Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж,

Нарийн бичгийн дарга Б.О

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.Тд холбогдох эрүүгийн 1822003250130 дугаартай хэргийг 2018 оны 11 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, дүү, бэр эгчийн хамт ....... оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Д.Т

 

   Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Д.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 7 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Ч.Бийн “Самсунг эс 6” маркийн гар утсыг хууль бусаар авч 350000 төгрөгийн хохирол, мөн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Сайнцагаан сумын төвд иргэн Ц.Лийн эзэмшлийн “Волф /Wolf/ 500” маркийн унадаг дугуйг хууль бусаар авч 350000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Б гэх залуутай архи ууж байгаад түүнийг согтохоор нь утсыг нь аваад явсан. Дараа нь гэртээ байж байтал З гэх залуу унадаг дугуй түрж ирээд “намайг зарчих” гэж хэлсэн. Мөн Зг унтахаар нь би дугуйг авч яваад зарсан. Гар утас болон унадаг дугуйг эзэнд нь буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Ч.Бийн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр танил Ү гэх залуутай таарсан, тэр залуугийн жинхэнэ нэрийг нь  мэдэхгүй. Бид хоёр 2 том пиво аваад 14 цагийн үед Айрагийн 7 дугаар гудамжны 2 тоотод  байх ахынхаа байшинд очиход хүн байгаагүй. Тэгээд пиво уугаад байж байтал би согтоод унтаад өгсөн. Орой 17 цагийн үед сэрэхэд би ганцаараа байсан ба миний куртикны баруун талын халаасанд байсан цагаан өнгөтэй “Самсунг эс 6” маркийн гар утас алга болсон байсан. Би Үг авчихлаа гэж бодоод хайж байтал Ү миний гар утсыг бэр эгч Н.Гдээ 50000 төгрөгөөр зарсан байсан. Тэгэхээр нь би эгчээс нь гар утсаа авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Хохирогч Ц.Лийн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 10 цагийн үед ажилдаа явахдаа гэрийн гадна “Волф” 500 маркийн хар өнгийн улаан шар канттай унадаг дугуйгаа үлдээгээд гарсан юм. Тэр өдрийн орой 22 цагийн үед гэрт ирэхэд миний дугуй алга болчихсон байсан... Манай гэрт хааяа ирж хонодог үеэл ах Э.З авсан байж магадгүй гэж бодоод асуухад “би дугуйг чинь унаад явсан юм, нэг хүнтэй архи уугаад согтсоны дараа дугуй алга болчихсон байсан” гэж хэлсэн. Э.З ахтай архи уусан хүн дугуйг авч яваад зарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

 

Иргэний нэхэмжлэгч А.Бийн: “...2018 оны 11 сарын эхээр Ү гэх залуугаас 50000 төгрөгөөр унадаг дугуй худалдан авсан. Тухайн дугуй хулгайн дугуй байсан тул цагдаагийн байгууллага надаас хураан авсан. Би Ү гэх залуугаас 50000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

 

Гэрч Э.Зийн: “... Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний орой нагац эгч Од очиход хүүхдүүд нь байсан. Гэрийн гадна үеэл дүү Ц.Лийн унадаг дугуй байхаар нь  унаад дэлгүүр орчихоод найзындаа очиж хоносон. Маргааш өглөө нь найз нартайгаа нэг шил архи уугаад салцгаасан, үдээс хойш би Б гэх найзындаа Ү буюу Д.Т  гэх залуугийн хамт очиж 2 шил архи хувааж уугаад нэлээн согтсон. Би дугуйгаа Бийн гэрийн үүдэнд үлдээгээд урьд өдөр нь хоносон найзындаа очиж хоносон. Маргааш өглөө үеэл дүү Л “дугуй алга болчихлоо, та аваагүй биз” гэхээр нь “ах нь унаад явсан, айлын хашаанд үлдээчихсэн байгаа” гэж хэлээд Бд очиход дугуй алга болсон байсан.  Боос дугуйгаа асуухад “чамайг явсаны дараа Д.Т түрээд аваад явчихсан” гэж хэлсэн. Д.Ттай уулзаад “дугуй хаана байна” гэж асуухад “би хүнд 50000” төгрөгөөр зарчихсан” гэж хэлсэн... Д.Т надад мөнгө төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

Гэрч Н.Гийн: “...2018 оны 9 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна өдөр 15-16 цагийн үед манай хадам дүү Д.Т төвд надтай таарсан. Д.Т “мөрийтэй тоглож байгаад олсон юм” гээд цагаан өнгийн эс 6 маркийн гар утас гаргаж ирээд зарна гэхээр нь 50000 төгрөгөөр худалдаж авсан. Маргааш тухайн утасны эзэн гэж зүс таних Ч.Б гэх залуу ирээд нөгөө гар утсыг аваад явсан. Би Д.Таас 50000 төгрөгөө буцааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

 

Гэрч С.Б: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед  Ч.Б гэх найзынхаа гэрт нь очсон. Тэгээд гэрээс нь гарч төв ороод 2 том пиво, 1 шил архи аваад явж байтал Үүжий буюу Д.Т таараад хамт явахаар болсон. Тэгээд Ч.Бийн ахынх нь гэх Айраг хороололд байх айлд очиход хүн байгаагүй. Бид 3 авсан архи пивоо тэнд уугаад дууссан, нэлээн согтсон. Ч.Б унтаад өгсөн. Тэр газраас Д.Т бид 2 гараад төврүү хамт яваад төвд очоод хоёр тийшээ салцгаасан. Маргааш нь Ч.Б “самсунг эс 6” маркийн гар утсаа алдсан гэж хэлсэн... Ч.Б гар утсаа халаасандаа хийж байх шиг байсан, яг аль талын халаасандаа хийж байсныг санахгүй байна... Д.Т нэлээн согтсон, замдаа өнхөрч ойчоод л яваад байсан. Тэгээд хүнсний захын ойролцоо ирээд би энд үлдлээ ажилтай гэж хэлээд үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

            - Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 2/

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 3/

- Дундговь аймаг дахь Сайнцагаан сумын Үнэлгээний комиссийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17, 28-29/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч  Д.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ч.Бийн “Самсунг эс 6” маркийн гар утсыг хууль бусаар авч 350000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Бл, гэрч Н.Г, С.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр, мөн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Сайнцагаан сумын төвд иргэн Ц.Лийн эзэмшлийн “Волф /Wolf/ 500” маркийн унадаг дугуйг хууль бусаар авч 350000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Л, иргэний нэхэмжлэгч А.Б, гэрч Э.За нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Тыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.Б, Ц.Л нарын “хохирол барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 56, 57/ гэх тайлбар хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Ттыг хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй, өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэхийг иргэний нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

  Иймд иргэний нэхэмжлэгч А.Бийн нэхэмжилсэн “унадаг дугуй худалдан авсан гэх 50000” төгрөгийг шүүгдэгч Д.Таас гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Т хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Тд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Д.Тыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар тэнссүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Тд шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Тд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Д.Таас 50000 /тавин мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Бд олгосугай.

 

  6. Шүүгдэгч Д.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Л.О