| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2022/01095/И |
| Дугаар | 207/МА2023/00081 |
| Огноо | 2023-09-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 207/МА2023/00081
2023 09 14 207/МА2023/00081
А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Р.Ц-д холбогдох
иргэний хэргийн тухай
О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Ц-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18.113.322 төгрөг, удирдлагыг хууран мэхэлж ГХГЗ болон Б ХХК руу хий падаанаар шилжүүлсэн 4.500.000 төгрөг, О Б ХХК руу 1.813.636 төгрөг нийт 6.313.636 төгрөг тус тус гаргуулах, татварын өр 188.631.960.12 төгрөг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Хариуцагч Р.Ц-гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч Р.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компанид ажиллаж байсан нягтлан бодогч Р.Ц- нь манай компаниас 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 5,800,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 1,8 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлээс нэг ч төгрөг буцаан өгөөгүй бөгөөд удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн ба уг хугацаа өнгөрөхөд төлөхгүй бол алданги тооцохоор тохиролцсон. Гэвч мөнгийг төлөөгүйгээр барахгүй, манай байгууллагад их хэмжээний өр гаргасан тайланг татварын албанд илгээдэг байсан нь татварын улсын байцаагч М.Ц, Г.Г нар нь 2021 оны 5 дугаар сарын 13-наас 2021 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд татварын хяналт шалгалт хийж, 1,316,385,651.70 төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж нөхөн ногдуулалтын актыг танилцуулснаар мэдсэн. Татварын цахим тайланг хариуцан тайлагнах өөрт олгосон бүрэн эрхээ ашиглан өөрийн хамаарал бүхий компаниудад худалдан авалт борлуулалт хийсэн мэт хуурамч тайлан гаргаж байсныг илрүүлж, цагдаагийн байгууллагад шалгуулсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Манай компани огт худалдан авалт хийгээгүй байхад татварын падаан хий бичиж байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Компанийн падааныг нягтлан бодогчоор ажиллаж байсан Р.Ц- нь өөрийн компани болох З ХХК болон өөрийн хамаарал бүхий компанийн /Б ХХК, ГХГЗ ХХК, Э ХХК, Х констракшн ХХК/ эрх ашигт хувийн зорилгоор ашигласан асуудлаар цагдаад шалгагдсан. Тухайн нөхөн ногдуулалтын актаар 2017 оны 5,039,091.50 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнаагүй гэх, 2017 оны 182,273,182 төгрөгийн, 2018 онд 102,867,455 төгрөгийн, 2019 оны 33,818,182 төгрөгийн нотлогдоогүй зардал гэж баримтлан нөхөн татвар ногдуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2017 онд ГХГЗ ХХК, Э ХХК-аас 182,273,182 төгрөгийн гэх , 2018 онд Х констракшн ХХК-аас 102,867,455.60 төгрөгийн, 2020 онд Бн ХХК, З ХХК-аас 660,818,182 төгрөгийн тус тус бараа худалдан авсан мэт Нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичүүлж байсныг татварын актаар нотлогдсон. Татварын улсын байцаагчийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2021 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн №.................... тоот Нөхөн ногдуулалтын актаар манай компани 188,631,960.12 төгрөгийг төлж хохирол учирсан тул Р.Ц-гаас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл 5,800,000 төгрөг, 2 жилийн хугацааны хүү 3,099,686 төгрөг, алданги 2,900,000 төгрөг, нийт 11,799,686 төгрөгийг гаргуулах, удирдлагыг хууран мэхэлж, ГХГЗ болон Б ХХК руу хий падаанаар шилжүүлсэн 4,500,000 төгрөг, О Б ХХК руу 1,813,636 төгрөг, татварын албанд 2020 оны 1 дүгээр сард 1,316,385,651 төгрөгийн зөрчилтэй тайланг хүргүүлж 188,631,960.12 төгрөгийн өр гаргасан тул уг өрийг төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р.