчийн шалгалтаа өгч одоо өмгөөлөгчөөр 10 дахь жилдээ ажиллаж байна. Би хуульчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг шүүхэд илтгэх ёстой байх гэж бодож байна. Итгэмжлэл олгоод М- нь А-ы данс руу мөнгө шилжүүлсэн гэж хэлж байна. А- нь М-д өөрийнх нь дансанд мөнгө шилжүүлэх итгэмжлэл олгоогүй. М-д эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд төлөөлж гарын үсэг зур гэж итгэмжлэл олгосон. .... дугаартай гэрээг тухайн нэхэмжлэлийн үндэс болгосон. Уг гэрээг үндэслэхээр хөөн хэлэлцэх хугацаа байна. Гэрээнд тооцоо хийх журмын талаар заасан. Худалдан авагч нь хуульд заасан хугацааны дотор төлбөр төлнө гэж заасан. 500.000.000 төгрөгийг 11 дүгээр сарын 25-ны өдөр, 100.000.000 төгрөгийн шилжүүлэн үл хөдлөх хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн авч, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл 150.000.000 төгрөгийг төлж дуусгана гэж заасан. 4.2-ийн өөрчлөлтөд 120.000.000 төгрөгийг 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж рестораныг шилжүүлэн авч, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутмын 0.3 хувийн алданги төлнө гэж заасан. Төлбөр тооцоо нь өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа. Уг гэрээнд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй хүчин төгөлдөр гэрээ байна. Энэ гэрээг үндэслэн нэхэмждэлийн шаардлагаа гаргасан. Иргэний эрх зүйн харилцаанд уг гэрээний дагуу оролцсон. А- нь Д.Г-аас мөнгөө нэхээд О аймагт ирэхэд түүнд 360.000 төгрөг өгсөн байна. Уг мөнгөөр нь М.А- нь бензинээ хийгээд Улаанбаатар хот руу буцаж явсан байна. Д.Г- нь Э ХХК-ийг төлөөлөхгүй гэж тайлбарлаж байна. Д.Г- нь тухайн компанийг үүсгэн байгуулагч. Уг гэрээний эрх зүйн үр дагаврыг тооцоолж гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч нар нь гэрээний хугацааг дууссан гэж үзэж байна. Гэтэл үлдэгдэл мөнгийг төлөөгүй бол хугацаа хэтэрвэл алданги төлнө гэж гэрээнд заасан. Шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Манай талаас алдангыг тооцож нэхэмжлэлийг шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч талаас төлбөр дууссан гэж байна. Гэвч үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүгчийн ширээн дээр байхгүй баримтаар үүнийг нотлох боломжгүй. Үнэхээр төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж байгаа бол тэр талаарх нотлох баримтаа гаргаж өгөх үүрэг хүлээх ёстой. Нэхэмжлэгч нь нөхөрлөлөө хадгалж үлдэхийн тулд хариуцагчийн мөнгөө төлөх гээд удаан хугацаанд хүлээсэн. Үүнийгээ ч хэлж ярьсан. Нэхэмжлэгч талаас эвлэрэх санал гаргасан. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй. Хариуцагч нь гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлж дуусаагүй байх тул 47.742.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зээлээр худалдах худалдан авах гэрээний талаар заасан. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийг 262.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлсэн. Тодохой хугацааг гэрээний 6.1 дэх заалтаар тодорхойлсон. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийг заасан. Уг заалтад нотариатаар гэрчлүүлнэ гэж заагаагүй. Гэрээний 6.1-д төлбөр тооцоо дуусч үл хөдлөх хөрөнгийг 100 хувь худалдан авагч талд шилжин баталгаажуулснаар дуусгавар болгоно гэж заасан. Хоёр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргаж өгсөн. Тиймээс гэрээний дагуу үүргээ биелүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Д.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би М.А-ы нэхэмжлэлийг хүлээн авч, танилцлаа. 2020 онд нягтлан бодогч төлбөр дууссан, баримт бүрдсэн гэж хэлсний дагуу М.А-тай биечлэн уулзаж, тооцоо дууссан тухай мэдэгдсэн. Бид найз нөхдийн харьцаатай учир хувь хүний хувьд би найзын ажил хүнд байсан үед энэ мөнгийг дуусгах ёстой гэсэн сэтгэлээр хандаж дуусгасан боловч нягтлан бодогч тооцоо нийлсэн акт үйлдээгүй, ажлаасаа гарсан. 