Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 08

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар баг, Хад хаягт оршин суух Дөлгөөн овогт Алтангэрэлийн Цэдэн /регистрийн дугаар: ЙИ52030506/,

 Хариуцагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Улсын бүртгэгчид холбогдох,

Бор, Бямбацэвээн гэдэг 2 хүүхдүүдийн минь төрсний гэрчилгээн дээр миний нэрийг Янжмаа гэж андуурагдан бүртгүүлсэн байгааг Алтангэрэлийн Цэдэн болгон залруулахыг даалгаж өгөх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Цэдэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Бямбацэвээн[1], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Цэдэн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ[2] болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Бямбацэвээн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“Миний бие 1952 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн нуурын иргэн ус гэдэг газар төрсөн. Тухайн үеийн байдлаар үр хүүхдээ  алдаж их өвчин ороодог байсан учир нэрээ сольж Янжмаа гэж дуудах болсон. Тэр үед ойр дотны хүнээ гуйж хүүхдүүдийнхээ бичиг баримтыг гуйж янзлуулдаг байсан тул энэхүү Янжмаа нэрээр миний нэрээр минь Бор, Бямбацэвээн гэдэг 2 хүүхдийг овоглосон байсан. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээн дээр миний нэрийг Янжмаа гэж андуурагдан бүртгүүлсэн байгааг Алтангэрэлийн Цэдэн болгон залруулахыг даалгаж өгнө үү.

Зүүнбаян-Улаан сумаас манай ээжийг Алдарт эхийн 1 дүгээр одонгийн мөнгө болон хөгжлийн бэрхшээлтэй тул хамрагддаг нийгмийн халамж асаргааны мөнгөнөөс нь хасна, учир нь бичиг баримтын зөрчилтэй гээд байгаа ба тэрийгээ шүүхээр янзлуулж гээд байгаа юм. Зөрчил гэдэг нь 2 хүүхэд нь овог зөрсөн тухай үүнийгээ засуулахаар захиргааны шүүхэд хандсан. Миний ээж аваарт ороод нэг хөлөө тайруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Улсын бүртгэгч Г.Цэрэндорж шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[3]:

“Зүүнбаян-Улаан сумын улсын бүртгэгч миний бие Г.Цэрэндорж нь тус сумын 5-р багийн иргэн Алтангэрэлийн Цэдэнгийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Алтангэрэлийн Цэдэнгийн төрсөн хүүхдүүд болох Бямбацэвээн, Бор нарын төрсний гэрчилгээн дээрх эхийн нэр бичигдэх хэсэгт тухайн үед ажиллаж байсан иргэний бүртгэлийн ажилтан нь эхийн нэр болох Алтангэрэлийн Цэдэнг Янжмаа гэж андууран буруу бичиж бүртгэсэн байна. Тухайн үед Цэдэн нь үр хүүхдээ алдаж их өвчин ороодог байсан учир нэрээ сольж Янжмаа гэж дуудах болсон. Тэр үед ойр дотны хүнээ гуйж хүүхдүүдийнхээ бичиг баримтыг бүртгүүлдэг байсан тул энэхүү Янжмаа нэрээр Бор, Бямбацэвээн хоёрыг овоглосон байсан гэж нэхэмжлэлдээ тайлбарласан байна. Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэнийн бүртгэлийн тасгийн архиваас Цэдэнгийн хүүхдүүд болох Бямбацэвээн, Бор нарын бүртгэлийн лавлагааг авч үндсэн мэдээллийг шүүж үзэхэд мөн л Янжмаагийн Бямбацэвээн, Янжмаагийн Бороор бүртгэгдсэн байна. Үндсэн мэдээлэл нь Янжмаагийн Бямбацэвээн, Янжмаагийн Бороор байгаа тул иргэний бүртгэлийн байгууллагаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шүүхийн байгууллагаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.   

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан “Бор, Бямбацэвээн гэдэг 2 хүүхдүүдийн минь төрсний гэрчилгээн дээр миний нэрийг Янжмаа гэж андуурагдан бүртгүүлсэн байгааг Алтангэрэлийн Цэдэн болгон залруулахыг даалгаж өгөх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдааны ирцийн тухайд: Хариуцагч Өвөрхангай аймгийн       Зүүнбаян-Улаан сумын Улсын бүртгэгч Г.Цэрэндоржид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохоо мэдэгдэж, өөрийг нь байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн[4] байх тул хариуцагчийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 –т “Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ”,

12 дугаар зүйлийн 12.9-д “Энэ хуулийн 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авмагц иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд төрснийг бүртгэж гэрчилгээ олгоно” гэж тус тус хуульчлан заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд хүүхэд төрснийг бүртгэх, төрсний гэрчилгээ олгох нь тухайн сумын улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан буюу иргэний бүртгэлийн ажилтны хуулиар хүлээсэн үүрэг байхаар хуульд зааж зохицуулсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримт болох иргэн А.Цэдэнгийн иргэний үнэмлэх болон иргэний паспортын нотариатаар батлуулсан хуулбар зэргээс[5] үзэхэд Дөлгөөн овогт Алтангэрэлийн Цэдэн нь ЙИ52030506 регистрийн дугаартай, Зүүнбаян-Улаан суманд 1952 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болох нь нотлогдож байна.  

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 00/000685 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”-гаар[6] Борын эх нь Янжмаа гээд Янжмаагийн регистрийн дугаар уг лавлагаанд дээр байхгүй, мөн түүний овог, эцгийн болон эхийн нэр байхгүй байна.