Ц-гаас 188.631.960 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай компанид ажиллаж байсан ерөнхий нягтлан бодогч Ц нь удахгүй татварын хэлтсээс шалгалт орох гэж байгаа гэсэн. Тэгэхээр нь бид нар ковидын нөхцөл байдлын үед яагаад шалгалт орохоор болсон юм бэ гэхэд энэ 4 жилийн давтамжтай ордог шалгалт гэж хэлсэн. Үүний дараа Цгаас татварын асуудал нь юу болж байна гэхэд бүх юм зүгээр гэж хэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Татварын хэлтсээс манай захирлыг дуудаж, 333,900,000 гаруй төгрөгийг актыг танайд тогтоолоо гээд үүнийг төлөхийг шаардсан. Тэгэхээр би энэ талаар татварын хэлтэс дээр очиж бидэнд мэдээлэл байсангүй, бид нар энэ төлбөр нэхэж байгаа байгууллагуудтай ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй, та бүхэн энэ байгууллагуудтай нүүрэлдүүлж өгнө үү, ковидын нөхцөл байдлын үед ийм зүйл болно гэж бодсонгүй гэж хэлсэн. Тэгтэл татварын улсын байцаагч нар З ХХК-аас нийт 464.200.000 төгрөгийн, Б ХХК-аас 453.000.000 төгрөгийн, Хөх гүрэн констракшн ХХК-д 102.867.455 төгрөгийн худалдан авалтыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хийсэн байна. Танайх яагаад ийм өндөр үнийн дүнтэй худалдан авалт хийсэн юм бэ гээд үүний үндсэн дээр танайхыг шалгах болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь Цд хандаж яагаад ийм зүйл болчхов, хүн алдаа гаргаж болно. Одоо л хоёулаа үүний ард гаръя гэтэл Ц алга болсон. Цг алга болсон учир аргагүйн эрхэнд Татварын хэлтсийн дарга Ц дээр орж бидэнд хугацаа өгнө үү гэж гуйсан. Тэгтэл Ц нь боломжит бүхий л хойшлуулж болох боломжийг ашигласан байсан. Бидэнд ямар ч арга байгаагүй учир үнэнээ хэлж, баримт гаргаж өгч байж 188,631,960 төгрөг болгон буулгасан. Ц нь ажлаасаа гарсан ч гэсэн татварын асуудлыг би өөрөө дааж дуусгана гэж надад хэлсэн. Гэтэл үүнийгээ биелүүлэлгүй ажлаа орхиод явсан. Ц нь намайг энэ хүн 25 жил өвчтэй хүүхдээ асраад явж байгаа шүү, энэ хүмүүс татварын талаар юу ч мэдэхгүй шүү гэж биднийг огт бодоогүй. Ц нь бидний зовлон жаргалыг мэднэ. Ц нь хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй хүн учир миний зовлонг мэдэж байгаа байх гэж найдаж байсан. Надад миний найз ёстой мундаг, найз нь энэ байгууллагад ирсэндээ баярлаж явдаг, миний найз миний зовлон жаргалын хуваалцдаг шүү гэж хэлдэг байсан. Би энэ бүхнийг нь сонсоод миний найз сэтгэл ханамжтай байгаа юм байна, миний найз надад маш их нэмэр болж байгаа шүү гэж бодож явсан. Миний хүүгийн бие муудаж байсан, хүү минь өөд болсон. Ц нь манайд 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж манайд ажилд орж байсан. Р.Ц- нь 5,800,000 төгрөгийг манай компаниас хувиараа зээлж авч байсан. Р.Ц- нь тендерт орох гээд гэж тайлбарлаж байна. Гэрээ байгуулсан бол тухайн байгууллага нь гэрээ байгуулах мэдэгдэл өгдөг. Гэрээ байгуулсны дараа бараа материалыг актаар хүлээлгэж өгдөг. Ингэснээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болдог. Уг хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр тухайн тендерт ордог. Тендерт ороход татварын өргүй байх гэсэн заалт л байдаг. Тендер нь биднээс ажлын туршлага л нэхдэг. Бид Да Чи ХХК-ийг танихгүй. Гэтэл уг компанид 90,580,000 төгрөгийн борлуулалт бичсэн. Би ГХГЗ ХХК-ийг танихгүй. Гэтэл үүнд 22,500,000 төгрөгийн борлуулалт бичсэн байсан. Энэ нь манай компанид НӨАТ-ын дарамт учруулсан. Тендерт орохоор болж материалаа бэлдсэний дараа татварын өр байгаа юу гэхэд өртэй гээд ийм данс руу ингэж мөнгө шилжүүл гэж хэлдэг. Тендерт орох гээд сандарч байгаа хүмүүс мөнгийг нь өгдөг байсан. Р.Ц- нь үүнийг л хүлээж байсан байна. 145,000,000 төгрөг нь манай компанийн Хас банкны данснаас Эвэргрийн ХХК-ийн дансанд орсон байсан. Би санхүүгийн мэдлэггүй нь үнэн. Бид нэгэндээ итгэх ёстой. 58,000,000 төгрөгөөр Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээтэй гэрээ байгуулсан байсан. Бид гэрээ байгуулж, хэдэн төгрөгийг яаж шилжүүлсэн талаарх баримтаа хавсаргаж байж бид нар нийлүүлсэн бараа материалынхаа мөнгийг авдаг. Тэр их НӨАТ-ын өрөнд орсон үед яах уу гэхээр энэ байгууллагын данс руу ингээд мөнгө хийчих гэдэг. Би тэгэхээр нь энэ хүнд итгэсэн. Би Цгийн хөтөлж байсан татварын цахим хуудас руу орж үзэж байгаагүй. Тухайн үед Ц нь надад намайг уучлаарай, найз нь буруу юм хийсэн байна гээд хэлдэг байсан. Тендерт орохын тулд гэж тайлбарлаж байгааг нь ойлгохгүй байна. НӨАТ-ын өрийг үүсгэсэн байхаар нь тийм л юм байх гэж боддог ч гайхдаг байсан. Р.