2021 оны сүүлээр А уулзаж, дансаа үзсэн чинь 32 сая төгрөг дутуу байна гэж надад хэлсэн. Би баримт шүүж байгаад дутуу бол өгье, дууссан гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн. Олон жилийн өмнөх нийт 1 тэрбум төгрөгийн олон удаа цувуулж, бэлнээр болон янз бүрийн дансаар өгч байсан, нягтлан бодогч байхгүй байгаа учир баримт бүрдүүлэх цаг хугацаа шаардлагатай, шүүх хуралд биечлэн очихдоо авч очих болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Э ХХК нь нэхэмжлэгчид ямар ч өр төлбөргүй бөгөөд нэхэмжлэлд дурдаад буй төлбөрүүд нь бүрэн төлөгдсөн бөгөөд ямар ч өргүй тул зээлийн гэрээний 31.828.000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан алданги 15.914.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Урьдчилсан байдлаар тохиролцож бичгээр үйлдэж байсан боловч нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болоогүй гэрээ гэх баримтыг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Харин талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг тохиролцож тогтоосон ба үнийг нь бүтэн төлсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Улмаар үл хөдлөх хөрөнгийн бүх үнэ нь төлөгдсөн болно. Харин уг үл хөдлөх хөрөнгийг одоо бусдад худалдсан тул улсын бүртгэлийн хэлтсээс миний төлөөлүүлэгч нь дээрх гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг гаргуулан авах боломжгүй болсон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь худдаа, хуульд заасан хүчин төгөлдөр гэрээг үндэслээгүй байна. Тодруулбал үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай ярьсан нь үнэн. Талууд 2016 онд гэрээ байгуулсан. Тус гэрээ хэлцэл нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй, нотариатаар гэрчлүүлэгдээгүй. Хуулиар шаардсан хоёр шаардлагыг биелүүлээгүй. Объектыг 1.000.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай яригдсан нь үнэн. Өөрсдийнх нь хүсэлтийн дагуу хэд хэдэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн. Хүчин төгөлдөр бус хэлцэл дотор дээрх үл хөдлөх хөрөнгийг 500.000.000 төгрөгөөр худалдана гэсэн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн боловч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй. Мөн 100.000.000 төгрөгөөр худалдана гэсэн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Энэ гэрээний дагуу татварын төлбөрөө төлөх ёстой байсан боловч төлөөгүй байсан. Үүнийг нь Г- төлсөн. Уг төлсөн мөнгийг өрөнд тооцно гэж хэлсэн учир өрөнд тооцсон. Подволын давхрыг 50.000.000 төгрөгөөр, 1 дүгээр давхрыг 50.000.000 төгрөгөөр, 2 болон 3 дугаар давхрыг 100.000.000 төгрөгөөр нийт 200.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, уг гэрээ хүчин төгөлдөр болсон. Тус хүчин төгөлдөр гэрээний дагуу Г-аас эдгээр хүмүүсийн банкны 500.000.000 төгрөгийн зээлийг төлсөн. Амаар тохиролцсон 500.000.000 төгрөгийг нэхэмжлэгч тал авсан. Олон жилийн хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч талаас өөрийн дансны хуулгыг хараад чи надад өртэй байна гэдэг асуудлыг ярьсан. Тооцоо нийлэх асуудал яригдаж эхлэн үед төлбөр тооцоог шилжүүлж байсан нягтлан бодогч нь гадаад улс руу явж ажлаасаа гарсан байсан. Төлбөр мөнгөний асуудлыг 2018 онд дууссан гэж үзэж байсан. Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор бүх дансны хуулгыг нягталж үзсэн. Үүний үндсэн дээр нэхэмжлэгч амаар болон бичгээр тохирсон хэмжээнээс их хэмжээгээр мөнгө авсан болох нь тогтоогдож байна. Г- нь 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 30.000.000 төгрөгийг А-д өгсөн. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр М-ийн дансаар дамжуулан 70,000,000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 30.000.000 төгрөгийг М-ийн дансанд, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 40.000.000 төгрөгийг М-ийн дансанд, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн ХХ- банзны данснаас 2.000.000 төгрөгийг М-д, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөгийг М-д, 2017 он 05 дугаар сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөгийг М-д, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 8.000.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөгийг М-ийн дансанд, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөгийг Г- нь өөрийн ХХ- банкны данснаас тус тус шилжүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр М-ийн дансанд 8.000.