Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж,

Нарийн бичгийн дарга Б.О

Улсын яллагч Т.Т

Хохирогч Д.С

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ад холбогдох эрүүгийн 1822000250111 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энержи” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2,  таван настай хүүхдийн хамт ........ оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх О овогт Н.Ар

 

   Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Н.А нь 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос мөн оны 1 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Буяннэмэхийн өргөн чөлөө 18 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн Х.Бгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монгол гутал, түрийтэй хээтэй арьсан гутал зэргийг хулгайлж, 180000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Н.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 1 дүгээр сард хэдний өдрийг нь санахгүй байна, Ус сувгийн зааланд бүжгэнд ороод 23 цагийн үед тарсан. Тэгээд  “Үлэмж” караокед орж 4 шил пиво ганцаараа уучихаад тэнд байсан хөдөөний 2 залуутай танилцаад  бид гурав 0.75 литрийн “Хар чингис” нэртэй архи хувааж уугаад шөнийн 12 цаг өнгөрч байхад караокенаас гараад бид 3 салцгаасан. Би ганцаараа цэргийн ангийн 2 дүгээр гудамжны 1 тоотод байх гэрлүүгээ харих гээд явж байтал “МТ” шатахуун түгээх газрын баруун талд байх 2 давхар тоосгон байшингийн 1 давхрын вакум цонх онгорхой байсан. Би уг цонхоор ортол гэр дотор орны хажуу талд хүрэн өнгийн монгол гутал байхаар нь уг гутлыг аваад буцаад цонхоор гарсан. Тэгээд шууд цэргийн ангийн 2 дугаар гудамжны 1 тоотод байх дүү Цын гэрт очоод унтсан. Маргааш өглөө нь Улаанбаатар хотруу явсан. Явахдаа уг монгол гутлыг дүүгийндээ үлдээгээд, дүүдээ ямар нэгэн зүйл хэлээгүй, “өмсөж байхгүй юу” гэж хэлээд явсан... Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 39-41/

 

Хохирогч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө манай гэрийн жижиг өрөөний цонхоор хулгай орсон байсан. Манай нөхөр өглөө босоод гадагшаа гарч орж ирээд “жижиг өрөөний цонх онгорхой байна” гэхээр нь өрөөнд ороод үзтэл хувцасны шүүгээ онгорхой, орны гудас сөхөж юм хайсан байдалтай байсан. Хувцасны шүүгээнд дотор саарал өнгийн даавуун уутанд хийж тавьсан хээтэй савхин гутал, монгол гутал алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Цонхны давцан болон гэрийн гадна арзгар хээтэй гутлын мөр гарсан байсан.  Шүүгдэгч хохирлын төлбөрт 200000 төгрөгийг өгсөн. Монгол гутлыг хүлээж авсан боловч нэлээн муудсан байхаар нь хогруу хаясан гэв.

                                              

Гэрч Х.Бийн: “... 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө 7 цагийн үед босоод, би гэрээс гараад агаар амьсгалж байтал манай байшингийн баруун урд талын цонхны салхивч онгорхой байсан. Гэртээ орж ирээд эхнэртээ хэлж бид  хоёр жижиг өрөөнд орж үзэхэд эд зүйлсийг гаргаж тавьсан хувцасны шкабны хаалга онгойлгосон дотроос угалзтай түрийтэй, хар өнгөтэй шин цагийн монгол гутал, хээтэй арьсан орчин цагийн хийцтэй, урт түрийтэй, хүрэн ягаан өнгөтэй эрэгтэй 40-41 размерын гутал алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

Гэрч Т.Цын: “...Би 2018 оны 1 сард өдрийг нь сайн санахгүй байна, гэртээ эхнэр П.Эы хамт унтаж байтал шөнө 1, 2 цагийн үед манай гэрийн хаалгыг хэн нэгэн тогшсон. Би хаалга онгойлгоход миний төрсөн ах Н.А ганцаараа нэг тортой зүйл барьчихсан ирсэн... Тэр торонд нэг хос хүрэн өнгийн монгол гутал байсан. Тэр шөнө Н.А ах хоноод өглөө нь нөгөө монгол гутлаа манайд үлдээгээд Улаанбаатар хотруу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/

- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18/

- Дундговь аймаг дахь Сайнцагаан сумын Үнэлгээний комиссийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч  Н.А 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос мөн оны 1 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Буяннэмэхийн өргөн чөлөө 18 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн Х.Бийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монгол гутал болон түрийтэй хээтэй арьсан гутлыг хулгайлж, 180000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Аыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.С хэрэгтэй танилцсан баримт болон тус аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “хохирол төлбөр барагдуулсан тул гомдол саналгүй” /хх-ийн 76, 78/, мөн шүүх хуралдаанд “хохиролд 200000 төгрөг хүлээж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.А учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Аыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр  шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О овогт Н.Аыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар тэнссүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Ад шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.Ад тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

  5. Шүүгдэгч Н.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Л.О