Ц-г диспитрчээр ажиллаж байх үеийн цалинг нь өгч байсан. Зардлыг нь даагаад Хятад руу хүртэл авч явж байсан. 1.800.000 төгрөгийг тэтгэмж өгч байсан. Борлуулалт бичих нь манай байгууллагад ашиггүй. НӨАТ-ын өртэй гээд мөнгө өгөхөөр тэр мөнгийг буцаан өөрийн компанийн дансанд хийсэн байсан. Бид шударга байх ёстой. Өнөөдрийн хүртэл Социалист нийгмээр хүмүүжсэн гэж итгэж байсан. Өвчтэй дүүтэй учир миний зовлонг мэдэж байгаа гэж найдаж байсан. Намайг ойлгож байгаа байх гэж бодож байсан. Татварын маргаан таслах комисст ковидын нөхцөл үүссэн учир компаниудад татварын хөнгөлөлт байгаа байх гэж бодож тэнд хандаж байсан. Ковидын үед НӨАТ төлөгчийн хувьд НӨАТ-аа төлөөд явах боломжтой байхад яагаад бид нарыг өрөнд оруулаад байсан юм бэ. 58,000,000 төгрөгөөр Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ОНӨХК-тай трансарматор нийлүүлэх гэрээ байгуулангуут түүнийг дахин Б ХХК-д давхар шивсэн байсан. Хэрвээ Цг найз нь буруутай гэж хэлсэн бол 5.800.000 төгрөгийг авахаа больё гэж хэлэх байсан. Надад тийм сэтгэл байсан. Би Цд итгэж байсан. Яах гэж намайг дахин, дахин НӨАТ-ын өрөнд оруулсныг гайхаж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд худлаа хэлээд байж байна. Би Цд худлаа зүйл гэж байдаггүй шүү найзаа, хэзээ нэгэн цагт илрэхдээ бүр том хөөс болдог шүү гэж хэлж байсан гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэрээний дагуу 5,800,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд 1,8 хувийн зээлийн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр гэрээ байгуулсан. Уг зээлийг цалингаас төлнө гэсэн боловч манай байгууллагын зүгээс цалинг бүтэн олгож байсан. Ямар нэгэн байдлаар суутгал авч байгаагүй. Татвартай холбоотой өрийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд 4,500,000 төгрөг, 1,813,638 төгрөгийг Б ХХК болон Н нар руу хий падаан бичиж тухайн НӨАТ-ыг манай байгууллагаар төлүүлж байсан. Энэ талаарх тодорхой хэмжээний баримтыг манай талаас гаргаж өгсөн боловч санхүүгийн мэдлэг дутмаг байсан учир шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Хоёр дахь болон гурав дахь шаардлагууд нь хоорондоо харилцаа холбоотой шаардлагууд байгаа. 188,631,960 төгрөгийн татварын өрийг захирал мэдэж байсан гэж тайлбарласан учир хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан. 188,000,000 төгрөгийн өрийг манай байгууллага үүсгээгүй, нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаа учир үүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж захиргааны шүүхэд хандсан. Гэтэл энэ нь хэрэгсэхгүй болсон. Манай талаас нэхэмжлэлээ татаж авсан. Учир нь 188,000,000 төгрөгийн өр төлбөрийг төлье харин цагдаагийн байгууллагаар нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагааг тогтоолгоё гэж байсан. Гэтэл Цагдаагийн байгууллагаас эдгээр дансны хуулгыг шалгаж байна гэсэн боловч шалгаагүй. Баримтын ямар эх үүсвэрийг шалгах талаар мэдлэг мөрдөгчид дутмаг байсан байх. Энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Энэ талаар ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч хий падаантай холбоотой асуудал эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй, энэ гэмт хэргийн шинжгүй байх тул танайх иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн. Тиймээс бидний зүгээс иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Захирлын гарын үсэг нь санхүүгийн тайланд зурагддаг байсан учир үүнийг захирал нь хянах боломжтой байсан. Тоон гарын үсэг гарснаар нягтлан бодогч нь үүнийг ашигладаг болсон. Татварын байгууллага дээр нягтлан бодогч нь өөрийн ашиг сонирхлын төлөө ийм хууль бус үйлдэл хийж байгаа нь замбараагаа алдаж байгаа гэсэн. Үүнтэй холбоотойгоор нэлээдгүй асуудал үүсч байгаа юм байна лээ. Энэ асуудал манай байгууллага дээр үүссэн. 2017 оноос 2019 оны татварын өрийг л ярьж байгаа. Энэ хугацаанд Р.