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 15.000.000 төгрөгийг М-д, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 15.000.000 төгрөгийг А-д, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөгийг М-ийн дансанд, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 8.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 7.000.000 төгрөгийг М-д, М-ийн эгч гэх М-д 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 42.000.000 төгрөгийг, Г-ын эхнэр А-ээс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг, мөн А-ээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгийн М-ийн дансанд, М-ийн хүсэлтийн дагуу 1.000.000 төгрөгийг татварын дансанд, А-ээс М-д 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгөргийг, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөгийг М-д, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөгийг М-д, 2017 оны 05 дугаар сарын 25 өдөр 15.000.000 төгрөгийг М-ийн Хаан банкны дансанд, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийг М-ийн дансанд тус тус шилжүүлсэн. Эдгээр гүйлгээгээр М- нь нийт 287.000.000 төгрөгийг авсан. Уг мөнгөний зарим хэсгийг нэхэмжлэгч А-ы дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь өөрийгөө 31.828.000 төгрөг дутуу авсан гэж хэлж байгаа. Гэтэл татвар төлүүлэх замаар нэлээдгүй мөнгийг Г-аар төлүүлсэн. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар заасан. А- нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлбөрийг төлж дуусгахаар тохирсон талаар үнэн хэлсэн. Д.Г- нь тодорхой хэмжээний мөнгийг төлсөн. Нийт 218.172.000 төгрөгийг Д.Г-ын зүгээс А-д өгсөн нь үнэн. Харин үүнээс гарах зөрүү мөнгийг Д.Г- нь М-д төлсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хариуцагч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй талаар заасан. Д.Г- нь 200.000.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Уг мөнгийг төлсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир шаардах эрхгүй байна. Гэрээг нэхэмжлэгч болон хариуцагч нарын хүсэлтээр байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлага нь амаар тохирсон тохиролцоо байгаа боловч 7 жилийн дараа үүрэг гүйцэтгэхийг шаардахгүй. Алданги нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр яригдана. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа энэ үед А- нь хохироогүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А-ы Э ХХК-ийн эсрэг үүсгэсэн маргаан нь гэрээний эрх зүйтэй холбоотой маргаан. Гэрээний эрх зүйн харилцаанд суурилж, шаардах эрхээ хэрэгжүүлдэг. Ямар харилцаа үүссэн болохыг нэхэмжлэгч тал нотолж, өмгөөллий үгэээ хэлэх ёстой. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ юм гэж тайлбарлаж байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүү тогтоогдогоороо бусад гэрээнээс ялгагддаг. Энэ гэрээнд хүүг огт заагаагүй. Алданги буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар заасан. Үүнийг хүү гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Нэхэмжлэгч талаас гаргасан хууль зүйн үндэслэл нь үндэслэлгүй байна. Энэ гэрээ нь зээлээр худалдах худалдан авах гэрээ биш. Үүнийг Монгол улсын дээд шүүхээс гэрээний харилцаатай холбоотой маргаанд анхаарах асуудлын талаар зөвлөмж гаргасан байдаг. Үүнд зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь бусад өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээнээс юугаараа ялгаатай талаар маш тодорхой тайлбарласан. Манай үйлчлүүлэг уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулмаар байна гэсэн хүсэл зоригийг бидэнд илэрхийлсэн. Үүний дагуу бид өмгөөллий үйлчилгээ явуулж байгаа. Талуудын хооронд хэлцэл маягийн тохиролцоо хийгдсэн байна. Энэ тохиолцоог хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн 109.2-т үл хөдлөх хөрөнгө нь газартай холбоотой байдаг учир хууль тогтоогчоос тусгай шаардлагыг зааж, гэрээг нотариатаар гэрчлүүлнэ гэж тодорхойлсон. Энэ гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй гэрээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлагыг хангахгүй байна. Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлээс 82 дугаар зүйл хүртэл хөөн хэлэлцэх хугацаа, шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг тодорхой заасан. Гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа шаардах эрх нь хугацаатай байх ёстой. Хөөн хэлэлцэх хугацааг хуульд 3 жил байхаар заасан. Харин хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцохоор зохицуулсан. Одоо шаардах эрх үүссэнээс хойш 7 дахь жил рүүгээ орсон байна. Нэхэмжлэгч талаас Д.Г-тай найз нөхөд байсан учир мөнгөө өгөх байх гээд харж байсан гэж тайлбарлаж байна. Энэ тайлбар нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын тайлбарлаа дурдсан татгалзал нь хууль ёсны татгалзал байна. Хариуцагч талыг ямар нэгэн байдлаар буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрөө хугацаагаа сайтар анхаарах ёстой байсан. Шаардах эрх нь хүчин төгөлдөр бус бөгөөд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ковидын асуудлын улмаас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлаж байна гэж ойлгосон. Ковидын үе нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй. М- нь илүү мөнгө авсан эсэх асуудлыг энэ гэрээгээр хэлэлцэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч талаас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. 2018 оны 10 дугаар сард сүүлийн гүйлгээ болох 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар дууссан байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүрээнд тодорхойлж, 47.742.000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг анхаарах шаардлагатай. Тус гэрээ нь хүчин төгөлдөр эсэхийг мөн анхаарч дүгнэлт хийх шаардлагатай. Хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Энэ гэрээний гол зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой асуудал байсан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангаагүй мөн хуулийн 110 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Иргэний хуулийн 182 дугаар зүйлд заасан шаардлагыг мөн хангаагүй. Тиймээс энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байна. Өөрөөр хэлбэл байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Улсын бүртгэлийн байгууллагаас 3 төрлийн гэрээ ирсэн ба дээрх 3 төрлийн гэрээг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага нь өмчлөгчийн өөрчилсөн. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээнүүдийн нөхцөлийг харвал тус бүрдээ шаардлага хангасан гэрээнүүд байгаа. Тус гэрээнүүдийн төлбөр тооцоог төлж дууссан агуулга харагдаж байгаа. Хариуцагч нь хариу тайлбартаа татгалзлын үндэслэлээ төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарласан. Тухайн 3 төрлийн гэрээнээс талуудын хооронд өглөг, авлага байгаагүй болох нь харагдаж байна. 360.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч нь авсан эсэх талаарх баримт хэрэгт байхгүй байна. Манай талаас уг мөнгийг өгөөгүй гэсэн байр суурьтай байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 31.828.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15.914.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.А-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 317.090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.М, Ж.С нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

М.А-ы нэхэмжлэлтэй, "Э ХХК-д холбогдох зээлийн гэрээний төлбөр гаргуулах /ХХ-ийн 87-88 дахь талд авагдсан иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн 202212.14-ний өдрийн .... дугаартай захирамжинд зааснаар/ иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа , ба тус хэргийг хянан шийдвэрлэсэн О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2023/...... дугаартай шийдвэрийг 2023 оны 06 дугээр сарын 12-ны өдөр гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний ? хэрэг ш\үэсэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухайд: 1.1 Нэхэмжлэгч МА- нь шүүхэд ...үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах тухай гэрээний үлдэгдэл төлбөр 31.828.000 төгрөгийг Э ХХК, түүний захирал Д.