Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

 

 

   2019        03          01                                   343 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Ч.Алтансүх,

хохирогч Т.Хувьзаяа,

шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Дийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07282 0028 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т.Д,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Баялаг-Ундраа худалдааны төвийн орчим иргэн Т.Хувьзаяатай бараа оруулах гэхэд хаалаа гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                               /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Д нь хохирогч Т.Хувьзаяагийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Т.Хувьзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 13 цагийн орчим Баялаг-Ундраа худалдааны төвийн арын хаалгаар бараагаа оруулах гээд тэргээ машины зогсоолд оруулсан. Гэтэл хажуу лангууны залуу манай ах дээр хүрч ирээд "Би эхлээд бараагаа оруулах гэж байхад гэхээр нь ах маань манайх тэрэгтэй бараагаа хурдхан шиг оруулчихья гэтэл тэр залуу давраад байгаарай гөлөгнүүд минь гээд дайрсан. ...миний хоолойноос боогоод доошоо дараад байхаар нь би нэг удаа хацар руу цохьсон. Тэгсэн чинь миний цээж рүү 2 удаа өшиглөчихөөд манай ах руу дайрсан. ...хойноос заамдаж аваад доошоо дарж байгаад миний нүүр рүү хамар хэсэгт өшиглөчихсөн. ...тэгээд би зугтаатал араас ална гээд хөөгөөд ирсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Гэрч Б.Баяндүүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"...Тэр залуу би эхэлж орох гэж байсан гэж хэлээд намайг зуураад авахаар нь миний хажууд зогсож байсан туслах ажилчин Хувьзаяа тэр залуу бид хоёрын дундуур ороод салгах гэхэд нөгөө залуу Хувьзаяаг цохиод авсан. ...надтай анх хэрэлдэж маргалдсан залуу Хувьзаяаг барьж аваад цохиж зодсон. Тэгсэн нь Хувьзаяагийн хамраас цус гарчихсан байхаар нь нөгөө 2 залууг барьж авах гээд яваад очтол зугтаагаад явчихсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шижээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10755 дугаартай:

Т.Хувьзаяагийн биед хамар ясны хугарал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд  үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 51/,

 

Шүүгдэгч Т.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг бол хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр би бараагаа буулгах гээд автомашины зогсоол дээр орж ирээд ухарч байтал хажуугийн лангууны 2 залуу тэргээ оруулчихсан. Тэгэхээр нь бууж очоод " би наад зайруу чинь орж бараагаа буулгах гэж байна. Чи яаж байгаа юм бэ гэтэл тухайн 2 эрэгтэйн арай ахимаг настай залуу нь тамхи татаад зогсож байснаа тамхины утаагаа нүүрлүү үлээн "Чи дараа нь буулгачих. Би эхлээд буулгачихья гэж хэлсэн. Тэгээд би тухайн залуутай маргалдаж байтал доор зогсож байсан Хувьзаяа гэх залуу миний араас толгойн тус газар цохьсон. Гэтэл урдаас хараад зогсож байсан залуу нүүрэн тус газар маань цохиод тэр хоёр нийлээд намайг зодож эхэлсэн. Тэр үед тэр хавьд байсан хүмүүс салгасан. Тэгээд Хувьзаяа гэх залуу "Чи миний ах уруу дайрдаг хэн юм бэ? гээд над руу дайраад, чамайг ална гэж хэлсэн. Тухайн үед хажуунаас ах нь гэх залуу салгатал дахин гарын салаандаа түлхүүр хийчихсэн чиний нүдийг сохолно гэж хэлсэн. Тэгээд ах нь салгаж байсан. Хувьзаяа гэх залуу дахин тэлээгээ тайлаад барьчихсан тархийг нь хага цохьно гэх мэтээр дайраад байсан. Тэгээд бид хоёр дахин маргалдаад барьцалдаж авсан. Тэгээд бид хоёр 1-2 удаа цохилцоод салсан. Тэгээд салаад Хувьзаяа зугтаад би араас нь гүйгээд очтол Хувьзаяа гартаа ундааны шил барьчисан зогсож байсан. Тэгээд би орхиод ажилруугаа орсон гэх мэдүүлэг /хх-ийн 92/,

 

Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 5/,

ШШҮХ-ийн 2018 оны 10771, нэмэлтээр хийсэн 1034, гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 1313  дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 54, 57, 85/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 79/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, боловсролын дипломны хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-72/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Т.Дийн иргэн Т.Хувьзаяагийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролын талаархи нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж шийдвэрлэлээ.

 

Уг гэмт хэрэг гарахад хохирогч болон түүнтэй хамт явсан хүмүүс,  шүүгдэгч нарын хоорондоо бие биенээ илтэд үл хүндэтгэсэн, харилцан хэн хэнийгээ цохьсон үйлдэл, эрхлэж байгаа ажил, үйлчилгээ, орлогоороо нэгнээ дарах гэсэн үзэл санаа, аливаад хүлээцгүй байдал, өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьж байгаа байдал шууд нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Т.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь хохиролын талаарх бусад нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