Ц- нь нягтлан бодогчоор ажиллаж байсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Энэ үед хэрэг бүртгэлийн хэргийг бидэнд танилцуулдаггүй байсан. Тэнд ямар ажиллагаа явуулж байгаа ч хэнд хамаатуулсан нь тодорхойгүй учир өөрсдийн зүгээс гаргасан баримтыг хуулбарлаж өгөх боломжтой гээд хэрэгт байсан дансны хуулга үзүүлээгүй. А ХХК-иас НӨАТ-ын баримтын мөнгө гэж компаниудын данс руу шилжүүлж үүнийгээ өөрийн данс руу шилжүүлсэн авсан байсан. Энэ байдал нь дансны хуулгаар гарч ирсэн байсан. Асуудал болсны дараа татварын байцаагчаас асуухад НӨАТ-ын баримтыг өндөр хэмжээгээр олж авахын тулд өндөр үнийн дүнтэй падаан бичсэн. Ингэснээр НӨАТ-ын мөнгө өндөр болно. НӨАТ нэрийн дор хөрөнгө завших гэж ийм үйлдэл гаргасан байна. Нягтлан бодогчийн чинь хууль бус үйлдэл байна гэсэн. 4,500,000 төгрөгийг НӨАТ-ыг авахын тулд 198,000,000 төгрөгийн падаан бичих ёстой юм байна. 4,500,000 төгрөгийн авахын тулд тухайн компанийн 198,000,000 төгрөгийн өрөнд оруулсан. Бид Нын дансны хуулгыг шалгуулах хүсэлт гаргуулах хүсэлт гаргасан бол болох байсан байх. Падааныг захирал бичдэггүй, санхүүгийн анхан шатны баримтын бүрдүүлбэрийг хангаж, хүчин төгөлдөр байдлыг нягтлан бодогч хариуцдаг гэж шинжээч тайлбарлаж байна. Эдгээр падааны Р.Ц- бичиж байсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн баримттай холбоотой бүхий л нотлох баримтыг бүрдсэн гэж үзэж хүчин төгөлдөр гэж үзсэний үндсэн дээр падаан буюу нэхэмжлэхийг бичдэг. Энэ бүрдүүлбэрийг хангалгүйгээр хий падаан бичсэн нь цэвэр нягтлан бодогчийн буруутай үйлдэл байна. Мөрдөгч санхүүгийн мэдлэг дутмаг байсны үндсэн дээр Р.Ц- нь азаар эрүүгийн хэргээс мултарсан. Компанид 1 тэрбум гаруй төгрөгийн хий падаан бичиж, өөртөө тухайн НӨАТ-ын ашгийг авах гэсэн энэ байдал нь компанийг их хэмжээний өр төлбөрт оруулсан байна. Шинжээч нь Р.Ц-гийн хувийн дансыг хараагүй байх. Хэрэг бүртгэлийн хэрэгт холбогдох компаниуд мэдүүлэг өгөхдөө Р.Ц- нь тайланг хийдэг байсан. Падааны мөнгө орж ирэх үед тэр мөнгийг Р.Ц- нь өөртөө шилжүүлэн авсан уу, орлого болгож авсан уу гэдгийг мэдэх боломжгүй, хий падаан манайд бичсэнээр бид нарыг өрөнд оруулж байгаа гэж хэлж байсан. Энэ асуудлаар мөн эрж хайж байгаа гэж А ХХК-д хэд хэдэн хүн ирж асууж сурч байсан. Р.Ц- нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ёстой гэтэл. Манай талаас ёс зүйн зөрчил болон сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй болсон. Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаасаа гарсан. Харин эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Үүнийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээх ёстой. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллуулна гэж гэрээг байгуулсан. Энэ ажлыг хийж байх явцдаа ийм зүйлийг хийсэн. Уг компанийн хөрөнгийг завших зорилгоор хий үнийн дүнгийн падаан бичиж, өөрийн санхүүгийн мэргэжлийг урвуулан ашиглаж компанийг хохироосон байна. Уг хохирлыг буруутай этгээд буюу Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд заасны дагуу Р.Ц-гаас хохирлыг гаргуулахаар шүүхэд хандсан. Тухайн ажилтны хууль бус буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд санаатайгаар хохирол, хор уршиг учирсан учир байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилж байна. Татварын байгууллагаас тогтоосон актаар зөрчил илэрсэн болохыг мэдсэн. Тиймээс татварын байгууллагын өмнө төлбөрийг хариуцан төлсөн. Уг төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нягтлан бодогчийн одоогийн гаргаж байгаа тайлбар нь нотлогдохгүй байна. Эх баримтгүй баримтаар тендерт оролцох боломжгүй. Огт борлуулалт хийгдээгүй, бүрдүүлбэргүй баримтыг бид бичиж тендерт оролцох боломжгүй байсан. 