Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 209/МА2023/00084

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  08 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2023/01028 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “*******, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд   нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, түүний өмгөөлөгч ******* /цахимаар/,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
            Миний бие “*******” ХХК-тай байгуулсан орон сууц захиалах гэрээний дагуу захиалсан тус аймгийн Дархан сумын 11-р баг, 13-р хороолол 10а байрны тоот хаягт байх 59.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэрээний дагуу 100 хувь төлбөрийг төлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авсан болно. Гэтэл уг эд хөрөнгийн лавлагааг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр автал ******* гэгч хүний барьцаанд байгаа гэх тодорхойлолттой байсан. Гэрээгээр барилгын ажил гүйцэтгэгч “*******” ХХК нь иргэн *******тэй зээлийн барьцааны гэрээ хийж бүртгэгдсэн *******ийн барьцаанд байгаа тул ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй гэж улсын бүртгэгч мэдэгдэж 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар бүхий зээлийн барьцааны гэрээг танилцуулсан.

Уг барьцааны гэрээг судалж үзтэл Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д заасан шаардлагыг хангаагүй мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байсан. Тодруулбал 156.2-д ...барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн гэтэл уг гэрээнд үүргийг хангах хугацаа, үнийг заагаагүйгээс ямар хугацаанд барьцаагаар хангагдах, ямар үнэтэй барьцаа байгаа үнийн хэдэн хувиар барьцаа хангагдах гэх мэт нь тодорхой биш байдлаас болоод захиалагч өмчлөгч миний өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хэзээ ямар үнээр захиран зарцуулах нь тодорхойгүй байдал бий болсон. Хууль тогтоогч энэхүү нөхцөл байдал бий болно гэдгийг тооцоолж тус хуулийн 156.3-д ...156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж хуульчилжээ.

Иймд хуулийн шаардлага хангаагүй, миний өмчөө захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж хохирол учруулсан, хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Барьцаалагч *******т хандаж өөрийн өмчлөлийн байрыг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан боловч тодорхой хариуг өгөөгүй гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын татгалзал, хариу тайлбарын агуулга:

Хариуцагч ******* нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ******* ХХК-тай дугаар зээлийн гэрээ, А дугаар бүхий барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 дугаар хороололд байрлах орон сууцны зориулалттай 8470 м.кв талбайтай барилгыг 1500 м.кв газрын хамт барьцаалан гэрээг холбогдох хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Иймд барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээнүүд тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

“*******” ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр *******т гаргаж өгсөн. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан үндэслэлийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн гаргаж байгаа үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ямар нэгэн бичиг баримт буюу мөнгө тушаасан баримтуудыг манай компанид гаргаж өгөөгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 156 дугаар зүйлийн 156.2-т тус тус зааснаар *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол Ласти таун хотхоны 10А байрны тоот, 59.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чөлөөлж, зохих бүртгэл хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэхийн өмнө зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг асууж тодруулаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтээ шүүх хуралдаан эхлээд нэг минутын дараа гаргасан бөгөөд мөн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан хүсэлтийг хүргүүлсэн байтал хүсэлтийг авч хэлэлцээгүй шүүх хуралдаан цагтаа эхлээгүй, хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах, талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.

5.2. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж маргасан гэтэл нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй байхад шүүгч сайн дураараа нэхэмжлэлийн шаардлагаа ингэж тодруулж байна гэсэн агуулгаар тайлбарлаж байсан. нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо ямар нэгэн тайлбар хэлээгүй байна гэж дүгнэж бичсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцах, тайлбар гаргах боломжоор хангаагүй.

...Хариуцагчийг сүүлд бүртгүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл илэрсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.         

2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь *******, ******* ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээ бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. Зээлийн барьцааны гэрээг 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь *******, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнээс Дархан-Уул аймаг,  Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны тоот орон сууцыг чөлөөлж, хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолдоо  “...анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хэргээс судлан үзэхэд:

6. Хэргийн 136 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан байх ба өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлжээ. /хх-ийн 136/

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 135/ШЗ2023/04696 дугаар захирамжаар өмгөөлөгчийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар “өмгөөлөгч нь шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийн хамт нотлох баримт гаргаж ирүүлээгүй” гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 142-143/

Шүүхийн шийдвэрт “өмгөөлөгч *******ы хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өмгөөлөгч *******ыг оролцуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаагүй атлаа шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх үед бичгээр гаргаж шүүхийн цахим хаягаар ирүүлсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүйг илтгэнэ” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ шүүх хуралдааны явцад гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байхад анхан шатны шүүх нь хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлээгүй, Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т заасан “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” эрхийг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж,    25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох;, 25.1.3-т “шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” заасан эрхийг хязгаарлаж, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. 

7. Хэргийн 137-138 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч ******* нь “...зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна” гэж, 140 дүгээр талд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь “*******т хамааралтай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна” гэх тайлбарыг тус тус гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан.

Дээрх шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзэх боломжгүй, шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийг тодруулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх хүсэл зориг байсан эсэхийг тодруулаагүй, улмаар нэхэмжлэлийн шаардлага  тодорхойгүй байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхийг зөрчсөн гэж үзнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т “шүүгч ...эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах” гэж заасан.

Хэргийн 135-141 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх зохигчдыг эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулаагүй, энэ талаар тодруулаагүй байгааг анхаарах нь зүйтэй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  08 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2023/01028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулахыг дурдсугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАЙГАЛМАА                                                  

                                            ШҮҮГЧИД                                    Я.ТУУЛ                                                                                  

                                                                                                        Г.МЯГМАРСҮРЭН