Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 209/МА2023/00085

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  08 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/01075 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******од холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, 22,843,692 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэмэгдүүлсэн шаардлага:


            Хариуцагчтай 2020 оны 10 дугаар сард нэг гэрт орсон. 2021 оны 06 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин ******* төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд хариуцагч огт ажил хийдэггүй байсан. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Дархан сум, Парк таун, ******* дүгээр байр, ******* тоот 2 өрөө орон сууцыг 8,500,000 төгрөгөөр /барьцаа 1,500,000 төгрөг/ бусдад түрээсэлж охин бид хоёрыг хотод амьдаръя гэж авч явсан. Хотод очоод 7 буудалд нагац ахынхаа хашаа байшинд хамт амьдрахаар авч очсон. Намайг 5 сартай охинтой маань өвлийн хүйтэнд гудамжинд хаяж явсан. Түүнээс хойш ор сураггүй алга болоод эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаад цагдаатай хамт явж олж ирсэн. Одоо энэ хүнтэй буцаж амьдрах ямар ч нөхцөл байхгүй. Гэрлэлтээ цуцлуулна, охиноо өөрийн асрамжид авна. Хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно.

2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр миний өөрийн зээл 18,000,000 төгрөг байсан. Үүн дээр энэ хүн хамтран зээлдэгчээр орж 5,008,586 төгрөг нэмж авхуулсан. Энэ мөнгөөр Соната-6 автомашин авхуулсан. Өөрөө ч гэсэн энэ хүн надтай суухдаа зээлтэй байсан, ажил хийдэггүй. Энэ машинаа хэзээ зарж зээлээ төлж, машины мөнгө яасан гэдэг нь мэдэхгүй алга болсон. Нийт зээл 23,000,000 төгрөг болсон. Намайг давхар биетэй байхад 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дахиж зээл авъя, мал авъя гээд өөрөө хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж 4,798,414 төгрөгийн зээлийг Хас банкнаас нэмж авхуулсан. Энэ зээлийн гэрээ 2024 оны 08 дугаар сард дуусна. Би сард 950,000 төгрөг төлж байгаа.

Охин маань нэмэлт сүүгээр хооллодог бөгөөд эцэг *******оос нэмэлт сүү, живх, витамины мөнгө 608,850 төгрөг, шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн 70,200 төгрөг, цагдаагийн хамт Улаанбаатар хот руу 89,982 төгрөгийн түлш хийсэн нийт 769,032 төгрөгийг *******оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

 

Цалингийн зээл, хүүтэйгээ 27,1*******,320.4 төгрөг болж байгаа бөгөөд түүний 50 хувь болох 13,574,660 төгрөг болон байр түрээслүүлсэн 8,500,000 төгрөгийг тус тус *******оос гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. ******* нь байрны түрээс 1,500,000 төгрөгийг төлсөн тул одоо нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж зээлийн үлдэгдэл 11,250,750 төгрөг, хүүхдэд зориулсан болон эрэн сурвалжилсны зардал 769,032 төгрөг, нийт 12,019,782 төгрөгийг *******оос гаргуулна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Бид 2020 онд гэр бүл болж, 2021 оны 06 дугаар сард гэрлэлтээ батлуулаад 2022 оны 06 дугаар сард охинтой болсон. Энэ хүн намайг хот руу авч яваад өдөр бүр архи уудаг байсан гэж худлаа ярьж байна. Би найзуудтайгаа самарт хүртэл явж байсан. Байр хөлслүүлсэн мөнгийг гэр бүлдээ дундаа хэрэглэсэн. ******* надтай суухдаа өөрөө зээлтэй байсан. Амьдарч байх хугацаандаа 16,000,000 төгрөг болтол төлсөн. Түүнээс өмнө энэ хүний авсан зээлийг би төлөхгүй. Намайг орлогогүй гэж яриад байдаг, би ажилгүй ч гэсэн хөдөө мал дээр байхдаа мал зарж гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулж байсан. 769,032 төгрөгийг төлнө. Зээл 11,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, 769,032 төгрөгөөс 350,000 төгрөг өгчихсөн байгаа. Одоо 419,032 төгрөгийг өгнө. Хэд хоногийн өмнө энэ мөнгийг чинь өгье бичиг баримтаа авъя гэхэд өгөхгүй байгаа гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин овогт *******ы Бэхболд, Ител овогт *******ийн Март нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин *******ийг эх *******ын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар *******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг *******оор тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар 11,250,750 төгрөг гаргуулахыг хүссэн *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *******ын 419,032 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 361,607 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,551 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 41,090.8 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Баярмаад даалгаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч ******* нь хамтран авсан цалингийн зээлийн үлдэгдэл болох 11,250,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Уг цалингийн зээлд хариуцагч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан мөн хамтран захиран зарцуулсан. Зээлийн төлөлт хийж байгаагүй.