10,000, 20,000 төгрөгийн баримтыг мөнгийг авахын тулд өчнөөн сая төгрөгийн баримт уншуулсан байсан. Ингэж байгууллагыг өрөнд оруулж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Ц- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Р овогтой Ц О аймгийн А ХХК-д нягтлан бодогчоор 2011 оны 12 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээгээр, түүнээс хойш 2021 оны 6 сарын 25-ныг дуустал гэрээгээр ажилласан. Миний бие А ХХК-д ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр № .................. дугаартай гэрээгээр 5,800,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, зээлийг төлөх хуваарийн дагуу сар бүрийн цалингаас суутгуулж байсан. Удирдлагыг хууран мэхэлж байгаагүй. А ХХК нь тендерийн сонгон шалгаруулалтад орох нөхцөл шаардлагын дагуу татварын өргүй байх шаардлагатай байдаг. Иймд өргүй харагдуулахын тулд захиралтай зөвхөн НӨАТ төлөгч аж ахуй нэгж байгууллагаас падаан бичүүлж байсан нь үнэн тул нэхэмжилсэн 6,313,636 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Татварын албанд 2020 оны 1 дүгээр сард 1,316,385,651.7 төгрөгийн үнийн дүнтэй тайлан илгээгдэж байгаагүй болно. Мөн О аймгийн татварын хэлтсийн татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай актаар тавигдсан 188,631,960.12 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байнаБи зээл авсан нь үнэн. Гэхдээ уг зээлийг цалингаасаа тодорхой хэмжээгээр төлж байсан. Ажилчдын цалингийн цэсээ тодорхой харагдах байх. Би 2001 оноос нягтлан бодогч, диспитрч гэх албан тушаалд гэрээгээр ажиллаж байгаад 2012 оны 12 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажилчин болж ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хасах үлдэгдэлтэй цалин авна гэж байхгүй. Зээлж авсан мөнгөнөөс үлдсэн 2,333,000 төгрөгийг төлж барагдуулна. 2020 оны 01 дүгээр сард бичигдсэн З ХХК-д 464,200,000 төгрөгийн, Б ХХК-д 453,000,000 төгрөгийн, Хөх гүрэн констракшн ХХК-д 102.867.455 төгрөгийн баримтын тухайд гэвэл манайх 2020 оны 022 дугаар сард тендерт орохын тулд, тухайн үед өртэй байсан учир үүнийг бичсэн. 2019 онд нэлээдгүй хэмжээний бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендер авсан байсан. Э ТӨҮГ-т 782.000.000 төгрөгөөр, 68.000.000 төгрөгөөр тус тус трансматор нийлүүлж байсан. Э ОНӨХК-д 60.290.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнд 50.332.000 төгрөгийн цахилгааны эх үүсвэрийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. 2020 оны 12 дугаар сард 274.493.516 төгрөгийн гэрэлтүүлгийн ажлын бүтээгдэхүүн нийлүүлсэн. Э 58,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлсэн гэх мэт борлуулалт хийж байсан. Эдгээр борлуулалт орж ирсэн учир НӨАТ-ын өр үүсч байсан. Э ТӨҮГ-т бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой гаалиар 508.352.000 төгрөгийн бараа материалын мэдүүлэг орж ирсэн. Үүнийн зөрүү гэхэд нэлээдгүй их мөнгөний зөрүү гарч байгаа. Тиймээс дээрх хий падаан бичсэн гэх байгууллагад падаан бичсэн. Ингэж бичсэнээр А ХХК-ийн өр хасагдаж, бусад байгууллагад НӨАТ-ын өр үүссэн мэт Татварын байгууллагад харагдаж байгаа. Бн ХХК-д 40.000.000 гаруй төгрөгийн өр үүссэн учир тухайн байгууллагад НӨАТ олж бичиж байхгүй бол болохгүй байсан учир ГХГЗ ХХК-иас 2 удаа Бн ХХК руу е-barimt бичсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн аж ахуйн нэгжид мөнгө шилжүүлнэ гэж ярьсны дагуу Бн ХХК-аас Нын данс руу 4.500.000 төгрөг, Нямсүрэнгийн данс руу 1.813.636 төгрөгийг шилжүүлсэн. Үүнтэй холбоотой е-barimt-ын бичвэр засварлагдсан учир төлөхийг хүлээн зөвшөөрсөн. 188.631.960 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь е-barimt бичиж өөрийн компанийн татварын өрийг бууруулсан. Энэ үе нь худалдан авах ажиллагаатай холбоотой тендер сонгон шалгаруулалтын үетэй давхцаж байгаа. Хий падаан бичсэн нь миний буруу. Гэхдээ өрийг багасгахын тулд, тендерийн материалыг бэлдэж байсан хүний хувьд манай компани энэ тендерийг авчихвал ажил цааш үргэлжилнэ гэж бодсоны үндсэн дээр эдгээр падааныг бичсэн. Би тухайн байгууллагад нийт 10 орчим жил ажилласан. Надад Н гэдэг хүүхэд байхгүй. Чулуунсүрэн гэх хүнтэй холбогдож захирлаар цохолт хийлгэж мөнгийг шилжүүлж байсан. Би хийсэн ажлынхаа цалинг авч байсан. Надад тендерийн баримт, материал бүрдүүлсэн гэж цалин өгч байгаагүй. Миний бичсэн падаан нь үндэслэлгүй бол тендер авсан процесс нь үндэслэлгүй болно. 2016 оны 10 дугаар сард Э ТӨҮГ нь манай байгууллагатай 634.610 долларын гэрээ байгуулсан. 