Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1396

 

  Г.Ядамсүрэнгийн нэхэмжлэлтэй,

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01135 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Ядамсүрэнгийн

Хариуцагч Х.Эрдэнэтуяа, И.Отгонбаяр, “Сондуулт Эг “ХХК нарт холбогдох

           

Гэм хорын хохирол, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрт нийт 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч Г.Ядамсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Ядамсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ариунтунгалаг,

Хариуцагч “Сондуулт Эг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Ядамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Сондуулт Эг” ХХК-д барилга угсралтын ажил гүйцэтгэж явахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох заалтуудыг “Сондуулт Эг” ХХК-ийн захирал Х.Эрдэнэтуяа, И.Отгонбаяр нар нь зөрчиж миний бие тархины хүнд гэмтэл авч, биеийн байдал одоо маш муу байна. Цагдаагийн байгууллагад хандсан боловч хуулийн хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийг хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар гэм хорын хохирол нэхэмжил гэж шийдвэрлэсний үндсэн дээр нэхэмжлэл гаргаж нийт ажлын хөлс 10 550 000 төгрөг, туслахуудад 15 550 000 төгрөг эхнэр бид 2 авсан. Ажлын хөлс 1 476 600 төгрөг болох ба хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан учир 12 сарын цалин 15 712 000 төгрөг, мөн өвчтэй байх хугацаанд авч байсан эм, тарианы зардал 7 000 000 төгрөг, замын зардал, бусад зардалд 8 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Х.Эрдэнэтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сондуулт Эг” ХХК нь барилгын ажлын гүйцэтгэлд харилцан тохиролцож барилгын бригад авч ажиллуулсан бөгөөд тухайн бригадын ажилчин Г.Ядамсүрэн нь барилгын талбайд ажил гүйцэтгэж байхдаа унаж бэртсэн байсан. Г.Ядамсүрэнг барилгын талбайд унаж бэртсэний дараагаар компаний зүгээс тухайн үед холбогдох газарт нь мэдэгдэж арга хэмжээ авч, шаардлагатай эмчилгээний төлбөрийг төлөн хийлгэж, унаа зардлын төлбөрийг бүрэн төлж барагдуулж, өөр бусад гарсан зардлыг сайн дураараа зарцуулсан баримт, сэлтийг нь нэхэлгүйгээр төлж хохиролгүй болгосон. Өнөөдөр үндэслэлгүйгээр баримт бүрдүүлэн мөнгө нэхэмжилж байна хэмээн үзэж холбогдох эмч, эмнэлгийн үйл ажиллагааг шалгуулах, шаардлагатай эмчилгээг хийсэн эсэхийг тогтоолгох арга хэмжээг авсны дараагаар уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. “Сондуулт Эг” ХХК нь барилгын бригадтай тохиролцсоны дагуу ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулж, ажлаа хүлээж авсан. Тиймээс Г.Ядамсүрэнгийн нэхэмжилж буй ажлын хөлс 10 550 000 төгрөг, 12 сарын цалин 15 712 000 төгрөг, эм тарианы зардал 7 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Ядамсүрэн нь “Сондуулт Эг” ХХК-ийн барьж буй барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэж байхдаа унаж бэртсэн эмчилгээний зардлыг хариуцахгүй. Г.Ядамсүрэнг бэртсэний дараагаар компаний зүгээс эмчилгээ, замын бүх зардлыг дааж, улмаар бусад зардалд нийт 8 300 000 орчим төгрөгийг ямар нэгэн баримтгүйгээр өөрт нь бэлнээр, дансаар шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлд дурдсан гэм хорыг иргэн И.Отгонбаяр миний бие хариуцах субьект биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Сондуулт Эг” ХХК-ийн захирал Х.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Ядамсүрэн нь анх н.Мартын бригадын гишүүн бөгөөд тухайн бригад нь Дорноговь аймагт баригдсан Соёмбо барилгын туслан гүйцэтгэгчээр барилгын заслын ажлыг хийсэн. Тиймээс Г.Ядамсүрэн нь "Сондуулт-Эг" ХХК-ийн байнгын ажилтан биш юм. Өөрөөр хэлбэл Г.Ядамсүрэнг нь өөрт учирсан гэмтлийн хохирлыг н.Мартаас нэхэмжилэх эрх зүйн үндэслэлтэй бөгөөд хөдөлмөрийн ажиллагааны аюулгүй байдлыг бригадын ахлагч нь хариуцах ёстойг өмнө хугацаанд компанийн зүгээс удаа дараа мэдэгдэж ирсэн. Гэсэн хэдий ч эмчилгээ хийлгэх хугацаанд нь эмчилгээний зардал болон бусад төлбөрийг төлж, тусламж дэмжлэг үзүүлж 9,0 сая орчим төгрөгийг бэлэн болон дансаар, эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх замаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

        Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Эрдэнэтуяа, И.Отгонбаяр нарт холбогдох гэм хорын хохирол болон хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр нийт 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ядамсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

         Нэхэмжлэгч Г.Ядамсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:          Шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна. ...Ослын анхан шатны баримт болох үйлдвэрлэлийн ослыг тогтоох актанд 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ажилд орсон тушаал шийдвэрийн дугаар 17 гэснийг үгүйсгэсэн байна. Энэ компанид хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг шаардахад элдэв шалтаг хэлж зайлсхийснээр тогтохгүй бидний хийсэн ажил болон цалингаар барьцаалж гэрээтэй, гэрээгүй ажиллахаас өөр замгүй болгож ажиллуулсан нь ажил олгогчийн зүгээс өөрийн үүргээ зөрчсөн. Үйлдвэрийн ослын актанд уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцож хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заагдсан хариуцлага хүлээнэ гэжээ. 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн хөдөлмөр чадвар алдалтыг 70 хувь тогтоосон комиссын шийдвэр гарсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасныг үндэслэн 9 сар хүртэл тус тус “Сондуулт Эг” ХХК-иас Г.Ядамсүрэнгийн сарын дундаж цалингийн тодорхойлолтыг харгалзан үзэж гаргуулж өгч, мөн компаниас Г.Ядамсүрэнд өгсөн гэх 8,3 сая төгрөгийн баримтыг судалж үзнэ үү. Тус компани нь хариуцан бариулж байсан барилгын заслын ажлыг эхнэр Л.Март болон хүүхдүүдийн хамт хийж гүйцэтгэж байгаад тавигдсан барилгын шатны тавцангийн дэгээ хугарснаас 9 метрээс унаж Дорноговь аймгийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлтээр амь насанд аюултай зэргээрээ хүнд гэмтэл авч энэ компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны буруугаас хохирч яваа билээ. “Сондуулт Эг” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй, гарын үсэг зуруулдаггүй, хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер ч үгүй юм. Би энэ компаниас цалин авч, хөдөлмөрийн харилцаанд орж байсан учраас эмчилгээний зардал 6 992 950 төгрөг, чихний аппарат 1 550 000 төгрөг, утасны нэгж 930 000 төгрөг, унааны зардал 173 100 төгрөг, нэмэгдэл хоол 3 787 500 төгрөг, такси 4 348 500 төгрөг, өмгөөлөгчид 500 000 төгрөг нийт 17 352 050 төгрөг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар тооцогдсон 13 244 000 төгрөг нийт 30 596 450 төгрөгийг “Сондуулт Эг” ХХК, мөн энэ компаний захирлууд болох Х.Эрдэнэтуяа, И.Отгонбаяр нараас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Ядамсүрэн нь хариуцагч Х.Эрдэнэтуяа, И.Отгонбаяр, “Сондуулт Эг” ХХК-д тус тус холбогдуулан гэм хорын хохирол, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрт нийт 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх гэм хор учирснаас үүсэх үүргийн хүрээнд хариуцлага хүлээх эсэх, хариуцлага хүлээх бол нэхэмжлэгч Г.Ядамсүрэнгийн шаардаж байгаа зардал гаргасан гэх баримтууд нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой шалтгаант холбоо бүхий зардлын нотлох баримт мөн эсэх зэрэг хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ядамсүрэн нь “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон тул цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулна” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримт нь эх хувь буюу эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчжээ. /хх-34-35/

 

Мөн хэргийн 85-96 дугаар талд мөнгө төлсөн баримтууд авагдсан байгаа боловч эдгээр баримтуудад мөнгө төлсөн этгээд хэн болох нь тодорхой харагдахгүй тохиолдолд уг бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой нотлох баримт болохгүй юм.

Иймээс давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримтын хүрээнд дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ядамсүрэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                       Д.БАЙГАЛМАА