Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 91

 

Ц.Лхагва-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ш.Хосбаяр,

Ялтан Ц.Лхагва-Эрдэнэ /Цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Лхагва-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Лхагва-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201625030836 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Барнууд овогт Цэнд-Аюушийн Лхагва-Эрдэнэ, 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 5 дугаар гудамжны 136 тоотод оршин суух бүртгэлтэй,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 301а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 281 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:АГ86102211/.

Ц.Лхагва-Эрдэнэ нь урьд хулгайлах болон мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13 дугаар гудамжны 262 тоот хашаанд байх хохирогч Б.Ганбаярын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, 32 инчийн “Тошиба” загварын зурагт, “Найк” загварын хар өнгийн гар цүнх, “Адидас” загварын эрэгтэй пүүз зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 310.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Уг хэрэгтээ 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр тооцогдож, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд прокурорын хяналтаас оргож, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Лхагва-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Лхагва-Эрдэнийг бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг давтан үйлдсэн, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас оргож, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Лхагва-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Лхагва-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 10 хоног хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 5 жил 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Лхагва-Эрдэнийн эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Лхагва-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 52 хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Лхагва-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Мөн бусдад төлөх төлбөргүй болно. Миний төрсөн эцэг 64 настай, 1 нүд нь юм хардаггүй, даралт нь байнга ихэсдэг, эмнэлгийн хяналтанд байдаг. Мөн миний эхнэр О.Оюунсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 11-нд хүүхдээ төрүүлсэн тул ажил хийх боломжгүй гэртээ байдаг. Би анх удаа амьдрал зохиож, хүүтэй болж, хадмын хашаанд гэр барьж, амьдралаа эхлүүлж байсан. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзээд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Ялтан Ц.Лхагва-Эрдэнийн өмгөөлөгч Г.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц.Лхагва-Эрдэнийн үйлдсэн хэргийн талаар маргах зүйлгүй. Ц.Лхагва-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгаж хулгайлсан эд зүйлсээ хохирогчид хүлээлгэн өгсөн. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг давтан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр ял шийтгэлийг нь хүндрүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Ц.Лхагва-Эрдэнэ нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаагаа хэлдэг.  Хэдийгээр ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн ч урьд үйлдсэн гэмт хэрэгтээ шийтгэгдсэн ялаа эдэлсэн. Тиймээс Ц.Лхагва-Эрдэнийн бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас доогуур хорих ял оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ш.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Ц.Лхагва-Эрдэнэд холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан, мөн давтан үйлдлээр оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр  ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ялын санкцтай байдаг. Ц.Лхагва-Эрдэнэ нь урьд 5 удаа хулгайн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн шүүгчийн захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай хуульд” зааснаар өршөөгдөж, хорих ял эдлэх хугацаанаас өмнө суллагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасныг харгалзан үзээд шүүх ял шийтгэлийг доод хэмжээгээр оногдуулсан. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэдэг нөхцөл байдлыг Ц.Лхагва-Эрдэнийн хувьд хангаагүй байх тул тусгай ангид зааснаас доогуур ял оногдуулах боломжгүй. Учир нь Ц.Лхагва-Эрдэнэ нь ялтай байх хугацаандаа гэмт хэргийг давтан үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Ц.Лхагва-Эрдэнэд холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

Ц.Лхагва-Эрдэнэ нь урьд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа, 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13 дугаар гудамжны 262 тоот хашаанд байх хохирогч Б.Ганбаярын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, 32 инчийн “Тошиба” загварын зурагт, “Найк” загварын хар өнгийн гар цүнх, “Адидас” загварын эрэгтэй пүүз зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 310.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Мөн тэрээр урьд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа, дээрх бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдож, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр тооцогдон бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд прокурорын хяналт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Ганбаярын “... 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өглөө 7 цагийн үед байшингаа цоожлоод эмнэлэгт үзүүлэхээр явсан. Өдөр гэр лүүгээ харьж байхад 14 дүгээр хорооны хэсгийн ахлагч Должинсүрэн миний гар утас руу залгаад манай байшинд хулгайч орсон талаар хэлсэн. Намайг 14 дүгээр хорооны байранд очиход цагдаа нар манай гэрээс хулгай хийсэн этгээдийг барьчихсан байсан. Хулгайч манай байшингийн вакум цонхыг түлхээд орчихсон байсан. ... Манай гэрээс 32 инчийн “Тошиба” загварын зурагт, “Найк” загварын хар өнгийн гар цүнх, миний өмсдөг ногоон, цагаантай пүүз зэрэг эд зүйл алдагдсан байсан. ... Миний бие алдагдсан эд зүйлсээ бүрэн хүлээж авсан. ...” /хх-ийн 21, 22 дугаар хуудас/,

