Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

 

 

 

   2019        03         01                                   344

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Х.Б, Ө.Б, У.М, тэдний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Б, У.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08836 2204 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Х.Б, 

У.М,

Ө.Б.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б, У.М нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” караокены гадна А.Оргил-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” караокены гадна Д.Нандинцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                       /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б, У.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Ө.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Х.Б, У.М нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, шүүгдэгч Ө.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн орчим Золбоо, Буянаа гээд найзуудтайгаа караокед орсон. ...Буянаагийн хамт гадагш гарахад Оргил-Эрдэнэ, Золбоо хоёрыг тойроод зогсчихсон байхаар нь голоор нь ороод салгах гэсэн чинь миний хойноос үсдээд хажууд нь байсан гаршийн тийш нь аваачиж байгаад шууд нүүр гар луу өшиглөсөн. Би газар унаад нүүрээ хамгаалаад атиралдаад хэвтсэн. Тэгээд ухаан алдсан байсан. Намайг нэг л хүн хойноос үсдэж чирээд газар унагаагаад өшиглөсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 17-21/,

 

Хохирогч А.Оргил-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 22-ны орой Наниданцэцэгийн гэрээс 20 цагийн үед гараад бид нар караокед орсон. ...Золбоо бид хоёр гадаа тамхилах гээд гарсан. Галаа мартсан учир юм яриад зогсож байсан 2 залуугаас гал асуухад байхгүй гэхээр нь баярлалаа гэтэл ямар соёлтой пизданууд вэ гээд хэрүүл болсон. Миний хойноос нэг залуу нь тэврээд урдаас үсдээд доош нь дараад миний толгой руу өшиглөөд би ухаан алдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12794 дугаартай:

Д.Нандинцэцэгийн биед дагзны хуйханд шарх, тархи доргилт, эрүүнд цус хуралт, баруун тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэп нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12794 дугаартай:

А.Оргил-Эрдэнийн биед духанд шарх, зулгаралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, дагзны хуйх, зүүн шанаа, хэл, зүүн тохой, баруун шуу, нуруунд зулгаралт, баруун гарын алганд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгө-зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/,

 

Шүүгдэгч Ө.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018-10-22-ний орой 20 цагийн орчим Шинэбаяр, У.М, Х.Б бид нар Чандмань караокед ороод хоёр шил 0,75 л-ийн Чингис архи, нэг хүний хоёр хоёр шил пиво ууцгаасан байсан. Манай найз охин Содчимэг ажлаа тараад 21 цагийн орчим ирсэн байсан. Тэгээд бид дуулж байсан чинь зөөгч Мягмарсүрэн гэдэг эмэгтэй гадаа зодоон болж байна салгаарай гэж хэлээд У.Мбид хоёр гарсан чинь гадаа Х.Б нэг залуутай зууралдаад барилцаад авчихсан маргалдаад зогсож байхад нь очоод салгасан. Тэгсэн нэг эмэгтэй миний нүүрэн тус газар хоёроос гурван удаа алгадахаар нь би уур хүрээд тэр эмэгтэйн нүүрэнд нь хоёр удаа алгадаад, нэг удаа гараа атгаж байгаад цохчихсон. Тэгээд би дотогшоо яваад орсон. Тэгсэн гадаа хүн ухаан алдсан байна гэхээр нь гараад харсан чинь намайг алгадаад надад цохиулсан эмэгтэй газар дээш хараад хэвтэж байсан. Би Х.Б өндөр залуу хоёрыг салгах гэж байхад нөхрийг нь зодож байна гэж ойлгосон бололтой хоёр гурван удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүстэй зууралдаад голд нь ороод л салгах гэж байсан хүмүүсийг цохиж аваад л байсан. Тэгээд би чи ямар хаашаа хүүхэн бэ нөхрөө аваад салгах байтал хүн амьтан цохиод байх юм гэж хэлсэн чинь өөдөөс юм хэлэхгүй чи юу юм гээд миний нүүрэн тус газар хоёр удаа цохихоор нь би уур хүрээд тэр эмэгтэйг эхлээд хоёр удаа шанаанд нь алгадаад нэг удаа нүүрэнд нь гараа атгаж байгаад цохисон. Чухам сүүлд нь хаашаа нь цохсоноо мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

 