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 00/000684 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”-гаар[7] Бямбацэвээний эх нь Янжмаа гээд Янжмаагийн овог болон регистрийн дугаар байхгүй, эх Янжмаагийн эцэг/эх/-ийн нэр Алтангэрэл гэж лавлагаанд дээр дурьджээ. Мөн Я.Бор /регистрийн дугаар: ЙИ73102615/, Я.Бямбацэвээн /регистрийн дугаар: ЙИ91050406/ нар нь Янжмаа гэсэн нэрээр овоглодог болох нь тэдний иргэний үнэмлэхээр батлагдаж байна[8].  

Гэсэн хэдий боловч хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаа болох нэхэмжлэгчийн “Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр”[9], БНМАУ-ын иргэн Алтангэрэлийн Цэдэнгийн “Иргэний паспорт”[10] зэргээр Я.Бор, Я.Бямбацэвээн нар нь нэхэмжлэгч иргэн Алтангэрэлийн Цэдэнгийн хүүхдүүд болох нь тогтоогдож байна.

 Я.Бор /регистрийн дугаар: ЙИ73102615/, Я.Бямбацэвээн /регистрийн дугаар: ЙИ91050406/ нарын төрсний гэрчилгээн дээр тэдний эхийн нэр хэсэгт Алтангэрэлийн Цэдэнг “Янжмаа” гэж буруу нэрээр овоглон бичиж бүртгэснээс шалтгаалан олон хүүхэдтэй эхийн I одонтой буюу 6-гаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эхэд олгодог нийгмийн халамж, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй Монгол Улсын өндөр настай, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эх, иргэн хүний хувьд эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, Монгол Улсын иргэний хувьд нийгэм хамгаалал, халамжийн эрхээ буюу тэтгэвэр тэтгэмж халамжид хамрагдах боломжгүй байдалд хүрч болзошгүй байна.   

Шүүхээс Я.Бор /регистрийн дугаар: ЙИ73102615/, Я.Бямбацэвээн /регистрийн дугаар: ЙИ91050406/ нарын төрсний бүртгэлд эхийн овгийг ташаарч буру нэрээр бүртгэсний улмаас Монгол Улсын хууль тогтоомжид заасан иргэний эрхээ тэдний эх Алтангэрэлийн Цэдэн эдэлж, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, Монгол Улсын иргэнд хуулиар олгогдсон эрхээ эдэлж тодорхой төрлийн нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байдалд хүрч, хөгжлийн бэрхшээлтэй Монгол Улсын өндөр настай, олон хүүхэдтэй эх А.Цэдэнгийн эрх ноцтойгоор зөрчигдөж болзошгүй байна гэж үзлээ.         

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай харилцааг хуульчлан заасан байна.

Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Иргэний бүртгэлийн ажилтан дор дурдсан үндэслэлээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна” гээд 31.1-31.5 дахь хэсэгт нэрлэн заасан 5 тохиолдолд л иргэний бүртгэлийн ажилтан иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох тухай хуульчлан зохицуулж өгчээ.

 Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т “шүүхийн шийдвэр” гэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна.   

Мөн Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгсөн байна.   

Иймд шүүхээс нэхэмжлэгч А.Цэдэнгийн “Бор, Бямбацэвээн гэдэг 2 хүүхдүүдийн минь төрсний гэрчилгээн дээр миний нэрийг Янжмаа гэж андуурагдан бүртгүүлсэн байгааг Алтангэрэлийн Цэдэн болгон залруулахыг даалгаж өгөх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Монгол Улсын иргэн А.Цэдэнгийн хууль ёсны ашиг сонирхол, эрхийг шүүхээс хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч А.Цэдэнгийн Бор, Бямбацэвээн гэдэг 2 хүүхдүүдийн минь төрсний гэрчилгээн дээр миний нэрийг Янжмаа гэж андуурагдан бүртгүүлсэн байгааг Алтангэрэлийн Цэдэн болгон залруулахыг даалгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Улсын бүртгэгчид Я.Бор /регистрийн дугаар: ЙИ73102615/, Я.Бямбацэвээн /регистрийн дугаар: ЙИ91050406/ нарын төрсний бүртгэл болон төрсний гэрчилгээнд эхийн овог нэрийг “Алтангэрэлийн Цэдэн” гэж зөвтгөн өөрчилж бүртгэхийг даалгасугай.     

2. Нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай” 121/Ш32017/0016 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

3. Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Б.СУГАР

 


[1] Хавтаст хэргийн 19 дэх тал.

[2] Хавтаст хэргийн 1 дэх тал.

[3] Хавтаст хэргийн 18 дахь тал.

[4] Хавтаст хэргийн 31 дэх тал.   

[5] Хавтаст хэргийн 2, 9 дэх тал.

[6] Хавтаст хэргийн 5 дахь тал.

[7] Хавтаст хэргийн 6 дахь тал.

[8] Хавтаст хэргийн 2 дахь тал.

[9] Хавтаст хэргийн 7-8 дахь тал. Уг “Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр”-т нэхэмжлэгч А.Цэдэнгийн 9 хүүхдийг нэрлэн зааж, төрсөн огноогоор нь жагсаасны 2 дугаарт Бор 1973.10.26,           9 дүгээрт Бямбацэвээн 1991.05.04 гэж тус тус бичигдсэн байна.

[10] Хавтаст хэргийн 9-10 дахь тал. Энд мөн нэхэмжлэгч Алтангэрэлийн Цэдэнгийн 9 хүүхдийг тоочин бичсэний 2 дугаарт Бор төрсөн он, сар, өдөр 1973.10.26, 9 дүгээрт Бямбацэвээн төрсөн он, сар, өдөр 1991.05.04 гэжээ.