Г-аас гаргуулах... /хх-ийн 1-2 дахь талд авагдсан/ нэхэмжлэлийг гаргасан ба уг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл /нэхэмжлэлийн бүрдүүлбэр/-ийн 62.1 /нэхэмжлэлд дараах зүйлсийг тусгасан байна/-т заасан ба 62.1.3-т хариүцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж тус тус заажээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч гэж тодорхойлсон хэсэг ...Э ХХК. Гүйцэтгэх захирал Д.Г- /РД: ФД64032016/ гэж /хх-1 дэх талд/, нэхэмжлэлийн шаардлагадаа ...иймд ул хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээний улдэгдэл төлбөр болох ...төгрөгийг Э ХХК, тууний захирал Д.Г-аас гаргуулж өгнө үү..." /хх-2 дахь талд/ гэж заасан байна. Тус нэхэмжлэлийг О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022.12.07-ны өдөр хүлээн аваад 2022.12.14-ний өдрийн .... дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 87-88 дахь талд авагдсан/-аар иргэний хэрэг үүсгэхдээ ...Э ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөр 31.828.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүйгэй... гэж зааж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлжээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 3-т зааснаас үзвэл нэхэмжлэгч нь Э ХХК, Гүйцэтгэх захирал Д.Г- гэж 2 хариуцагчийг тодорхойлсон, мөн үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр гаргуулах тодорхойлсон байх ба зээлийн гэрээний төлбөр үү, үл хөдлөх хөрөнгийн үнэ үү гэдэг нь тодорхойгүй байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн гаргаад буй нэхэмжлэлийн хариуцагч нь хэн болох нь талаар тодруулсан, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсан ажиллагаа огт явуулаагуй байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг зөвхөн Э ХХК-д холбогдуулан гаргасан гэж захирамжиндаа заасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байна. Годруулбал нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа Э" ХХК, Гүйцэтгэх захирал Д.Г- гэж заасныг шүухээс хариуцагчийн талаар тодруулах ажиллагаа хийхгүйгээр Э" ХХК-д холбогдуулан үүсгэж байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон хариуцагчийг сонгох эрхийг нь зөрчсөн, нөгөө талаас хариуцагчаас шүүхэд нэхэмжлэлийг гардаж авах, тайлбар өгөх, татгалзах эрхийг хязгаарласан байна. Мөн М.А-, иргэн Б.М нар нь хариуцагчаар оролцсон Э ХХК-тай 2016.09.21-нд үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах авах гэрээ /хх-4-5 дахь талд/, 2016.08.25-нд Э ХХК-тай "худалдах, х\да.1дан авах гэрээ /хх-ийн 175-р талын арын хуудаснаас 176 дахь талд/, 2017.05.10-нд иргэн Д.Г-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ /хх-150,173 дахь талд/, 2018.01.02-нд иргэн Д.Г-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-151 дэх талд, мөн 178-р талын арын хуудсанд/ нотариатаар гэрчлүүлсэн 500 сая гэх дүнтэй гэрээнүүдийг байгуулсан байх ба аль гэрээний үүргийг шаардсан нь тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв хэрэгт авагдсан хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын бүрггэлд бүртгэгдсэн Э ХХК-тай байгуулсан 2016.08.25-ны өдрийн худалдах, худалдах авах гэрээ /хх-ийн 175-176-д авагдсан/-ний дагуу төлбөр төлөгдөх ёстой гэж үзвэл уг гэрээний үнийн дүнг нь 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг гэж заасан байх ба М.А- нь шүүх хуралдаанд Д.Г анбатаас 250.000.000 /хоёр зуун тавин сая/төгрөг, 218.172.000 /хоёр зуун арван найман сая нэг зуун далан хоёр мянган/ төгрөг хүлээн авсан, мөн М.А- нь шүүх хуралдаанд ...гэрээ байгуулахаасаа өмнө урьдчилгаа болгож 30.000.000 төгрөг өгсөн... гэж хэлдэг бөгөөд нийт 500.000.000 төлсөн болох нь нотлогдсон байтал ийнхүү нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ...Г-ад холбогдуулан нэхэмжлэл гаргасан тухай тайлбарладаг бөгөөд хариуцагчийг ийнхүү шүүх Э ХХК гэж тодорхойлсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд шууд хамаарч байна. 1.2 Шүүх хуралдаанд М.А- нь ...