Иймд хариуцагч *******оор зээлийн үлдэгдэл болох 11,250,750 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэх үүргийн дагуу төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

            6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

3. Нэхэмжлэгч ******* нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, цалингийн зээлийн 50 хувь болох 13,574,660 төгрөг болон байр түрээсэлсний төлбөр 8,500,000 төгрөг, нийт 22,843,692 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, цалингийн зээлийн үлдэгдэл 11,250,750 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 769,032 төгрөг нийт 11,669,782 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

4. Хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, нэмэгдүүлсэн шаардлага болох 769,032 төгрөгийг тус тус зөвшөөрч, цалингийн зээлийн үлдэгдэл 11,250,750 төгрөгийг “хамтын амьдралтай байх хугацаандаа авсан зээлээ төлсөн” гэх үндэслэлээр татгалзсан байна.

5. Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин *******г эхийн асрамжид үлдээж, эцэг *******оор тэжээн тэтгүүлж, цалингийн зээлийн үлдэгдэл 11,250,750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 419,032 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолдоо “...цалингийн зээлд хариуцагч ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан, хамтран захиран зарцуулсан. ...зээлийн үлдэгдэл болох 11,250,750 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэх үүргийн дагуу төлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

Хэргээс судлан үзвэл:

7. *******, ******* нар нь 2020 оны 10 дугаар сард танилцаж, улмаар гэр бүл болсныг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэсэн, тэдний дундаас 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр охин ******* төрсөн болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна. /хх-ийн 4-5/

8. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 135/ШЗ2023/02764 дугаартай захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахаар хэрэг хэлэлцэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 56-58/

Анхан шатны шүүх дээрх хугацаанд зохигчийн хэн аль нь эвлэрэн хэлэлцэх, хамтын амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачилга гаргаагүй, шүүгчийн захирамжид заасан хугацаа дууссан гэж дүгнэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан нь үндэслэлтэй байна.

9. Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй тул охин *******г эхийн асрамжид үлдээж, эцэг *******оос сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. 

10. Зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Хас банктай №1600023190 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 23,100,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 13,2 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар авсан байна. 

Хариуцагч ******* нь өмнөх 18,000,000 төгрөгийн зээлийг ******* авсан байсан, түүн дээр нэмж 5,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан гэж тайлбар гаргаж байгааг нэхэмжлэгч үгүйсгээгүй,  зохигчийн Хас банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээл хэвийн төлөлттэй байгаа нь талуудын тайлбар,  дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 17-20/

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар дээрх зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчид нь *******, ******* нар бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг үүрэг гүйцэтгэгч нар харилцан бие биенээсээ шаардах эрхгүй, харин Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т “Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй.” гэж зааснаар хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн этгээд бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг ногдох хэсгээр шаардах эрхтэй байна.

            Зохигчийн Хас банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийн гэрээний үүрэг нь гэрээний талуудад хамааралтай тул нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 769,032 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 350,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 419,032 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн гэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн “...зээлийн үлдэгдэл болох 11,250,750 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэх үүргийн дагуу хариуцагч *******оор төлүүлэх хүсэлтэй байна” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  08 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/01075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 194,962 /нэг зуун ерэн дөрвөн мянга есөн зуун жаран хоёр/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАЙГАЛМАА                                                   

                                            ШҮҮГЧИД                                    Я.ТУУЛ

                                                          

                                                                                                        Г.МЯГМАРСҮРЭН