Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 345

 

 

 

 

 

 

 

 

   2019         03         01                                   345

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Э.Гэрэлмаа,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 1706 01929 1947 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Э,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холбоо толгойн 6 дугаар гудамж 706 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнэсувдын сууцны вакум цонхны салхивчаар нэвтрэн орж Самсунг маркийн 46 инчийн зурагт хулгайлан авч бусдад 436.494 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг 6-48 тоотод оршин суух иргэн Г.Ложоогийн хашаанаас харуулын хөрөө, цохилттой дриль, ургамлын тос, усны тэрэг зэрэг эд зүйлс хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дутаар сарыь 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын орчмоос М.Түмэнжаргалын хүсэлтээр түүний 49-16 УНЕ улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон түүнийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж ухаангүй буюу мэдээгүй байх үед нь автомашиныг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 8.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                      /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Э.Эрдэнэсувдын мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 09 сарын 08-ны өдрийн 13 цагаас 18 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Холбоо толгойн 6-74б тоотод байх манай байшингийн цонхоор хулгайч орж зурагт алдагдсан. Өөр эд зүйл алдагдаагүй байна. Эд зүйлийн үнэлгээгээр үнэлэгдсэн хохирлоо барагдуулаад авчихвал цаашид өөр ямар нэг гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,

 

-Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт / ХХ-ийн 14-16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 02/1036 дугаартай:

...шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд MN000210024500 бүртгэлийн дугаартай Б.Эын зүүн гарын алгаар үүссэн байна ... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн БЗ3-18-114 дугаартай:

Самсунг маркийн 46 инчийн зурагт 436.494 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 35-36/,

 

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 09 сарын 07-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автобусны буудал дээр Орхон аймгийн буюу нэг нутгийн найз Ганаатай тааралдаж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд Холбоо толгой буюу Амгалан станцаас хойш хашаандаа нэг байшин монгол гэртэй айлд очиж Ганаагийн найзынх гэх үл таних монгол гэртэй айлд нь архидсан юм. Ингээд 2017 оны 09 сарын 08-ны өдөр 13 цагийн үед байхаа сайн санахгүй байна өдөр монгол гэртэй айлд сэрэхэд би ганцаараа унтаж байсан. Тэгээд нөгөө хэдийгээ хойд байшинтай айл руу орсон юм байх гэж бодоод босч гэрийн хойд талд байсан байшин руу очиход байшингийн урагшаа харсан 2 цонхны баруун талын цонхны салхивч онгорхой байхаар нь шагайж хартал хүнгүй байсан. Тэгэхээр нь онгорхой цонхоор орж том өрөөний ханын сервантан дунд байрлуулсан хар өнгийн Самсунг маркийн зурагтыг нь аваад Ботаникийн эцэс дээр очиж автобусанд суугаад шууд нарантуул зах орсон. Нарантуул захын өргөлтгөлийн хөдөө орон унтаг руу явдаг унаа зогсдог зогсоол дээр зурагтаа үл таних хүнд 80,000 төгрөгөөр зарж мөнгөөр нь архи авч уусан гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

 

2. Хохирогч Г.Ложоогийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 5 дугаар сарын 30-ны 19 цагийн үед гэртээ ирэхэд хашаанд байх амбаарын хаалга онгорхой байхаар нь гайхаад амбаар луу ороход хулгай орчихсон юм шиг байсан. Ногоон өнгөтэй Хятад улсад үйлдвэрлэсэн модны харуул хөрөө 1 ширхэг, улаан өнгийн кен маркийн цохилттой дрилл 1 ширхэг, 25 кг хуванцар шар өнгийн савтай ургамлын тос, усны тзрэг зэрэг эд зүйлс алдагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 130-131/,

 