гэрээ байгуулахаасаа өмнө урьдчилгаа болгож 30.000.000 /гучин сая/ төгрөг миний дансруу шилжүүлсэн байсан гэж хэлсэн бөгөөд ийнхүү хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2016.08.25-нд эхний гэрээг хийсэн байх ба үүнээс өмнөх дансны хуулгаа хэрэгт нотлох баримтаар өгөөгүй ч тайлбараа гаргасаар байхад шүүх Э ХХК-иас 31.828.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Тодруулбал нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлээгүйгээс болж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхэд хүрсэн байна. 1.3 М.А-, Б.М, нөгөө талаас Д.Г- нар нь О аймаг, Бр, У баг, О төв ХХК-ны зүүн урд С зочид буудлын 4 давхар 864 м.кв талбай бүхий объектыг 600 м.кв газартай хамт худалдахаар тохиролцож, нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үндэслэлээ газартай хамт нэг тэрбум төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023.04.19-ны өдөр О аймаг, Бр сум, У баг, О төв ХХК-ны зүүн урд байрлах С зочид буудлын 4 давхар 864 мкв талбай бүхий обьект, 600 м газрыг хэрхэн шилжилт хөдөлгөөн хийгдсэн хэн хэн эзэмшиж байсан талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах хүсэлтийг гаргаж, О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/Ш32023/02538 дугаар шүүгчийн захирамжаар дээрх хүсэлтийг хангаж, О аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хавтас хэргийн 190 дүгээр талд авагдсан 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаар О аймгийн улсын бүртгэлийн хэлтээс ирүүлсэн албан бичигт ... Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг О аймгийн ГХБХБГазар олгодог тул холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг тус газраас авна уу... гэсэн бөгөөд 142/Ш32023/02538 дугаар шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй юм. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, нэхэмжлэгч талаас дээрх хүсэлтээ дэмжиж байгаа эсэхийг нь тодруулах шаардлагатай талаар хэлсэн боловч шүүхээс нэхэмжлэгч дээрх хүсэлтээ дэмжиж байгаа эсэхийг тодруулалгүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг хийсэн нь хэрэг хянан ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иргэнии хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсоэг тал нь туунийг иш татах эохтэй бөгөөд нэхэмжлэгч нь байгаа шүүхэрхийг ноцтой зөрчсөн байна. 1.4 Хэргииг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчиин итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г би шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаа буцаан авсан ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө гаргасан хүсэлтээсээ татгалзсан гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан ба уг асуудлыг игүүхээс шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь диспозотив зарчмын хүрээнд явагддаг ч, шүүх захирамжаараа шийдвэрлэсэн оролцогчийн хүсэлтийг эрх зүйн акт буюу мөн л захирамж гаргаж, өөрчилж хүчингүй болгож байх учиртай. Ийм ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох гэж хуульд заасан бөгөөд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах талаарх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон, өөрчилсөн өөр шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй туш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны жу рам ноцтой зөрчсөн байна. 1.5 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дугаарт ...М.А- Э" ХХК-аас хөрөнгө худалдсаны үнэ 250,000,000 төгрөг авах ёстойгоос 218,172,000 төгрөгийг авсан болох нъ тогтоогдож байгаа ба зохигч энэ талаар маргахгүй байна...гэж худал дүгиэсэнбайна. Тодруулбал хэрэгтавагдсан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар /хх-103 дахь талд/, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжинд гаргасан гомдол /хх-114 дэх талд авагдсан/, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан тайлбар, шүүх хуралдаан даргалагч асуухад миний бие мөн л М.А-д төлөх төлбөруүд бүгд төлөгдсөн байгааг хэлсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 31.828.000 төгрөг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэтээр худал дүгнэлт бичсэн байна. Тодруулбал, уг нэхэмжлэлд дурьдаад буй төлбөрийг бүрэн төлөгдсөи гэж хариуцагчийи төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч би маргаж байсан болно. Дээрх үндэслэлүүдээр уг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2023.05.24-ний өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Хоёр. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: 2.1 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн .... тоот Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдан авах гэрээг үндэслэн хариуцагчаар 31,828,000 /гучин нэгэн сая найман зуун хорин найман мянган/ төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэхь хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөи хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэг нь гэрээний бүх төрөлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчаар нэхэмжилсэн. Тухайн маргаанд үл хөдлөх эд хөрөнгө, түүний онцлог, үнэлгээ, бүртгэл, өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар талууд маргаагүй юм зөвхөн гэрээний дагуу мөнгө дутуу өгсөн, авсан талаар маргасан. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийи 75.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймээс О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дүгээр сарын 24-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.А- нь Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-аас үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 31.828.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Э ХХК, нэхэмжлэгч М.А-, Б.М нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр .... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр О аймгийн Бр сум У багт байрлах О төв ХХК-ийн зүүн урд талд С зочид буудлын 4 давхар барилга 864 мкв талбай бүхий обьектыг 600 мкв газрын хамт 1 тэрбум төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон ба төлбөрийн 500.000.000 төгрөгийг худалдан авагч Э ХХК нь нэхэмжлэгчийн банкны зээлийг төлөх, 500.000.000 төгрөгийг нь М.А-, Б.М хоёр хуваан авах, 250.000.000 төгрөгийг Б.М авсан ба нэхэмжлэгч М.А- нь 218.172.000 төгрөгийг авсан, 31.828.000 төгрөг төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлбөр бүрэн төлөгдсөн, төлөх төлбөргүй гэсэн хариу тайлбар гарган маргасан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тухайн маргаж буй 4 давхар 864 мкв талбай бүхий обьект, 600 мкв газар хэрхэн шилжилт хөдөлгөөн хийгдсэн, хэн эзэмшиж байгаа талаарх дэлгэрэнгүй лавлагаа гаргуулахаар 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2538 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байна.

Улсын бүртгэлийн хэлтэс шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа хийж 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаар албан бичгээр газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээг О аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар олгодог тул дэлгэрэнгүй мэдээллийг тус газраас авах талаар мэдэгджээ. /ХХ-191/

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6., 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг зөрчсөн байна. Маргааны зүйл болж байгаа обьект, газар нь хэнээс хэнд шилжсэн, хэний нэр дээр эзэмшилтэй байгааг нотлох гэрчилгээ нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт байх тул холбогдох газраас шаардан авч шүүгчийн захирамжийн биелэлтийг хангах нь зүйтэй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул хэргийн шийдвэрлэлтэнд дүгнэлт хийгээгүй болно.

Шүүх иргэний хэргийг Э ХХК-д холбогдуулан үүсгэсэн нь хуулийн шаардлагыг хангаагүй хариуцагчийн талаар тодруулах ажиллагаа хийгээгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол нь үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгч М.А- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг Э ХХК, гүйцэтгэх захирал Д.Г- гэж тодорхойлсон байх ба Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд захирал Д.Г- гэж бүртгэгдсэн байх тул Д.Г- нь Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байх ба Э ХХК-д холбогдуулан үүсгэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317.090 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД Л.А

С.У-