314.072 долларын барааг тухайн сардаа багтаан нийлүүлж, үлдэгдэл бараанд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэх үүсгэсэн. Тендертэй холбоотойгоор, тендерийн нөхцөл шаардлагыг хангах үүднээс эдгээр падааныг бичсэн. Би Ковид тусаагүй. Татварын хэлтэс хор цацах гэж байгаа гэж байна. Тиймээс татварын өр төлөлтийн сунгалтыг хийлгэхийн тулд албан тоот өгөх ёстой юм байна гэхэд захирал тоотонд гарын зурж өгсөн. Эвэргрийн компанид урьдчилан шилжүүлсэн мөнгөний тухайд урьдчилгаа 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь дарга цохолт хийж Болорцэцэгт бэлнээр мөнгө шилжүүлж байсан. Манай автобусыг мөргөсний хохирол төлөгдөж ирсэн мөнгийг мөн шилжүүлж байсан. Би ганцаараа дур мэдэн тэдгээр падааныг бичнэ гэж байхгүй. Падаан дутуу бичсэнээр надад ашиг хонжоо олсон зүйл байхгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р.Ц- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тайлбар хийсэн ба үүнтэй холбоотойгоор нэмэлт тайлбарыг хийе. 5,800,000 төгрөгийн зээл авсантай холбоотой холбогдох зарим баримтуудыг миний үйлчлүүлэгч тайлбарлаж, гаргаж тавьсан. Энэ тайлбарыг авснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн баримт болон ямар нэгэн зүйлийг өгөөгүй. Хэрэв зээлийг төлөөгүй талаар ямар нэгэн маргаан байгаа бол миний үйлчлүүлэгчийн гаргасан тооцоололтой холбоотой ямар нэгэн тайлбар гаргах ёстой байсан. Үүнд ямар нэгэн тайлбар хийгээгүй учир уг тооцооллын хэмжээнд шүүх дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлтэй байна. Хий падаан бичсэн нь тухайн компанийн хувьд ямар ч ашиггүй мэтээр тайлбар хэлж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд ч гэсэн ямар ч ашиг байхгүй талаар хэлж байна. Комданийн 4 жилийн санхүүгийн баримтыг үзэж тухайн компанид акт гарсан. Үүнтэй холбоотой бүх тайлбарыг захирал болон нягтлан бодогч нь өгсөн. Үүний үндсэн дээр 333,000,000 төгрөгийн татварын актаас тодорхой хэмжээний баримтыг үзүүлэн хасалт хийлгэсэн байна. Ингээд хамгийн сүүлд 188,000,000 төгрөгийг төлөхөөр болсон байна. Энэ өрийг зөвхөн Р.Ц- үүсгэсэн гэж үзсэн. Гэтэл үүнд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын шат болон гурван шатны прокурорыг дамжсаны дараа уг асуудал дуусгавар болсон. Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Үүнтэй холбоотойгоор манайх гуравдагч этгээдээр оролцъё гэхэд танд энэ асуудал хамааралгүй байна гээд нэхэмжлэлээ нэхэмжлэгч тал нь өөрсдөө татаж авсан. Тэгсэн мөртлөө 188,000,000 төгрөгийг нягтлан бодогчоор төлүүлье гээд байгаа. Санхүүгийн баримтад тулгуурлан татварын акт гарсан. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилсон. Нэмэлтээр тодорхой хэмжээний дүгнэлтийг гаргахдаа татварын актад тавигдсан асуудал нь үндэслэлтэй талаар тайлбарласан. Хардах эрх байгаа гэхдээ энэ нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Нэг гишүүнтэй компани нь өөрийн төлөөллөө шүүх хуралдаанд оролцуулсан байна. Баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй захирал нь гарын үсэг зурахдаа зөвхөн нягтлан бодогчдоо найдаад дээшээ хараад суудаггүй. Комданиуд ашгаа бага болгохын тулд НӨАТ-ын падааныг бичдэг. Энэ бичигдээгүй хууль болсон. Үүнийг татварын алба маш сайн шалгадаг болсон. НӨАТ-ыг бага болгохын тулд падааныг хууль бусаар худалдаж авдаг. Энэ нь худалдан авалт хийсэн мэт харагдаж байгаа боловч бэлэн мөнгөөр төлбөр 2.3 хувь, дансаар шилжүүлбэл 3 хувиар тооцон гэж өртөг тогтоосон байдаг. Цгийн гаргасан тайлбарт тодорхой байгаа. Би мэдээгүй гэдгээрээ татварын өрнөөс мултрах боломж байхгүй. 188,000,000 төгрөгийн татварын актыг миний үйлчлүүлэгчээр төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нэхэмжлэгч тайлбарлаж хэлэхдээ Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд заасныг баримталж байгаа юм байна. Нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар зүйлийн 3.1.12а-д гүйцэтгэх удирдлага гэдгийг тодорхой заасан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийг тодруулж байна. Нэг гишүүнтэй компанийн хувьд ерөнхий захирал уг гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлнэ. Үүнтэй холбоотой холбогдох баримтыг хянах ёстой, нэгдүгээр гарыг үсэг нь ямар ач холбогдолтой талаар тодорхой заасан. Мөрдөгч хэргийг шалгасан. Гурван шатны прокурор нь нүдээ аньж байгаад тогтоол гаргаагүй. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд компанийн гүйцэтгэх удирдлагын талаар тодорхой заасан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан. Компанийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4-д компанийн гүйцэтгэх удирдлага нь тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй гэж заасан. Энэ үүргийн дагуу татварын байгууллагаас компанид хариуцуулан акт гаргасан. Энэ заалтыг тухайн байгууллагын захирал нь мэдэхгүй гэж хэлээд хариуцлагаас чөлөөлөгдөх боломжгүй. Зөвхөн нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзэх боломжгүй байна. Тендер нь тодорхой хэмжээний борлуулалт хийгдсэн байхыг шаардсан байдаг юм байна. Гүйцэтгэх удирдлага нь тухайн баримтуудад хяналтаа зөв тавиагүй байна. Хяналтаа зөв тавиагүйг нь миний үйлчлүүлэгч ашиглаагүй. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон. Аливаа юманд жудагтай байх хэрэгтэй. Компанийн удирдлагуудад таалагдахаар гаргасан баримтынхаа үр дүнд миний үйлчлүүлэгч хариуцлага хүлээх нь зүй бус үйлдэл болно. Хий падааныг байгууллага болгон санхүүдээ ашигладаг болсон. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 заасныг баримтлан хариуцагч Р.Ц-гаас 11,789,686 /арван нэгэн сая долоон зуун наян есөн мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Р.Ц- нэхэмжлэлийн шаардлагаас 6,313,636 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Р.Ц-д холбогдуулан гаргасан татварын өр 188,631,960.12 төгрөгийг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Р.Ц- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-06-05-ны өдрийн 142\ШШ2023\....... дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх ...Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг ... зээлийг хуваарийн дагуу сар бүр цалингаасаа тогтмол суутгуулж төлж барагдуулж дуусгасан... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбарыг татгалзалтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүний тайлбар татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна...3ээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.800.000 төгрөг, хүү 3.099.986 төгрөг алданги 2.900.000 төгрөг, нийт 11,799,686 төгрөгийг хариуцагч Р.Ц-гаас гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй байна..." гэж хийсвэр дүгнэлт хийж байгаад гомдолтой бөгөөд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг ач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.ҮНДЭСЛЭЛ НЬ: 1. Хариуцагч Р.Ц миний зүгээс ... зээлийг хуваарийн дагуу сар бүр цалингаасаа тогтмол суутгуулж зохих хэсгийг төлсөн.Хэрэгт байгаа зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлж байсан баримтуудыг шүүхэд хариу тайлбар гаргахдаа нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтуудад Авто мастер төв ХХК ямар ч хариу тайлбар хийгээгүй.Зээлийг цалингаас суутгуулж, сүүлийн 1 жил гаруй хугацааны санхүүгийн тайлан гаргасан цалин хөлсийг нэхэмжпэгч өгөөгүй учраас суутган тооцуулах тухай хариу тайлбар бичгээр гаргахад А ХХК-ний зүгээс мөн л ямар ч хариу шүүхэд өгөөгүй.Нэхэмжлэгчийн зүгээс дээрх байдалд огг тайлбар хийгээгүй нь цалингаас суутган, цалин хөлс олгоогүйг тооцжээ. гэж үзэх боломжтойд шүүх зөв дүгнэлт хийгээгүй нь буруу юм. 2. ..Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,800,000 төгрөг, хүү 3.099.986 төгрөг алданги 2.900.000 төгрөг, нийт 11.799.686 төгтөргийн хариуцагч Р.Ц-гаас гаргуулж нэхэмээрхжпэгч А" ХХК-д олгох нь зүйтэй байна... гэж шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.Шүүхэд нэхэмжлэгч А ХХК-ний нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг нотлох баримтаар өгсөн ба энэ гэрээнд шүүхийн шийдвэрт дүгнээд байгаа 2 /хоёр/ жил гэсэн хугацааг заагаагүй.Зээлийн хугацааг бичээгүй байгаа.Р.