Гэрч Д.Нямлхагвын “...Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэв журмын офицер ажилтай. 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Б.Мөнхбаатарын хамт 10-15 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо “Далай хүү” худалдааны төвөөс “Гүн нуур” зочид буудал хүртэл явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа 32 инчийн “Тошиба” гэсэн бичигтэй зурагт, хар өнгийн “Найк” эмблемтэй жижиг хар өнгийн цүнх бариад явж байсан залууг зогсоож шалгахад Барнууд овогт Цэнд-Аюушийн Лхагва-Эрдэнэ гэх хүн байсан. Тухайн залууг дагуулаад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Төмөрбаатарт хүлээлгэж өгсөн. ... Хэсгийн байцаагч авч явж байсан эд зүйлийг нь хурааж авсан. Авч явж байсан зурагт нь бүрэн бүтэн байсан. ...” /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнхбаатарын “...Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэв журмын цагдаа ажилтай. ... Үүрэг гүйцэтгэх хугацаанд 32 инчийн “Тошиба” гэсэн бичигтэй зурагт, хар өнгийн “Найк” эмблемтэй жижиг хар өнгийн цүнх бариад явж байсан залууг зогсоож шалгахад Ц.Лхагва-Эрдэнэ гэх хүн байсан. Тухайн хүнийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Төмөрбаатарт хүлээлгэн өгсөн. ...” /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Д.Төмөрбаатарын “...Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, 14 дүгээр хороог хариуцсан хэсгийн байцаагч ажилтай. 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо “Далай хүү” худалдааны төвөөс “Гүн нуур” зочид буудал хүртэл явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахмад Д.Нямлхагва болон хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мөнхбаатар нараас хулгайн эд зүйл авч явсан байж болзошгүй гэх Барнууд овогт Цэнд-Аюушийн Лхагва-Эрдэнийг хүлээж авсан. Тухайн үед Ц.Лхагва-Эрдэнэ нь 32 инчийн “Тошиба” гэсэн бичигтэй зурагт, хар өнгийн “Найк” эмблемтэй жижиг хар өнгийн цүнх аваад явж байсан. Тухайн хүнээс авч явж байсан эд зүйлийг нь хурааж аваад хаанаас авсан талаар нь асуухад хулгай хийсэн гэх Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-262 тоотыг зааж өгсөн. Хулгайлсан гэх Ц.Лхагва-Эрдэнийн өмсөж явсан ногоон, цагаантай “Адидас” гэсэн бичигтэй, ногоон үдээстэй пүүзийг хохирогч өөрийнхөө гутал гэж таньсан тул тухайн гутлыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн. Тэгээд Ц.Лхагва-Эрдэнийг Цагдаагийн хэсгийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. ...” /хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч О.Оюунсайханы “...Манай найз залуу айлаас эд зүйл хулгайлж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед би өөрөө ирж баталгаа бичээд авч явж байсан. Түүнээс хойш удаа дараа цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөх талаар хэлсэн боловч миний үгийг тоохгүй, очихгүй байгаа. ... Манай найз залуу Налайх руу явж ажил хийгээгүй. Улаанбаатар хотод бид хоёр хамт байгаа. Өглөө цагдаад очиж хэл гэхэд “очвол намайг бариад авна” гээд очихгүй байгаа юм. ...” /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Ц.Лхагва-Эрдэнийн сэжигтнээр өгсөн “... 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 11 цаг өнгөрч байхад урьд нь барилга дээр хамт ажиллаж байсан найз Баасандаш, Баасандорж нартай уулзаж барилгын ажил асуух гэж явж байгаад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны байрны хойд талын гудамжаар дээшээ явж байгаад айлын хашааны гадаа шээж байхад хажууд эзэнгүй хаалгыг цагаан саарал цоожоор цоожилсон байшин байхаар нь хашааны хаалгаар ороод байшин дээр ирэхэд үүдэндээ таамбартай, гадна талыг нь шохойдоогүй байшин байсан. Байшинг тойрч үзэхэд таамбартай залгаа талын байшингийн вакум цонх хагас онгорхой байхаар нь түлхэж онгойлгоод цонхоор дотогш нэвтрээд том өрөөний хойморт байсан зурагтыг нь аваад гарахдаа үүдэнд байсан ногоон цагаантай “Адидас” гэсэн бичигтэй, ногоон үдээстэй пүүз гутлыг өмсөөд өөрийн цайвар цэнхэр өнгийн кетийг тэнд тайлж хаяад “Найк” эмблемтэй хар цүнхэнд өмсөж байсан жинсэн хүрмээ хийгээд орсон цонхоороо буцаж гараад зурагтаа тэврээд зам руу алхаад явж байгаад цагдаад баригдсан. ...” /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