Гэрч Н.Энх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"..төрсөн дүү Н.Мөнхбатын нэр дээр байдаг 10-16 УНБ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад зүс таньдаг Б.Э гэдэг залуу нэг юм ачих хэрэгтэй байна гэхээр нь хаанаас хаа хүртэл явах юм 15.000 төгрөгөөр ачна гэж хэлээд Даваат багийн Хөвсгөл 2 гэсэн нэртэй дэлгүүрийн харалдаа гудамжаар ороод нэг айлын гадаа зогссон. Байшингийн баруун талын амбаараас ногоон өнгийн хятад харуулын хөрөө, улаан өнгийн цохилттой дрилл зэргийг авч гарч ирээд машин дээр ачсан. Б.Э тээврийн хөлсөө өгөхгүй байхаар нь би мөнгөө авмаар байна гэхэд Б.Э би зарж байгаад мөнгөө өгнө гэж хэлсэн. Б.Эыг тээврийн хөлсөө өгчхөөд харуулын хөрөөгөө аваарай гэж хэлээд гэртээ буулгасан. Тэр орой 17 цагийн үед Б.Э манай гэрт ирээд 15.000 төгрөг өгөөд харуулын хөрөө, цохилттой дрилл зэргийг аваад явсан. Б.Эыг гэрээсээ тоног төхөөрөмж авч байна гэж бодож байснаас хулгай хийж байна гэж бодоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 132/

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 122-123/,

 

-эд зүйл буюу ногоон өнгийн модны харуул хөрөө, кен маркийн цохилттой дрилл зэргийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 128-129/,

 

Найдвар Од ХХК-ийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 83 дугаартай:

Харуулын хөрөө 400.000 төгрөг, цохилттой өрөм 80.000 төгрөг, усны тэрэг 10.000 төгрөг, 25 кг-ийн ургамлын тос 60.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 156/,

 

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 05 сарын 20-ны орчим хүргэн ах Ложоогийнд очиж гэрийн үүдний амбаар дотор байсан суурин харуулын хөрөө, цохилттой дрилл, бусад зүйлсийг санахгүй байна. Тухайн өдөр архи уусан  явж байсан. Авсан эд зүйлээ зах дээр 100.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи уугаад, маргааш нь шууданд суугаад хотод ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 199/,

 

3. Хохирогч М.Түмэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

...өөрийн 49-16 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ барьж чадахгүй согтуу байсан тул гудамжинд явж байсан үл таних 2 залуугаар автомашинаа бариулаад Баянхошууны хөтлийн зүг рүу явж байхдаа замдаа дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад би тэр архинаас 2 татаад нэг сэртэл Баянхошууны
тойргоос доош гудамжинд тасраад унасан байсан. Тэгээд 17 цагийн үед сэрээд
зам дээрээс такси бариад гэр лүүгээ явсан. 2018 оны 02 сарын 25-ны өдөр цагдаад хандаад үүнээс хойш эрэн сурвалжлаад 2018 оны 02 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 100-30 тоот хашааны үүдэнд машин чинь байна гэж хэлсэн. Яваад очтол тоногдсон байдалтай олдсон. 80 ампер цагтай хар өнгийн аккумлятор, урд талын гупер, нэмэлтийн 2 гэрэл, урд хоёр их гэрэл, 5 дугуй хайлшин обудтайгаа, багажид байсан ком дорцов, галын хор, автомашины түлхүүр, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, нокиа маркийн гар утас зэрэг эд зүйлс алдагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 234-239/,

 

Гэрч Ж.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 02 сарын 23-ны орой 20 цагийн үед чимээ гараад машин зогсохоор нь гараад хартал саарал өнгийн машин зогсож байсан. ...машины газ дуусчихлаа газандаа яваад ирий гээд явсан. 2018 оны 02 сарын 24-ний орой 19-20 цагийн үед машин дуугараад байхаар нь манай нөхөр Хорол гараад харахад 4 дугуйг нь сугалж аваад ачаад явсан гэж хэлсэн. 2018 оны 02 сарын 25-ны өдөр 102-т залгаж цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 241/,

 