Шүүгдэгч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би ажлаа хийж байгаад 19 цаг 30 минутын орчим ажлын хажуу тал байх Чандмань караокед Шинэбаяр, У.М, Ө.Б нар дээр орж мэнд мэдээд эргэж гараад 20 цаг өнгөрч ажил тараад тэдэнтэй хамт сууусан. Би Шинэбаярын хамт гадаа тамхи татаж байхад дотор сууж байсан нэг залуу гарч ирээд надаас гал асуухаар нь би байхгүй гэж хэлсэн чинь дахин нэг зүйл асуухаар нь мөн адил байхгүй гэж хэлсэн чинь тэр залуу нэг зүйл хэлээд бид хоёр маргалдаад барилцаад авсан. Бид хоёр нэг нэгнийгээ ганц хоёр цохилцсон. Тэгж байгаад бид хоёр үүднээс холдоод гражуудын тийшээ очисон байсан. У.Мгарч ирээд салгасан би тухайн үед хавиргалуугаа цохиулан хөндүүр оригоод байсан учир доошоо гражийн хана налаад суучихсан. Тэгээд дахин зодоон цохион хийгээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/,

 

Шүүгдэгч У.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би найз Ө.Б, Х.Б, Шинэбаяр, Ө.Бы найз охин Содчимэг нарын хамт 21 цагийн орчим БЗД-ийн 8-р хороо Эрдэнэ толгойн МТ ШТС-ын хажууд байрлах Чандмань нэртэй караокед орцгоож нэг шил 0,75 л-ийн хар Чингис, нэг шил 0,75 л-ийн сүү Чингис архи, ганц нэг пиво ууцгаасан байсан бөгөөд бидний авсан архины нэг шилийг нь ууж дуусаад нэг шил архи нь талдаа орсон байхад зөөгч Мягмарсүрэн гадаа нөгөө хэд чинь маргалдаад байна гэхээр нь би дуу дуулж байгаад гарахад Х.Б нэг өндөр залуутай зууралдаад хэрэлдээд зогсож байсан. Би очоод юу болсон юм гэж асуусан чинь тэр өндөр залуу би уул нь танай найзаас гал асуусан чинь гээд хэлэхээр нь би за уучлаарай гээд Х.Бг аваад орох гэж байтал тэр залуу нь наад хэдийгээ байлгаж бай би хүн дуудаадхъя гэхээр нь би уурлаад эргэж тэр залуугийн хувцаснаас нь барьж аваад хавсарч унагаад цээжлүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн нэг эмэгтэй гарч ирээд тэр залууг аваад зам хөндлөн гараад явсан. Намайг хавсарч унагаад өшиглөж байхад Х.Б тэр өндөр залуутай зууралдаад зогсож байсан. Өндөр залуугийн эхнэр нь хаана байсан талаар би анзаарч хараагүй. Тэгээд дараа харсан чинь Х.Б өндөр залуу хоёр харагдахгүй байхаар нь би хашаа луу яваад ороход тэр хоёр зууралдаад зогсож байхаар нь Х.Бг салгаж аваад тэр залууг хавсарч унагаад доошоо харсан байхаар нь нүүрэн тус газар нь хоёроос гурван удаа гараараа цохисон. Тэр хоёрыг салгасны дараа Х.Б хавиргаа дараад хана налаад хөдлөхгүй сууж байсан. Тэр залууг газар унасны дараа Х.Б ойртоогүй. Тэр залуу босож ирээд хашаанаас гүйгээд гараад явсан. Х.Б бид хоёр караокелүү орж хувцсаа өмсөөд гараад явцгаасан. Биднийг гарч явах үед гадаа үүдний талбай дээр эхнэр нь газар хэвтсэн байдалтай хажууд нь өндөр залуу нь сууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

-мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 6/,

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/,

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл, хохиролын баримт /хх-ийн 13-16/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Х.Б, У.М, Ө.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-57/,

Хохирогч А.Оргил-Эрдэнийн “хохиролд 96.000 төгрөг хүлээн авсан. Гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 111/, хохирогч Д.Наниданцэцэгийн хохиролд 1.000.000 төгрөг авсан. Бид адилхан залуу хүмүүс учир  ярилцаж ойлголцоод уучилсан. Бид эвлэрсэн учраас гомдол санал,  нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлт /хх-ийн 113/, мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн 112/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.  

 

Шүүгдэгч У.М, Х.Б нар нь бүлэглэн хохирогч А.Оргил-Эрдэнийн эрүүл мэндэд, шүүгдэгч Ө.Б нь хохирогч Д.Нанданцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрсдийн бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсантай маргахгүй, хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохиролыг төлж барагдуулсан, төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, холбогдсон гэмт хэргийн талаар илэрхийлж байгаа байр суурь, холбогдосон гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт, ажил эрхлэлт, орлогын байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У. М, Х.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Ө.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Быг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, У.М нарыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