Ц.Лхагва-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...6 дугаар сарын 20-ны үед Баянзүрх дүүргийн Улиастайд байдаг хадам ээж А.Оюунтуяагийн хашаанд гэр барьж буусан. 6 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 28-ныг хүртэл “Баянмонгол” хорооллын тэнд байдаг “Зуншин” ХХК-д барилгын ажил хийсэн. 9 дүгээр сарын 2-ноос Төв аймгийн Жаргалант сумын нутагт хадам ээж А.Оюунтуяа, эхнэр О.Оюунсайхан нарын хамт төмс хурааж байгаад 9 дүгээр сарын 25-нд ирсэн. 9 дүгээр сарын 28-наас өнөөдрийг хүртэл “Нарантуул” захын өргөтгөлд ачигч хийж байгаа. Миний бие прокурорын хяналт, мөрдөн байцаалтаас оргон зайлснаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх-ийн 110-111 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-11 дүгээр хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэв журмын офицер, дэд ахлагч Б.Мөнхбаатар, ахмад Д.Нямлхагва нарын илтгэх хуудас /хх-ийн 16 дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/, Эд зүйл түр хураасан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэн А.Энхцэцэг, О.Оюунсайхан нарт батлан даагчийн үүрэг хүлээлгэн Ц.Лхагва-Эрдэнийг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-ийн 38 дугаар хуудас/,

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Оргодол эрэн сурвалжилсан тухай бүртгэл /хх-ийн 59-63 дугаар хуудас/,

Прокурорын 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 29 дугаартай доод шатны прокурорын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай тогтоол /хх-ийн 102 дугаар хуудас/,

Прокурорын 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 650 дугаартай Ц.Лхагва-Эрдэнэ нь мөрдөн байцаалтаас оргон зайлсан үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-ийн 103 дугаар хуудас/,Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 584 дугаартай мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тухай тогтоол /2 дугаар хавтас, хуудас 127/,

Ц.Лхагва-Эрдэнэ нь урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 207/2 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 114-115 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ц.Лхагва-Эрдэнэд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулсан, батлан даагч нар нь түүнийг цагдаагийн байгуулагад очих ёстойг сануулсаар байхад очоогүй байх бөгөөд тэрээр урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон ял шийтгэл эдлэж байснаас үзэхэд өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ц.Лхагва-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 6 сар 14 хоногийн хорих ялыг өршөөж,  хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, ял шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан, прокурорын хяналт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Ц.Лхагва-Эрдэнэ нь ялтай байх хугацаандаа давтан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551­ дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэл үүсэхгүй болно.

Ц.Лхагва-Эрдэнэд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ц.Лхагва-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Лхагва-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.