Гэрч Х.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 02 сарын 23-ны орой 19 цагийн орчим Б.Э манай гэрт ирээд машины бензин дуусаад танай гэрийн доохон орхичихлоо харж байгаарай гэж хэлэзд явсан. Маргааш өглөө нь Б.Э машиныхаа урд гупер, урд хоёр их гэрлийг тайлж аваад надад гупер хагарсан байгаа энийг наагаад 2 их гэрэл шатсан гэрэл хийгээд бензиний мөнгө олчхоод ирье гэж байсан. ...машины 4 дугуйг тайлахад бэлэн болгоод буюу машиныхаа доор юм эвээд багажинд байсан илүү дугуйг гаргаж ирээд нэг залууд өгөөд явуулсан. Харин 4 дугуйгаа үлдээгээд надтай цуг цэнхэр дэлгүүр хүртэл яваад тэндээсээ такси бариад явсан. Намайг гэртээ байж байх хооронд машин олж ирээд 4 дугуйгаа аваад явчих шиг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 247-248/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн өргөдөл /хх-ийн 216-217/,

-Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 218-221/,

 

Мастер үнэлгээ ХХК-ийн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 18/147 дугаартай:

Аккумлятор 80 ампертай 50.000 төгрөг, соната-6 загварын урд буфер 180.000 төгрөг, соната-6 загварын урд буферийн 2 гэрэл 80.000 төгрөг, соната-6 загварын 2 урд их гэрэл 200.000 төгрөг, соната-6 загварын обудтай 5 дугуй 500.000 төгрөг, багаж 30.000 төгрөг, галын хор 15.000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 5.000 төгрөг, нокиа маркийн гар утас 30.000 төгрөг, соната-6 маркийн автомашин 7.000.000 төгрөг, нийт 8.090.000 төгрөг гэх эд хөрөнгийн үнэлгээ /1 хх-ийн 3/,

 

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 02 сарын 23-ны өдөр 12 цагийн үед нэг залуутай танилцаад архи уугаад сууж байтал Түмэнжаргал гэдэг хүн 49-16 УНЕ улсын дугаартай соната-6 маркийн машинтай ирээд архи авах гэсэн юм ойрхон дэлгүүр мэдэх үү гэж асуусан. Тэгээд хамт дэлгүүр ороод архи аваад хамт уусан. Тэгээд миний анх танилцсан залуугийн эхнэр нь дуудаад байна гээд яваад өгсөн. Би машиныг аваад Нарангийн голд очсон. ...Хүрлээ ахынд очсон. ...би өөрийн машинтай явж байгаа юм машины газ дуучихсан явж байна гэж хэлсэн. 2 сарын 24-нд машины 4 дугуй, хагарсан гупер
болон гэрлийг нь салгаж аваад нарангийн голын зам дээр гарч замд явж байсан
соната 6 маркийн машиныг зогсоогоод 4 дугуй обуд авах уу гэж асуугаад 100.000
төгрөгөөр худалдсан. Би 100.000 төгрөгөөр архи авч уугаад дуусгасан. Урд талын
гэрэл болон гуперыг Нарангийн голын цаана байрлах жалга руу аваачиж хаясан гэх мэдүүлэг /хх-ийн 250/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-52/,

Шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс гаргасан хохирогч Э.Эрдэнэсувдын “зурагтны хохирол болох 437.000 төгрөгийг барагдуулж авлаа. Б.Эт ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт, хохирогч Г.Ложоогийн “алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан. Гомдол санал байхгүй” гэх хүсэлт зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эыг хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эрдэнэсувд, Г.Ложоо нарт учирсан хохиролыг нөхөн төлсөн. Дээрх хохирогч хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй болохоо илэрхийлсэн.

Хохирогч М.Түмэнжаргалд учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх учир хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн хохиролоос авто машин биет байдлаар олдсон байх тул үнэ 7.000.000 төгрөгийг хасч, тоногдсон эд зүйлийн үнэ 1.090.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Түмэнжаргалд олгох нь зүйтэй. Шүүгдэгч Б.Э нь хохиролыг төлөхөө шүүх хуралдааны явцад илэрхийлсэн.

 

Шүүгдэгч нь уг хэргийн учир 110 хоног цагдан хоригдсон байх учир уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялааар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Эыг шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил  хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 90 хоногийн хугацаагаар хорих хөнгөн ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 2 жил 90 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан хоёр жил ер хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон нэг зуун арав хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 1.090.000 төгрөг гаргуулж хохирогч М.Түмэнжаргалд олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