Ц- миний 2 жилийн хугацаатай гэдэг зөвшөөрсөн тайлбараар гэрээний хугацааг тодорхойлж байгаа нь үндэслэлгүй юм. ИХ-ийн 282 дугаар зүйлийн 282.3-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардпагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана... гэснийг хангаагүйг шүүх үнэлж, чадсангүй. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Р.Ц- миний гаргасан гомдлыг хүлээн авч, ....... дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Р.Ц-гаас 11.799.686 төгрөг гаргуулах хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. Миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа \11.799.686 төгрөг-5.800.000 төгрөг үлдэгдэл 5.999.686 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн болно. Гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Дгийн хамт оролцоно гэжээ.
ХЯНАВАЛ :
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Р.Ц-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 18.113.322 төгрөг, удирдлагыг хууран мэхэлж ГХГЗ болон Б ХХК руу хий падаанаар шилжүүлсэн 4.500.000 төгрөг, О Б ХХК руу шилжүүлсэн 1.813.636 төгрөг нийт 6.313.636 төгрөг тус тус гаргуулах, татварын өр 188.631.960.12 төгрөг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 заасныг баримтлан хариуцагч Р.Ц-гаас 11,789,686 /арван нэгэн сая долоон зуун наян есөн мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Р.Ц- нэхэмжлэлийн шаардлагаас 6,313,636 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Р.Ц-д холбогдуулан гаргасан татварын өр 188,631,960.12 төгрөгийг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч А ХХК-иас хариуцагч Р.Ц- нь 5.800.000 төгрөгийг 1 сарын 1.8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, зээлээ хугацаандаа төлөхгүй бол 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж үндсэн зээл 5.800.000 төгрөг, хүү 3.099.686 төгрөг, алданги 2.900.000 төгрөг нийт 11.799.686 төгрөгийг хариуцагч Р.Ц-гаас гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцжээ.
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Р.Ц-д холбогдуулан ГХГЗ ХХК болон Б ХХК-иуд руу хий падаанаар шилжүүлсэн 4.500.000 төгрөг, О Б ХХК нь руу хий падаанаар шилжүүлсэн 1.813.636 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Р.Ц-д холбогдуулан татварын албанд 2020 оны 01 сард 1.316.385.651.7 төгрөгийн зөрчилтэй тайланг хүргүүлж 188.631.960.12 төгрөгийн өр гаргасан тул уг өрийг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
О аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №.................... дугаар актаар А ХХК хууль тогтоомж зөрчиж, 1.316.385.651.7 төгрөгийн зөрчил илэрснийг тогтоож 188.631.960.12 төгрөгийн төлбөрийн акт тогтоожээ.
Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ....... дугаар прокурорын тогтоолоор А ХХК-ийн нягтлан бодогч 2017 оноос 2021 оны хооронд О аймгийн Татварын хэлтэст байгууллагын тайлан буруу гаргасны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад татварын хууль тогтоомж зөрчсөн болон бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр санхүүгийн шинжээчээр Сор үнэлэмж ХХК-ийг томилж, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр ...Р.Ц- нь А ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал эрхэлж байх хугацаандаа нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй байтал хуурамч падаан үйлдэж, санхүү татварын тайлан худлаа гаргаж, А ХХК-д нийт 201.981.417.93 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн болно.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Р.Ц-д холбогдуулан гаргасан татварын өр 188.631.960.12 төгрөг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч Р.Ц- нь шүүхэд давж заалдсан гомдол гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй болно.
Хариуцагч Р.Ц-гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Р.Ц-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110.945 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Р.Ц-гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Р.Ц-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110.945 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У
ШҮҮГЧИД Л.А
Б.Б